Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 164

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Энхтуул хөтлөн,

Улсын яллагч Н.Мөнхбат /томилолтоор/,       

Шүүгдэгч Г.С, түүний өмгөөлөгч О.О /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 27-24/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.С холбогдох эрүүгийн 1905048360041 дугаартай хэргийг 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 2000 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Хөвсгөл аймгийн Галт суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол Солонгосын хамтарсан политехникийн коллежид 1 дүгээр курсын оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Хөвсгөл аймгийн Галт сумын 5 дугаар багт оршин суух, урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 817 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, Г.С

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Г.С нь 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “KFC” нэртэй хоолны газрын орчим иргэн М.С-тэй маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь “зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун хацарт зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар

 

Шүүгдэгч Г.С нь 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “KFC” нэртэй хоолны газрын орчим иргэн М.С-тэй маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь “зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун хацарт зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан  үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

Хохирогч М.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Шөнө би оюутны дотуур байрны найз болох Өсөхбаяр, Сүхбат нарын хамт Өсөхбаярын төрсөн өдрийг тэмдэглэхээр хорооллын эцэст байрлах караокед ороод бид гурав нэг шил Улаанбаатар архи, хүний нэг нэг пиво захиалж авч уугаад сууж байтал төрсөн өдрийн эзэн Өсөхбаяр арван жилийнхээ гурван найзыг дуудчихсан гэсэн. ...Тэгээд манай байрны Өсөхбаяр, Сүхбат, Содбаяр бид дөрөв нэг таксинд суугаад Өргөө кино театрын тэр хавьд явж байтал Өсөхбаяр, Сүхбат хоёр С-тай маргалдаад байсан чинь таксины жолооч машинаас буу гээд бид дөрвийг KFC нэртэй хоолны газрын зүүн талд зам дагуу буулгасан. Таксинаас буутал С, Сүхбатыг зодоод байсан. Тэгээд би хөөе болиоч гээд тэр хоёрын дундуур нь орж салгах гэтэл С намайг хөлөөрөө дэгээ тавьж газар унагаагаад шууд миний нүүрэн тус газар хоёр, гурван удаа өшиглөсөн. Тэгээд Сүхбат С-ыг надаас холдуулаад миний нүүр өвдөөд байсан болохоор би нүүрээ дарж хэвтэж байгаад босоод иртэл намайг зодсон С зугтаагаад яваад өгсөн байсан. С намайг зодож гэмтлийг учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-17 тал/,

Гэрч М.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би газар унатал С нүүр рүү өшиглөхөд Санжаасүрэн С-ыг надаас салгаад “чи болиоч, яаж байгаа юм бэ” гэхэд С Санжаасүрэнг нүүр рүү нь хоёр, гурван удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд би газар хэвтэж байгаад босч очоод С-ын араас тэврээд Санжаасүрэнгээс залгахад Санжаасүрэн нүүрээ дарчихаад газар суугаад байсан. С тэгээд тэр чигээрээ яваад өгсөн. Харин Санжаасүрэн бид хоёр таксинд суугаад оюутны дотуур байрандаа очсон. Хамар нь муруйгаад нилээн хавдартай бас зүүн нүд нь хавдаад хөхөрсөн, баруун талынх нь чих хугарчихсан байсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 18-19 тал/,

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 13810 дугаартай “...М.Санжаасүрэнгийн биед зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний дээд зовхи, баруун хацарт зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тус гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт. /хх-ийн 22 тал/,

 

Яллагдагч Г.С-ын: “...Би Өсөхбаяр дээр очиж уурлаад найзыгаа ингэж боддог юм байна гэж хэлчихээд уурандаа Санжаасүрэн дээр очоод хамар руу нь гараараа хоёр, гурван удаа цохисон. Санжаасүрэн газар унаад өгсөн. Сүхбат хажуунаас ирээд бид хоёрыг салгасан. Би тэгээд тэр чигээрээ гэр рүүгээ харьсан. Би хохирогчтой сайн дураараа эвлэрч учруулсан хохирлоо барагдуулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирол 400.000 төгрөгийг төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                        

                                                           

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хэргийн үйл баримтаар Г.С 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “KFC” нэртэй хоолны газрын орчим иргэн М.Санжаасүрэнтэй маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь “зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун хацарт зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулжээ.

Хохирогчийн биед учирсан дээрх гэмтэл нь шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх ба гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болох нь хохирогчийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн эмчийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 13810 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгчийн дээрх буюу бусдын биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь шууд санаатай, өөрөөр хэлбэл хохирогчийг цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Иймд шүүгдэгч Г.Сын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан, хэрэгт нотолбол зохих байдал бүрэн тогтоогдсон гэж дүгнэж, шүүгдэгч Г.С-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.С болон түүний өмгөөлөгч нь  “хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах мэтгэлцэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэж мэдүүлж оролцсон болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаар:

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.С-д 405810 төгрөгийн хохирол учирсан байна. /хх-ийн 26-29 тал/ Хохирогч М.С “...миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” /хх-ийн 64 тал/ гэсэн хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд гаргасан байна.

 

Иймд энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Г.С-аас гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Г.С нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор гэрч С.Г-ийн мэдүүлэг /хх-ийн 50-51 тал/, Г.С-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 39 тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 40 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 42 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 тал/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 44 тал/, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 1817 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 53-56 тал/ шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол /хх-ийн 59 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судласан.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэн...” гэсэн хүндрүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “хохирол, хор уршгийг нөхөн төлсөн” гэсэн хөнгөрүүлж үзэх байдал тус тус тогтоогдсон байна.

 

Иймд шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, гэмт хэргийн шинж, учруулсан хохирлын  хэр хэмжээ болон шүүгдэгчийн хувийн байдалд дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Содбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх оногдуулах нь зохистой гэж дүгнэж, түүнийг 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч Г.Содбаярт шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.      

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэх ирүүлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.Содбаярт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Г.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.С-т мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Г.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.С-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА