Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 192

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Боорчи хөтлөн,

Улсын яллагч Г.Ганхөлөг,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч Б.Бхолбогдох эрүүгийн 1905049120150 дугаартай хэргийг 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.         

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Тэди төвд гар утас засварчны туслах хийдэг гэх, ам бүл 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 0 байрны 0 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б.Б

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Яллагдагч Б.Б нь 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдрөөс 5-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Т-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар Т.Тэ-ийн нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь доод уруулын шарх, сорви бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдрөөс 5-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Тэ-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь доод уруулын шарх, сорви бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

Хохирогч Т.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 4-ний өдрөөс 5-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дурсамж бааранд орж 2 шил Сэнгүр пиво ууж дуусаад баарнаас гарсан. Гэтэл Дурсамж баарны хажууд байрлах Коко банана баарны урдуур гэртээ харих гээд явж байсан чинь зүс таних дүү таарсан. Тэгээд зүс таних дүүгийн төрсөн өдөр болж байна хамт баар оръё гэхээр нь за гээд Коко банана баар руу орсон. Гэтэл уг баар нь такс төлж ордог болохоор тухайн үед би мөнгөгүй байсан тул гараад явсан. Намайг явж байхад араас зүс таних дүү ирээд хамт тамхи татах уу гэхээр нь баарны гадаа байрлах хашааны баруун хойд талд нь очоод хамт тамхи татах гээд очсон. Тэгсэн зүс таних дүү миний нүүр хэсэг рүү 2-3 удаа өшиглөсөн. Би босоод цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би өөрийн амны сэтэрсэн хэсэгтээ 7 ширхэг оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 тал/,

Шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 473 дугаартай шинжээч эмчийн: “...Д.Т-ийн биед доод уруулд шарх, сорви бүхий гэмтэл тогтоогдлоо. Тус гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой бөгөөд мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Энэ гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэх дүгнэлт /хх-ийн 19-20 тал/,

Гэрч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 3 цаг өнгөрөөд 4 болж байхад Т-г баарнаас гаргачихаад хувцсаа өмсөөд ирэхэд цагдаа нар ирчихсэн. Т зодуулсан гэж байсан. Т намайг заагаад энэ залуу намайг зодсон гэж хэлэхэд цагдаа нар намайг аваад явсан. Би ажлын хүмүүстээ хэлж байгаад камерын бичлэгийг шүүлгэж үзэхэд Т гэх хүн гадаа зогсож байгаад хамт нэг ширээнд сууж байсан залуудаа хэд хэдэн удаа цохиулсан бичлэг байсан. Би зодоон болох үед бааранд дотор байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хохирогч, шүүгдэгч нарын бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 43, 44 тал/,

 

Шүүгдэгч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 5-ны өдөр миний төрсөн өдөр болсон. Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Коко банана бааранд 2 найзын хамт 0.75 литрийн нэг шил архи, пивотой авч уугаад хэсэг бүжиглэж байгаад гадаа гарч тамхи татаад зогсож байтал уг бааранд хамгаалагчаар ажиллаж байсан зүс таних Т гэх залуу найзуудтайгаа ирчихсэн баар руу орох гэтэл баарны хамгаалагч нар оруулахгүй байсан. Бид нар дээр ирээд оруулаад өг гээд хоргоогоод оруулж өгөхгүй бол чамайг “хүнд хэлж хутгалуулна, чамайг хүүхэн болгоно” гээд байсан. Бид нар бааранд ороод ширээн дээр сууж байтал яаж орсон гэдгийг мэдэхгүй ороод ирчихсэн архи пивоноос уугаад байхаар нь баарны хамгаалагч нар ирээд аваад гарсан. Бид нар тарах гээд хувцсаа өмсөөд гадаа гартал Т над дээр ирээд “юм яръя” гэж байснаа миний гэдэс рүү нэг удаа хүчтэй цохисон. Би зөрүүлээд нүүр рүү нь нэг удаа алгадсан. Улмаар цагдаа дуудсан...” гэх /хх-ийн 26-27 тал/

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо тохирсон хугацаандаа төлж барагдуулна. Би хохирогчийн нүүр хэсэгт 2-3 удаа алгадсан. Түүний улмаас хохирогчид гэмтэл учирсан...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хэргийн үйл баримт тогтоогджээ.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 30 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 31 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                    

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах мэтгэлцэх зүйл байхгүй. Прокурортой ял тохиролцсон. Надаас хохирогч хохирол нэхэмжлэхгүй гэсэн тул хөнгөн ял оноож өгнө үү...” гэх мэдүүлэг болон хавтаст хэрэгт  авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрч Б.Э-гийн мэдүүлэг, шинжээч эмчийн 473 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч Б.Б хохирогч Т.Т-ийн нүүр хэсэгт цохисон үйлдлийн улмаас хохирогч Т.Т-ийн биед “доод уруулын шарх, сорви” зэрэг гэмтэл учирсан болох нь нотлогдож тогтоогдсон байна.

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул шинжээч эмчийн 473 дугаар дүгнэлт үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.

 

Шүүгдэгч Б.Б нь Т.Т-ийг цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Иймд шүүгдэгч Б.Б нь 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдрөөс 5-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Т-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар Т.Т-ийн нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь доод уруулын шарх, сорви бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан учир түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Хэргийн 43 дахь талд авагдсан хохирогч Т.Тэмүүжинтөгсийн прокурорын газарт гаргасан хүсэлтэд “Би Б-тэй сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Б надад 250.000 төгрөг нөхөн төлнө гэсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн, мөн шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт “...2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 250.000 төгрөгийг бэлнээр хохирогчид төлнө...” гэж мэдүүлж оролцсон байна.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх... эрүүл мэндэд... хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “...Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй...” гэж тус тус зааснаар шүүгдэгч Б.Б-эс 250.000 төгрөг гаргуулж, хохирогч Т.Т-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Б.Б танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэж, түүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-с 250.000 төгрөг гаргуулж, хохирогч Т.Тэ-д олгосугай 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА