Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 186

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Пүрэврагчаа хөтлөн,

Улсын яллагч Н.Мөнхцэцэг,

Шүүгдэгч Д.Э-д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч Д.Э холбогдох эрүүгийн 2005002060132 дугаартай хэргийг 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1959 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 61 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, дизельчин мэргэжилтэй, Баянмонгол хороололд гаражны жижүүр ажилтай, ам бүл 2 хүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 0 дугаар хороо, Булагын 0 дугаар гудамжны 0 д тоотод оршин суух,   улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 1987 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймгийн 6 дугаар хэсгийн ардын шүүхийн 33 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлсэн, Д.Э.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Яллагдагч Д.Э нь 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хан” зочид буудлын 203 тоот өрөөнд иргэн Л.Н-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар цээж рүү нь өшиглөж, гар руу нь гутлаараа цохиж эрүүл мэндэд нь “баруун богтос ясны далд хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Э-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Д.Э нь 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Л.Н-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар цээж хэсэг рүү нь өшиглөж, гар руу нь гутлаараа цохиж эрүүл мэндэд нь “баруун богтос ясны далд хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан, үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

Хохирогч Л.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр модны хоёрт байрлах нэг газар орж бүжиглэсэн. Бүжиг 20 цаг 30 минутад дуусаад хорооллын эцэст байрлах нэрийг нь мэдэхгүй нэг караокед орж дуулахдаа 1, 1 шил пиво уусан. Улмаар тус караокеноос 22 цаг 30 минутад гараад “Хан” нэртэй зочид буудалд орохоор болсон. Замдаа 1 шил архи аваад зочид буудалд орохоор болсон. Буудлын өрөөнд байхдаа авсан архиа хувааж уугаад бэлгийн харьцаанд орчихоод хэвтэж байсан. Би согтуу хэл амаар жаахан доромжилсон. Тэгтэл Э босч ирээд “би явлаа” гэхээр нь “чи хамт буудал орж ирчихээд намайг үлдээгээд яах гээд байгаа юм бэ” гэтэл урдаас “зайл” гэж хэлээд зүүн талын хавирга хэсэгт хөлөөрөө өшиглөсөн. Тэгэхээр нь би босч ирээд “чи яаж байгаа юм бэ” гэж хэлээд архины шилээ хана руу шидэж хагалсан. Тэгтэл “чи намайг архины шилээр цохидог хэн юм бэ” гэж хэлээд баруун хавирга хэсэгт 1 удаа өшиглөсөн. Би “битгий яв” гээд зууртал өрөөний үүдэнд байсан шар өнгийн ботинк аваад баруун гарын хэсэгт цохисон. Би яая гээд орилоод үлдсэн. Э гараад явсан маргааш нь уулзаад ярилцахад гарыг чинь эмчлүүлж өгнө гэсэн болохоор би цагдаагийн байгууллагад хандаагүй. Гэтэл миний гарыг эмчлүүлж өгөхгүй алга болсон. Эмчилгээний зардал 400.000 төгрөгийг төлж барагдуулсан тохиолдолд гомдол санал байхгүй. Урьд нь маргалддаг байсан боловч намайг цохиж байгаагүй. Маргалдаад алгадаж авах үйлдэл гаргадаг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 -27, 28-29 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1612 дугаартай шинжээчийн “...Л.Н-ийн биед баруун богтос ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохих унах үед үед үүсэх боломжтой. Тус гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 31-32 тал/,

Л.Н-ийн Гэмтэл согог үндэсний төвд 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хэвтэн эмчлүүлсэн 16610 дугаартай өвчний түүхийн хуулбар /хх-ийн 34-43 тал/,

Гэрч С.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 24 цагаар Хан зочид буудлын хүлээн авагчаар гарсан. Уг хугацаанд олон хүн өрөө авсан. Гэхдээ орой 22 цаг өнгөрч байхад 55 орчим насны гэж харагдахаар ах, эгч 2 орж ирээд 203 тоот өрөөг авсан. Шөнө энэ 2 маргалдаж орилолдоод 2 цаг өнгөрч байхад би дээшээ гарч хаалгыг нь нүдэхэд чимээгүй болсон. Тэгтэл шөнө эрэгтэй нь гараад явчихсан. Эмэгтэй нь өглөө эрт буудлаас гарсан. Эмэгтэй нь орой буудалд орж ирэхэд гар хөл нь зүгээр байсан. Гэтэл өглөө буудлаас гарахдаа баруун гараа барьчихсан “ёо ёо” гээд гарч байсан. Юу болсон талаар асууж амжаагүй. Би бодохдоо шөнө хамт буудалд орсон эрэгтэй нь зодож, цохисон байна гэж бодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/,

Шүүгдэгч Д.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би Н-ийн хамт 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Модны хоёрт байрлах бүжгийн клубт орж бүжиглэсэн. Бүжиг 20 цаг 30 минутад дуусаад хорооллын эцэст байх нэрийг нь мэдэхгүй караокед орж дуулангаа 1, 1 шил пиво уусан. Улмаар Хан зочид буудалд орохоор болсон бөгөөд замдаа 1 шил архи аваад Хан зочид буудалд орж уугаад бид хоёр бэлгийн харьцаанд орсон. Бэлгийн харьцаанд орчихоод хэвтэж байтал Н согтуу байсан тул хэл амаар доромжлоод байсан. Би уурлаж босоод явлаа гэтэл “чи хамт буудал орж ирчихээд намайг үлдээгээд яах гэж байгаа юм бэ” гээд байсан. Улмаар маргалдаад баруун зүүн талын хавирга руу нь өшиглөсөн. Тэгтэл над руу архины шил саваад хана оноод хагарсан. Би явлаа гэтэл зуурчихаад тавихгүй байхаар нь өрөөний үүдэнд байсан шар өнгийн ботинк аваад баруун гарын хэсэгт нь цохисон. Ингээд гараад явсан. Гарыг нь хугарсан байсныг нь мэдээгүй. Маргааш нь гар хугарсан гээд ирэхээр нь эмнэлэгт оруулж үзүүлэхэд савх яс нь хугарсан байсан. Тэрнээс хойш уулзаагүй байж байтал цагдаагийн байгууллагад хандчихсан байсан. Би Н-ийн гарыг гутлаар цохиж хугалсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Эмчилгээний зардлыг нь барагдуулах болно. Н-тэй уулзахад эмчилгээний баримт байхгүй гэсэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хэргийг хөнгөнөөр шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-53 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би торгох ялыг биелүүлэх боломжтой. Миний буруу, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгчийн бичгээр гаргасан хүсэлт, баталгаа зэрэг бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 72, 73 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хэргийн үйл баримт тогтоогджээ.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор Д.Э-ын оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 58 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 59 тал/, эд хөрөнгөтэй эсэхийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 60 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 61 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 62 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас  /хх-ийн 63 тал/ таслан шийдвэрлэх тогтоол /хх-ийн 65-68 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                    

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хохирогч Л.Н-ийн биед “баруун богтос ясны хугарал” бүхий гэмтэл  учирсан нь хэргийн 31-32 дахь талд авагдсан шинжээч эмчийн 1612 дугаартай дүгнэлтээр нотлогдсон ба энэ гэмтэл нь шүүгдэгч Д.Э-ын гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч Д.Э гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Д.Э-ыг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Л.Н-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар цээж хэсэг рүү нь өшиглөж эрүүл мэндэд нь “баруун богтос ясны далд хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч Д.Э-ыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Э нь “хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах мэтгэлцэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна гэж оролцсон болохыг дурдах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:

 

Хохирогч Л.Н хавтаст хэрэгт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй бөгөөд шүүгдэгч Д.Э нь эмчилгээний зардал болох 300.000 төгрөг өгсөн. Дахин 100.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн /хх-ийн 73 тал/ байна. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Э “...100.000 төгрөгийг төлж барагдуулсан...” гэж мэдүүлж оролцсон. Иймд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Д.Э нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Д.Э гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Д.Э-д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Д.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Э-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Д.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА