| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сугарын Болортуяа |
| Хэргийн индекс | 106/2020/0165/Э |
| Дугаар | 198 |
| Огноо | 2020-02-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Батсайхан |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 198
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн хөтлөн,
Улсын яллагч Б.Батсайхан /томилолтоор/,
Шүүгдэгч Г.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч Г.М холбогдох эрүүгийн 2005002900188 дугаартай хэргийг 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1985 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Увс аймгийн Хяргас суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа машин зардаг гэх, ам бүл 5 эхнэр хүүхдүүдийн хамт, Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо 0 дугаар байрны 0 тоотод оршин суух урьд ял шийтгэлгүй, Г.М
Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Яллагдагч Г.М нь 2020 оны 1 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алмаз” бааранд иргэн Д.Э-ийн нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь зүүн зовхи, хацарт, цус хуралт буюу хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Г.М нь 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алмаз” бааранд иргэн Д.Э-ийн нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь зүүн зовхи, хацарт цус хуралт буюу хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:
Хохирогч Д.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн өдөр би ажлынхаа хамт олон болох О, Ц, Б гэх мэт нийт 10 гаруй хүн болон манай нөхөр Бат-Оргил нартай Гранд Хилл ресторанд орж хоол идээд тэндээ архи хувааж уугаад бөөндөө “Алмаз” баарны доор байдаг караоке орж пиво ууж, дуу дуулаад дээшээ гурван давхарт байрлах Алмаз бааранд орсон. Би бааранд ороод нөхрийн хамт бүжгийн талбайд бүжиглэж байтал 3-4 залуу биднийг тойроод бүжиглээд байсан. Нэг залуу нь манай ажлын Цэвэлмааг өдөж хоргоогоод байхаар нь манай нөхөр тэр залууд хандан хөгшөөн болчихгүй юу даа хэрэггүй гэж хэлэхэд уг залуу манай нөхөр рүү дайрсан. Би голоор нь орж салгаж уг залууг холдуулсан. Тэгэхэд нөгөө залуу бүжиглэж байсан хүмүүсийг цаана очоод манай нөхөр рүү хараад зогсоод байсан. Тэгж байснаа гэнэт манай нөхөр рүү ирээд шууд цохиход манай нөхөр бултчихсан чинь хажууд нь зогсож байсан намайг цохьчихсон. ...Би эмнэлэгээр эмчилгээ хийлгээгүй баримт байхгүй. Гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16, 70 тал/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн “...2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 1384 дугаартай шинжээч эмчийн: “...Д.Э-ийн биед нь зүүн зовхи, хацарт цус хуралт, баруун гуянд цус хуралт зэрэг гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүснэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 30-31 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч О.Б-ийн “...зүүн зовхи, хацарт, цус хуралт гэмтэл дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд нэг удаагийн үйлчлэлээр үүснэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 35 тал/
Гэрч Ж.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр ажлаа тараад манай 10 жилийн найзууд уулзаад бааранд орох гэж байна гэхээр нь би 21 цагийн үед Алмаз бааранд ирэхэд Б, Д, М, М нар байсан. Уг бааранд Эдэн нэртэй 0.7 литрийн архинаас 2 шилийг уусан. Намайг тамхины өрөөнд тамхи татчихаад гараад ирсэн чинь М-ыг баахан эмэгтэй хүмүүс буланд шахчихсан маргалдаж байсан. Би тус үйл явдалд оролцоогүй бөгөөд удалгүй цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 тал/,
Гэрч Э.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би хэн цохисон гэдгийг нь мэдэхгүй байна. Харин А, О, М, М гэх хүмүүс намайг болон Э-ийг цохиулж байхыг харсан гэж бодож байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/,
Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тухайн өдөр эхнэрээ авах гэж очиход манай эхнэр ажлын хамт олонтойгоо хамт Алмаз баарны доод талд байрлах нэгэн караокед орсон. Тэгсэн уг караокеноос гараад Алмаз бааранд ороод манай эхнэр бүжгийн талбай дээр ажлынхантайгаа бүжиглэж байтал нэг үл таних залуу эхнэрийн ажлын эмэгтэйг өдөж хоргоогоод байсан. Тэгэхээр нь би очоод “болио хөгшөөн” гэж хэлсэн чинь намайг цохих гээд гараа савахаар нь би доошоо суутал миний хөмсгийг шүргээд өнгөрсөн. Тэр үед эхнэрийн ажлынхан намайг салгаад ширээн дээр ирэхэд эхнэрийн нүд хавдчихсан байсан. Намайг цохих гэж байгаад хажууд байсан миний эхнэрийг цохисон. Улмаар би цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 тал/,
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хохирогч, шүүгдэгч нарын бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 77, 78 тал/,
Шүүгдэгч Г.М-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би тэр эмэгтэйг цохиё гэж бодоогүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Уг үйлдлийг хийсэндээ харамсаж байна...” гэх /хх-ийн 57-58 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хэргийн үйл баримт тогтоогджээ.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 59 тал/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 60 тал/, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 61 тал/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ /хх-ийн 62 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.М нь “үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах мэтгэлцэх зүйл байхгүй. Прокурортой ял тохиролцсон...” гэж гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болон хохирогч, гэрч, шинжээч эмч нарын мэдүүлэг, шинжээч эмчийн 1384 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч Г.М нь Д.Э-ийн нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь зүүн зовхи, хацарт, цус хуралт буюу хөнгөн хохирол учруулсан болох нь нотлогдож тогтоогдсон байна.
Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул шинжээч эмчийн 1384 дугаар дүгнэлт үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.
Шүүгдэгч Г.М нь хохирогч Д.Э-ийг цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Иймд шүүгдэгч Г.М-ыг 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алмаз” бааранд иргэн Д.Э-ийн нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь зүүн зовхи, хацарт, цус хуралт буюу хөнгөн хохирол учруулсан үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан учир түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Хэргийн 77 дахь талд авагдсан хохирогч Д.Э-ийн прокурорын газарт гаргасан хүсэлтэд “...Би Г.М-тай сайн дурын үндсэн дээр эвлэрч, 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр эмчилгээний зардал болох 400.000 төгрөг авсан. Гомдол саналгүй...” гэсэн байна. Иймд шүүгдэгч Г.М-аас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Г.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Г.М гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.
Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Г.М-т танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Г.М-ын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийг арилгасан байдал болон талуудын ял тохиролцсон нөхцлийг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.
Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.М өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-ыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.М-т мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Г.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь хохирогч Д.Э-т 400.000 төгрөг хохиролд тооцож нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА