Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 906

 

 

 

 

 

 

 

 

 

 

С.Б т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          Прокурор П.Болормаа,

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Наранчимэг,   

          Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

         

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 970 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор П.Болормаагийн бичсэн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 27 дугаартай эсэргүүцлээр С.Б т холбогдох эрүүгийн 1708 0105 80057 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Буурайдайн овгийн С.Б, 1979 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун Баян Уулын 9-9 тоотод оршин суух,

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 596 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 205-Ө дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 6 хоногийн хорих ялаас өршөөн суллагдсан, /РД:ЧГ79050777/,

 

С.Б  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Аглаг Эрдэнэ” караоке баарны гадаа иргэн Б.Б-г зодож түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулж, уг гэмтлийн улмаас Б.Б 2017 оны 8 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: С.Б ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх С.Б т холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа  явуулах шаардлагатай гэж үзэж прокурорт буцааж шийдвэрлэжээ. Үүнд:

 

Хэрэгт авагдсан доорх баримтуудад амь хохирогчийн бусдад цохиулсан гэх цаг хугацаа, цохиулснаас хойш ямархуу байдлаар биеэ авч явсан, гэртээ харьсан цаг хугацаа, эмнэлэгт очсон цаг хугацаа, нас барсан гэх цаг хугацаа, түүний биед учирсан гэмтлийн талаар тус тус дурдагджээ. Тухайлбал,

гэрч Г.Шинэхүүгийн “... 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 19 цагийн үед Болор, Баттулга бид 3 караокед 0.75 гр архи авч орж уусан. Тэгээд 21 цагийн орчимд Баттулга, Болор 2 тамхилахаар гарсан. Тэр 2 гарч явснаас хойш барагцаагаар 5, 6 минутын дараа Болор гэх залуу ганцаараа орж ирээд “далчиганаад байхаар нь 1 цохичихлоо, харих гээд явсан” гэж хэлсэн. Маргааш өглөө 09 цаг өнгөрч байхад эхнэр босоод Баттулга ахыг харчихаад намайг дуудаад “Баттулга ах сонин байна” гэхээр нь харахад амнаас нь цус гарчихсан, царай нь цонхийсон, өмдөндөө шээчихсэн бололтой нойтон болчихсон байдалтай байхаар нь түргэн дуудсан” гэж /хх-18-21/,

гэрч Ш.Саранчимэгийн “... 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 21 цагийн орчимд талийгаач улаан хар алаг куртиктэй залуугийн хамт гадагш гарсан. Хэсэг хугацааны дараа /10, 20 минут болсон болов уу, яг сайн хэлж мэдэхгүй байна/ улаан хар алаг куртиктэй залуу нь ганцаараа орж ирсэн” гэж /хх-24-25/,

гэрч О.Жаргалсайханы “... 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 21 цагийн үед баарнаас нэгж авахаар гарсан. Тэгээд 5 орчим минутын дараа ирэхэд баарны гадаа талийгаач ганцаараа газар дээшээ хараад хэвтчихсэн, урагшаа өндийгөөд хаалганаас барих гээд өндийж чадахгүй байхаар нь гараас татаж босгосон. Тэр хүн алхахдаа явж чадахгүй доголоод байсан” гэж /хх-27-28/,

гэрч З.Нэргүйн “... 2017 оны 8 дугаар сарын 25-ны орой 22 цагийн орчим миний машинд бор өнгийн ноосон цамцтай, 40 орчим насны, нэлээн согтуу байдалтай архи их үнэртүүлсэн залуу суугаад Зүүнбаян-Уулын 12 дугаар гудамж өгсөөд жижиг цагаан хаалганы дэргэд зогссон. Нөгөө хүн машинаас буухаар нь мөнгөө авах гээд гэрлээ асаатал тэр хүн өмдөндөө шээсэн байдалтай, түүний өмдний ар хэсэг, миний машины суудал норсон шээс үнэртэж байсан” гэж /хх-31-32/,

гэрч Б.Ариунцэцэгийн “... 2017 оны 8 дугаар сарын 25-ны оройн 21:50 цагийн үед Баттулга ах согтуу ирсэн. Таксиний жолооч нь ахыг шээчихлээ гээд байсан. Өглөө 09:00 цаг өнгөрөөгөөд босоод цайгаа чаначихаад ахыг сэрээх гэтэл сэрэхгүй байхаар нь 103 дуудсан” гэж /хх-34/,

гэрч Б.Ариунзаяагийн “... Баттулга ах хөнжил рүүгээ улаан хүрэн өнгөөр бөөлжсөн байсан” гэж /хх-37/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Наранчимэг нь “... 2017 оны 8 дугаар сарын 25-ны орой 22-23 цагийн орчим ирэхэд Ариунзаяа ирчихсэн байсан ба “Баттулга ах бөөлжсөн байна, түргэн дуудаарай” гэж хэлчихээд явсан. Баттулга зүүн талд өөрийнхөө орон дээр хажуу тийшээ хараад согтуу байгаа бололтой хэвтэж байсан, түүний амнаас жаахан цус шиг хүрэн улаан өнгийн зүйл гарчихсан байхаар нь бөөлжсөн байна гээд арчаад өнгөрсөн ...” гэж /хх-17/,

гэрч Б.Батцолмонгийн “... Баттулга ирэхдээ биеийн байдал маш хүнд, ухаангүй, толгойн хуйх, ар дагз хэсэгт хаван хавдар ихтэй, эмийн эрчимт эмчилгээ хийж байх үед нас барсан. Талийгаачид тархины маш хүнд гэмтэл учирсан байсан. Гавлын ясны хугарал, тархины эдийн няцрал, тархины эдийн дотор цусан хураа, тархины дагз орчмын хатуу хальсан дээрх цусан хураа зэрэг амьдралд үл нийцэх хүнд гэмтэл учирсан байсан учир цусан хурааг аваад амь насыг нь аврах боломжгүй байсан ...” гэж /хх-47-48/,

шинжээч Ц.Бадралын “... талийгаачид учирсан тархины гэмтлийн дараа тодорхой хугацаанд буюу тархи дарагдах хүртэл ухамсарт үйл хөдлөл хийх, амьд байна” гэж /хх-49-50/ тус тус мэдүүлжээ.

цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1710 тоот дүгнэлтэд: “... Баттулгын цогцост гавлын орой ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн суурь хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины баруун дух, чамархайн аалзан бүрхүүл доорх цус харвалт, тархины баруун дух хэсгийн цусархаг няцрал, тархины хажуугийн болон 3, 4 дүгээр ховдол дахь цус хуралт, зулайн хуйх, гавлын шар хальс, хатуу хальсны цус хуралт, уруулд язралт, зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3 дахь хэсэгт зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарах ба уг гэмтлийн улмаас нас барсан байна. Талийгаач нь 2017 оны 8 дугаар сарын 27-ны 02 цаг 30 минутад нас баржээ ...” гэжээ. /хх-52-54/

10071 дугаартай өвчний түүхэнд 2017 оны 8 дугаар сарын 26-ны өглөө 09:30 минутад 103 дуудаж, Баттулга нь ГССҮТ-д хүргэгдэн ирсэн, эмчид үзүүлсэн 10 цаг 45 минут, эрчимт эмэн эмчилгээ хийгдсэн /цаг хугацаа/, нас барсан хугацааг 2017 оны 8 дугаар сарын 27-ны шөнийн 02:30 гэж тэмдэглэгдсэн байна. /130-135/.

Иймд дараах зүйлийг шалгаж тодруулах нь зүйтэй.

1.  ГССҮТ-н эмч /гэрч/ Б.Батцолмонг дахин асууж дараах зүйлийг тодруулах.

- амьдралд үл нийцэх хүнд гэмтэл гэж юуг хэлээд байгааг мэргэжлийн үүднээс тайлбарлуулах,

- Баттулгыг хүлээн авсан даруйд эмэн эрчимт эмчилгээ хийсэн гэх тул уг эмчилгээ нь юунд зориулагдан хийгдсэн эмчилгээ болох, уг эмчилгээг хийснээр ямар үр дүн үзүүлэх, амь насыг нь аврах боломжтой байсан эсэх, хагалгаа хийснээр амь насыг нь аврах боломжгүй гэж тайлбарласан нь ямар баримт, нотолгоонд үндэслэсэн болох, дээрх шийдвэрийг ганцаараа эсхүл эмч нарын зөвлөгөөнөөр шийдсэн эсэх, /холбогдох баримтууд байгаа бол хэрэгт хавсаргуулах/

2. Шинжээч Ц.Бадралыг дахин байцааж дараах асуудлыг тодруулах,

- шинжээчийн 1710 дугаартай дүгнэлтэд дурдсан амь хохирогчид учирсан тархины   хүнд гэмтлүүдийг авсан тэр даруйд яаралтай эмнэлгийн тусламж үзүүлсэн тохиолдолд амь насыг нь аврах боломжтой байсан эсэх,

- ГССҮТ эмнэлгээс амь хохирогчид хийсэн гэх эмэн эмчилгээ нь түүнд тавьсан оношид тохируулан хийгдсэн эсэх, хагалгаа хийх боломж байсан эсэх, хагалгаа хийснээр амь насыг мөн аврах боломж хир байсан болох, эмчлэгч эмчийн “хагалгаа хийсэн ч амь хохирогчийн амь насыг аврах боломжгүй” гэж тайлбарласан нь үндэслэлтэй эсэхийг асууж тодруулах,

3. Дээрх нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр С.Б ын үйлдэлд үнэлэлт, дүгнэлт хийж зүйлчлэх нь зүйтэй гэж үзэж шийдвэрлэжээ.

 

Прокурор П.Болормаа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...

1. Хэрэгт гэрч Б.Батцолмонгийн “ирэхдээ биеийн байдал маш хүнд ухаангүй, толгой хуйхандаа хаван хавдар ихтэй, ил харагдах гэмтэл зулайн ар хэсэгт хаван хавдартай, эмийн эмчилгээ хийж байх явцад өвчтөн нас барсан. Өвчтөнд тархины маш хүнд гэмтэл учирсан. Гавлын ясны хугарал тархины эдийн няцрал, тархины эдийн дотор цусан хураа зэрэг амьдралд үл нийцэх хүнд гэмтэл учирсан байсан учир цусан хурааг аваад амь насыг аврах боломжгүй байсан” гэх мэдүүлгийг мөрдөн байцаалтын шатанд эмчлэгч эмч Б.Батцолмон өгсөн бөгөөд 10071 дугаартай өвчний түүхэнд мэдрэлийн эмчийн үзлэгийн хэсэгт “тархины хүнд гэмтэл, гавлын орой, суурь ясны хугарал байж болзошгүй, тархины эдийн цусархаг няцрал, өсөн нэмэгдэж буй тархины аалзан доорх цус хуралт” гэсэн онош тавьж, дүгнэлт хийж тухайн эмэн эмчилгээг хийсэн болох нь хавтаст хэрэгт хавсаргасан өвчний түүх, 10071 дугаартай түүх мөн шинжээчийн 2017 оны 9 сарын 15-ны өдрийн 1710 дугаартай дүгнэлт зэрэг баримтаар тогтоогдсон байдаг.

2. Шинжээч эмч Ц.Бадралын “... уг гавал тархины гэмтэл нь тодорхой хугацаанд буюу тархи дарагдах хүртэлх хугацаанд ухамсарт үйл хөдөлгөөн хийх боломжтой.” гэсэн нь талийгаач нь дээрх гэмтлийг аваад шууд “Аглаг Эрдэнэ” караоке баарны гаднаас такси барьж гэртээ харьсан болох нь хууль ёсны төлөөлөгч Б.Наранчимэг, гэрч З.Нэргүй, гэрч Б.Ариунзаяа нарын мэдүүлгээр тогтоогдсон. Харин тархины гэмтлийн хагарсан цусан хураа нь аажмаар нэмэгдэж тархийг дардаг, гэмтлийг авснаас хойш тархи дарагдах хүртэл хохирогч амьд байна. Энэ хугацаа нь харилцан адилгүй учир тогтоох боломжгүй юм. Тухайн гэмтлийг талийгаач 2017 оны 8 дугаар сарын 25-ны орой авч маргааш өглөө нь буюу 2017 оны 8 дугаар сарын 26-ны өглөө 11 цагт эмнэлэгт хүргэгдсэн байдаг. Хүргэгдэж ирэхдээ талийгаач Б.Б  нь ухаангүй, орчиндоо харьцаагүй болсон нь гэрч Б.Батцолмонгийн мэдүүлэг болон 10071 дугаартай өвчний түүхээр тогтоогдсон.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулж дээрх асуудлуудыг асууж тодруулан хэргийг шийдвэрлэх боломжтой байсан.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн ...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Наранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тайлбар байхгүй. Шүүхэд гаргах санал хүсэлт байхгүй, гомдолтой байна ...” гэв.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэв.

 

С.Б т холбогдох хэрэгт  мөрдөн шалгах ажиллагааг гүйцэд хийгээгүй бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэн мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамж үндэслэл бүхий байна.

 

С.Б т холбогдох хэргийн материалыг судлан үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан заалтыг мөрдөгч, прокурор хэрэгжүүлээгүй байх бөгөөд хэргийн бодит байдлыг буюу шүүхийн тогтоол гарахад ач холбогдолтой байж болох бүхий л үйл баримтыг бүрэн шалгаж, эргэлзээгүй байдлаар тогтоогоогүй байна гэж үзэв.

 

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал буюу 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ,  хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/”,  1.3 дахь заалтад заасан “...  гэм буруугийн хэлбэрийг ...” зайлшгүй шалгаж тогтоосны эцэст хэргийг зүйлчлэх нь хуульд нийцнэ.

Тухайлбал, прокуророос С.Б ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хэлбэрийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэнэ” гэж тодорхойлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт буюу “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Хүнд гэмтлийн улмаас хохирогч нас барсан хэргийг санаатай хүнийг алах хэргээс зөв ялгаж зааглах явдал чухал юм.

 

Хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан, санаатай хүнийг алах гэмт хэргийг ялгаж ангилахад эхний нөхцөл нь гэмт этгээдийн үйлдэлдээ /учруулсан гэмтэлд/, хор уршиг буюу хохирогч амь хохироход хандсан субъектив санааг зайлшгүй урьдчилан тогтоох шаардлагатай. Түүнчлэн хохирогчид учирсан гэмтлийн байршил, уг гэмтлийг учруулахаас өмнө болон учруулсны дараах гэмт этгээдийн сэтгэхүйн харьцаа болон үйлдэл, гэмтлийг авсны дараа хохирогчид зохих ёсоор эмчилгээ хийгдсэн эсэх, өөр хүндрэл эсхүл зөвхөн авсан гэмтэл хүндэрч даамжирсан нь үхэлд хүргэсэн эсэх зэргийг шалган тогтоох шаардлагатай бөгөөд энэ нь эхний нөхцөлийг тогтооход нөлөөлөх ач холбогдолтой юм.

 

Энэхүү гэм буруугийн хэлбэр шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд хуульчлагдсан бөгөөд хэргийн нөхцөлд хэрхэн тохирч байгаад хууль зүйн дүгнэлт өгөхөд шүүгчийн захирамжид заасан хэргийг прокурорт буцаасан үндэслэлүүд гэм бурууд нөлөөлөхүйц ач холбогдолтой гэж үзнэ.

 

Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор П.Болормаагийн бичсэн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 27 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 970 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор П.Болормаагийн бичсэн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 27 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч С.Б т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД                                                       Д.ОЮУНЧУЛУУН

 

                                                                                    Ж.ЭРДЭНЭЧИМЭГ