Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 00474

 

 

 

 

 

 

 

 

 

 

С.Батбилэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

                                                                

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/06735 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: С.Батбилэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Нарантуяад холбогдох

 

Орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 4 500 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: С.Батбилэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:  Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие С.Батжаргалын өмчийн Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36И байрны 27 тоотод байх Ү-2205002243 улсын бүртгэлийн дугаартай, 18 м.кв хэмжээтэй, 1 өрөө орон сууцыг өмчлөгчөөс 2014 оны 6 дугаар сарын 5-ны өдөр 3 жилийн хугацаатай орон сууцыг хөлслүүлэх, холбогдох гэрээнд гарын үсэг зурах, төлбөрийг хүлээн авахаар олгогдсон итгэмжлэлийн дагуу хариуцагч Б.Нарантуяад 2015 оны 5 дугаар сарын 25-наас 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх 12 сарын хугацаанд, нэг сард 500 000 төгрөгийн хөлстэй амьдрах зориулалтаар орон сууц хөлслөх гэрээ байгуулсан. Хөлслөгч Б.Нарантуяа нь уг орон сууцанд амьдарч байх хугацаандаа 2015 оны 5 дугаар сарын 25-наас 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаанд гэрээний дагуу 1 500 000 төгрөгийг төлсөн бөгөөд үүнээс хойш буюу 2015 оны 8 дугаар сарын 25-наас 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 9 сарын хугацаанд гэрээний үүргээ биелүүлээгүй 4 500 000 төгрөгийг төлөөгүй байх тул хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.т-д заасныг баримтлан хариуцагч Б.Нарантуяагаас 4 500 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Батбилэгт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Нарантуяагаас 86 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Батбилэгт олгуулахаар шийдвэрлэжээ.

 

            Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагчид 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх, үүрэг тайлбарласан байна. Гэвч шүүх нь 2016 оны 11 дүгээр сарын 22-ны болох шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй байж “хариуцагч тайлбар ирүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд хүрэлцэн ирээгүй, ямар нэг хүсэлт ирүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөнд тооцож, нэхэмжлэгчийн төлөөлөгч хүсэлт гаргаснаар Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэрэгт байгаа нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж” үзлээ гэж шийдвэрлэсэн байна. Гэтэл хариуцагч надад холбогдуулан гаргасан С.Батбилэгийн нэхэмжлэлийг гардан авсан ба шүүхээс хурлын товыг ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй бөгөөд намайг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж шийдвэрлэсэн нь миний хуулиар олгосон эрхийг хязгаарласан гэж үзэж байна. Иймд миний эрхийг зөрчсөн шүүхийн шийдвэр гарсан байх тул 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 6735 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хянуулахаар буцааж өгнө үү гэжээ.

                                                                  ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

  Нэхэмжлэгч С.Батбилэг нь хариуцагч Б.Нарантуяад холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 4 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч Б.Нарантуяагаас 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Г.Баттогтоход Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүрэг олгосон итгэмжлэлийг 1 сарын хугацаатай олгосон байна. /хх-ийн 16 дугаар тал/

 

Уг итгэмжлэлийн хугацаа 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр дууссан байхад хариуцагчийг төлөөлөх эрх нь дуусгавар болсон этгээд болох Г.Баттогтоход 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр шүүх хуралдааны тов мэдэгдсэнийг, хариуцагчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн гэж үзэхгүй юм. /хх-ийн 23 дугаар тал/

 

Түүнчлэн хэргийн 26 дугаар талд 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хариуцагч Б.Нарантуяад шүүх хуралдааны товыг түүний оршин суух хаягаар баталгаат шуудангаар мэдэгдсэн тухай баримт байх боловч уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүй хуулбар хувь байна.

 

Анхан шатны шүүх хариуцагчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2, 77 дугаар зүйлийн 77.1, 77.3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй атлаа түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т заасан хэргийн оролцогчийн эрхийг зөрчжээ.

 

Мөн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсанаас хойш хариуцагчид хэргийн материал танилцуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасныг зөрчсөн гэж үзнэ.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3-т тус тус заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5  дахь заалтыг  удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/06735 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд  буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86 950 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Э.ЗОЛЗАЯА           

 

                                              ШҮҮГЧ                                         Ш.ОЮУНХАНД

 

                                                                                Г.ДАВААДОРЖ