Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 179

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр хөтлөн,

Улсын яллагч А.Баясгалан,

Хохирогч С.Содномцог,

Шүүгдэгч Т.Ү, түүний өмгөөлөгч А.Энхбуйр /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0970/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Т.Ү холбогдох эрүүгийн 1705012911352 тоот хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  Монгол Улсын иргэн, 1986 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд хотод төрсөн, 34 настай, эрэгтэй. боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан овоогийн 31 дүгээр гудамжны 5 тоотод оршин суух хаягтай  урьд

2007 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 194 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн

145.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ял,

        2009 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 200 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн

145.2 дахь хэсэгт зааснаар 3 cap 5 хоногийн хугацаагаар баривчлах ял,

        2010 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн 233 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,

        2014 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 330 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 149 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 605 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Т.Ү

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Т.Ү нь 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 08 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Эх нялхсын эрүүл мэндийн үндэсний төвийн гадна иргэн С.С-ийн автомашинаар хүргүүлж буухдаа “би мал зарах гэж байгаа, эх нялхаст манай эхнэр хэвтэж байгаа, хагалгаанд орох гэж байгаа тул яаралтай мөнгөний хэрэг болоод байна, эмч нар одоо мөнгийг нь өг гээд байна, дараа та очоод мал үзээд авчих” гэж хуурч 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Т.Ү-г залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч Т.Ү нь 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 08 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Эх нялхсын эрүүл мэндийн үндэсний төвийн гадна иргэн С.С-ийн автомашинаар хүргүүлж буухдаа “би мал зарах гэж байгаа, эх нялхаст манай эхнэр хэвтэж байгаа, хагалгаанд орох гэж байгаа тул яаралтай мөнгөний хэрэг болоод байна, эмч нар одоо мөнгийг нь өг гээд байна, дараа та очоод мал үзээд авчих” гэж хуурч, түүнээс 2.000.000 төгрөг шилжүүлэн авсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. Үүнд:

 

Хохирогч С.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2017 оны 11 дүгээр сарын 05-ны өглөө тэр залуу миний машинд суучихаад “ахаа би хөдөөнөөс 4 үхэр, 30 хонь авч ирж байгаа. Би өөрөө түрүүлээд автобусаар ирлээ. Би танд идэшний мах өгнө, та миний ах болж ярьж байгаад ченжээс мөнгө аваад өг, манай эхнэр эх нялхас дээр хагалгаанд орох гэж байгаа” гэхээр нь би хөдөөний хүүхэд худлаа хэлэхгүй байх гэж итгээд Дэнжийн мянгын зах ороод мах худалдаж авдаг гэх 2-3 ченжтэй уулзаж байгаад манай дүү одоо 4 үхэр, 30 хонь авч ирж байгаа. Надад урьдчилгаа мөнгө болгоод 2.000.000 төгрөг өгчих гэж хэлж явсаар байгаад нэг махлаг эмэгтэйгээс 2.000.000 төгрөг авахаар болоод өөрийнхөө бичиг баримт, машины бичиг баримтаа үлдээгээд 2.000.000 төгрөг бэлнээр авсан. Улмаар тэр залууг эх нялхас дээр хүргэж өгөөд нөгөө 2.000.000 төгрөгөө бэлнээр өгсөн. Харин тэр залуу эх нялхас руу ороод алга болчихсон. Тэгээд би залилуулснаа мэдээд цагдаагийн байгууллагад хандсан. Тэгээд би тэр өдрөө мөнгө авсан ченж эмэгтэй дээр очоод болсон зүйлээ хэлтэл тэр эмэгтэй надад итгээгүй. Та өөрөө надаас мөнгө авчихаад яагаад худлаа хэлээд байгаа юм бэ? Та миний мөнгийг өгөхгүй бол би машиныг чинь барьцаанд авна гэхээр нь би маргааш өдөр нь буюу 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр тэтгэврийн зээл хөөцөлдөж байгаад Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны Хаан банкны салбарт тухайн үед эдийн засагч ажилтай байсан Эрболд гэх залууд материалаа бүрдүүлж өгөөд 1.600.000 төгрөгийн зээл аваад өөрт байсан бэлэн 400,000 төгрөгөө нэмээд нөгөө ченж хүүхэнд өгөөд иргэний үнэмлэх, машины бичиг баримтаа эргүүлж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-16 тал/,

Хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Хэрэг гардаг өдөр Ү намайг хуурч, надаас 2.000.000 төгрөг авсан. Би тухайн үед зовлон үзсэн байсан тул эхнэр эмнэлэгт хагалгаанд орох гэж байгаа гэхээр итгээд тусалсан. Гэтэл энэ хүн намайг хуурч, худал хэлсэн байсан. Би ченж эмэгтэйгээс авч өгсөн 2.000.000 төгрөгийг өөрөө буцаан өгсөн. Хохирлоо нэхэмжилж байна. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү..” гэх мэдүүлэг,

 

Гэрч Д.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би одоогоос 2 жилийн өмнө буюу 2017 оны 11 дүгээр сард Сонгинохайрхан дүүргийн Баянхошуунд байрлах Хаан банкны тооцооны төвд ахлах эдийн засагч ажил хийдэг байсан. Тэр үед миний таньдаг ах С-г нь таксинд явж байгаад нэг үл таних залуугаас мах авах зорилгоор ченжээс 2.000.000 төгрөг авч өгөөд нөгөө залуудаа залилуулчихлаа. Харин миний бичиг баримтыг авсан ченж нь надад итгэхгүй байна. Би танай Хаан банкнаас тэтгэврийн зээл авч нөгөө ченжид өгөөд бичиг баримтаа авах гэсэн юм гээд манай Хаан банкнаас 1.680.000 төгрөгийн зээл аваад явсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 тал/,

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан “...Эдгээр хүмүүсийн зурагнаас намайг залилсан хүн нь 3 гэсэн дугаартай хүн байна гэж Т.Ү-ийн зургийг зааж энэ хүн надаас 2.000.000 төгрөг зээлж авсан хүн байна. Би хэрэг гардаг өдөр маш сайн харсан...” гэх тэмдэглэл /хх-ийн 48 тал/,

 

Хохирогч С.Со-ийн Хаан банк дахь 5005699857 дугаар дансны хуулга /хх-ийн 49 тал/,

 

Шүүгдэгч Т.Ү-гийн яллагдагчаар мэдүүлсэн “...надад ямар нэгэн мах, мал оруулж ирсэн асуудал байхгүй. Тухайн үед надад таксины мөнгө байхгүй байсан учраас мал, мах ирж байгаа гэж хэлсэн юм. ...Би тэр мөнгөөр бар, караоке, буудал ороод архи дарс авсаар байгаад л дууссан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 тал/ зэрэг нотлох баримтууд хамаарна.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54 тал/, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 149 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 59 тал/, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 200 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 60-61 тал/, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 13-ны шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 62-63 тал/, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 330 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 64-70 тал/, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 149 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 75 тал/, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны 605 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 76-82 тал/, ялын тооцооны тодорхойлолт /хх-ийн 24 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

                                                                       

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, прокуророос ирүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Ү нь 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 08 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Эх нялхсын эрүүл мэндийн үндэсний төвийн гадна иргэн С.С-ийг хуурч, 2.000.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авсан байна.

 

Ингэхдээ хохирогч С.С-т “...би хөдөөнөөс 4 үхэр, 30 хонь авч ирж байгаа. Би танд идэшний мах өгнө, та миний ах болж ярьж байгаад ченжээс мөнгө аваад өг, манай эхнэр эх нялхас дээр хагалгаанд орох гээд яаралтай мөнгөний хэрэг гараад байна...” гэж итгүүлэн, хохирогчоор махны ченж гэх хүнээс 2.000.000 төгрөг авахуулан өөртөө авсан, улмаар эмнэлэг рүү орох нэрийдлээр зугаатаасан байх тул шүүгдэгч Т.Ү-г бусдыг хуурч, өмчлөгч, эзэмшигчийн эд хөрөнгийг буюу мөнгийг өөртөө шилжүүлсэн авсан гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1-д заасан “Залилах” гэмт хэргийн үндсэн шинжийг буюу өмчлөгч, эзэмшигч хууртагдсан, төөрөгдөлд орсон, итгэсний улмаас залилагч этгээдэд өөрийн эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг сайн дураараа шилжүүлэн өгсөн байдаг шинжийг бүрэн хангасан болно.

 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл амар хялбар аргаар мөнгө олох гэсэн зорилготой, шууд санаатай, шунахай сэдэлтэй байх ба өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна.

 

Иймд шүүгдэгч Т.Ү-г “...хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлсэн авсан буюу залилах...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.С-т 2.000.000 төгрөгийн хохирол учирсан нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Хаан банкны дансны хуулга, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдож байх ба хохирол нөхөн төлөгдөөгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус зааснаар шүүгдэгч Т.Ү-оос 2.000.000 төгрөг гаргуулж, хохирогч С.С-т олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Т.Ү нь залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

 

        Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Хэрэгт авагдсан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 605 дугаартай шийтгэх тогтоол /76-82 тал/-оор шүүгдэгч Т.Ү нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн байх ба уг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж, тэрээр 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар 2 жил 1 сар 17 хоногийн хорих ялыг биечлэн эдэлж байна.

 

          Иймд шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол хор уршгийн хэр хэмжээ зэргийг тус тус харгалзаж, шүүгдэгч Т.Ү-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас хорих ял оногдуулах нь түүний хохирогч С.Содномцогийг залилсан үйлдэлд тохирно гэж дүгнэж, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

 

Хэрэгт авагдсан ялын тооцооны тодорхойлолт /хх-ийн 24 тал/-оор шүүгдэгч Т.Ү нь 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 605 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар биеэр 2 жил, 09 хоног, шагналд 1 сар 8 хоног, бүгд 2 жил 1 сар 17 хоногийн хорих ялыг биеэчлэн эдэлсэн, 10 сар 13 хоногийн үлдэгдэл ялтай байна.

 

Мөн энэ хэрэгт тэрээр 2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан үндэслэлээр цагдан хоригдсон байх ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа 425 дугаар нээлттэй хорих ангиас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа 461 дүгээр хорих ангид шилжүүлэн ирүүлэх хугацааг түүний яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан хугацаанд оруулан тооцохоор заасан /хх-ийн 20-21 тал/ тул шүүх шүүгдэгч Т.Ү-г 42 хоног цагдан хоригдсон гэж дүгнэж, 10 сар 20 хоногийн хорих ялын тооцооны үлдэгдэлтэй байна гэж үзэв.

 

            Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт “шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж зааснаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 605 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялын эдлээгүй үлдсэн 10 сар 20 хоног /хх-ийн 24 тал/ хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Т.Ү-ийн биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 4 сар 20 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан түүний цагдан хоригдсон 42 хоногийг эдлэх ялд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн биечлэн эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтлоо.

 

            Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Т.Ү-г шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т.Ү-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах буюу хуурч, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ү-д 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 605 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялын эдлээгүй үлдсэн 10 сар 20 хоногийн хорих ял дээр, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 /зургаан/ сар хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Т.Ү-ийн биечлэн эдлэх ялыг 1 жил 4 сар 20 хоногийн хугацаагаар тогтоосугай.

        4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Т.Ү-д оногдуулсан 1 жил 4 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

         5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Ү нь 2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 42 /дөчин хоёр/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

        6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Т.Ү-оос 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг гаргуулж хохирогч С.С-т олгосугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1, 1.3 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ү-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.БОЛОРТУЯА