Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 779

 

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, 9016001007 улсын бүртгэлийн дугаартай, 2578697 регистрийн дугаартай, Хас банкны нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Увс аймаг, Улаангом сум, 5 дугаар баг, 07-19 тоотод оршин суух, 1960 онд төрсөн, эмэгтэй, ОЮ60030601 регистрийн дугаартай, Омпруун овогтой Гэлэгийн Оролгор,

          Хариуцагч: Увс аймаг, Улаангом сум, 5 дугаар баг, 07-19 тоотод оршин суух, 1956 онд төрсөн, эрэгтэй, ОЮ56102714 регистрийн дугаартай, Бурдууд овогтой Намсрайн Жамбал нарт холбогдох,

            Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 10.464.011 төгрөг, зээлийн хүү 474.458 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 430 төгрөг, нотариатын зардал 22.500 төгрөг, нийт 10.961.399 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батаа, хариуцагч Н.Жамбал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч тус банкны Увс салбарын захирал М.Пүрэвхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Гэлэгийн Оролгор нь тус банкнаас 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 1660002499 тоот зээлийн гэрээг байгуулан 12.000.000 төгрөгийн зээлийг хашаа байшин барих зориулалтаар 120 сарын хугацаатай, 1.71 хувийн хүүтэй, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгон Увс аймгийн Улаангом сумын 5-р багийн 07-19 тоотод байрлах 63 м.кв талбай бүхий байшин /гд-000200334, убд-1520003783/, 800 м.кв өмчлөх эрхтэй хашаа /гд-000154743 убд-1520000698/, 35 м.кв автограж /гд-000156135, убд-1520002002/ зэргийг барьцаалсан болно. Зээлдэгч нь эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу зээлийн хүү, үндсэн төлбөрөө төлөхдөө 2016 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс хойш төлөлт хийгээгүй байна. Зээл төлөх талаар удаа дараа шаардан уулзахад зээл төлөх орлогын эх үүсвэр байхгүй, тэтгэврийн зээлээ 24 сараар авсан, машин нь эвдэрч ажил хийхгүй байгаа, шүүхэд өг, барьцаа хөрөнгө ав гэсэн. 2016 оны 7 дугаар сарын 31-ний төлбөрөөс хойш дахин зээлийн төлбөр хийгээгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байгаа болно. Зээлдэгч нар зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөхгүй байгаа нь Банктай байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.3, 3.2.7 дахь хэсэгт заасны дагуу хүлээсэн үүргээ тус тус зөрчсөн байх тул Банкны зүгээс гэрээний 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд: Зээлдэгчээс зээлийн эргэн төлөлтийг хийхгүй байгаа нь Хас банктай байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.3, 3.2.7 дахь заалтуудад заасан үүргийг тус тус зөрчиж байгаа бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн /2016.10.10/ байдлаар Г.Оролгор, Н.Жамбал нарын төлөх ёстой үндсэн зээлийн үлдэгдэл 10.464.011 төгрөг, зээлийн хүү 474.458 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 430 төгрөг, нийт 10.938.899 төгрөг төлөх үүрэгтэй байгаа, мөн түүнчлэн зээлийн гэрээ, хавсарлтууд, нотариатаар баталгаажуулсны зардал 22.500 төгрөг зарцуулсан тул нийт 10.961.399 төгрөгийг зээлдэгчээс гаргуулж өгнө үү. Зээлдэгч Г.Оролгор болон хамтран үүрэг гүйцэтгэгч Н.Жамбал нарын барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү гэжээ.

         Хариуцагч Г.Оролгор, Н.Жамбал нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.Оролгор, Н.Жамбал бид хоёр 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Хас банкнаас 12.000.000 төгрөгийн зээл авч байшин барьсан билээ. Бид 3 жил цаг хугацаанд нь төлбөрөө хийж 8-9 сая төгрөг хийсэн байна. Энэ 2016 оны 7 дугаар сараас эхлээд төлбөрийн чадвар муудаж гадуур хувь хүн албан байгууллага ажил хийлгэж мөнгө цаас өгч чадахгүй болж миний машинд ажилд олдохгүй болсон учир зээлээ төлж чадахгүйд хүрсэн юм. Манай эхнэр тэтгэвэрээ 24 сараар авч энэ зээлд хийсэн. Би группын мөнгөө авч мөн энэ зээлд хийж ирсэн юм. Одоо бид хоёр энэ зээлийг хурдан хугацаанд төлөхийн тулд ингэж бодож байна. 2016 оны 12 дугаар сараас 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сар бүр 100.000 төгрөгөөр хийгээд зун ид ажлын үеэр ахиухан хийж 2017 онд ихэнхийг төлөх бодолтой байна. Ер нь энэ өрийг хурдан хугацаанд төлж дуусгах бодолтой байна гэжээ.

          Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Хас банк нь хариуцагч Г.Оролгор, Н.Жамбал нарт холбогдуулан, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 10.464.011 төгрөг, зээлийн хүү 474.458 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 430 төгрөг, нотариатын зардал 22.500 төгрөг, нийт 10.961.399 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

         Зээлдэгч буюу хариуцагч Г.Оролгор, Н.Жамбал нар нь 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Хас банкны Увс салбартай 1660002499 тоот Зээлийн гэрээ байгуулж, 12.000.000 төгрөгийг 120 сарын хугацаатай, сарын 1.71 хувийн хүүтэй зээлж авсан байх ба мөн өдрийн Барьцааны гэрээ-ээр зээлийн барьцаанд: 1. Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, 07-19 тоотод байрлах, 191900698 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний 800 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Г-1520000698, гэрчилгээний 000154743 дугаартай өмчлөх эрхтэй газар, 2. Мөн хаягт байрлах, 7х5 м.кв хэмжээтэй, улсын бүртгэлийн Ү-1520002002, гэрчилгээний 000156135 дугаартай автомашины граж, 3. Мөн хаягт байрлах, 9х7 м.кв талбай бүхий хэмжээтэй, 68 хувийн гүйцэтгэлтэй, улсын бүртгэлийн Ү-1520003783, гэрчилгээний 000200334 дугаартай, хувийн орон сууц зэргийг тус тус барьцаалсан байна.

           Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хэдийгээр зээлийн гэрээний хугацаа 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр дуусахаар байгуулагдсан байх боловч зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, эргэн төлөлт хийхгүй байгаа нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын тайлбараар нотлогдож байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар Хас банк гэрээнээс татгалзаж, хариуцагч нараас үүргийн гүйцэтгэлийг хангуулах, мөн гэрээнээс татгалзсанаас үүссэн хохирол нэхэмжлэх эрхтэй байна.

           Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч Г.Оролгор, Н.Жамбал нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 10.464.011 төгрөг, зээлийн хүү 474.458 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 430 төгрөг, нотариатын зардал 22.500 төгрөг, нийт 10.961.399 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банкинд олгож шийдвэрлэлээ.

         Түүнчлэн хариуцагч нар сайн дураар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч Г.Оролгор, Н.Жамбал нарын зээлийн барьцаанд тавьсан 1. Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, 07-19 тоотод байрлах, 191900698 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний 800 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Г-1520000698, гэрчилгээний 000154743 дугаартай өмчлөх эрхтэй газар, 2. Мөн хаягт байрлах, 7х5 м.кв хэмжээтэй, улсын бүртгэлийн Ү-1520002002, гэрчилгээний 000156135 дугаартай автомашины граж, 3. Мөн хаягт байрлах, 9х7 м.кв талбай бүхий хэмжээтэй, 68 хувийн гүйцэтгэлтэй, улсын бүртгэлийн Ү-1520003783, гэрчилгээний 000200334 дугаартай, хувийн орон сууц зэргээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Хас банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190.332 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Оролгор, Н.Жамбал нараас 190.332 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банкинд олгох нь зүйтэй байна.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч Г.Оролгор, Н.Жамбал нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болон нотариатын зардалд нийт 10.961.399 /арван сая есөн зуун жаран нэгэн мянга гурван зуун ерэн ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банкинд олгосугай.

     2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч Г.Оролгор, Н.Жамбал нарын зээлийн барьцаанд тавьсан 1. Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, 07-19 тоотод байрлах, 191900698 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний 800 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Г-1520000698, гэрчилгээний 000154743 дугаартай өмчлөх эрхтэй газар, 2. Мөн хаягт байрлах, 7х5 м.кв хэмжээтэй, улсын бүртгэлийн Ү-1520002002, гэрчилгээний 000156135 дугаартай автомашины граж, 3. Мөн хаягт байрлах, 9х7 м.кв талбай бүхий хэмжээтэй, 68 хувийн гүйцэтгэлтэй, улсын бүртгэлийн Ү-1520003783, гэрчилгээний 000200334 дугаартай, хувийн орон сууц зэргээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Хас банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190.332 /нэг зуун ерэн мянга гурван зуун гучин хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Оролгор, Н.Жамбал нараас 190.332 /нэг зуун ерэн мянга гурван зуун гучин хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банкинд олгосугай.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА