Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 00003

 

     

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

И хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,

Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.М, Л.Г нарт холбогдох “Татварын улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 170019856 тоот актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга П.У, нэхэмжлэгч И хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Ч.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагч Г.М нар оролцов

ТОДОРХОЙЛОХ нь;

Нэхэмжлэгч И хязгаарлагдмал хариуцлагатай компани /цаашид ХХК гэх/ болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Л.Г, Г.М нар нь тус И ХХК-ийн татвар ногдуулалт төлөлтийн байдлыг шалгаад татварын төлбөр ногдуулсан Татварын улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 170019856 тоот акт нь татвар төлөгчид хуулиар олгогдоогүй үүргийг биелүүлэхийг шаардсанаараа түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байгаа тул уг актыг хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын улсын ахлах байцаагч Л.Г, Г.М нар нь тус И ХХК-ийн 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 05 дугаар сарын 14-нийг дуусталх хугацааны татвар ногдуулалт, төлөлтийн байдлыг шалгаад дээрх маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа “2013 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Д ХХК-иас 409 090 900 төгрөгийн худалдан авалт хийсэн байна. ...409 090 900 төгрөгийн НӨАТ-ын хий бичилт хийж өгсөн бичиг нь байна” гэж буруутган:

1. Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийсэн гэж үзэж,

2. Уг бараа материалын үнийг борлуулсан бүтээгдэхүүний өртөгт оруулан татвар ногдох орлогоо бууруулсан гэж үзэж 40 909 900 төгрөгийн нөхөн татвар, 6136363,5 төгрөгийн торгууль, 122727,3 төгрөгийн хүү, нийт 47168180,8 төгрөгийн татварын төлбөр ногдуулсан юм.

Үүнийг татвар төлөгч эс зөвшөөрч Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд хандсан боловч уг зөвлөл 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор татварын улсын байцаагчийн актыг үндэслэлтэй байна гэж дүгнээд татварын төлбөрийн дүнг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь маргааны гол үндэслэлд ач холбогдол өгч хууль зүйн дүгнэлт хийж чадсангүй гэж үзэж байна.

Маргааны гол үндэслэл нь И ХХК цахим сүлжээнд НӨАТ төлөгчөөр бүртгэгдсэн, регистрийн дугаар бүхий худалдагчаас өгсөн татварын албанаас нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчдөд тараадаг албан ёсны баримт болох НӨАТ-ын падаан бөгөөд тэдгээрт дарагдсан компанийн болон санхүүгийн тэмдгүүд нь жинхэнэ эхээр буюу тосон дарцаараа байсан баримтыг үндэслэж татварын тайлангаа гаргасанд байгаа юм. Гэтэл энд тэндээс ирсэн бичгийг гол үндэслэлээ болгон татвар төлөгчид дарамт учруулах, хууль бус татвар ногдуулалт хийх, татвар төлөгчид хуулиар олгогдоогүй үүргийг биелүүлэхийг шаардах нь татварын алба, улсын байцаагчийн эрх биш гэдгийг татварын улсын байцаагчид ч тэр, Татварын алба нь ч тэр аль аль нь ойлгоогүйд харамсаж байна. Орон нутгийн татварын алба нь татварын улсын байцаагчдынхаа хууль бус шийдвэрийг зөвтгөсөн шийдвэрийг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гаргаж, 11 сарын 30-ны өдөр гардуулсан тул эдгээр хууль бус шаардлагыг үл зөвшөөрч ийнхүү шүүхэд хандаж байна. Иймд татварын улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 170019856 тоот актыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.

Татварын улсын байцаагчийн актаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, .17.3-т заасныг баримтлан И ХХК-д хариуцлага хүлээлгэсэн нь буруу. Хуулийн эдгээр заалтууд нь И ХХК-аас нэмэгдсэн өртгийн албан татвар суутган авчихаад улсын төсөвт татвараа төлөөгүй Д ХХК-д хариуцлага хүлээлгэх заалт юм. Татварын улсын байцаагчийн акт нь хууль зүйн үндэслэлгүй тул хүчингүй болгож өгнө үү” гэв.

Нэхэмжлэгч И ХХК-ийн захирал Ч.Ц “... Манай компанийн касс, харилцахад мөнгө байгаагүй учир би өөрөө хувиасаа барилгын материалыг худалдаж аваад барилгын ажил гүйцэтгэсний хөлс орж ирэнгүүт буцаагаад өөрийн данс руу шилжүүлж авдаг байсан. Манай компани Д ХХК-аас жинхнээсээ худалдан авалт хийсэн боловч тухайн компани цааш нь биднээс суутгаж авсан нэмэгдсэн өртгийн албан татвараа төлөөгүй байгаад бид буруугүй. Манай компани улсын төсөвт хохирол учруулаагүй. Харин Д ХХК биднээс суутгаж авсан нэмэгдсэн өртгийн албан татвараа цааш улсын төсөвт төлж хохирлыг барагдуулах ёстой. Надад холбогдуулан үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол гарсан гэж 2017 оны хавар сонссон, гомдол гаргаагүй. Манай компанийн менежер М Д ХХК-аас бараа материал худалдан авсан. Д ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэгдсэн, бидэнд өгсөн баримт нь жинхэнэ байсан учраас манай компани нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа тусгасан. Би 2012 онд Д ХХК-ийн 0011435833 дугаартай НӨАТ-ын падаанд 409090900 төгрөгийн хуурамч бичилт хийж татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэгт шалгагдаж байсан боловч гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөөгүй ...” гэв.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Л.Г, Г.М нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Улсын мөрдөн байцаах газраас ирсэн 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 10/5-2267 дугаар албан бичгийн дагуу И ХХК-д НӨАТ-ын падааны хэсэгчилсэн шалгалт хийж 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдөр татварын улсын байцаагчийн 170002 дугаартай 409090900 төгрөгийн дүнтэй зөрчилд эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэхээр дүгнэлт бичиж хэрэг бүртгэх болон хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар шийдвэрлэсэнтэй холбоотой, 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын прокурорын 267 дугаартай “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, Монгол Улсын эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208, 209 дүгээр зүйлийг удирдлага болгон тус тогтоолд яллагдагч, сэжигтнээр татагдсан этгээдүүд нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байдаг. Дээрх прокурорын тогтоол гарсантай холбогдуулж Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн газрын 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 07/1075 дугаар “Ажил эрчимжүүлэх тухай” прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон ХХК-уудад захиргааны хариуцлага тооцох ажлыг шуурхай зохион байгуулах гэсний дагуу 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр дээр дурдагдсан 170002 дүгнэлтэд захиргааны хариуцлага тооцож 170019856 дугаартай татварын улсын байцаагчийн актыг санхүүгийн анхан шатны болон нягтлан бодох бүртгэл, гэрээ хэлцэл, хөндлөнгийн мэдээлэл зэрэг баримт материалд үндэслэн татварын хяналт шалгалт хийж 47168180 төгрөгийн акт тогтоосон нь дараах баримтаар нотлогдож байгаа тул төлөх нь зөв гэж үзэж байна.

Хөвсгөл аймгийн Татварын хэлтэстэй харьцдаг И ХХК нэхэмжлэлдээ цахим сүлжээнд НӨАТ төлөгчөөр бүртгэгдсэн 2557746 регистрийн дугаартай худалдагч талаас өгсөн татварын албанаас татвар төлөгчдөд өгсөн албан ёсны НӨАТ-ын падаан бөгөөд санхүүгийн тэмдгүүд нь жинхэнэ эхээр байсан баримтыг үндэслэж татварын тайлан гаргасан гэжээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан нь Татварын ерөнхий газрын цахим тайлангийн системд борлуулагч талаас хуваарилсан падаан байсан боловч Д ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг тухайн харьяалах дүүргийн татварын хэлтсээс зохих журмын дагуу аван бусдад хий бичилт хийж байсан нь прокурорын тогтоолоор тогтоогдож байна. Мөн И ХХК нь бараа материал худалдан авахдаа бэлэн мөнгөөр авсан гэх боловч компанийн кассаас 409090900 төгрөгийн зарлага гарсан баримт байхгүй, санхүүгийн үйл ажиллагааны нягтлан бодох бүртгэлийн журнал, бараа материал худалдаж авсан кассын бэлэн мөнгөний зарлагын баримт байхгүй байсан. Эдгээр нь тухайн шалгалтын үед бараа материалыг бэлэн мөнгөөр худалдаж авсан байх ямар ч баримтаар нотлогдоогүй, тухайн байгууллагын нягтлан бодогч кассаас мөнгө гаргаагүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Мөн дээрх прокурорын тогтоолд Д ХХК-ийн удирдлагаар ажиллаж байсан хүмүүс нь нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд нэмэгдсэн өртгийн албан татварын хуурамч бичилт хийлгэн онц их хэмжээний татвар төлөхөөс санаатай зайлсхийх боломж олгосноо хүлээн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.

Мөн нэмэгдсэн өтрийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн анхан шатны бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1-д “дараах тохиолдолд зардлыг албан татвар ногдох ногдох орлогоос хасч тооцохгүй: 15.1.2. албан татвар төлөгчийн баримтаар нотлогдоогүй зардал” гэсэн заалтыг тус тус зөрчсөн.

Иймээс нэхэмжлэгч И ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй этгээдэд хариуцлагч хүлэээлгэх ерөнхий заалт нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 17 дугаар зүйл учраас хуулийн энэ заалтыг баримталсан” гэв.

Шүүх хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                               

ҮНДЭСЛЭХ нь;

Нэхэмжлэгч И ХХК-ийн шүүхэд гаргасан “Татварын улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 170019856 тоот актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг дараах үндэслэлээр захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий актыг түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

И ХХК нь 409090,9 мянган төгрөгийн бараа материалыг худалдан авч, 40909,1 мянган төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчид төлсөн мэтээр 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 0011435833 тоот[1] Д ХХК-ийн хуурамч бичилт бүхий падаан ашиглаж нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан гарган, нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийж, төсөвт төлөх татварыг бууруулсан гэх үндэслэлээр Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.М, Т.П нар 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 170002 тоот дүгнэлт[2] бичиж Улсын мөрдөн байцаах газарт хүргүүлж, улмаар И ХХК-ийн захирал Ч.Ц, менежер Л.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2-т заасан эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгажээ[3].

Энэхүү И ХХК-ийн захирал Ч.Ц холбогдуулан үүсгэсэн эрүүгийн хэргийг Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 267 дугаар прокурорын тогтоолоор[4] Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн дагуу татвараа тайлагнасан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх үндэслэлээр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсгийг баримтлан 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Гэвч Монгол Улсын ерөнхий прокурорын газрын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 1/12 дугаар бүхий прокурорын тогтоолоор[5] Баянгол дүүргийн прокурорын газрын 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 267 дугаар прокурорын тогтоолыг хүчингүй болгосон байна. Улмаар И ХХК-ийн захирал Ч.Ц холбогдох 2012 онд Д ХХК-ийн 0011435833 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падаанд 409090900 төгрөгийн хуурамч бичилт хийж татвар төлөхөөс зайлсхийсэн гэх дээрх эрүүгийн хэргийг Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас дахин шалгаж, яллагдагч Ч.Ц татвар төлөхөөс зайлсхийсэн нь нотлогдсон боловч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, Эдийн засгийн ил тод байдлын тайлангаа гаргаж тайлагнасан, хохирлоо нөхөн төлөхөө 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 04 дугаартай албан бичгээр илэрхийлсэн[6] гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт заасан татвар төлөхөөс зайлсхийсэн гэх хэргийг Монгол Улсын 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 167 дугаар прокурорын тогтоолоор[7] хэрэгсэхгүй болгосон байна.

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 167 дугаар прокурорын тогтоол хүчин төгөлдөр байгаа болох нь 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 1/773 тоот албан бичгээр[8] нотлогдож байна.

Хэдийгээр нэхэмжлэгч И ХХК-ийн захирал Ч.Ц “би 2012 онд Д ХХК-ийн 0011435833 дугаартай НӨАТ-ын падаанд 409090900 төгрөгийн хуурамч бичилт хийж татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэгт шалгагдаж байсан боловч гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлээгүй, анхнаасаа хуурамч падаан ашигласан гэх хэргийн хүлээн зөвшөөрч байгаагүй” хэмээн шүүх хуралдаанд тайлбарлаж байгаа боловч тэрээр Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 167 дугаар прокурорын тогтоолын[9] талаар мэдсэн ч энэхүү тогтоолыг эс зөвшөөрч одоог хүртэл гомдол гаргаагүй болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол гарсан гэж 2017 оны хавар сонссон, гомдол гаргаагүй” гэх тайлбараар тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгч И ХХК-ийн захирал Ч.Ц 2012 онд Д ХХК-ийн 0011435833 дугаартай НӨАТ-ын падаанд 409090900 төгрөгийн хуурамч бичилт хийж татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэхээр байна.

Түүнчлэн Д ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Ш.Ж нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар барааг борлуулаагүй, орлого олоогүй атлаа хий бичилт хийж, хуурамч баримт бичиж, борлуулсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дээр хий бичилт хийж, бичиг баримтыг бусдад ашиглуулах зорилгоор хуурамчаар үйлдсэн, ашигласан, борлуулсан, энэ хэргийг байнга үйлдэхэд оролцсон гэмт хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаад гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсний учир Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэг нь хэрэгсэхгүй[10] болжээ.

Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.М, Т.П нар 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 170002 дугаар бүхий татварын улсын байцаагчийн дүгнэлт гаргахдаа И ХХК 2012 оны 05 дугаар сард Д ХХК-аас 450,0 сая төгрөгийн бараа материал худалдан авсан нь касс болон харилцах дансны баримтаар нотлогдоогүй, компанийн захирал Ч.Ц өөрийн хувийн бэлэн мөнгөөр худалдан авсан гэх боловч энэ тухай холбогдох баримт, тайлан гаргаж өгөөгүй, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй, нягтлан бодох бүртгэлийг журмын дагуу хөтлөөгүй зэргийг нь үндэслэсэн болох нь гэрч Т.П, Б.М нарын мэдүүлгээр[11] тогтоогдож байна.

Татвар төлөгч нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д зааснаар татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, 18.1.5-д зааснаар татварын албаны шалгалтын акт, дүгнэлтийг зөвшөөрч байгаа бол гарын үсэг зурах, зөвшөөрөхгүй бол тайлбараа хяналт шалгалт хийсэн татварын албанд ажлын 10 өдөрт багтаан бичгээр гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч И ХХК-ийн захирал Ч.Ц, нягтлан бодогч Т.Т нар Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 170002 дугаар дүгнэлтийг зөвшөөрч гарын үсэг зурсан[12] байна.

Мөн И ХХК-ийн шүүхэд ирүүлсэн “Д ХХК-аас барилгын материал худалдан авах тухайн үед компани харилцах болон кассд бэлэн мөнгө байхгүй байсан учраас захирал Ч.Ц хувиасаа мөнгө гарган компанийн менежер Г.М өгсөн байсан. Менежер Г.М 2012 оны 5 сарын 15-нд Д ХХК-ийн кассд 450 000 000 төгрөгийг бэлнээр тушаасан” гэх тайлбар[13] нь Ч.Ц нарт холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан “И ХХК-ийн менежер Л.Б 2012 оны 5 сард Д ХХК-аас бараа материалыг авч, нэмэгдсэн өртгийн албан татварын 0011435833 дугаартай падаан авсан” гэх баримтаас[14] зөрж байна.

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 167 дугаар бүхий прокурорын тогтоолоор[15] И ХХК-ийн захирал Ч.Ц холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон авч татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн гэмт хэргийн хохирол буюу төлөөгүй татвараа төлөх үүрэг нэхэмжлэгчийн хувьд хэвээр үлдэнэ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 7 дугаар зүйлийн 7.1.1, 14 дүгээр зүйл, 14.1, 14.1.1, 14.1.3-т зааснаар хуулийн этгээд нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойшхи хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараанд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцуулдаг.

И ХХК нь 2012 онд Д ХХК-аас авсан 0011435833 дугаар бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын хуурамч бичилт бүхий падаанаар нэмэгдсэн өртгийн албан татвараа хасч тооцуулсан болох нь 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн татварын улсын байцаагч Б.М И ХХК-ийн захирал Ч.Ц-тай хийсэн ярилцлагын тэмдэглэлээр[16] нотлогдож байна.

И ХХК нь Д ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын 0011435833 дугаартай хуурамч бичилт бүхий падаан ашигласан болох нь дээр дурдсанчлан прокурорын тогтоол[17], гэрч Т.П, Б.М нарын мэдүүлэг[18] болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар[19] тогтоогдсон учир Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 14 дүгээр зүйлийн 14.3-т заасан “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэх хууль зүйн үндэслэлээр хариуцлага хүлээхээр байна.

Хариуцагч Л.Г, Г.М нар прокурорын тогтоолыг үндэслэн татварын улсын байцаагч Б.М, Т.П нарын гаргасан 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 170002 дугаар бүхий дүгнэлтийг акт болгон бичсэн нь зүйн хэрэг боловч акт гаргахдаа И ХХК нь Д ХХК-ийн хуурамч бичилт бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын 0011435833 дугаартай падаан ашигласан гэх оныг зөрүүтэй бичсэн, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3 болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 17.3 дахь заалтын чухам алийг үндэслэж 40 909 090 төгрөгийн нөхөн татвар, 6 136 363,5 төгрөгийн торгууль, 122 727,3 төгрөгийн хүү ногдуулсан нь тодорхойгүй байх тул хэргийн нөхцөл байдлыг цааш тодруулах шаардлагатай, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзлээ.

Нэхэмжлэгч И ХХК маргаан бүхий захиргааны акт болох Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 170019856 дугаар актыг эс зөвшөөрч Татварын хэлтсийн дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлд хандаж 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хариугаа авсан байх ба Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн бямба гарагт дууссан ба  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т тоолох хугацааны эцсийн өдөр ажлын бус өдөр байвал түүний дараагийн ажлын өдөр уг хугацаа дуусахаар заасан тул нэхэмжлэгч 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг нь хуульд нийцсэн гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 14 дүгээр зүйлийн 14.3, 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 17.3-т заасныг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 170019856 дугаар актыг зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 170019856 дугаар акт нь хүчингүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ж.ГАНЧИМЭГ

 

 

 

 

 


[1] Хэргийн 35, 188 дугаар хуудас

[2] Хэргийн 29-30 дугаар хуудас

[3] Хэргийн 199-203 дугаар хуудас

[4] Хэргийн 46-58 дугаар хуудас

[5] Хэргийн 59-62 дугаар хуудас

[6] Хэргийн 65-69 дүгээр хуудас

[7] Хэргийн 63-64 дүгээр хуудас

[8] Хэргийн 103 дугаар хуудас

[9] Хэргийн 63-64 дүгээр хуудас

[10] Хэргийн 157-164 дүгээр хуудас

[11] Хэргийн 213, 215 дугаар хуудас

[12] Хэргийн 176-177 дугаар хуудас

[13] Хэргийн 80 дугаар хуудас

[14] Хэргийн 200-203 дугаар хуудас

[15] Хэргийн 63-64 дүгээр хуудас

[16] Хэргийн 42 дугаар хуудас

[17] Хэргийн 63-64 дүгээр хуудас

[18] Хэргийн 123, 125 дугаар хуудас

[19] Хэргийн 42-43, 126-127, 138 дугаар хуудасны ар болон 139 дүгээр хуудсанд авагдсан санхүүгийн тайлангийн тодруулга, 143-145 /шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт өгсөн гэрчийн мэдүүлэг/, 157-164, 175-209 дүгээр хуудас