| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2020/0104/Э |
| Дугаар | 100 |
| Огноо | 2020-05-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Өсөхболд |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 100
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, улсын яллагч Т.Өсөхболд, шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ийн *******од холбогдох эрүүгийн 2036000000117 дугаартай 178/2020/0104/Э/ индекстэй хэргийг 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн Мянгад суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, операторчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, аав, эхнэр, хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 17-13 тоотод оршин суух, урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 2019/ШЦТ/131 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний 550000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Д.******* нь 2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын Нарийн гол багийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Г.*******тай үл ялих зүйлээр шалтаглан маргах явцдаа түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.
Хохирогч ******* овогт *******ийн *******гийн /1990 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, ******* регистрийн дугаартай, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, зочид буудлын менежер мэргэжилтэй, ажилгүй/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2020 оны 04 дүгээр сарын 12-ны орой бид нар зургуулаа Ховд аймгийн Буянт сумын Нарийн гол багийн нутаг дэвсгэр Хар ус нуурын хөвөөнд байх амралтын газар ирж архи ууцгааж юм яриад сууж байсан.Д.******* нэг эмэгтэйтэй гарч явж байгаад эргэж орж ирээд бид хоёр хоорондоо маргалдсан. Би Д.******* руу жижиг төмөр сав шидэхэд Д.******* босож ирээд миний нүүр лүү цохиж, үснээс татаж унагасан.Би гэрээс гараад зугтаж гүйж байгаад хашааны торонд гараа зүссэн ... гэх мэдүүлэг / хэргийн 9-10-р хуудас/
Гэрч Д.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Д.******* Нямка гэх эмэгтэйтэй гарч явж байгаад ороод ирэхэд Г.******* уурлаад төмөр лаазтай загасны мах аваад Д.******* руу шидсэн.Тэгтэл Д.*******ын хүзүү хэсгээс цус гарсан. Д.******* “ яаж байнаа” гээд босож ирээд тэр хоёр зодолдсон. Г.******* Д.*******ын цээжийг маажихад Д.******* “би одоо яаж эхнэр дээрээ очих юм бэ” гээд Г.*******гийн нүүр лүү цохихоор нь Жаргалсайхан бид хоёр салгасан... гэх мэдүүлэг / хэргийн 15-16-р хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 341 дугаартай ...Г.*******гийн биед тархи доргилт,2 нүдний дээд доод зовхи, 2 шанаа хацар,эрүүний зүүн хэсгийг хамарсан цус хуралтууд, зүүн хацар шанаанд хаван хавдар,баруун хөмсөг, доод уруулд тус бүр өнгөц зулгаралтууд, дагзны хуйханд өнгөц язрал, зөөлөн эдийн няцрал, хүзүүний баруун хэсэг, зүүн мөр, бугалга, шуу, баруун бугалга, давсаг зүүн ташаа, 2 өгзөг, 2 гуяны ард болон урд хэсгүүдээр тус бүр олон тооны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Г.*******гийн биед үүссэн гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн 22-23-р хуудас/
Шүүгдэгч Д.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн өгсөн“...2020 оны 04 дүгээр сарын 12-ны орой Ховд аймгийн Буянт сумын Нарийн гол багийн нутаг дэвсгэрт байрлах амралтын газарт хүмүүстэй архи уугаад сууж байгаад Г.******* над руу юм авч шидээд байхаар нь би “боль” гэхэд үгэнд орохгүй болохоор нь би цохисон.Би Г.*******тай эвлэрсэн...” гэх мэдүүлэг / хэргийн 32-33-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:
Шүүгдэгч Д.******* нь 2020 оны 04 сарын 12-ны өдөр найзуудтайгаа архи ууж байхдаа Г.*******тай маргалдаж, түүний нүүр хэсэгт цохисноос Г.*******гийн биед “... тархи доргилт,2 нүдний дээд доод зовхи, 2 шанаа хацар,эрүүний зүүн хэсгийг хамарсан цус хуралтууд, зүүн хацар шанаанд хаван хавдар,баруун хөмсөг, доод уруулд тус бүр өнгөц зулгаралтууд, дагзны хуйханд өнгөц язрал, зөөлөн эдийн няцрал, хүзүүний баруун хэсэг, зүүн мөр, бугалга, шуу, баруун бугалга, давсаг зүүн ташаа, 2 өгзөг, 2 гуяны ард болон урд хэсгүүдээр тус бүр олон тооны цус хуралт, зөөлөн эдийн няцрал...” гэх хөнгөн гэмтэл санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.*******ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдэхэд хохирогчийн зүй бус харьцаа нөлөөлсөн болох нь хэргийн 27 дугаар хуудсан дахь Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 347 дугаартай ...Д.*******ын биед хүзүү, цээж, зүүн гарын 1-р хуруунд тус бүр зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Д.*******ын биед учирсан гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй... гэх дүгнэлт, гэрч Д.*******ийн... Д.*******ын хүзүү хэсгээс цус гарсан. Д.******* “ яаж байнаа” гээд босож ирээд тэр хоёр зодолдсон. Г.******* Д.*******ын цээжийг маажихад Д.******* “би одоо яаж эхнэр дээрээ очих юм бэ” гээд Г.*******гийн нүүр лүү цохисон... гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.*******ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийвэрлүүлэх хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Иймд шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Г.*******гийн “...Д.******* хохирлын 300000 төгрөг төлсөн, одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...” гэх мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Д.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Хоёр.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Д.******* нь урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 2019/ШЦТ/131 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний 550000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хэргийн 37-р/, хэргийн 54-63-р хуудсан дахь шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.*******ын хувийн байдлын талаар гэрч Ц.Төмөрбаатарын өгсөн...Д.******* нь дээрээ 4 эгчтэй айлын бага хүүхэд.Архи согтууруулах ундааны зүйл хааяа хэрэглэдэг, уусан үедээ зан ааш нь өөрчлөгдөж байхыг хараагүй. Багаасаа аавтайгаа ногоо тарьж амьдарч ирсэн.2015-2017 онд цэргийн албыг дүйцүүлэхээр хаасан, дунд сургуульд сурч байхдаа сагсан бөмбөгийн спортоор хичээллэж амжилт гаргаж байсан... гэх мэдүүлэг /хэргийн 17-18-р хуудас/ гэх мэдүүлэг,
Гэрч Г.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Д.******* нь аав, эхнэр, хүүгийн хамт амьдардаг.Д.******* даруу төлөв зантай, хүнд тусархуу, тогтуун тайван нийтэч зантай хүн... гэх мэдүүлэг / хэргийн 19-20-р хуудас/ зэрэг баримт хэрэгт авагдсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар шүүгдэгч Д.*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзлээ.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч Д.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.*******ыг таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүйг тус тус дурдаж, дүгнэлт,тайлбар гаргаж байна гэв.
Шүүх хуралдаанд шүүгдэгч өөрийгөө өмгөөлж: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, хохирогчид 300000 төгрөгний хохирол төлж барагдуулсан, хохирогчтой сайн дураар эвлэрсэн. Улсын яллагчийн ялын саналыг хүлээн зөвшөөрч байна. 550000 төгрөгний торгуулийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү гэх тайлбар гаргав.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Д.*******ыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн ялын саналыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар 550000 төгрөгний торгох ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.*******од тайлбарлаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 34.2, 36.6-36.8, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт Даваадожрийн *******ыг таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.*******од оногдуулсан 550000 / таван зуун тавин мянга/ төгрөгний торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Д.*******од тайлбарласугай.
5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.*******од оногдуулсан 550000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
6.Эрүүгийн 2036000000117 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Д.*******од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор,оролцогч ахан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС