Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2021/0094/З |
Дугаар | 221/МА2021/0498 |
Огноо | 2021-09-15 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 221/МА2021/0498
Л.С-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч Л.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, У.М нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 423 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Л.С-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 423 дугаар шийдвэрээр: ”Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 22.3, Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2, 33.3, 33.4-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Л.С-г үүрэгт ажлаас чөлөөлж, албан тушаалд томилох тухай” Б/212 дугаар тушаалыг хүчингүй болгож, Л.С-г урьд эрхэлж байсан Дархан Уул аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн дарга бөгөөд улсын ахлах бүртгэгчийн албан тушаалд төрийн жинхэнэ албаны тусгай шалгалтыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулж, зохих иргэнийг томилох хүртэл хугацаагаар эгүүлэн тогтоож, ТЗ-7-4-өөс ТЗ-6-4 болж буурсан цалингийн сүлжээний шатлалын зөрүү цалинг 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийг дуустал хугацаагаар тооцож олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад даалгаж, үлдэх “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/548 дугаар, 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Б/569 дүгээр тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах болон цалинг 20 хувиар 3 сарын хугацаатай суутгасан суутгалыг нөхөн олгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч Л.С-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Л.С давж заалдах гомдолдоо: “... “Анагаах хаус” ХХК-ийн тамга, хэвлэмэл хуудсыг ашиглан өөрийгөө гүйцэтгэх захирлаар томилсон 2020 оны 09 дүгээр сарын 24-ний үүсгэн байгуулагчийн шийдвэр гаргасан нь Компанийн тухай хуулийн 62.1.1, 62.2.3, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь заалтыг зөрчсөн учраас Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний А/208 дугаар тушаалаар батлагдсан “Хуулийн этгээд түүний салбар төлөөлөгчийн газрын Улсын бүртгэл хөтлөх журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1-д “улсын бүртгэгч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийг хянаж, холбогдох хууль, журамд заасан шаардлага хангасан бол хүлээн авна” гэж заасан байдаг учир энэ тухай амаар тайлбарлаж, татгалзаж байгаа үндэслэлээ баримт дээр нь бичсэн. Хэрэгт хуулийн этгээдийн бүртгэгч А.Д 2020 оны 09 дүгээр сарын 29-нд бүртгэл хөтөлсөн нотлох баримт байхад ийнхүү буруу дүгнэлт хийсэн учраас уг тушаалыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан. ... “Мэргэжил арга зүйгээр хангах чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн болох нь ... төлөвлөгөөт шалгалтаар тогтоогдсон” хэмээн тушаалд заасан ч ийнхүү тогтоогдсон ямар ч баримт хэрэгт байхгүй. Түүнчлэн улсын бүртгэгч С.У, Н.Б, О.М, Н.Ш нарын хууль бус үйлдэл нь мэргэжлийн зайлшгүй туслалцаа дутагдсаны улмаас гаргасан зөрчил үү, аль эсхүл зохих хуулийг огт хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй юу гэдэгт анхан шатны шүүх дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу юм. Учир нь Улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.10-т “улсын бүртгэлийг хараат бусаар үнэн зөв хөтлөх” 19.4.11-т “өөрийн бүртгэсэн улсын бүртгэлийн хувийн хэргийн эх нотлох баримт бичгийн бүрдэл болон түүний үнэн зөвийг хариуцах” нь улсын бүртгэгчийн эрх, үүрэгт хамааралтай бөгөөд улсын бүртгэлийн үнэн зөв хөтлөх нь зөвхөн улсын бүртгэгчийн үүрэг болох энэхүү үүргээ биелүүлээгүй бол зөвхөн өөрөө хариуцлага хүлээдэг тул шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөлтийг шийдвэрт оруулж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосныг хангасан өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.
1. Нэхэмжлэлийн “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/548 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:
Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/548 дугаар тушаалаар Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.4.4, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.13, 37.1.18, 48 дугаар зүйлийн 48.1.1, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.7 дахь заалтыг үндэслэн “хуулиар хүлээсэн албан үүрэгтээ хариуцлагагүй хандаж, Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон холбогдох бусад хууль тогтоомж зөрчиж, улсын бүртгэл хөтөлснийг Бодлого төлөвлөлт, дүн шинжилгээний газар шалган тогтоосон” гэх үндэслэлээр Дархан-Уул аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгийн дарга бөгөөд улсын ахлах бүртгэгч Л.С-д “сануулах” сахилгын шийтгэл ногдуулжээ.
Хариуцагч нь нэхэмжлэгч Л.С-г “хуулиар хүлээсэн албан үүрэгтээ хариуцлагагүй хандаж, хууль зөрчиж улсын бүртгэл хөтөлсөн” гэж үзэхдээ тухайн хэлтсийн хуулийн этгээдийн бүртгэлийн улсын бүртгэгчийг түр эзгүйд нь орлож байхдаа “Анагаах хаус” ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах хүсэлтийг баримт дутуу гэх үндэслэлээр буцаасан үйл ажиллагаатай нь холбогдуулан буруутгасан байна.
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.9-д “Энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн үйл ажиллагаатай холбогдсон нарийвчилсан харилцааг Иргэний улсын бүртгэлийн тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиар зохицуулна”, 19 дүгээр зүйлийн 19.1-д “Хуулийн этгээдийн улсын бүртгэгч, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчээр эрх зүйч мэргэжилтэй, иргэний улсын бүртгэгчээр дээд боловсролтой Монгол Улсын иргэнийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга томилж, чөлөөлнө” гэж заасан.
Эдгээр хуулийн заалтаас үзвэл хуулийн этгээдийн болон эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн улсын бүртгэгчийн албан тушаал нь хоорондоо ялгаатай хууль тогтоомжийг хэрэгжүүлдэг тусдаа албан тушаал байна.
Нэхэмжлэгчийн эрхэлж байсан Дархан-Уул аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгийн дарга бөгөөд улсын ахлах бүртгэгчийн албан тушаалын тодорхойлолтод Зорилго, чиг үүргийг заахдаа “аймгийн хэмжээнд эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, улсын бүртгэгчийг мэргэжил, арга зүйгээр хангах чиг үүргийг хэрэгжүүлж, гүйцэтгэлийг хэлтсийн даргын өмнө хүлээх” гэжээ.
Гэтэл тухайн албан тушаалын тодорхойлолтын 2 дугаар зорилтын 6-д “хуулийн этгээдийн улсын бүртгэгчийн түр эзгүйд түүний чиг үүргийг хэрэгжүүлэх” гэж заасны дагуу эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчийн үндсэн чиг үүрэгт хамааралгүй хуулийн этгээдийн бүртгэгчийн чиг үүргийг түр орлон гүйцэтгэснийх нь төлөө Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.13-д “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах;”, 37.1.18-д “хууль тогтоомжид заасан бусад үүрэг” биелүүлэх зэрэг төрийн жинхэнэ албан хаагчийн үүргээ биелүүлээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь нэхэмжлэгч Л.С нь албан тушаалын тодорхойлолтод заасан тухайн чиг үүрэг нь өөрийнх нь албан тушаалын үндсэн чиг үүрэгтэй хамааралгүй боловч тухайн үүргийг хэрэгжүүлж, өөрийн мэдлэгийн хүрээнд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар хуулийн этгээдийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахад шаардагдах баримт бичгийг хавсаргаж ирүүлэхийг хүсэлт гаргасан этгээдэд тайлбарлан өгч буцаажээ.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн “тухайн үйл ажиллагаа нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хууль тогтоомжийг зөрчсөн тул арга хэмжээ авч өгнө үү” гэх “Анагаах хаус” ХХК-ийн гомдлын мөрөөр хяналт шалгалт явуулахдаа тухайн алдаа, зөрчил гарсан шалтгаан, албан тушаалын тодорхойлолтод заасан үндсэн чиг үүрэг, албан хаагчийн мэргэшсэн байдалд хамаарах үүрэг мөн эсэхэд дүгнэлт хийгээгүй, тус компанид тавьсан шаардлага хууль зөрчсөн эсэхийг тогтоосон эрх бүхий этгээдийн шийдвэр байхгүй байхад хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж буруутгасан нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасан “мэргэшсэн” байх зарчимд нийцэхгүй байна.
Анхан шатны шүүх маргаан бүхий актын үндэслэл буюу Төрийн албаны тухай хуульд заасан “хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй” сахилгын зөрчлийг нэхэмжлэгч гаргасан эсэх, сахилгын шийтгэл ногдуулсан акт хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт өгөлгүй, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж “Анагаах хаус” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах хүсэлтийг буцаасан нэхэмжлэгчийн үйл ажиллагааг хуульд нийцээгүй гэж дүгнэлт хийж, холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн ... асуудалд дүгнэлт хийж ... болохгүй” гэж заасныг зөрчсөн байна.
Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй байх тул хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.
2. “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Б/569 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, албан тушаалын цалинг 20 хувиар 3 сарын хугацаатай хассаныг нөхөн олгохыг хариуцагчид даалгах тухай” шаардлагын тухайд:
Хариуцагч нь дээрх Б/548 дугаар тушаал гарснаас хойш 8 хоногийн дараа маргаан бүхий Б/569 дүгээр тушаалаар “албан тушаалтын тодорхойлолтод заасан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, улсын бүртгэгчийг мэргэжил, арга зүйгээр хангах чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэх үндэслэлээр Дархан-Уул аймаг дахь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн дарга бөгөөд улсын ахлах бүртгэгч Л.С-ийн албан тушаалын цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газар 2020 оны 08 дүгээр сарын 18-ны өдрөөс 21-ний өдрүүдэд Дархан-Уул аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг дуусталх хугацааны улсын бүртгэл болон түүнтэй холбоотой бусад үйл ажиллагаанд хийсэн төлөвлөгөөт хяналт шалгалт хийжээ.
Тус шалгалтаар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн дарга бөгөөд улсын ахлах бүртгэгч Л.С-ийн хийсэн нийт 1551 бүртгэлээс анхны бүртгэл, тусгай тэмдэглэлийн тус бүр 1, улсын бүртгэгч М.У-ын хийсэн нийт 1846 бүртгэлийн тусгай тэмдэглэл, өмчлөх эрх шилжих, худалдах, худалдан авах гэрээний тус бүр 1, анхны бүртгэлийн 2, улсын бүртгэгч Н.Б-ын хийсэн нийт 2316 бүртгэлээс анхны бүртгэл, худалдах, худалдан авах гэрээ, хаягийн өөрчлөлт, тусгай тэмдэглэлийн тус бүр 1, улсын бүртгэгч О.М-ын хийсэн нийт 2817 бүртгэлээс худалдах, худалдан авах гэрээ, анхны бүртгэл, шүүхийн шийдвэрээр шилжүүлсэн, тусгай тэмдэглэлийн тус бүр 1, улсын бүртгэгч Н.Ш-ийн хийсэн нийт 2431 бүртгэлээс анхны бүртгэл, тусгай тэмдэглэлийн тус бүр 2 алдаа зөрчлийг тус тус илрүүлж, эдгээр улсын бүртгэгчийг “мэргэжил арга зүйгээр хангаагүй” гэж нэхэмжлэгчийг буруутгажээ.
Дээрх улсын бүртгэгч нарын алдаа нь Л.С-ааг тасгийн дарга бөгөөд ахлах бүртгэгчийн албан тушаалд жинхлэн томилогдохоос өмнө гарсан байгаагаас гадна улсын бүртгэгч нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т заасан чиг үүргээ бие дааж гүйцэтгэдэг албан тушаалтан бөгөөд мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т “өөрийн чиг үүрэгт хамааралгүй мэдээллийг цуглуулах, улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас авч үзэх, ашиглах, бусдад мэдээлэх;”-ийг улсын бүртгэгчид хориглосон байх тул бусад бүртгэгчийн хийсэн тодорхой бүртгэлийн үйл ажиллагаатай тухай бүр танилцах, ямар алдаа зөрчил гарсныг хянах, мэргэжлийн туслалцаа үзүүлэх, заавар өгөх боломж, үүрэг Тасгийн дарга бөгөөд улсын ахлах бүртгэгчид байхгүй байна.
Нөгөө талаас нэхэмжлэгч Л.С-аас 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “2020 оны 02 дугаар сарын 03, 05, 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрүүдийн хурлуудаар улсын бүртгэгч нарын үйл ажиллагаатай холбогдуулан чиглэл, үүрэг даалгавар өгч байсан, Мэргэжил, арга зүйгээр хангах чиг үүргийн хүрээнд хийж гүйцэтгэсэн” гэх тайлбар[1]-ыг хүргүүлсэнтэй холбогдуулан хариуцагчаас үгүйсгэсэн тайлбар гаргаагүй байх бөгөөд тухайн чиг үүргийг огт гүйцэтгээгүй сахилгын зөрчил гаргасан гэж үзэхээргүй байна.
Харин Л.С-ийн улсын бүртгэгчийн хувьд өөрийнх нь хөтөлсөн бүртгэлийн үйл ажиллагаанд гарсан алдаанд нь арга хэмжээ авсан гэх боловч маргаан бүхий захиргааны актад заасан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, улсын бүртгэгчийг мэргэжил, арга зүйгээр хангах чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэсэнд хамаарахгүй.
Түүнээс гадна хариуцагч нь төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүрэгтэй холбоотой авах арга хэмжээний талаар Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан “албан үүргээ хангалтгүй биелүүлсэн”, 48 дугаар зүйлийн 48.1-д заасан “албан үүргээ биелүүлээгүй” гэх асуудлыг ялгамжтай зохицуулсныг буруу хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна.
Дээрх маргаан бүхий актаар нэхэмжлэгч Л.С-г буруутгасан үйлдлүүд нь Төрийн албаны тухай хуулийн 48.1-д заасан “албан үүргээ биелүүлээгүй” гэх сахилгын шийтгэл ногдуулах урьдчилсан нөхцөлд хамаарахгүй байх тул маргаан бүхий актыг хүчингүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байна.
Харин нэхэмжлэгч Л.С-ийн “албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэх үндэслэлээр зохих хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авахад энэхүү шийдвэр саад болохгүйг, хэргийн оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийг хангасан хэсэгт давж заалдах гомдол гаргаагүйг тул тус шүүхээс дүгнэлт өгөөгүй зэргийг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 423 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “1. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 23 дугаар зүйлийн 23.4, 33 дугаар зүйлийн 33.2.2, 33.3, 33.4, 48 дугаар зүйлийн 48.1, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.4, 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасныг тус тус баримтлан Л.С-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/548, 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Б/569, 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б/212 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгож, Л.С-г Дархан-Уул аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн дарга бөгөөд улсын ахлах бүртгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, түүнд албан тушаалын цалинг 20 хувиар 3 сарын хугацаатай бууруулсан суутгал болон цалингийн зөрүүг тус тус нөхөн олгохыг хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад даалгасугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
[1] 1 дэх хавтсын 77 дахь тал.