| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2016/00783/и |
| Дугаар | 773 |
| Огноо | 2016-11-29 |
| Маргааны төрөл | Хүнийг сураггүй алга болсонд тооцох буюу нас барсан гэж зарлах, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 773
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр баг, 5-23 тоотод оршин суух, 1964 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ64032269, Алаг адуу овогтой Цэрэндолгорын Наранмандахын,
Хүү Э.Баатарсүрэнг нас барсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Т.Дашдорж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Наранмандах шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Миний бие 5 хүүхэд төрүүлсэн боловч 2 том хүүхдээ алдсан юм. Миний хүү Э.Баатарсүрэн нь 1984 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн бөгөөд 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдөр золгүй байдлаар амь насаа алдсан юм. Тэр үед нөхөр бид хоёр хүүхдүүдээ аваад аавынхаа гэрт амрахаар Завхан сум руу явсан ба 10 дугаар сарын 01-ний өдөр Э.Баатарсүрэн маань 7 настай байхдаа Завхан голд унаж, улмаар живж нас барсан юм. Тухайн үед бид хүүгээ нас барсан талаар бүртгүүлж, бичиг баримт аваагүй. Би 2015 онд өндөр насны тэтгэвэрээ тогтоолгож, 2016 оны 3 дугаар сар хүртэл тэтгэвэр авч байсан боловч 2016 оны 3 дугаар сард Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс утсаар ярьж Таны хүүхэд нас барсан талаарх эмнэлгийн бичиг байхгүй байна. Тийм учраас тэтгэвэр авах боломжгүй боллоо гээд миний тэтгэвэрийг зогсоосон. Би 2015 онд тэтгэвэр тогтоолгохдоо хүү Э.Баатарсүрэнг нас барсан талаарх эмнэлгийн бичгийг Нийгмийн даатгалын хэлтэст аваачиж өгсөн боловч Тийм бичиг байхгүй байна гэж миний тэтгэвэрийг зогсоосон тул шүүхэд хандаж байна. Иймд миний хүү Э.Баатарсүрэнг 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нас барсан болохыг тогтоож өгнө үү. ... Миний бие Улаанбаатар хот руу бие нь муу байгаа хүний дуудлагаар явах боллоо. Иймд намайг байлцуулахгүйгээр миний асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Наранмандах нь хүү Э.Баатарсүрэнг нас барсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Увс аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 9734 тоот лавлагаагаар иргэн А.Эрдэнэчулуун, Ц.Наранмандах нарын дундаас 1984 оны 7 дугаар сарын 13-ны өдөр хүү Эрдэнэчулууны Баатарсүрэн төрсөн болох нь тогтоогдож байна.
Мөн гэрч Г.Цогтбаатарын Ц.Наранмандах нь 5 хүүхэд төрүүлсэн. 2 хүүхэд нь өнгөрсөн. Эхний хүүхэд нь хүү Э.Баатарсүрэн 1984 онд, дараагийн хүү Э.Баатарсүх 1985 онд, дараагийн охин Э.Уранчимэг 1986 онд, дараагийн охин Э.Уранзаяа 1988 онд, дараагийн охин Э.Ичинноров 1991 онд тус тус төрсөн. Бид хамаатан садангийн болон үе тэнгийн найз нөхдийн холбоотой хүмүүс учраас нэгнээ сайн мэддэг. Ц.Наранмандах нь их зовлон үзэж багаа хүн юмаа. Том хүү Э.Баатарсүрэн нь 1991 оны 10 дугаар сард Увс аймгийн Завхан сумын Завхан голын хөвөөнд ойр хавийн айлуудын хүүхдүүдтэй тоглож байгаад голд унаж амь насаа алдсан харамсалтай зүйл болсон. Э.Баатарсүх нь 1988 онд өвчний улмаас нас барсан. Одоо Ц.Наранмандахынх гэр бүлээрээ Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа гэх, гэрч Д.Жавзангийн Ц.Наранмандах, А.Эрдэнэчулуун нар манайхтай гэр бүлийн найз нөхөд хүмүүс учраас нэгнийхээ амьдралыг сайн мэднэ. А.Эрдэнэчулууных маань 5 хүүхэд төрүүлсэн. 2 хүүхэд нь харамсалтайгаар нь өнгөрсөн. Эхний хүүхэд нь хүү Э.Баатарсүрэн дараагийн хүү Э.Баатарсүх, дараагийн охин Э.Уранчимэг, дараагийн охин Э.Уранзаяа, дараагийн охин Э.Ичинноров гэх 5 хүүхэд төрүүлсэн. А.Эрдэнэчулуун, Ц.Наранмандах хоёр нь их зовлон үзэж багаа хүмүүс юмаа. Том хүү Э.Баатарсүрэн нь том болсон хойноо 7 настайдаа 1991 оны 10 дугаар сард Увс аймгийн Завхан сумын Завхан голын хөвөөнд хүүхдүүдтэй тоглож байгаад голд унаж амь насаа алдсан юм. Тэр үед А.Эрдэнэчулууных маань Улаангомд амьдардаг байсан. Э.Баатарсүх нь 1988 онд өвчний улмаас нас барсан гэх мэдүүлэг хэрэгт авагджээ.
Өөрөөр хэлбэл, хүү Э.Баатарсүрэн нь 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Завхан сумын нутагт золгүй байдлаар амь насаа алдсан, түүний нас барсныг улсын бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, тэмдэглүүлээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Борогчууд овогтой Эрдэнэчулууны Баатарсүрэнг 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нас барсан болохыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Наранмандахын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь өөрийн хүндэтгэн үзэх шалтгаанаа дурдаж, өөрийг нь байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Борогчууд овогтой Эрдэнэчулууны Баатарсүрэнг 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нас барсан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Наранмандахын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА