Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 774

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

         Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа би,

         Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, Улаан загалмайн хорооны 1 дүгээр давхарт байрлах, улсын бүртгэлийн 1573001001, регистрийн 8084165 дугаартай, Увсын өнгө сонины нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багт байрлах, Өнгөлөг трейд ХХК-д холбогдох,

          Зар сурталчилгааны төлбөр 300.000 төгрөг, жилийн хүү 50.000 төгрөг, нийт 350.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч Увсын өнгө сонины эрхлэгч Б.Батхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай сонин нь Увс аймгийнхаа үйлдвэр эрхлэгчдийг дэмжиж Увсад үйлдвэрлэв буланг 2014 оноос эхлэн нээж ажиллуулсан юм. Энэ хугацаанд Увс аймгийнхаа олон арван үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг сурталчилж, Увсын өнгө сонин болон uvsiinungu.mn, montsame.gov.mn сайтаар дамжуулан олон нийтэд хүргэсэн. 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 25 дугаартаа Өнгөлөг трейд ХХК-ийг Увсад үйлдвэрлэв буландаа урьж, нэг бүрэн нүүр материал нийтэлж, мөн вэб сайтууддаа байршуулан сурталчилсан. Гэтэл Т.Цэвээнравдан захиралтай Өнгөлөг трейд ХХК тухайн сурталчилгааны төлбөр болох 300.000 төгрөгийг одоо хүртэл буюу жилийн хугацаанд төлж барагдуулахгүйгээр биднийг хохироож байна. Энэ хугацаанд Т.Цэвээнравдангаас мөнгөө нэхэж байнга утасдаж, бас зарим үед гэрт нь таксигаар очиж уулздаг байсан ба тэр тоолонд Маргааш өгье, нөгөөдөр болохоос гэж аргалаад явуулдаг байсан. Анх сонинд материал нийтлүүлэхдээ Төлбөрийг сарын сүүлээр өгнө гэсэн боловч одоог хүртэл өгөөгүй байна. Иймд шүүхэд хандахаас өөр арга байсангүй. Иймээс сурталчилгааны төлбөр 300.000 төгрөг, мөн жилийн хугацаанд нэхэл дагал болсны зардал буюу хүү 50.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 11.150 төгрөг, нийт 361.150 төгрөгийг Т.Цэвээнравдангаас гаргуулж өгнө үү гэжээ.

      Хариуцагч Өнгөлөг трейд ХХК-ийн захирал Т.Цэвээнравдан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани төлбөрийн талаар гаргасан Увсын өнгө сонины нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг энэ онд багтаан төлж дуусгах болно. Мөнгөн дүн: 361.150 төгрөгийг 2016 он дуустал төлж барагдуулна гэжээ.

         Нэхэмжлэгч Увсын өнгө сонины эрхлэгч Б.Батхүү шүүхэд гаргасан тайлбартаа: Өнгөлөг трейд ХХК-ийн захирал Т.Цэвээнравдангийн хариу тайлбартай танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 361.150 төгрөгийг 2016 оныг дуустал төлж барагдуулна гэсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Увсын өнгө сонин нь хариуцагч Өнгөлөг трейд ХХК-иас зар сурталчилгааны төлбөр 300.000 төгрөг, жилийн хүү 50.000 төгрөг, нийт 350.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

     Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Өнгөлөг трейд ХХК-ийн захирал Т.Цэвээнравдан нь нэхэмжлэгч Увсын өнгө сонины нэхэмжлэлийн шаардлага болох 361.150 /мөн улсын тэмдэгтийн хураамж 11.150 төгрөг орсон/ төгрөгийг 2016 оны 12 дугаар сард төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчнэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

         Хариуцагч дээрх хугацаанд үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

        Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

         1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчУвсын өнгө сонины зар сурталчилгааны төлбөр 300.000 төгрөг, жилийн хүү 50.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 11.150 төгрөг, нийт 361.150 /гурван зуун жаран нэгэн мянга нэг зуун тавь/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Өнгөлөг трейд ХХК нь 2016 оны 12 дугаар сард төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Увсын өнгө сонины улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11.150 /арван нэгэн мянга нэг зуун тавь/ төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

       3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь заасан хугацаандаа шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

        4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА