Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 775

 

         Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

      Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалантын 48 дугаар гудамжны 0772 тоотод оршин суух, 1962 онд төрсөн, эрэгтэй, ОЭ62020971 регистрийн дугаартай, Далхаа овогтой Далхаагийн Батцэнгэлийн нэхэмжлэлтэй,

       Хариуцагч: Увс аймгийн Бөхмөрөн сумын Засаг даргад холбогдох,

     Ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгээгүй үүрэг 15.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Батцэнгэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Бунжаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Нэхэмжлэгч Д.Батцэнгэл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Бөхмөрөн сумын 90 жилийн ойгоор Бөхмөрөн сумын Засаг дарга асан Д.Ядамжавтай ярьж тохирон тус сумын ойн баримтат кино хийхээр болсон. Энэ саналыг Д.Ядамжав өөрөө гарган Энэ киног зөвхөн өөрөөр чинь хийлгэнэ хэмээн өгүүлсэн. Энэ нь миний өмнө нь хийсэн Их түргэний уулс баримтат киног үзсэнтэй холбоотой юм билээ. Ингээд ойн өмнө 7 дугаар сард аймгийн төв дээр сумын Иргэдийн хурлын дарга Б.Алдаржавхлантай хамт уулзахдаа Улаанбаатар хот руу хандивын ажлаар явж байна, сумын байгаль орчны чиглэлээр тусгаж өг, дээр нь аймгаас дэмжсэн албан бичиг ирүүл, тэгвэл мөнгийг нь байгаль орчны сангаас шийдэж өгье гэхээр тэрхүү саналыг нь тусгахаар болж тэр өдөр нь аймгийн Засаг дарга байгаагүй тул орлож байсан аймгийн орлогч дарга Б.Цэцээгийн гарын үсэгтэй албан бичгийг аймгийн Тамгын газрын дарга Г.Болор-Эрдэнэ, Байгаль орчин, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга З.Ганболд нараар хянуулж өөрт нь гардуулсан юм. Ингээд баримтат киноны зохиолыг нь шуудангаар сум руу хүргүүлэн, ойгоор нь очиж зураг авсан. Бүхэлдээ ойн тухай бус сум орны хөгжил, байгаль орчин, ан амьтдыг харуулсан Өөдлөн дэвжсэн хязгаар нутаг нэртэй телевизийн бүрэн хэмжээний 30 минутын баримтат кино бүтээсэн юм. Түүнийг тус сумын ой өнгөрсний дараа 2016 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр сумын удирдлагуудад урьдчилан дуулгаж байж МҮОНТ-ээр орон даяар цацсан. Энэ тухай зарлагдаж цацсан баримт МҮОНТ-ийн хөтөлбөрт хадгалагдсан байгаа билээ. Баримтат киног гаргахын өмнө мөнгөө аль болох хурдан шийдэж өгөхийг тэдэнд дуулгасан. Гэтэл Засаг дарга асан Д.Ядамжав ойн дараа ажлаа өгч, шинээр сонгогдсон дарга П.Гансүх Энэхүү баримтат киноны мөнгийг гаргаж өгч чадахгүй, мөнгө байхгүй, байгуулсан гэрээ байхгүй, ярих зүйлгүй хэмээн ухрах болсон. Ингээд өнгөрсөн зун аймгийн ойгоор аймгийн төв дээр байсан тус сумын удирдлагууд болох П.Гансүх, Засаг даргын орлогч Х.Болдбаатар, Иргэдийн хурлын дарга Б.Алдаржавхлан нартай уулзахад Энэ намар 8 сард 2 аргалын төлбөр мөнгө орж ирэх ёстой, тэр үед таны мөнгийг шийдэж өгье гэсэн. Гэтэл оны эцсээр асуухад П.Гансүх дарга Мөнгө дууссан тул өгөх боломжгүй байна гэж хариулсан. Тэгвэл хэзээ өгөх тухай асуухад 2016 онд 3 аргалын зөвшөөрөл хүсэхэд 1 аргалын зөвшөөрөл ирсэн тул таны мөнгийг өгч чадахгүй хэмээн хариу өгөх болсон тул энэхүү асуудлыг шүүхийн журмаар хянан шийдэж, баримтат киноны төлбөр болох 15.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Ардчилсан нам засаг барьсан 4 жилд хариуцлагын тухай асуудал, тэр тусмаа дарга удирдлагын асуудал арай дээрдсэн байх гэж санасан чинь хязгаар энэ нутагт дураараа дургиж дунд чөмгөөрөө бүрээ үлээсэн зарим эрх мэдэлтний Феодолын ёс ноёрхох болсон юмуу гэж санагдах болсоныг нугаад яахав. Энэ сумын удирдлагууд нэхэмжлэгчийн зүгээс явуулсан болон аймгийн захиргаанаас очсон албан бичгийг хүртэл дандаа ирээгүй гэж мэлздэг, хуулбарыг нь аваачиж үзүүлэхээр уурлаж бухимдан газар дээр нь урж тасдан хаяж байсныг хөндлөнгийн гэрч надад ярьж байсан. Гэрээ байгуулах эсэх нь энэ сумын мэдэх асуудал байх. Харин хийсэн хөдөлмөрийнхөө хөлсийг нэхэмжлэх нь нөгөө талын зайлшгүй шаардлага. Иймд энэхүү нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүсье гэжээ.

     Хариуцагч Увс аймгийн Бөхмөрөн сумын Засаг дарга П.Гансүх шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Д.Батцэнгэл нь Бөхмөрөн сумын 90-н жилийн ойг тохиолдуулан баримтат кино хийсэн зардлын төлбөр 15.000.000 төгрөг тус сумын Засаг даргын Тамгын газар /Засаг дарга П.Гансүх/ -ээс нэхэмжилсэн бөгөөд тухайн үед иргэн Д.Батцэнгэлтэй кино хийлгэх албан ёсны гэрээг сумын Засаг даргаар ажиллаж байсан Д.Ядамжавтай үйлдээгүй болно. Мөн Засаг даргын Тамгын газар /Засаг дарга П.Гансүх/ -тэй гэрээ байгуулаагүй, кино хийлгэх хүсэлт гаргаагүй тул дээрх төлбөрийг хариуцан төлөх үндэслэл байхгүй гэж үзэж байна. Жич: Увс аймгийн Улаангом дахь Нутгийн зөвлөлийн дарга С.Амараа Сама телевизээр манай сумын 90-н жилийн ой, сумын талаар баримтат киног 3.000.000 төгрөгөөр хийж холбогдох телевизээр мэдээллэж, CD бичлэг хийж өгсөн тул дахин кино хийлгэх шаардлага байгаагүй болно гэжээ.

       Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч Д.Батцэнгэл нь хариуцагч Увс аймгийн Бөхмөрөн сумын Засаг даргад холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгээгүй үүрэг 15.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

    Хариуцагч Увс аймгийн Бөхмөрөн сумын Засаг дарга Гэрээ байгуулагдаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

    Уг иргэний хэрэгт Өөдлөн дэвжсэн хязгаар нутаг Улаанбаатар хот 2015 он гэсэн нэртэй: Байрмын даваа, Мөргөцөг, Ямаат уул, Хилийн 0227 дугаар анги зэргээр явж танилцсан хэсэг /мөн энэ хугацаанд Бөхмөрөн сумын тухай өгүүлэл явна/, ан амьтад, Ачит нуур, тухайн сум орон нутгийн айл өрхүүд, Хотгор шанага нүүрсний уурхайн тухай, сумын 90 жилийн ойн арга хэмжээний тухай, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Алдаржавхлангийн /1 минут 10 секунд/ яриа, сумын орлогч дарга Х.Болдбаатарын / 3 минут/ яриа, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ч.Чимэдийн /1 минут 9 секунд/ яриа, Бөхмөрөн сумын Хар хөдөө, Цагаан өвгөний хөшөө зэрэг дурсгалт газруудыг багтаасан, мөн зохиогч, найруулагч Д.Батцэнгэл, зураглаач И.Мандалбаяр, тайлбар уншигч Ж.Бямбаа /СГЗ/, эвлүүлэгч Р.Бат-Амгалан, жолооч Б.Цэрэнтогтох, зөвлөх Ц.Лхагва гэсэн хүмүүсийн нэрс гарч 2014 он гэснээр нийт 24 минут 19 секундын бичлэг бүхий нотлох баримт авагджээ.

    Дээрх нотлох баримтаас гадна Увс аймгийн Засаг даргын 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 1/1059 тоот албан бичигт ... телевизийн баримтат кино бүтээх зардлыг сумын байгаль хамгаалах сангаас шийдвэр гарган санхүүжүүлэх бололцоотой. Уг ажлыг Монгол телевиз хамтран гүйцэтгэж байгаа болно Орлогч дарга Б.Цэцээ гэж, Увс аймгийн Засаг даргын 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 8/966 тоот албан бичигт: Тус сумын 90 жилийн ойг тохиолдуулан бүтээсэн Өөдлөн дэвжсэн хязгаар нутаг нэртэй телевизийн баримтат киноны зардлыг сумынхаа Байгаль хамгаалах сангаас шийдвэрлүүлэх талаар албан тоот хүргүүлж, тухайн үед сумын Засаг даргатай тохиролцож, бүтээлээ нэгэнт хийлгэсэн. Иймд өмнө нь тохиролцсоны дагуу зардлын асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй. Дарга Д.Цэндсүрэн гэсэн баримтууд авагджээ.

     Мөн гэрч Б.Алдаржавхлангийн Д.Ядамжав дарга Д.Батцэнгэл нар ярилцаж, кино хийх талаар ярилцсан. ... Д.Батцэнгэлийн хийж буй кинонд ярилцлага өгч байгаагаа мэдээгүй, гэхдээ тухайн үед Бөхмөрөн сумын хөгжил дэвшил, түүхийн талаар ярилцлага өгсөн гэж, гэрч Д.Ядамжавын 2014 оны 4 дүгээр сард Д.Батцэнгэл өөрөө надад эхэлж манай сумын талаар кино хийх саналыг гаргасан. ... Гэхдээ би огт үгүй гэж бас хэлээгүй. ... Би киног нь үзсэн. Кино гэхэд хэцүүхэн зүйл байсан гэж, гэрч Х.Болдбаатарын Д.Батцэнгэл надтай 2014 оны 8 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд манай сумын ой болж байх үед ирж уулзаад надаас ярилцлага авсан. Би баримтат кино хийж байгаа талаар мэдээгүй гэж, гэрч Ц.Лхагвын Д.Батцэнгэлтэй хамт 6 хоног ажиллаж Бөхмөрөн сумын 90 жилийн ойд зориулан баримтат киноны зураг авалтад оролцсон. Тэгээд надад Бөхмөрөн сумын Засаг даргын Тамгын газрынхантай 15.000.000 төгрөгөөр тохиролцож, гэрээ хийсэн. Танд 1.000.000 төгрөгийн хөлс өгнө гэж хэлээд явсан. Тухайн баримтат киног Монголын үндэсний олон нийтийн телевизээр орон даяар цацсан. Д.Батцэнгэлтэй хамт 700 кл газар явж, зураг авсан бөгөөд тухайн зардлыг Д.Батцэнгэл өөрөөсөө гаргаж байсан гэсэн мэдүүлгүүд авагдсан байна.

        Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Д.Батцэнгэл, Увс аймгийн Бөхмөрөн сумын Засаг дарга асан Д.Ядамжав нар харилцан тохиролцож, 2013-2014 оны хооронд буюу тус сумын 90 жилийн ойн арга хэмжээнд зориулан телевизийн бүрэн хэмжээний /30 минутын/ баримтат кино хийлгэх, тухайн баримтат киногоор сум, орон нутгийн хөгжил, байгаль, ан амьтан, урлаг соёл, зан заншил, газар нутгийн онцлогийг тус тус харуулсан байх тухай тохиролцсоны дагуу Өөдлөн дэвжсэн хязгаар нутаг нэртэй баримтат кино бүтээгдсэн, талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч нь тухайн гэрээний дагуу хариуцагчаас гэрээний үүргийг шаардах эрхтэй гэж үзлээ.

     Ажил гүйцэтгэх гэрээг заавал бичгээр байгуулахыг шаарддаггүй учир хариуцагчийн Албан ёсны бичгийн гэрээ, хэлцэл байгуулаагүй, мөн гэрээ байгуулагдаагүй тул киноны зардлыг олгох үндэслэлгүй гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

       Нөгөө талаар, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа боловч өөрийн татгалзлаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасан үүргээ биелүүлээгүй болно.

    Түүнчлэн захиалагч Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-т зааснаар ажил гүйцэтгэгч ажлыг гүйцэтгэж дуусахаас өмнө гэрээнээс татгалзах эрхтэй байсан боловч уг эрхээ хэрэгжүүлээгүй байна.

   Талууд бичгээр гэрээ байгуулаагүй, тухайн ажлын хөлсний хэмжээний талаар хариуцагч тохиролцоогүй хэмээн мэтгэлцэж байгаа боловч Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2-т Ажил гүйцэтгэсний хөлсийг талууд тохиролцоогүй боловч гүйцэтгэсэн ажлын шинж, ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдал зэргээс шалтгаалан захиалагч тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнэлгээний жагсаалт байвал тухайн жагсаалтыг үндэслэн, тийм жагсаалт байхгүй бол тухайн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож хөлс төлнө гэж заажээ.

      Хэрэгт Увс аймгийн Түргэн сумын 90 жилийн ойд зориулан баримтат кино хийлгэсэн төлбөр 15.000.000 төгрөгийг Д.Батцэнгэлд шилжүүлэн олгосон тухай Түргэн сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1/113 тоот тодорхойлолт, мөнгө шилжүүлсэн тухай Төлбөрийн хүсэлт баримтууд, түүнчлэн Улаанбаатар хот дахь Увс аймгийн Түргэн сумын нутгийн зөвлөлийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 18 тоот тодорхойлолтууд авагдсан байх ба тухайн төрлийн баримтат кино 15.000.000 төгрөгөөр хийгддэг болох нь тогтоогдож байна.

     Иймд талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, ажлын үр дүн бодитоор бий болсон, тухайн ажлыг хийж бүтээхэд зарцуулсан зардал, хүн хүчний бүрэлдэхүүн, цаг хугацаа зэргийг харгалзан, мөн ойролцоо сумын ийм төрлийн ажил үйлчилгээ гүйцэтгүүлэхэд зарцуулсан баримтуудыг тус тус үнэлэн Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.2-т зааснаар хариуцагч Увс аймгийн Бөхмөрөн сумын Засаг дарга /Засаг даргын Тамгын газар/-аас 15.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Батцэнгэлд олгож шийдвэрлэлээ.

     Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Батцэнгэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Бөхмөрөн сумын Засаг дарга /Засаг даргын Тамгын газар/-аас 232.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

    1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.2-т зааснаар хариуцагч Увс аймгийн Бөхмөрөн сумын Засаг дарга /Засаг даргын Тамгын газар/-аас 15.000.000 /арван таван сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Батцэнгэлд олгосугай.

    2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Батцэнгэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232.950 /хоёр зуун гучин хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Бөхмөрөн сумын Засаг дарга /Засаг даргын Тамгын газар/-аас 232.950 /хоёр зуун гучин хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Батцэнгэлд олгосугай.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увсаймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА