Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2018/01006

 

Б.Ц-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Б.Ундрах, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2017/03239 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 604 дүгээр магадлалтай,

Б.Ц-ын нэхэмжлэлтэй,

“МУ” ХХК-д холбогдох,

Үнэ хялцуулах ажиллагааг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жүгдэрийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жүгдэр, өмгөөлөгч Д.Нарангоо, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Ц- 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр “МУ” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газарт хүний дүрс бүхий 1.91 кг шүрэн эдлэл, мөнгөн тоногтой эмээлийг барьцаалан 0064747 тоот зээлийн гэрээг байгуулан нийт 28.000.000 төгрөгийг зээлсэн. Уг гэрээний дагуу 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 2.000.000 төгрөгийг дансаар, 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 2.000.000 төгрөгийг бэлнээр, 2017 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 1.000.000 төгрөгийг бэлнээр, 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 2.000.000 төгрөгийг дансаар, 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 4.000.000 төгрөгийг дансаар нийтдээ 11.000.000 төгрөгийг тогтмол төлсөн. “МУ” ХХК нь 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр дуудлага худалдаа явуулж, барьцааны зүйлийг худалдахдаа Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т заасан зохицуулалтыг зөрчиж,  зах зээлийн үнээр 500.000.000 төгрөгийн үнэтэй  /шүрэн эдлэл 350.000.000 төгрөг, мөнгөн тоногтой эмээл 150.000.000 төгрөг/ эртний эдлэлүүдийг ердөө 37.480.000 төгрөгөөр худалдсан. “МУ” ХХК нь барьцааны зүйлийг барьцаалуулагчтай тохиролцсон үнээр аль эсхүл зах зээлийн үнийн дагуу худалдан, борлуулж зээлийн үлдэгдэл мөнгө болон дуудлага худалдааг зохион байгуулахад гарсан зардлыг өөртөө авч үлдсэн мөнгийг барьцаалуулагчид өгөх үүргээ биелүүлээгүй, мөн дуудлага худалдаа явуулах гэж байгаагаа мэдэгдээгүй. Иймд “МУ” ХХК-ийн 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн үнэ хаялцуулах ажиллагааг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч “МУ” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Ц- нь 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр манай компанийн "Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний журам" буюу стандарт нөхцөлтэй танилцсаны үндсэн дээр гэрээ байгуулсан. Гэрээгээр Б.Ц нь модон суурьтай, хүний дүрстэй 1.192 грамм жинтэй шүрэн бурхан, цэнхэр яс модтой 12 чимэгтэй, их гарын эмээлийг барьцаалан, нийт 28.000.000 төгрөгийг, сарын 7 хувь буюу 1.960.000 төгрөгийн хүүтэй, 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл 30 хоногийн хугацаатай зээлж авсан. Б.Ц зээлийн үүргээс нийт 11.000.000 төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар төлсөн. Б.Ц-ын төлсөн төлбөрийг "Барьцаалан зээлдүүлэх журам"-ын 3 дугаар зүйлийн 3.1, 3.2, 3.4 дахь заалтуудыг удирдлага болгож төлсөн төлбөрийг хүү, алдангид тооцон гэрээг сунгасан. Ингээд 2017 оны 5 дугаар сарын 10-ны байдлаар тооцоо гаргахад нийт 137 хоног хэтэрсэн байсан бөгөөд зээл, хүү, алданги нийлээд 39.472.300 төгрөг болсон. “МУ” ХХК нь Б.Ц-д барьцаа хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах болсон тухай нэн даруй мэдэгдэх үүргээ биелүүлж, зээлдэгчийн гэрээн дээрх 91912990, нэрийн хуудас дахь 99110354 дугаарын утас, мөн гэрээн дэх Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол 80-60 тоот хаяг, найз Лхамаагийн зааж өгсөн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Нарны хороолол,12 байрны урд талын орцны 2 давхрын эхний хаалга гэсэн хаягууд руу Монгол шуудангийн баталгаат захидал хүргэх үйлчилгээгээр гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан болон барьцаа хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн. 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Б.Ц-ын барьцааны хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах шийдвэр гарган, комисс томилсон. "Үнэ хаялцуулах ажиллагаа"-г явуулахаас 30 хоногийн өмнө буюу 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдөр "Зар мэдээ" болон "Өдрийн сонин"-д зар тавьсан. Улмаар 3 оролцогч бүртгүүлэн, Г.Хосбаяр нь хамгийн өндөр үнэ 37.480.000 төгрөгөөр ялагчаар тодорсон. Б.Ц-ын гүйцэтгэх үүргийн хэмжээ нь үндсэн зээл 28.000.000 төгрөг, хүү 1.960.000 төгрөг, алданги 11.684.400 төгрөг, нийт 41.644.400 төгрөг болсон. Дуудлага худалдаагаар олсон орлого 37.480.000 төгрөг, Б.Ц-аас 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 4.000.000 төгрөг, нийт 41.480.000 төгрөг болсон ба дуудлага худалдаа явуулсантай холбогдон хөрөнгийн үнэлгээний төлбөр 160.000 төгрөг, зар нийтлүүлсэн 60.000 төгрөг нийт 220.000 төгрөгийн зардал гарсан. Иймд "МУ" ХХК нь 384.400 төгрөгийг Б.Ц-аас авах ёстой тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2017/03239 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.24, 286 дугаар зүйлийн 286.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ”МУ” ХХК-ийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Амарсанаагийн гудамж, Модны хоёрт байрлах Хатан сүлжээ ХХК-ийн байранд явуулсан хүний дүрс бүхий шүрэн эдлэл, мөнгөн тоногтой эмээлийг худалдсан үнэ хаялцуулах ажиллагаа хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Б.Ц-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 345.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ”МУ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 345.350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ц-д олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 604 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2017/03239 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 345.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жүгдэр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хянаад 2017 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 181/Ш1112017/03239 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 604 дүгээр магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй 2016.08.25-ны өдөр Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээндээ "Зээлдэгч нь Нийт зээлийн гэрээний журамтай танилцаж зөвшөөрч, журманд зээлдэгчид гэрээнд заасан үүргийн хугацаа дуусмагц энэ талаар мэдэгдэх хоорондын харилцах хэлбэр нь утсаар ярих, утасны дугаараар цахим зурвас илгээх болон шуудангаар мэдэгдэх, зээлдэгч нь хаяг болон утасны дугаар өөрчлөгдсөн тохиолдолд компаний 91669999 утасны дугаар луу залгах ба биеэр ирж мэдэгдэх үүрэгтэй гэх зэрэг орсон байгаа/ мөн зээлийн гэрээний хугацаа дуусахад тухайн зээлийн барьцааны хөрөнгийг эзэмших эрх компаний мэдэлд шилжихийг зөвшөөрч, мөнгө хүлээн авсан болно. " гэсэн Б.Ц-ын гарын үсэг бүхий нотлох баримт хэрэгт авагдсан байхад үүнийг огт үнэлээгүй. Хэрэгт авагдсан "МУ" ХХК-ийн "Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний журам" нь Монгол улсын "Барьцаалан зээлдүүлэх ерөнхий шаардлага ММ35274-2003 стандарт"-ын 8.12, 8.13-д заасны дагуу үйлчлүүлэгчдэд ил тод харагдахаар үйлчилгээний заалан дахь мэдээллийн самбар дээр, үйлчлүүлэгчийн ширээн дээр тус тус байршуулсан бөгөөд энэхүү стандартын 6.5-д заасанд нийцүүлж, зээлдэгчид гэрээнд заасан үүргийн хугацаа дуусмагц энэ тухай мэдэгдэх хоорондын харилцах хэлбэрийг /утсаар ярих, мессэж илгээх, шуудангаар илгээх гэх мэт/ сонгохдоо "Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний журам"-ынхаа 7-д 'Иргэний хуулийн 286.3-т заасны дагуу мэдэгдэх үүргийг хэрэгжүүлэхдээ гэрээнд бүртгэлтэй утасны дугаарт цахим зурвасаар мэдэгдсэнээс хойш 10 хоногийн дараа борлуулахаар" гэж мөн журмын 10 дугаар зүйлд "Үйлчлүүлэгч та энэ журамтай сайтар танилцаж тус компанийн санал болгож буй үйлчилгээ хүлээн зөвшөөрсөн нөхцөлд үйлчлүүлэх эрхтэй" гэж тус тус заасан байсан. Үүний дараа хариуцагч нь гэрээний үүрэгтэй холбоотой мэдэгдлийг түүний утас руу мессэж илгээж, мөн гэрээнд заасан түүний оршин суух хаяг руу баталгаат шуудангаар мэдэгдсэн боловч нэхэмжлэгч нь уг хаягтаа байхгүй, зараад нүүсэн ^гэсэн төлөв мэдээлэлтэйгээр шуудангаас буцаагдсан байдаг. Хамгийн сүүлд 2017.05.10-ны өдөр Б. Цэрэнбалын гэрээнд заасан хаяг руу 2017 оны 6 дугаар сарын 08 ны өдөр болох "Барьцааны зүйлийг худалдах “Мэдэгдэл"-ийг баталгаат шуудангаар явуулсан. Гэвч Б.Ц- нь заасан хаягтаа амьдардаггүй, зараад явсан гэсэн тодорхойлолттойгоор баталгаат шуудан буцаж ирсэн. Энэ талаарх нотлох баримт мөн хэрэгт авагдсан байсан. Өөрөөр хэлбэл зээлдэгч тал болох нэхэмжлэгч Б.Ц- нь утасны дугаар болон оршин суух хаягаа өөрчилсөн тохиолдолд Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.3.1, “МУ” ХХК-н Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний журмын 10-д заасны дагуу зээлдүүлэгч тал болох хариуцагч “МУ” ХХК-д тэр даруй мэдэгдэх үүргийг хоёр талын 2016 оны 08-р сарын 25-ны өдөр байгуулсан 0064747 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн байх боловч "энэ үүргээ биелүүлээгүйн улмаас шуудан буцаж ирсэн тэрхүү үйл баримтад шүүх огт анхаараагүй. “МУ” ХХК нь 2017 оны 5 дугаар сарын 09-ны өдөр "Зар мэдээ" болон "Өдрийн сонин"-д "Дуудлага худалдаа явуулах зар"-ыг нийтэд тавьсан. Энэ зарын агуулагад дээрх хуульд заасан бүхий л шаардлагуудад нийцсэн мэдээллүүдийг багтаасан байсан. Мөн дуудлага худалдаа явуулах газрыг заана гэсний дагуу хариуцагч нь зар дээрээ дуудлага худалдаа явуулах газрыг БГД-н 16-р хороо, Модны 2-т байрлах "Хатан сүлжээ" ХХК-ийн байранд 2017.06.08-ны өдрийн 12.00 цагт гэж заасан бөгөөд хуульд заасан бүх шаардлагуудыг хангасан зар мэдээг хариуцагч нь хуульд заасан хугацааны дотор нийтэд зарлан мэдэгдэж үүргээ бүрэн биелүүлсэн байдаг. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т ямар тохиолдолд "бичгээр мэдэгдсэнд тооцох" талаар нарийвчлан зохицуулаагүй байх боловч энэ талаарх зохицуулалт бусад хуульд маш тодорхой заагдсан байна. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4, УБЕГ-н даргын 2004 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 1125 дугаар тушаалын 8 дугаар хавсралтаар баталсан "Барьцааны зүйлийг худалдах тухай мэдэгдэл хүргүүлэх журам"-ын 1-д "Барьцаалагч нь үүрэг гүйцэтгэгч, барьцаалуулагч, тухайн барьцааны зүйлтэй холбоотой эрхээ бүртгүүлсэн гуравдагч этгээдэд Иргэний хууль, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу барьцааны зүйлийн худалдах тухай мэдэгдлийг хүргүүлэхдээ энэхүү журмыг баримтална. Мөн хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.5-д "захиргааны актын хаяглагдсан этгээд өөрийн албан ёсны хаягтаа байхгүй, хаягийн өөрчлөлтийг захиргааны байгууллагад мэдэгдээгүй, эсхүл зориуд санаатайгаар хүлээн авахаас зайлсхийсэн тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээс хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараах өдрийг уг актыг албан ёсоор мэдэгдсэнд тооцно." гэж тус тус заажээ. Иймд дээр дурдсан хууль тогтоомж болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хариуцагч “МУ” ХХК нь нэхэмжлэгч Б. Цэрэнбалд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 -т заасан хугацаанд гэрээнд заасан болон иргэний үнэмлэхний хаягаар нь баталгаат шуудан, утсаар ярьсан, утасны дугаар луу нь мессэж хэлбэрээр цахим зурвас явуулснаар "бичгээр мэдэгдэх" үүргээ биелүүлсэнд тооцогдох бөгөөд харин нэхэмжлэгч Б.Ц нь оршин суугаа газраа өөрчилсөн талаарх мэдээллийг өгөх үүргээ биелүүлээгүй зөрчсөн байх тул хариуцагчийн 2017 оны 6 дугаар сарын 08 ны өдрийн БГД, 16 дугаар хороо, Амарсанаагийн гудамж, "Хатан сүлжээ" ХХК-н байранд явуулсан хүний дүрс бүхий шүрэн эдлэл, мөнгөн тоногтой эмээлийг худалдсан үнэ хаялцуулах ажиллагааг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 03239 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 604 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Үнэ хаялцуулах ажиллагааг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн нэхэмжлэгч Б.Ц-ын нэхэмжлэлийг хариуцагч “МУ” ХХК эс зөвшөөрчээ.

Нэхэмжлэгч нь хүний дүрс бүхий сийлбэртэй шүрэн эдлэл, мөнгөн тоногтой эмээлийг барьцаалан “МУ” ХХК-с 2016 оны 8 дугаар сарын 25-ний өдөр 28.000.000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй, нэг сарын хугацаагаар зээлсэн ба зээлийн төлбөрт 11.000.000 төгрөгийг буцаан төлжээ.

Хариуцагч нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-т заасан барьцаалан зээлдэх газраас зээл олгох гэрээ байгуулагдсан, энэ талаар маргаагүй байна.

Барьцаалсан хөрөнгийг худалдан борлуулсан хариуцагчийн ажиллагаа хууль зөрчсөн эсэх талаар талууд маргажээ.  

Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т “зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгоно” гэж заасан.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл “МУ” ХХК нь 2017 оны 5 дугаар сарын 9, 10-ний өдөр Өдрийн сонин болон Зар мэдээ сонинд  дуудлага худалдааны зар гаргаж, улмаар 2017 оны 6 дугаар сарын 8-ний өдөр дуудлага худалдааг зохион байгуулсан, уг ажиллагаанд  3 оролцогч оролцсоноос  Г.Хосбаяр ялагч болж барьцааны зүйлийг 37.480.000 төгрөгөөр худалдан авчээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа “...барьцааны хөрөнгийг худалдан борлуулах тухай мэдэгдлийг баталгаат шуудангаар илгээсэн, мөн гэрээнд зааснаар  мессежээр мэдэгдсэн ...” гэсэн боловч шуудангаар илгээсэн мэдэгдлийг нэхэмжлэгч хүлээн аваагүй байна.

Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.13.-т зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол зохион байгуулагч нь зарыг үнэ хаялцуулах ажиллагаа явуулахаас гучаас доошгүй хоногийн өмнө гаргаж ажиллагаа явуулах хэлбэр, газар, хугацаа, гэрээний зүйл, анхны үнэ, оролцогчдыг бүртгэх, ялсан этгээдийг тогтоох журам болон бусад мэдээллийг тусгах ба хуулиар тогтоосон журам зөрчиж явуулсан үнэ хаялцуулах ажиллагаа хүчин төгөлдөр бус байхаар мөн зүйлийн 197.24-т зохицуулсан.

Хуулийн дээрх зохицуулалтаар гэрээний зүйл буюу зээлдэгчийн хүлээх үүргийн хэмжээ тодорхой байх шаардлагатай боловч зард энэ талаар тусгагдаагүй  байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтад тулгуурлан нэхэмжлэлийг хангахдаа үндэслэл бүхий дүгнэлт хийж, шийдвэр, магадлалд тодорхой тусгасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т нийцжээ.

Иргэний хуулийн 163 дугаар зүйлийн 163.2-т “барьцаалагч нь барьцааны зүйлийг худалдах болсон тухай болон худалдах үнийн тухай өмчлөгчид урьдчилан мэдэгдэх үүрэгтэй. Ийнхүү мэдэгдсэнээс хойш арван дөрөв хоногийн дотор барьцааны зүйлийг худалдах болохгүй” гэж заасан, уг зүйлийг 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон байхад  давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэлт хийсэн нь буруу.

Дээр дурдсанаар үнэ хаялцуулах ажиллагааг хуулиар тогтоосон журам зөрчиж явуулсан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох” гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2017/03239 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 604 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жүгдэрийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 345.350 төлсөн төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ