Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 765

 

         Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

           Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 8-26 тоотод оршин суух, 1962 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОА62102518, Савартан овогтой Лэгдэнгийн Пүрэвсүрэнгийн,

         Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Пүрэвсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Л.Пүрэвсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Увс аймгийн Нефть баазын цэнэглэгч машины жолоочоор 1980 оны 10 дугаар сараас 1994 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд ажиллаж байгаад орон тооны цомхтголоор халагдсан. Тухайн үед би хөдөлмөрийн дэвтэр аваагүй. Харин одоо өндөр насны тэтгэвэрт гарах нас болж байгаа бөгөөд тухайн жилүүдэд ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгох шаардлагатай байна. Иймд намайг Увс аймгийн Нефть бааз, Нефть импорт концерны харьяа Увс аймаг дахь Нефть хангамжийн газарт цэнэглэгч машины жолоочоор 1980 оны 10 дугаар сараас 1994 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

          Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч Л.Пүрэвсүрэн нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг гаргасан байх ба хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:

           - Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн цалингийн тодорхойлолтод: Увс аймгийн Улаангом сумын Нефть баазын жолооч Лэгдэн овогтой Пүрэвсүрэнгийн 1980 оны 10 дугаар сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж, авч байсан цалин-г түүвэрлэн ирүүлсэн,

           - БНМАУ-ын Тээврийн яамны харьяа Увс аймаг дахь Нефть баазын даргын 1980 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 20 тоот Ажилчин авч ажиллуулах тухай тушаалд: Зарим орон тоонд ажилчин авч ажиллуулах шаардлагатайг тэмдэглэн тушаах нь: Нэг. Лэгдэн овогтой Пүрэвсүрэнг 1980 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн цэнэглэгч машины жолоочоор авч ажиллуулсугай. Хоёр. Л.Пүрэвсүрэнд ажилд орсон өдрөөс нь эхлэн төсөвт цалин олгохыг ахлах ня-бо /Лхамаа/-д зөвшөөрсүгэй. Баазын дарга Ө.Чойдон гэжээ,

           - Нефть импорт концерны Ув аймаг дахь Нефть хангамжийн газрын даргын 1994 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 42 тоот Ажиллагсад чөлөөлөх тухай тушаалд: Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Өмч хувьчлалын комиссын шийдвэрээр Нефть импорт концерн /ХК/ болж аймгууд дахь Нефть хангамжийн бааз, газрууд НИК-Тос ББХК-д харьяалагдах болсныг үндэслэн тушаах нь: 1. Хавсралтад нэр дурдсан хүмүүсийг Нефть импорт концерны Увс аймаг дахь Нефть хангамжийн газрын зохих албан тушаалын ажлаас чөлөөлж, НИК-Тос ББХК-ны мэдэлд шилжүүлсүгэй. ... Дарга Х.Сайжрах гээд уг тушаалын 2 дугаар хавсралтын 38 дугаарт: Лэгдэн Пүрэвсүрэн жолооч /цэнэглэгч машин/ гэжээ.

          - 1994 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Нефть импорт концерны Ув аймаг дахь Нефть хангамжийн газрын захиргаанаас Л.Пүрэвсүрэнд олгосон Диплом-д: ШТС тохижуулах, дутагдал зөрчилгүй ажиллах, эвсэг бүтээлч хамт олныг бүрдүүлэхэд анхаарч амжилт гаргасан учир 1993 оны аварга эд хариуцагч цол, диплом, тууз, магнитфоноор шагнаж, дурсгав.... гэжээ,

            - Гэрч А.Ноолойгийн шүүхэд өгсөн: Би Тээврийн яамны харьяа Увс аймаг дахь Нефьт баазад 1980 оноос 1993 оныг дуустал цахилгаанчнаар ажилласан. Л.Пүрэвсүрэн нь 1980 оны 10 дугаар сараас эхлэн манай байгууллагад цэнэглэгч машины жолоочоор ажилд орон ажиллаж эхэлсэн. Тээврийн яамны харьяа Увс аймаг дахь Нефьт бааз нь 1991 онд Нефть импорт концерны Увс аймаг дахь Нефть хангамжийн газар болон нэр нь өөрчлөгдөн үйл ажиллагаа явуулсан. Л.Пүрэвсүрэн нь цаг хугацаанд нь норм нормативаа биелүүлдэг ажилчин байсан. Тухайн үед манай байгууллагын даргаар Ө.Чойдон, Х.Сайжрах, н.Баттөмөр гэх хүмүүс ажиллаж байсан. Намайг 1993 онд ажлаас гарахад Л.Пүрэвсүрэн нь ажиллаад үлдсэн, хэдэнд онд ажлаас гарсаныг нь би сайн мэдэхгүй байна гэх мэдүүлэг,

          - Гэрч Д.Энэбишийн шүүхэд өгсөн: Би Тээврийн яамны харьяа Увс аймаг дахь Нефьт баазад 1981 оноос 1994 оныг дуустал сав, тоног төхөөрөмжийн засварчин, няраваар тус тус ажиллаж байсан. Л.Пүрэвсүрэн нь намайг ажилд ороход цэнэглэгч машины жолоочоор ажиллаж байсан. Тээврийн яамны харьяа Увс аймаг дахь Нефьт бааз нь 1991 онд Нефть импорт концерны Увс аймаг дахь Нефть хангамжийн газар болон нэр нь өөрчлөгдөн үйл ажиллагаа явуулсан. Л.Пүрэвсүрэн бид хоёр 1994 онд ажлаас гарсан. Тухайн үед манай байгууллагын даргаар Ө.Чойдон, Х.Сайжрах, н.Баттөмөр гэх хүмүүс ажиллаж байсан гэх мэдүүлэг,

          - Гэрчүүдийн иргэний үнэмлэхний болон тэдний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг баримтууд тус тус авагджээ.

            Цахим мэдээллийн хэрэгсэл болох http://www.pam.gov.mn/page/1196.shtml?sel=2189 д 1992 онд Нефть импорт хангамжийн нэгтгэлийн захирлуудын зөвлөлийн шийдвэрээр нэрийг Нефть импорт концерн /НИК/ хэмээн өөрчилсөн байна хэмээн дурдсан байх бөгөөд нэхэмжлэгчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэгт 1991 онд Увс аймгийн Нефть бааз нь Нефть импорт концерны харьяа Увс аймаг дахь Нефть хангамжийн газар болж зохион байгуулалтын өөрчлөлтөд орсон нь тогтоогдож байна.

          Мөн нэхэмжлэгчийг 1994 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тушаал хэрэгт авагдсан байх тул шүүх тухайн баримтын хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Иймд нэхэмжлэгч Л.Пүрэвсүрэнгийн 1980 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд БНМАУ-ын Тээврийн яамны Нефть хангамжийн удирдах газрын харьяа Увс аймаг дахь Нефть бааз /Нефть хангамжийн газар/, 1992 оны 1 дүгээр сараас 1994 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд Нефть импорт концерны харьяа Увс аймаг дахь Нефть хангамжийн газарт тус тус цэнэглэгч машины жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

           Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Пүрэвсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Савартан овогтой Лэгдэнгийн Пүрэвсүрэнгийн 1980 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд БНМАУ-ын Тээврийн яамны Нефть хангамжийн удирдах газрын харьяа Увс аймаг дахь Нефть бааз /Нефть хангамжийн газар/, 1992 оны 1 дүгээр сараас 1994 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд Нефть импорт концерны харьяа Увс аймаг дахь Нефть хангамжийн газарт тус тус цэнэглэгч машины жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

              2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Пүрэвсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА