Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 00475

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Гэрэлт-Одын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2016/05968 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ц.Гэрэлт-Одын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж.Элбэгдоржид холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт  27 000 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Эрдэнэцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Нарантуяа,

Хариуцагчийн өмгөөлөгч: Г.Эрдэнэцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Үүрцайх  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ж.Элбэгдоржтой 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 20 000 000 төгрөгийг, 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хүртэл зээлдүүлсэн.  Зээлийн гэрээг барьцаатай хийж, нотариатаар батлуулан Үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлсэн болно. Зээлийн гэрээг 2 дугаар сарын 24-ний өдрөөс 5 дугаар сарын 24-ний өдөр хүртэл 3 сарын хугацаагаар сунгасан болно. Гэрээний хугацаа дууссан боловч Ж.Элбэгдорж нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар 0,5 хувиас хэтрэхгүй алданги тооцсон. Хоног тутамд алданги тооцохоор 12 500 000 төгрөг гарсныг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу 10 000 000 төгрөг болгон багасгаж, үүнээс хариуцагчийн төлсөн 3 000 000 төгрөгийг хасаад, үндсэн зээл 20 000 000 төгрөг, алданги 7 000 000  төгрөг нийт 27 000 000 төгрөг нэхэмжилж байгаа. Энэ хурал гурав дахь удаагаа болж байгаа. Хариуцагч тал шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэн хариуцагч талыг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Талууд алданги бодох асуудлаар маргадаг. Алданги тооцох үндэслэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие өөрийн дүү болох н.Мөнх-Учралын бизнес эрхлэх санааг дэмжиж өөрийн өмчлөлийн байрыг барьцаалан Ц.Гэрэлт-Одод барьцаалуулан 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр иргэд хоорондын зээлийн гэрээ байгуулж нэхэмжлэгчээс 20 000 000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр зээлж авсан билээ. Ингэхдээ анх 3 сарын хугацаатай зээлийг авахаар тохиролцон хугацаа болоход дахин 3 сараар сунгаад байх боломжоор тохиролцсон юм. Ингээд cap бүр тохиролцсон ёсоор зээлийн хүүг тогтсон хуагцаанд төлж явсан ба тохиролцсон хугацаа болоход дахин 3 сараар гэрээг сунгаж мөн хугацаандаа хүүгээ төлсөөр байсан. Харин дээрх сунгалтын хугацаа дуусахад бид дахин 3 сараар сунгах санал тавьсан ба тухайн үед сарынхаа хүүг төлөөд явж бай гэсний дагуу бид cap бүр хүүгийн төлбөрийг төлсөөр байгаа билээ. Ингэж cap бүр гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсээр ирсэн болохоор 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээнд бид үүрэг зөрчсөн үйлдэл байхгүй хэмээн үзэж байгаа ба нэхэмжлэгчийн нэхэмжилсэн алдангийг төлөх үндэслэлгүй хэмээн үзэж байна. Иймд зээлдэгчийн гаргасан нэхэмжлэлд дурдсан алданги тооцуулах нь үндэслэлгүй байх тул алдангийг хэрэгсэхгүй болгохыг хүсэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ФВ66101611 регистртэй, Зая овогт Жалбуугийн Элбэгдоржоос 27 000 000 /хорин долоон сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Батжаргал овогт Цолмонгийн Гэрэлт-Одод олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 292 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 292 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн өмгөөлөгч Г.Эрдэнэцэцэг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх шийдвэр гаргахдаа тухайн өдрийн хурал дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “хариуцагч талд хурлын товыг мэдэгдсэн боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул хариуцагчийн эзгүйд хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн хэргийг шийдвэрлүүлэх” хүсэлт гаргасны дагуу хэргийг шийдвэрлэсэн болохыг дурджээ. Тус хэргийг өмнө нь шүүх хянан шийдвэрлэхээр 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 16 цагт хурлыг товлосон байсан хэдий ч тухайн үед өмгөөлөгч миний бие өвчний улмаас ажлаас хэсэг хугацаанд чөлөөлөгдөх шаардлагатай болсон тул хүсэлтээ бичгээр өгч хуралдаанд биечлэн оролцох хүсэлтийг давхар илэрхийлсэн билээ. Улмаар тус хүсэлтийг шүүх хүлээн авч хуралдааныг 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдөр хүртэл хойшлуулсан байдаг. Гэвч уг маргааны хариуцагчийн өмгөөлөгч болох надад хурлын товыг зохих ёсоор мэдэгдээгүй ба ийнхүү шүүх хуралдааны бэлтгэл хангах шүүгчийн ажиллагаа дутуу хийгдэж өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэж үзэж байна. Бид тухайн шүүх хуралд биечлэн оролцсоноор үйлчлүүлэгчийнхээ тайлбар болон гаргаж өгөх байсан баримтын хүрээнд нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 27 000 000 төгрөгөөс алданги болох 7 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар
мэтгэлцэж оролцох байсан. Энэ талаар хариуцагч тайлбар дээрээ дурдсан байдаг ба
нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хариуцагч cap бүр зээлсэн мөнгөнийхөө үнийн дүнгийн 5 хувьд төлсөн хүүг 3 000 000 төгрөг гэсэн байдаг. Харин бидний үйлчлүүлэгч хүүгийн төлбөрт нийт 4 000 000 төгрөгийг төлчихөөд байгаа ба үүнийгээ нотлох баримтаар гаргаж өгөх мөн түүнчлэн бусад баримтыг гаргуулан авах зэргээр үйлчлүүлэгчийнхээ тайлбарыг дэмжих, цаашлаад хуулиар олгогдсон эрхийн хүрээнд асуудлыг шийдвэрлүүлэх байсан нь боломжгүй болсонд гомдолтой байна. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүх рүү буцаан хэргийн болон шүүх хуралдаанд оролцогч хуулиар олгогдсон эрхээ хууль ёсны дагуу хамгаалуулах боломжоор хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

                                        

Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч Ц.Гэрэлт-Од нь хариуцагч Ж.Элбэгдоржид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 27 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хариуцагч алдангид нэхэмжилсэн 7 000 000 төгрөгт холбогдох хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

            Зохигчид 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч Ц.Гэрэлт-Од нь 20 000 000 төгрөг зээлдүүлэх, зээлдэгч Ж.Элбэгдорж нь мөнгөн хөрөнгийг сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаанд төлөх нөхцөлтэй  үүрэг хүлээсэн, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алданги төлөхөөр харилцан тохиролцож, үүргийн гүйцэтгэлд Баянгол дүүргийн 5 дугаар хороо, ТЭМ 102-98 тоотод байрлах, 55 м.кв, 3 өрөө орон сууцыг барьцаалсан байна. Зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр, хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан байна.  /хх-ийн 4-5 дугаар тал/

 

             Хариуцагч Ж.Элбэгдорж нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн мөнгөн хөрөнгө болох 20 000 000 төгрөгийг бодитойгоор шилжүүлэн авсан талаар маргаагүй байх тул анхан шатны шүүх талуудын хооронд мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

            Талууд 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт оруулж, гэрээний хугацааг 3 сараар сунгасан ба хариуцагч нь зээлийн үндсэн төлбөрт төлөлт хийгээгүй үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна. /хх-ийн 6 дугаар тал/

 

Харин хариуцагч Ж.Элбэгдорж нь алданги 7 000 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж маргаж байгаа боловч тэрээр татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

 

Хэрэгт хариуцагчаас нэхэмжлэгчид төлсөн гэх 3 000 000 төгрөгтэй холбоотой баримт байхгүй боловч нэхэмжлэгч нь уг 3 000 000 төгрөгийг авсан талаар тайлбарласан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар нэхэмжлэгчийн дээрх тайлбарыг нотлох баримтаар үнэлэх боломжтой бөгөөд алданги 10 000 000 төгрөгөөс дээрх 3 000 000 төгрөгийг хасч нэхэмжилсэн нь үндэслэлтэй гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

 Иймд анхан шатны шүүх хариуцагч Ж.Элбэгдоржоос зээлийн үндсэн төлбөр 20 000 000 төгрөг, алданги 7 000 000 төгрөг нийт 27 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Гэрэлт-Одод олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасантай  тус тус нийцжээ. 

 

            Анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нарантуяад шүүх хуралдааны товыг 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасан журмын дагуу мэдэгдсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нарантуяа нь шүүх хуралдааны товд гарын үсэг зурсан байх тул шүүх хуралдааны мэдэгдэл хүргүүлээгүй гэх хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна. /хх-ийн 26 дугаар тал/

 

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2016/05968 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.      

 

 

                  ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                           Э.ЗОЛЗАЯА

                                               

                                    ШҮҮГЧИД                                          Ш.ОЮУНХАНД          

                                                                                                 

                                                                                              Г.ДАВААДОРЖ