Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 181

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Сосорбарам хөтлөн,

Улсын яллагч А.Марал,

Шүүгдэгч Г.Н, түүний өмгөөлөгч Б.Дашдорж /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0747/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Г.Н холбогдох эрүүгийн 1905046940049 дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1986 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хороолол 22 дугаар байр 57 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Г.Н

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Яллагдагч Г.Н нь “...тендерийн ажил хийх гэж байгаа тул яаралтай 9.000.000 төгрөг хэрэгтэй байна, маргааш буцааж өгнө...” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсны дагуу иргэн С.А нь Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “1000 нэрийн бараа”-ны дэлгүүрийн орчим 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр өөрийнхөө Хаан банкны данснаас интернет гүйлгээгээр 8.850.000 төгрөгийг шилжүүлсэн ба Г.Н буцааж төлөх санаа зорилгогүйгээр 8.850.000 /найман сая найман зуун тавин мянган/ төгрөгийг залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Н-г залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч Г.Н нь хохирогч С.А-с “тендерийн ажил хийх гэж байгаа тул яаралтай 9.000.000 төгрөг хэрэгтэй байна, маргааш буцааж өгнө...” гэж хуурч 8.850.000 төгрөгийг өөртөө шилжүүлсэн авсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

         Хохирогч С.А-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Би 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр ажил дээрээ байж байсан чинь миний танил ах Лхагвасүрэн гэдэг залуу утсаар залгаад “Миний танил хүн Иргэний нисэхийн ерөнхий газар ажилладаг Н гэдэг залуу над руу ярилаа, мөнгөний хэрэг хэрэг гарсан гэнэ. Би хамтарч ажиллах гэж байгаа юм. Хоёулаа хамт очиж уулзъя” гэсэн. Тэгэхээр нь би сонирхоод Лхагвасүрэнтэй уулзаад хамтдаа тэр өдрөө шууд нисэх дээр очоод Н гэх залуутай ажлынх нь гадаа миний машин дотор уулзсан. Уулзахад Н гэх залуу бид хоёрт хандан “Мөнгөний хэрэг байна, би захиралтайгаа нэг ажил хийх гэж байгаа, өмнө нь 2 удаа тендер зарлаад хүчингүй болсон, энэ удаа манай захирал тэр ажлыг надад өгнө гэсэн, хуулиараа одоо шууд гэрээ байгуулахаар болсон, одоо яаралтай 9.000.000 төгрөг 15 цагаас өмнө хэрэгтэй байна, маргааш буцаагаад өгнө” гэсэн. Ингэхээр нь би өөрийн танил Лхагвасүрэнгээс Н-ын талаар асуухад “гайгүй залуу шүү дээ, өмнө нь хамт ажилладаг байсан юм” гэхээр нь би тэр өдрөө өөрийн төрсөн эгчээс 9.000.000 төгрөг зээлээд тухайн өдрөө Н-ын надад өгсөн Д.Э гэх хүний 5429241900 гэсэн данс руу 8.850.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд маргааш өглөө нь мөнгөө авъя гэж Н-д хэлсэн чинь ажил бүтэхгүй байна, хойшилсон гэх зэргээр янз бүрийн шалтаг хэлээд байсан. Сүүлдээ утсаа авахгүй алга болсон. Тухайн үед Н ажлаасаа гарч байсан юм байна лээ. ...Би Хаан банкны интернет банк ашиглан гар утсаараа машинтай явж байгаад хорооллын “1000 барааны дэлгүүр”-ийн хавьцаа явж байгаад шилжүүлэг хийсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 тал/,

 

Гэрч Ц.Л-ийн мөрдөн шалгах ажиллгаанд өгсөн “...Н 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр над руу утсаар залгаад “танд тавилганы бизнес хийдэг хүн байна уу, надтай уулзуулж өгөөч, би нисэхэд ажиллаж байгаа, хамтарч ажиллах хэрэг байна” гэсэн. Тэгэхээр нь би А-ыг өмнө нь тавилгын бизнес хийдэг байсан болохоор нь хамт дагуулж очоод танилцуулсан юм. Уулзахдаа Нисэхэд Иргэний нисэхийн ерөнхий газрын үүдэнд машин дотор уулзсан. Уулзахад Н түүнд хандан дарга Бямбасүрэнтэйгээ хамтарч тавилга нийлүүлэх гэж байгаа. Надад яаралтай мөнгө хэрэгтэй байна” гэсэн яриа болсон. Үүнээс цааш би мэдэхгүй байна. Би одоогоор он cap өдрийг санахгүй байна А над руу залгаад “Н маргааш мөнгө өгнө гээд надаас мөнгө аваад алга болчихлоо чи утсаар яриад хэлээд өгөөч “ гэж ярьж байсан. Би яг хэдэн төгрөг өгч авалцсан талаар мэдэхгүй байна. ...2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр бид 3 машин дотор уулзаж байхад Амарбаяр бид хоёрт хандан Нямлхагва нь “Би ИНЕГ-ын тендерийн хорооны гишүүн” болсон гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-тал/,

 

Гэрч Ч.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие одоогоор Иргэний нисэхийн ерөнхий газрын санхүүгийн хөрөнгө оруулалтын газар менежер албан тушаалд 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн ажиллаж байгаа. Нямлхагва нь Иргэний Нисэхийн ерөнхий газрын худалдан авах ажиллагааны тасагт мэргэжилтнээр ажиллаж байгаад 2019 оны 9 дүгээр сард ажилдаа ирэхээ болиод ИНЕГ-ын даргын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/300 дугаар тушаалаар ажлаас нь чөлөөлсөн. Манай тасагт мэргэжилтэн хийдэг байсан. Ямар нэгэн удирдах албан тушаалд байгаагүй. Тэр хүн удирдах эрх бүхий албан тушаалтан биш. Тийм ажил хийж байгаагүй. Ямар нэгэн газартай гэрээ хэлэлцээр хийхээр бол байгууллагын дарга буюу ИНЕГ-ын дарга болон бусад удирдах албан тушаалтан гэрээ байгуулж баталдаг” гэх мэдүүлэг /хх-ийн 26 тал/,

 

Гэрч Д.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би Н-ахаас авах ёстой байсан мөнгөө авсан. Би Н- гэдэг таньдаг ахдаа одоогоор он cap өдрийг хэлж мэдэхгүй байна нэлээн хэдэн сарын өмнө надаас мөнгө зээлээд өгөхгүй удаагаад байсан. Тэгээд би мөнгөө авмаар гэж удаа дараа хэлэхэд миний мөнгийг буцааж өгсөн. Тэр орж ирсэн мөнгө бол миний мөнгө байгаа юм. Надаас 8.850.000 төгрөг зээлж авсан. Нэлээн удааж байж өгсөн. Түүнд мөнгө зээлдүүлээд эхнэртээ загнуулаад бөөн юм болсон. Анх надаас мөнгө зээлэхдээ “ мөнгө зээлээч, зээлсэн мөнгөн дээрээ 1.000.000-1.500.000 төгрөг нэмж өгнө” гэж хэлж авч байсан боловч ямар нэгэн мөнгө төгрөг нэмж өгөөгүй, би өөрөө арай хийж мөнгөө олж авсан" гэх мэдүүлэг /хх-ийн 27 тал/,

 

Хохирогч С.А-ын хаан банкны 5920112714 дугаарын Депозит дансны хуулга /хх-ийн 6 тал/,

 

Д.Э-ийн хаан банкны 5429241900 дугаарын Депозит дансны хуулга /хх-ийн 14-15 тал/,

 

Шүүгдэгч Г.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би ямар хэрэгт яллагдагчаар татагдаж байгаагаа мэдэж байна. Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Надад яаралтай мөнгөний хэрэг гараад 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хуучин танил Л ах руу утсаар ярьсан. Л ахтай утсаар ярихад Л ах надад хандан “Танай ажил дээр чинь тавилга эд хогшил худалдан авах ажил байгаа юм байна. Чи түүнийг зохицуулаад өгч чадах уу” гэж надаас асуусан. Тухайн үед би Л ахад хандан “Та хүрээд ир би боломжтой бол зохицуулаад өгье” гэж хэлсэн. ...Би 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 10 хоногийн хугацаатай 8.850.000 төгрөг авсан. Э гэдэг залуугийн данс руу шууд хийлгэсэн. Э-с би өмнө нь мөнгө зээлсэн байсан юм. Түүндээ өгсөн. Би 2019 оны 10 дугаар сарын дундуур ажпаасаа гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-36 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би Э гэх найздаа өртэй байсан тул 9 сая төгрөгийг зээлж авсан. Би хүнээс мөнгө аваад өгөх байсан боловч нөгөө хүнээсээ мөнгөө авч чадаагүй. Хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хэргийн дээрх үйл баримт нотлогдож байна.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Г.Н-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн  41 тал/, тээврийн хэрэгсэл бүртгэлгүйн лавлагаа /хх-ийн 49 тал/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 50 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 51 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 68 тал/, боловсрол, шагналын талаарх баримт, /хх-ийн 69-75 тал/, хохирогч С.А-ын өргөдөл /хх-ийн 79 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

                                                                       

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1-д заасан Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь хохирогч буюу өмчлөгч, эзэмшигч хууртагдсан, төөрөгдөлд орсон, итгэсний улмаас залилагч этгээдэд өөрийн эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг сайн дураараа шилжүүлэн өгсөн байдаг онцлогтой.

 

Шүүгдэгч Г.Н нь бусдаас зээлсэн зээлийн төлбөрөө төлөхийн тулд хохирогч С.А-т “...тавилга нийлүүлэх тендер авахаар болсон, захиралтайгаа тохиролцсон, энэ ажилд хамтарч ажиллаж болно...” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан С.А-с 8.850.000 төгрөгийг шилжүүлэн авсан байх тул түүний үйлдэл залилах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна.

 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь амар хялбар аргаар мөнгө олох гэсэн зорилготой, шууд санаатай, шунахай сэдэлттэй байх ба өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймээс шүүгдэгч Г.Н-ын 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр “...тендерийн ажил хийх гэж байгаа тул яаралтай 9.000.000 төгрөг хэрэгтэй байна, маргааш буцааж өгнө...” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж С.А-с 8.850.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэж, Г.Н-г “хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан бусдын эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан буюу залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

        Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.А-т 8.850.000 төгрөгийн хохирол учирсан байх ба хохирол нөхөн төлөгдсөн болох нь хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр 8.850.000 төгрөгөө бүрэн авч хохиролгүй болсон. Надад гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” /хх-ийн 79 тал/ гэх өргөдөл, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...хохирлыг бүрэн барагдуулсан...” гэсэн мэдүүлгээр нотлогдож байна.

 

Иймд энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж дүгнэж, шүүгдэгч Г.Н-с гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Г.Н нь залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан Шударга ёсны болоод Гэм буруугийн зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан ”учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэсэн хөнгөрүүлж үзэх байдал тогтоогдсон байна.

 

Иймд шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн шинж, хохирлын хэр хэмжээ, хуулинд заасан хөнгөрүүлж үзэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, Г.Н-ыг 650 /зургаан зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний 650.000 /зургаан зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Н нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Н-д тайлбарлаж байна.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.Н-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах буюу хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай                                                                      

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Н-ыг 650 /зургаан зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Н нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Г.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч С.Амарбаяр нь хохирол нөхөн төлөгдсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.БОЛОРТУЯА