| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2016/00663/и |
| Дугаар | 780 |
| Огноо | 2016-11-30 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 780
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймаг, Бөхмөрөн сум, 3 дугаар баг, 3-19 тоотод оршин суух, 1963 онд төрсөн, эрэгтэй, ОЮ63051412 регистрийн дугаартай, Шаазган овогтой Даваагийн Насанбатын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Бөхмөрөн сумын Эрүүл мэндийн төвд холбогдох,
Ажлаас халагдсаны тэтгэмж 2.799.180 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Насанбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Насанбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Увс аймгийн Бөхмөрөн сумын Эрүүл мэндийн төвд 2014 оноос 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл няравын ажил эрхэлж ирсэн. 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс бүтэц орон тоонд өөрчлөлт орсоноор ажлаас халагдсан. Иймд ажлаас гэнэт халагдсаны тэтгэмж нэхэмжилсэн боловч мөнгө санхүү хүрэлцэхгүй байна гээд олгож өгсөнгүй өдгөө хүрсэн. Хойшлуулсаар байгаад 6 сар болсон учир 1 сарын 466.530 төгрөгийн цалин, 6 сараар тооцон 2.799.180 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамж 59.737 төгрөг гаргуулж өгнө үү. Би ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш манай сумын Эрүүл мэндийн төвийн дарга болон аймгийн Эрүүл мэндийн газарт тус тус хандаж уг асуудлыг шийдвэрлүүлэхийг хүссэн боловч ямар нэгэн тодорхой, шийдвэртэй хариу надад хэлээгүй. Өдий хүртэл намайг чирэгдүүлэн хуулийн дагуу олгогдох ёстой тэтгэмжийг олгохгүй байна гэжээ.
Хариуцагч Увс аймгийн Бөхмөрөн сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч М.Оюунчимэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Насанбат нь Бөхмөрөн сумын Эрүүл мэндийн төвд няраваар 2014 оноос 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан. Эрүүл мэндийн газрын 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн А/06 дугаар тушаал. Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 заалтыг тус тус үндэслэн орон тооны цомхотголд оруулан 2016 оны 2 дугаар сарын 29-ний Б/04 тоот эрхлэгчийн тушаалаар ажлаас чөлөөлсөн. 2016 оны төсөвт нэг удаагийн тэтгэмжийн зардал суугдаагийн учраас Д.Насанбатын нэхэмжилсэн 2.799.180 төгрөгийн олгох боломжгүй байна гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Насанбат нь хариуцагч Увс аймгийн Бөхмөрөн сумын Эрүүл мэндийн төвд холбогдууланажлаас халагдсаны тэтгэмж 2.799.180 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэгт авагдсан Увс аймгийн Бөхмөрөн сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн Б/04 тоот тушаалд: Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалт, Эрүүл мэндийн газрын даргын 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн А/06 тоот тушаалыг үндэслэн, 1. Тус сумын Эрүүл мэндийн төвийн 2016 оны бүтэц орон тоонд няравын орон тоо хасагдаж ирсэн тул нярав Даваа овогтой Насанбатыг 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй. 2. Д.Насанбаттай холбоотой цалин, амралт болон эд хөрөнгийн тооцоог хийж дуусгахыг Нягтлан бодогч /Б.Энхбат/-д даалгасугай. Эрхлэгч Р.Бадамсүрэн гэжээ.
Мөн Увс аймгийн Бөхмөрөн сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 21 тоот тодорхойлолтод: Тус сумын Эрүүл мэндийн төв нь няравын 0,5 орон тоон дээр Д.Насанбатыг авч ажиллуулж байсан бөгөөд 2016 оны бүтэц орон тоог Эрүүл мэндийн газрын даргын 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн А/06 дугаар тушаалаар 3 дугаар хавсралтын дагуу няравын 0,5 орон тоо хасагдаж ирснийг үндэслэн ажлаас чөлөөлсөн болно. Тухайн эрүүл мэндийн төвийн цалингийн сан хүрэлцээгүй байгаа тул 6 сарын гэнэт халагдсаны мөнгөн тэтгэмж олгох боломжгүй байна гэсэн байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Д.Насанбатыг Увс аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2016 оны А/06 тоот тушаалыг үндэслэн Бөхмөрөн сумын Эрүүл мэндийн төвийн няравын үүрэгт ажлаас орон тооны цомхтголоор чөлөөлсөн байх ба түүнд Хөдөлмөрийн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасан нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгоогүй гэж нэхэмжлэл гаргажээ.
Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т: Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан ба нэхэмжлэгч Д.Насанбат өөрийг нь ажлаас чөлөөлсөн тушаал гарсан өдрөөс хойш 3 сарын дотор ажил олгогчоос тухайн тэтгэмжийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлээ гарган шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байсан боловч тухайн хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байна.
Мөн Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан тул нэхэмжлэгчийн Энэ асуудлаар ажлаас чөлөөлөгдсөн үеэс эхлэн хөөцөлдөж, надад олгох байх гэж хүлээсэн гэсэн тайлбар дээрх хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэлд хамаарахгүй болно.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 129 дүгээр зүйлийн 129.1-т заасныг баримтлан хариуцагч Увс аймгийн Бөхмөрөн сумын Эрүүл мэндийн төвөөс ажлаас гэнэт халагдсаны тэтгэмж 2.799.180 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Насанбатын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Насанбатын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 59.737 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 129 дүгээр зүйлийн 129.1-т заасныг баримтлан хариуцагч Увс аймгийн Бөхмөрөн сумын Эрүүл мэндийн төвөөс ажлаас гэнэт халагдсаны тэтгэмж 2.799.180 /хоёр сая долоон зуун ерэн есөн мянга нэг зуун ная/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Насанбатын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Насанбатын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 59.737 /тавин есөн мянга долоон зуун гучин долоо/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА