Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 889

 

 

 

 

 

 

                                                                                                

                                                    

                                                                                                                                                                                                                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

 Б.Л-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Оюунчулуун, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ш.Чимгээ,

хохирогч Д.Б,

хохирогч Ц.Б-гийн өмгөөлөгч Б.Ариунбаяр,

шүүгдэгч Б.Л-, түүний өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, Д.Данзандорж, 

нарийн бичгийн дарга И.Буманбаяр нарыг оролцуулж,

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж, шүүгч Н.Баасанбат, Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 181 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Л-, түүний өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, Д.Данзандорж нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Л-д холбогдох 201403000293 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б.Л, 19хх оны хх дугаар сарын хх-нд төрсөн, хх настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хххх ажилтай, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт ххх аймгийн хх сумын ххх багт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

 

Б.Л- нь Архангай аймгийн Чулуут сумын Зуунмод багийн нутаг дэвсгэр Чулуун хороот гэх газар 2014 оны 8 дугаар сарын 1-ний өдөр талийгаач Ц.Б-ийг хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу архи уулаа харьж амар гэх шалтгаанаар гараараа түлхэж газар унагаж тархины битүү гэмтэл, тархины зөөлөн бүрхүүл хальсан доорх тархмал цус харвалт, тархины няцрал гэмтлийг учруулж шууд бус санаагаар, хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Архангай аймгийн прокурорын газраас: Б.Л-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Л-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон нийцүүлэн өөрчилж, Б.Л-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман жилийн хугацаагаар хорих ялаар Б.Л-г шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Л-д оногдуулсан найман жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Л-гийн цагдан хоригдсон гурван зуун хорин ес хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Б.Л- нь гэмт хэргийн улмаас нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирол нэхэмжлэх эрхтэй болох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт Б.Л-гийн эзэмшлийн 17 тооны бод малыг битүүмжилсэн 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Л-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, түүний эдлэх ялыг 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн тооцохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Л- давж заалдах гомдолдоо: “...2014 оны 8 дугаар сарын 1-нд миний төрсөн дүү Б.Отгонбаатарын хурим болсон. Би хурим зохион байгуулж байсан. Талийгаач Бумандорж болон бусад хүмүүсийн хамт бэр авахаар явсан. Явж ирээд талийгаач Бумандорж нь согтуу хүн, хүн зуурч аваад унаж тусаад орилж хашхираад, агсам согтуу тавиад явж харагдсан. Тэгээд нэг хэсэг чимээгүй зогсож байсан чинь манай гэрийн урьд сагсан бөмбөгийн шийдэнд уяатай байсан манай хүүгийн морийг унах гэж байгаад дээгүүр нь давж уначихаад манай гэрийн үүдэнд байсан үхэр тэрэг дээр Норовсамбуу, Эрдэнэдалай, Баасанбат нар байхад намайг ирээд араас хүзүүгээр тэвэрч аваад хоолой боогоод унагаах гээд байхаар нь талийгаачийг одоо чи жаахан унтаж амар гээд өөрөөсөө салгаж түлхчихээд яваад өгсөн. Дараа нь авгайтайгаа хэрэлдээд үлдсэн гэсэн. Гадуур бид хэдээс өөр зөндөө хүмүүс байсан. Тухайн үед бид хоёрын дунд янз бүрийн юм болоогүй. Дараа нь ухаан алдаж уначихлаа гэж дуулдсан. Тэгээд эмч дуудаад аваад явсан. 2014 оны 8 дугаар сарын 2-нд би талийгаачийнд очоод юм хийж байсан чинь намайг цагдаа дуудаж мэдүүлэг авсан. Архангай аймгийн Чулуут сумын цагдаагийн байранд хяналтын прокурор, байцаагч, задлан шинжилгээний эмч нар надаас мэдүүлэг авсан. Би Норовсамбуу, Эрдэнэдалай, бид хэдийг тамхи татаад сууж байхад талийгаач Бумандорж согтуу ирээд намайг араас зуураад авсан.

Би жаахан унтаж амар, ямар хэцүү юм вэ гээд өөрөөсөө зайлуучихаад намайг жижиг гэрээс дуудаад шүүс махаа тараа гэхээр нь явсан гэж мэдүүлэг өгсөн. Болсон бүх зүйлээ үнэн зөвөөр нь ярьсан. Харин байцаагч нь тухайн үед та хоёрын дунд сүртэй юм болоогүй юм байна гэж байсан. Тэгээд намайг машиндаа суугаад Норовсамбуу, Эрдэнэдалай хоёрыг надаар заалгаж очоод байцаалт авсан. Эхлээд Эрдэнэдалайгаас байцаалт авсан. Норовсамбуугийн гэрт очсон чинь гэртээ байхгүй байсан. Манайд ирээд байж байхад Норовсамбуу араас ирээд мэдүүлэг өгсөн. Тэгээд 2014 оны 8 дугаар сарын 2-ны шөнө Архангай аймагт цуг ирээд байцаагч шөнө айлд буулгаж өгчихөөд маргааш цагдаа дээр яваад очоорой гэсэн. 2014 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн өглөө цагдаа дээр яваад очсон чинь байцаагч байгаа айлдаа байж бай гээд надад утасныхаа дугаарыг бичиж өгөөд явуулсан. Би айлдаа 10 гаруй хоноод хадлангаа авах гээд байцаагч руу утсаар ярьсан чинь хөдөө ажилтай явна та харь гэсэн. Гэртээ хариад байж байсан чинь гэнэтхэн намайг 2014 оны 9 дүгээр сарын 26-нд яриад маргааш та цагдаа дээр хүрээд ирээрэй гэсэн. Өглөө цагдаа дээр яваад очиход намайг ар нуруу дагзаар нь унгаасан гэж бичээд танилцуулахгүй гарын үсэг зуруулаад хэрэг хүндрүүлж бичээд 2014 оны 9 дүгээр сарын 27-нд хорих тогтоол гаргаж хорьсон байдаг юм. Тухайн үед хяналтын прокурор Цогт-Эрдэнэ хэргийн газар болсон бүх зүйлийг байцаагч Д.Баттогтохтой цуг үзлэг хийж гэрч нараас цуг байцаалт авсан. Тэгээд задлан шинжилгээний эмч Б.Отгонжаргал 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 43 дугаар дүгнэлт гарсан. 2014 оны 8 дугаар сарын 25-нд Эрүүгийн хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт зааснаар энэ хүнээс болоогүй юм байна гээд хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хяналтын прокурор шилжиж явсны сар гаруй дараа байцаагч Д.Баттогтох нь өөрийн эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж миний болон гэрч нарын мэдүүлгийг өөрчилж, хүндрүүлэн бичиж хөдөөний юм мэдэхгүй хүмүүсийг далимдуулж хэргийг хүндрүүлж хүнийг эрүүл мэнд, эд хөрөнгөөр асар их хохироосон байцаагч Д.Баттогтоход гомдолтой байна. Тангараг өргөсөн төрийн цагдаад хууль үйлчилдэггүй юм уу. Миний болон гэрч нарын мэдүүлгийг хүндрүүлэн өөрчилж өөрийн эрх мэдлээ ашиглаж бичиж намайг хүнд зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж өдий хүргэсэн. Хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад буцсаны дараа байцаалт авах болгондоо гэрч нарын мэдүүлгийг хүндрүүлэн бичдэг. Гэрч нарыг чи яасан овоо хэрэг задалдаг хүн вэ гээд Баасанбатыг хүртэл дарамталж байсан. Хяналтын прокурор Цэвээнжавд байцаагч Д.Баттогтох нь миний болон гэрч нарын мэдүүлгийг албан тушаалаа ашиглаж дарамталж байцаалт авах болгондоо хэрэг хүндрүүлэн бичээд байна гэж гомдол хүсэлт бичиж өгсөн боловч арга хэмжээ аваагүй, нийлж яллаж дайрсан. Хохирогч Б чи яагаад энэ хүнд гомдолгүй гээд байгаа юм. Гомдолтой гэж хэл гээд байсан гэсэн. 2014 оны 9 дүгээр сарын 27-нд хорьсон. Би 14 хоногийн дараа батлан даалтад гарч ирээд цагдаа дээр өдөр болгон бүртгүүлээд заримдаа чөлөө аваад хөдөө явахад би таныг өрөвдөөд байхын та бид хоёрт яриа хөөрөө юу байдаг билээ. Би тэгэхээр нь бид хоёрт яриа хөөрөө юу байхав дээ гэдэг байсан. Байцаагч Д.Баттогтох нь надаас юм авах гээд өгөхгүй болохоор хувийн ашиг сонирхлын улмаас миний хэргийг хүндрүүлэн бичсэнд гомдолтой байна. Байцаагч Д.Баттогтох нь 2016 оны 3 дугаар сарын 7-нд Архангай аймгийн цагдан хорих байранд намайг хоригдож байхад хавтас хэрэгтэй танилцсан гэж гарын үсэг зуруулах гэж орж ирэхээр нь би өмнөх хавтас хэргээс үзсэн чинь хэрэгсэхгүй болгосон гэсэн хавтас хэрэг гараад ирэхээр нь аваад үзэх гэсэн чинь байцаагч Д.Баттогтох үзүүлэхгүй намайг цохиж аваад, булааж авчихаад тэр дотроос ярих юм бол би чамайг 2014 оны 8 дугаар сарын 25-нд Эрүүгийн хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон гэж үзүүлчихээд аваад явсан. Тухайн үед Архангай аймгийн цагдан хорих байранд ээлжийн дарга нь камераар харчихаад чамайг байцаагч чинь яагаад байгаа юм. Би тэгэхээр нь миний хавтас хэрэгт хэрэгсэхгүй болгосон байна. Байцаагч үзүүлэхгүй цохиж аваад булаагаад авчихлаа. Тэгсэн чинь тэр дотор миний болон гэрч нарын анхны бүх мэдүүлэг байгаа гэж байсан. Хохирогч Б нь талийгаач дүүгийндээ орж гардаггүй буяны ажилд их юм гараагүй. Худал баримт цуглуулж мөнгө нэхэж байгаад харамсаж байна. Дарханд байдаг эгч нь буяны ажилд нь өөрөө ирээгүй, 200,000 төгрөг шилжүүлсэн боловч Б нь өгөөгүй, өөрөө өрөндөө өгсөн гэсэн. Насанд хүрээгүй хүүхдийг нь худлаа хэлж мэдүүлэг өгүүлсэн. Насанд хүрээгүй хүүхэд нь хуриманд очоогүй. Намайг танихгүй, худал мэдүүлэг өгүүлсэн. Худал хэлж их юм авах гэж байгаад харамсаж байна. 2016 оны 9 дүгээр сарын 22-нд Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон. Архангай аймгийн анхан шатны шүүхээр хохирогч Бд 1,500,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Талийгаачийн эхнэр Б нь та Б эгчид юу мөнгө өгөөд байгаа юм вэ гэж утсаар асуухаар нь шүүхээс өг гэсэн юм. Тэгсэн чинь эхнэр Б нь миний дүүгийн хэдэн хүүхэд яаж байна гээд орж, гардаг биш ямар ичдэггүй юм бэ гээд надад талыг нь өгчих би 5 хүүхдэдээ хувцас авч өгий гэхээр нь би 400,000 төгрөгийг эхнэрт нь өгсөн. Эхнэр нь ямар таниас болсон биш олон түмэн мэдэж байгаа гэж байсан. Одоо Бд өгсөн 1,100,000 төгрөгийг 5 хүүхэд нь гаргуулж өгүүлмээр байна. Талийгаач Бумандорж нь бие муутай эхнэр 5 хүүхэдтэй, нэн ядуу амьдралтай, хадам ээж нь дүлий өвчтэй дүүгийн хамт нэг гэрт байдаг. Архангай аймгийн Чулуут сумын төвд ээжтэйгээ нэг хашаанд хамт амьдардаг, ах дүү муутай, олон хүүхэдтэй. Ах дүүгийн журмаар миний ээж, би, манай дүү бид хэд орж гарч түлээ түлш, идэш хоол аль болох бүхнээрээ харж хандаж авч явдаг. Одоо би ах дүүгийн журмаар эхнэр, 5 хүүхдийг өөрийн хэдэн хүүхэд шигээ харж хандаж авч явдаг. Энэ хэдэд миний ээжээс гадна төрсөн ах дүү байдаггүй. Бид хэд харж хандаж авч явдаг юм...” гэжээ.

 

Шүүгдэгч Б.Л- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Намайг 8 дугаар сарын 2-ны өдөр Баттогтох байцаагч байцаасан. Цогт-Эрдэнэ прокурор надад холбогдох хэргийг хаагаад шилжиж явсан. Хэрэгсэхгүй болсон хэргийг яагаад сэргээсэн талаар тодруулж шалгуулмаар байна...” гэв.

 

Шүүгдэгч Б.Л-гийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 181 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Л-д холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд Ц.Б- нь 2014 оны 8 дугаар сарын 1-ний өдөр согтуугаар морь унах гэж байгаад морины баруун тал руу давж толгойгоороо газар унасан, ингэж унасныхаа дараа хурим болж байсан гэрийн гадаа ирж Л-г хойноос тэврээд авахад Л- нь түүнийг өөрөөсөө холдуулах зорилгоор “чи одоо унтаж амраач” гэж 2 гарыг мултлан хойш түлхсэн байдаг ба Ц.Б- нь бөгсөн хэсгээрээ газар суугаад босож ирээд эхнэр Д.Б руугаа агсам тавихад түүнийг унтуулахаар гэрийн сүүдэрт аваачиж тавьсны дараа Ц.Б- нь ухаан алдаж унасан байдаг юм. Энэ үйл явдал нь хавтаст хэрэгт хэргийн болсон явдлыг нүдээр харсан гэрч нар болох Ж.Оюунцэцэг, Гэрэлтбаяр,Түвшинжаргал, Мягмарсүрэн, Эрдэнэдалай, болон хохирогч Д.Бгийн мэдүүлгүүдээр тогтоогддог юм. Мөн Ц.Б- нь төрөлхийн унаж татдаг өвчний улмаас байнга тархи толгойгоороо юм мөргөж унадаг байсан ба Б.Л- нь бусдын амь насыг санаатай хохироосон гэх гэм буруугийн санаатай хэлбэр болох Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хүсч үйлдсэн хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл хийгээгүй бусдыг алах санаа зорилго байхгүй, хүнд гэмт хэрэг үйлдээгүй энэ түлхэж байгаа үйлдлийн хувьд гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна. Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж Б.Л-гийн үйлдлийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Б.Л-гийн өмгөөлөгч Д.Данзандорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гаргаж байна.

1. Шийтгэх тогтоолыг бүхэлд нь хууль ёсны бус, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хүрээнд: Үүнд:

А. Архангай аймгийн мөрдөн байцаах прокурорын байгууллага, Булган аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар магадлалын заалтыг, тухайлбал: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 326 дугаар зүйлийн 1-д заасан ...нэн даруй заавал биелүүлэх үүргээ биелүүлэлгүй, хуулийг ноцтой зөрчсөн байдаг. Үүнийг анхааран үзэх.

Б. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.4 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчиж, хохирогч буюу талийгаачийн гэргий, 5 хүүхдийн хамт амар мэнд байхад, талийгаачийн эгч гэх хүнийг хохирогчоор тогтоосон нь энэхүү хэргийг будлиантуулах үндэслэл болсон байдаг. Учир нь хохирогчийн өмгөөлөгч Б.Ариунбаяр, прокурор Б.Батсайхан нар хэдэн ч хохирогч байж болно гэж муйгуудлан зүтгэж байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1-д хохирогч ...хүн байна гэж тогтоосон нь нэг тоон дээр хэлсэн байх ба анхан шатны шүүх үүнийг ойлголгүйгээр, өмгөөлөгчийн хүсэлтийг огт харгалзалгүй, уг баримтуудыг шинэчлэн судлаагүйгээс гадна Булган аймгийн шүүхийн магадлал хүчин төгөлдөр үйлчилж байхад өмгөөлөгч Б.Ариунбаярын хүсэлтээр Б.Л-г “онц ноцтой” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн хүсэлт тавьснаар прокурор, шүүх хүлээн авч хуулийн ямар ч заалтгүйгээр шууд хорьсон нь байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөнөөс гадна хүний зовлонгоор бизнес хийж байгаагийн нэг хэлбэр мөн. Мөн хохирогч Ц.Б- нь уг хэрэг үйлдэгдэх явцад мэдээгүй, байгаагүй атлаа түүнийг хуулийн үндэслэлгүйгээр хохирогч болгон, мэдүүлгийг нь онцгой нотлох баримт болгож байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ерөнхий зарчмыг бүдүүлгээр зөрчсөн гэж үздэг. Нөгөө талаар Б.Л-г 4 дэх удаагийн шүүх хуралдаанаас биечлэн эдлэх ялаас чөлөөлөхөд хохирогчийн тал гэгдэх итгээд “Чи шийтгэлгүй боллоо” гэж шаардан 1.1 сая төгрөгийг төлүүлснийг шүүх хохирлоо төлсөн гэж дүгнээд байгааг юу гэж үзэх вэ. Тухайлбал: хохирогч Ц.Б-д эд хөрөнгийн ямар хохирол учруулсныг шүүх нотлох баримтаар тогтоогоогүй гадна түүний шүүхэд бүрдүүлэн өгсөн хохирлын тухай 4,0 сая гаруй төгрөгийн баримтууд нь хууль бус байсныг шүүх нотолсон байгаа. Нөгөө талаар хууль ёсны өв залгамжлагчид байсаар байхад Ц.Б-г хохирогчоор тогтоосон нь цаашдаа өв залгамжлалын асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэхэд ямар нөлөө үзүүлэхийг мөрдөн байцаах прокурор, шүүхийн байгууллага ямар ч үнэлэлт, дүгнэлт өгөөгүй байна.

В. Булган аймгийн шүүхийн 12 дугаар магадлалын заалтыг шалгах явцад шинээр байцаагдсан гэрчүүд Ж.Оюунцэцэг, Б.Баасанбат, Д.Гэрэлтбаяр, Л.Түвшинжаргал, Д.Б нарын мэдүүлгийг нотлох баримтын үнэлгээнээс хасч шинэчлэн судлахаас зориуд зайлсхийж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Г. Мөрдөн байцаагч, прокурор, шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.1, 95.2 дахь заалтыг ойлгон агуулгыг зөв хэрэглэж чадаагүй, өөрөөр хэлбэл өмгөөлөгчдийн мөрдөн байцаалтын ажиллагаанд гаргаж байсан хүсэлтийг нэг ч удаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 102-104 дугаар зүйлүүдээр шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй, мөн мөрдөн байцаалтад өгөх үнэлгээнд прокурор, шүүх нэг талыг барьсан гэж үзэх үндэслэл дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн байдлаас ийм дүгнэлт хийхэд хүргэж байна. Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэргийн материалыг нэг бүрчлэн чин сэтгэлээсээ ухаан уралдуулан уншваас Б.Л- нь бусдыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан гэх нотлох баримт хавтаст хэргүүдэд байхгүй байгаа ба хуульчдын явцуухан бодлоор санаатай алсан гэсэн ерөнхий үнэлгээг мөрдөн байцаагч прокурор өгснийг шүүх шинэчилсэн байцаалтын явцад дурдагдсан нотлох баримтуудад үнэлгээ өгөлгүйгээр дээрх байгууллагуудын, тухайлбал яллах дүгнэлтийн хууль бус үнэлгээнд тулгуурлан шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нөгөө талаар хуучин хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, шинэ Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлүүдийг адилтган үзэж гэмт хэргийн бүрэлдэхүүн, үйлдлийн санаа, зориг, гэмтэл учруулсан байдал зэргийг адилтган үзсэн нь эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэх хориглолтыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд шинэ хуулийн агуулга нь хүнлэг, энэрэнгүй ардчилсан нийгэм байгуулах үндсэн хуулийн зорилтод чиглэгдсэн хууль болохоос биш хуучин хуулийг засварлан хуулсан хууль биш гэдгийг ойлгохыг хүсэж байна. Учир нь өнөөгийн нөхцөлд хуучин Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, шинэ Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн гэмт хэргийн бүрэлдэхүүний болон үйлдлийн хувьд ч яг нэг давтамжийг хэрэглэгдэхүүн болгох агуулгыг тухайн зүйлд тодорхойлоогүй байгаа юм. Энэ тухайд Б.Л-гийн үйлдэл нь аль ч талаас нь авч үзэхэд бусдыг алах санаа ердөө ч агуулаагүйгаас гадна хохирогчийн хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор хийсэн үйлдэл гэдэг нь хавтаст хэрэгт цугларсан бүх гэрчүүдийн мэдүүлэг, бусад нотлох баримтаар тогтоогдож байгаа. Харин шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед учирсан гэмтлийг Б.Л-гийн үйлдлээр тогтоогдсон гэдгийг шууд нотлох баримт хавтаст хэрэгт нэг ч байхгүй байгаа.

Д. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.3, 80.1.6 дахь хэсэгт заасныг мөрдөн байцаалт, прокурорын байгууллага ханган биелүүлэх талаар үнэхээр санаачлагагүй ажилласан нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар баталгааждаг. Үүнийг шүүх зөвхөн Б.Л- бусдыг алсан гэсэн сэтгэл зүйгээр хандаж, цугларсан нотлох баримтад буурьтай дүн шинжилгээ хийгээгүйд харамсаж байна.

2. Шийтгэх тогтоол гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтуудыг ноцтой зөрчсөн. Үүнд:

А. Хуулийн заалтыг шүүх удирдлага болгохдоо, тухайлбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 гэж заажээ. Ийм зүйл заалт энд байхгүй. Мөн 36.6 дугаар зүйлийн тухайд хэргийн болон шийтгэх тогтоолын дугааргүй байсан. Түүнчлэн 36.7 дугаар зүйлийн 2.1-д заасан нөхцөл байдлыг үнэлж, дүгнэж тогтоолд тусгаагүй, зөвхөн прокурорын уншсан яллах дүгнэлт, дараа нь прокурор нотлох баримтыг шинэчлэн судлахад яллах дүгнэлтээ 1 цаг 10 минут тайлбарласан тайлбар, мөн хохирогчийн тайлбарт цаг тогтоогоогүй атлаа Б.Л-гийн өмгөөлөгч нарын тухайд байнга цагаар шахалт үзүүлэн мэтгэлцэх зарчмыг алдагдуулж байсан.

Б. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн байна. Тухайлбал: ...өмгөөлөгчийн саналыг үндэслэл болгосон баримт... талаар тогтоолд ...Ц.Бат-Эрдэнэ, Д.Данзандорж нарын ...шүүхийн хэлэлцүүлэгт ...гэмт хэрэг болгоомжгүйгээр хүний амь насыг хохироосон гэж үзсэнийг хүлээн авах боломжгүй гэжээ. Энэ нь бидний ярьсан зүйлийг үнэлсэн үнэлгээнд дүгнэлт хийлгүй шууд үгүйсгэсэн гэж үзэж болохоор байна. Түүгээр ч барахгүй өмгөөлөгчдийн мэтгэлцэх, үгээ хэлэх талаар 30-аас доошгүй минут ярих хүсэлтийг хүлээн авалгүйгээр 10 минутаар хязгаарлаж хагас дутуу яриулснаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан мэтгэлцэх зарчмыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

В. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7-д заасан заалтыг буруу тайлбарласан ба хүч түрэн шаардаж авсан 1.1 сая төгрөгийн төлбөрийг хохирол гэж тооцсон нь хохирогч Ц.Б-д нэг ч төгрөгийн хохирол учраагүй байхад шүүх 24000 төгрөгийн хохирол учирсан гэж тооцсон нь ойлгомжгүй байгаа юм.

Г. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүх бүрэлдэхүүн тогтоолыг тайлбарлаагүй учраас өмгөөлөгчдөөс уг тогтоолын талаар асуух ч боломж олгоогүй.

3. Эрүүгийн хуулийн 1.4.3-д зааснаар ...Б.Л- нь нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй... ухамсарлах боломжгүй, нийгэмд аюултай хор уршгийг мэдэх боломжгүй байсан... мэдэх ёсгүй байсан бол хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй байгаа юм. Эрүүгийн хуулийн 4.1-д зааснаар Б.Л-гийн үйлдэл тухайн зүйлийн 1.2-д заасан үйлдэлд хамаарагдах бөгөөд Эрүүгийн хуулийн 6.1.2-д зааснаар хариуцлага хүлээлгэх нөхцөл байдлыг харгалзан үзэж ял шийтгэл оногдуулах ерөнхий зарчим үйлчилж байгааг анхаарна уу.

Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгааг анхааран үзэж Б.Л-д Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулсан нөхцөл байдал үнэхээр тогтоогдоогүй гэж үзэж байна.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 ба 2 дахь заалтыг прокурор, шүүх аль нь анзаарч ханган биелүүлээгүй. Мөн энэ зүйлийн 3-д зааснаар шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох тухай заалтыг огт биелүүлээгүйгээс гадна хуулийн заалтыг ноцтой зөрчсөн. Мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д Б.Л-гийн үйлдлийг гэм буруугүйд тооцох шалтгаант холбоо бий болсон байхад түүнийг огт авч хэлэлцэлгүйгээр гэм буруутай гэж тооцсон байна. Хохирогч Ц.Б-гийн өмгөөлөгч Б.Ариунбаяр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийг бүхэлд нь зөрчсөн бөгөөд хуульд заагаагүй эрхийг эдэлж Ц.Б-г хохирогчоор тогтоохын төлөө хохирогчийг хамгаалах агуулгаар биш бизнесийн үйл ажиллагаа явуулах агуулгаар Булган аймгийн шүүхийн магадлал хүчинтэй байх хугацаанд өмгөөлөгч Б.Ариунбаяр нь хуулийг өөрийн хүссэнээр гуйвуулж хүчин төгөлдөр магадлалын заалтыг огт тоолгүйгээр Б.Л-г хууль бусаар хориулж байсан зэрэг зөрчлүүдийг гаргасан тул арга   хэмжээ авахуулах талаар зохих байгууллагад тавина.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар хэргийн бүрдэл, бүтэц, ангиллыг тогтоож чадаагүйг анхааран үзэж мөн хуулийн 3 дахь заалтаар мэдүүлэг өгөгчид мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй байдлыг прокурор, шүүхийн байгууллага шууд нотлох баримт болгож байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 15.1.2-д зааснаар нотлох баримтыг шалгах, үнэлэх үүргээ биелүүлээгүй эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь нягт нямбай шалган үзэх хянах үүргээ биелүүлээгүй, зөвхөн шинжээчийн дүгнэлтийг хуулбарлан дүгнэсэнд үнэхээр харамсалтай байна. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үнэлэхэд ялангуяа үйлдэл болох болсон тэр газарт байсан эрүүл гэрчүүд, тухайлбал: Ж.Оюунцэцэг, Б.Баасанбат, Д,Гэрэлтбаяр, Л.Түвшинжаргал, Д.Б нарын мэдүүлгээр талийгаач Ц.Б- унахдаа зөвхөн бөгсөөрөө унасан гэдгийг гэрчилсэн байхад мөн бусад гэрчүүд ч гэсэн талийгаачийг толгойгоороо унасан гэдгийг шууд гэрчилсэн нэг ч гэрч байхгүй байгааг шүүхийн байгууллага анзаарахгүй байгаагийн учрыг нягтлан шалгаж өгнө үү. Нөгөө талаар Б.Л-гийн үйлдэл үхэлд хүргэх үйлдэл байсныг ямар нотлох баримтаар шүүх тогтоож байгаа нь үнэхээр бодит байдалд нийцээгүй, эх сурвалжгүй баримтуудыг нотолгоо болгоод байгааг анхаарна уу.

Дээр дурдсан Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20-иод зүйлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бодит байдалд нийцээгүй гэсэн дүгнэлтийг өгч байгаад маш хянуур, урьдчилан оношлолгүйгээр, шинэ хуулийн агуулга, ач холбогдлыг шинжлэх ухааны үүднээс үнэлэн дүгнэж, өнөөгийн нөхцөлд шинэ хуулийн зохицуулах хэм хэмжээг бодит байдлаар хэрэглэх хандлагыг агуулсан дүн шинжилгээ хийхийг хүсэж Б.Л-гийн үйлдэл нь хуучин Эрүүгийн хуулийн 91.1 буюу шинэ Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэх үйлдэл биш гэдгийг анхааран үзэж Б.Л-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлд зааснаар зүйлчлэн ял шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэнэ үү.

Булган аймгийн давж заалдах шүүхийн 2017 оны 12 дугаар магадлалын дагуу байцаагдсан гэрчүүдийн мэдүүлгийг нотлох баримтаас хассан хууль бус алдааг залруулан үнэлэхийн гадна цэвэр бизнесийн агуулгаар хохирогчоос тогтоогдсон Бгийн хохирогчоор тогтоосон тогтоолыг хүчингүй болгож, шахалт, сүрдүүлэг үзүүлэх замаар авсан 1,1 сая төгрөгийг хохирогч Д.Б, түүний үр хүүхдүүдэд олгоно уу. Учир нь хавтаст хэргийн материалд байгаа 4,0 сая гаруй төгрөгийн баримт хуурамч баримтууд авагдсан байгааг шүүх тогтоосон. Дээр дурдсан хүсэлтэд хууль зүйн үндэслэлтэй хариу өгөхийг хүсье...” гэв.

 

Хохирогч Д.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тайлбар байхгүй...” гэв.

 

Хохирогч Ц.Б-гийн өмгөөлөгч Б.Ариунбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Л- давж заалдах гомдолдоо өөрийнх нь болон гэрч нарын мэдүүлгийг мөрдөн байцаагч хүндрүүлж бичсэн, зарим гэрч нарыг хэрэг буцаалаа гэж дарамталж мэдүүлэг авсан гэж дурдаж байгаа боловч энэ нь нотлогдоогүй. Энэ талаар мөрдөн байцаалтын шатанд тодорхой ажиллагаа хийгдсэн байдаг. Гэрч нараас хууль сануулж мэдүүлэг авсан тул хавтаст хэрэгт авагдсан гэрч хохирогч нарын мэдүүлэг нь нотлох баримтын хууль ёсны байх, хуулийн шаардлагыг хангасан. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж байна. Нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хор аюулыг мэдэх боломжгүй байсан гэдэг нь Б.Л-гийн үйлдлийн хувьд хор уршиг учрахыг мэдэх үүрэггүй байхыг ойлгодог. Б.Л- нь талийгаачийг заамдаж аваад түлхэж байгаа үйлдэл нь эрх зүйн бус үйлдэл юм. Эрх зүйн бус үйлдэлд хор уршиг гэм бурууг учруулах асуудал яригдахгүй гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Л- нь талийгаачийн хэлсэн үг, хийсэн үйлдэлд уурлан дургүйцэж өөрийн санаачлагаар Бумандоржтой муудалцаад хоорондоо харилцан заамдалцаж авсан, улмаар Бумандоржийг түлхэж түлхэлтийн улмаас газар унаж дахин босч ирэхгүй байсаар эмнэлэгт хүргэгдэж нас барсан үйл баримт хэрэгт авагдсан. Хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогддог. Б.Л-гийн талийгаачтай заамдалцсан үедээ түлхэж байгаа үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэр, түлхэж байгаа үйлдэл нь санаатай үйлдэл. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй хэргийн жинхэнэ байдалд нийцсэн гэж үзэж байна. Б.Л-гийн түлхсэн үйлдэл болон талийгаачийн амь нас хохирсон хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой гэдэг нь нотлох баримтуудаар тогтоогдоно. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Л-, түүний өмгөөлөгч Д.Данзандорж, Ц.Бат-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хангахгүй орхиж өгнө үү...” гэв.

 

Прокурор Ш.Чимгээ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хавтаст хэргээс үзэхэд мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн шаардлага хангасан, дурдагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу авагдсан гэж үзэж байна. Удаа дараагийн шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Тэдгээр дүгнэлтүүд нь өмнөх дүгнэлтээ бататгасан үгүйсгэсэн биш дүгнэлтүүд гарч ирсэн. Эдгээр дүгнэлтээр үхлийн шалтгаан тодорхой байсан. Мориноос унасан нь хамаагүй, түлхэлтээс болсон гэж дүгнэсэн. Прокуророос зүйлчилсэн зүйлчлэл тохирсон хэргийн бүрдэл хангагдсан. Шүүгдэгчид ашигтай байдлаар шинээр хэрэгжиж эхэлсэн хуулийн доод хэмжээнд нийцүүлж анхан шатны шүүх шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Б.Л-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг мөрдөн байцаалтаар хангалттай шалгаж тодруулсан байх ба шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх бүрэн боломжтой байна.

 

Архангай аймгийн Чулуут сумын Зуунмод багийн нутаг дэвсгэр Чулуун хороот гэх газар 2014 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Б.Л- нь талийгаач Ц.Б-той маргалдаж заамдалцаж, улмаар түлхэж, газар унаган түүний бие махбодид “...тархины битүү гэмтэл, тархины зөөлөн бүрхүүл хальсан доорх тархмал цус харвалт, тархины няцрал...” гэсэн  гэмтлийг учруулж, уг гэмтлийн улмаас Ц.Б- нь нас барсан болох нь:

хохирогч Д.Бгийн “...2014 оны 8 дугаар сарын 1-ний өдөр нөхөр Бумандорж болон 5 хүүхдийнхээ хамтаар Архангай аймгийн Чулуут сумын Зуун мод багт болсон ээжийн дүүгийн хуриманд очсон. Тухайн үед миний нөхөр Бумандорж бэргэнд явж ирээд нилээд их согтсон, тасарсан байдалтай ирээд унт гэхээр унтахгүй хүн, хүн доромжлоод яваад байсан. Тэгээд найр тарах дөхөж байхад би хоолны гэрээс гарч иртэл Бумандорж тэр хавиас согтуу явж байснаа гэрийн урд талд тэрэгний хажууд сууж байсан хүмүүс дээр ирээд Л- ахыг заамдаж аваад юм яриад байсан. Би юу ярьж байсныг нь сонсоогүй. Л- ах Бумандоржийн мөр рүү нь гараараа нэг удаа түлхтэл… ...Дахин сэргэхгүй байсаар байгаад сумын эмнэлэгт ирээд нас барсан....” /4-р хх-ийн 31-33 тал/,

хохирогч Ц.Б-гийн “...2014 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Архангай аймгийн Чулуут сумын Дунд Жаргалант гэх газар хөдөө байж байх үед манайд сумын төвөөс машинтай хүмүүс ирээд надад хандаж танай дүү Бумандорж нас барчихлаа эмнэлэг дээр байгаа эмнэлэг дээр очих хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд эмнэлэг дээр ирэх үед Бумандорж нас барчихсан байсан. Тэр үед нь би тэнд байсан хүмүүсээс юу болсон талаар асуухад надад юм хэлээгүй уйлалдаад байсан. Талийгаач дүү Бумандоржийг юунаас болоод нас барсныг мэдээгүй байж байгаад сүүлд цагдаагийн байгууллага шалгаад ирэх үед манай дүү талийгаачийг Б.Л- түлхэж унагаагаад манай дүү нас барсан гэж би сонссон. Би хувьдаа гомдолтой байна...” /3-р хх-ийн 369 тал/,

гэрч Б.Эрдэнэдалайгийн “...тэгээд би сэрээд айлуудын урд байх үхэр тэргэн дээр очиж суугаад Норовоо ахын хамтаар тамхи татаад байж байх үед Л- гэх залуу ирээд надаас тамхи асуусан. Би тэгэхээр нь халааснаасаа тамхи гаргаж өгөх гээд байж байх үед талийгаач Ц.Б- Б.Л-г заамдаад Л- бас зөрүүлээд заамдаад хоёулаа хоёр биеэ заамдчихсан зогсож байсан. Тэр үед талийгаачийн эхнэр Б ирчихсэн Б.Л- болон талийгаач Ц.Б- нарыг салгах гээд зогсож байсан юм. Тэгээд байж байх үед Б.Л- талийгаач Ц.Б-ийг чи яах гээд байгаа юм бэ унтаж амар надаас холд гээд нэг гараараа түлхчхээд яваад өгсөн. Тэгсэн талийгаач Ц.Б- газар унасан. Би талийгаачийг тухайн үед хэрхэн яаж газар унасныг анзаарч харж чадаагүй хойшоо л унаж байгаа харагдсан. Тэгээд талийгаач Ц.Б- ухаан алдаад уначихсан, тэнд байсан хүмүүс талийгаачийг өргөөд гэрийн хаяанд аваачиж байгаа харагдсан. Талийгаач Бумандорж Б.Л- ахад түлхүүлж унаад босож ирээгүй. Тагийгаач Ц.Б- хурим болж байсан гэрийн урд байх урдаас нь зөрүүлж тавьсан байдалтай хоёр үхэр тэрэгний хажуу талд Б.Лхагвасурэн ахад түлхүүлж газар унаад ухаан алдаж унасан юм. Тэр дээрх хоёр тэрэгний хажуу талд анх Б.Баасанбат, Б.Л- ах бид гурвыг сууж байхад С.Норовсамбуу ах ирээд бид нар тамхи татаад сууж байсан юм. Тэр үед талийгаач Ц.Б- хүрч ирээд Б.Л- ахтай хоёулаа бие биенийгээ заамдаад авсан. Тэр үед Б.Л- ах талийгаач Ц.Б-ийг чи одоо яах гээд байгаа юм унтаж амраач, надаас холд гээд гараараа талийгаач Бумандоржийг түлхсэн. Тэр үед талийгаач Бумандорж газар унаад ухаан алдчихсан буцаж сэрээгүй ухаангүй байсаар байгаад эмнэлэг рүү хүргэгдэж очсон, Талийгаач Бумандорж, Л- ах хоёрыг заамдалцаад байж байх үед Норовсамбуу ах, Баасанбат нар хажууд нь байгаагүй. Норовсамбуу ах хаашаа ч юм яваад өгсөн. Баасанбат бие засах гээд ойрхон явсан байсан юм. Тэр үед талийгаачийн эхнэр Б, талийгаач болон Л- нарын хажууд би ойрхон сууж байсан хэрэг болсон гэх газар нь Чулуут сум Зуунмод баг Чулуун хороот гэх газар байсан...” /1-р хх-ийн 43-45, 89-90, 2-р хх-ийн 274-277, 354 тал/,

гэрч С.Норовсамбуугийн “...Гадаа гараад тамхи татаад Эрдэнэдалайгийн хамт гадаа байж байх үед, бас Л- хамт байсан. Бид гурвыг байж байх үед талийгаач ирээд надаас тамхи асуусан. Би тэгэхээр нь татаж байсан тамхиа талийгаачид өгчихөөд тэндээс босоод хурим болж байсан газрын ард талд байх Л-гийнд ганцаараа ирээд айраг уух гэтэл хүн байхгүй байсан болохоор нь би буцаад урд хурим болж байсан газар очсон. Тэр үед талийгаач ухаан алдчихсан байсан. ...буцаад ирэх үед талийгаач хурим болж байсан гэрийн урд байх, хэргийн 8 дугаар хуудсан дээр сум заасан байгаа үхэр тэрэгний урд талийгаач Ц.Б- ухаан алдаад уначихсан хүмүүс бөөгнөрсөн байсан. Талийгаач хурим болж байсан гэрийн урд талд сум заасан үхэр тэрэгний урд ухаан алдчихсан байдалтай байж байх үедээ дахин сэрээгүй, ухаан алдсан хэвээрээ байж байгаад эмнэлэгт хүргэгдсэн. ...Ухаан алдаад уначихсан байсан үед нь тэнд байсан хүмүүс уг газраас холдуулж 2 дахь гэрийн ард дамнаж аваачсан талийгаач тэр газраа ухаан орохгүй байсаар байгаад эмнэлэг рүү эмч ирээд аваад явсан. ...Баасанбат, Эрдэнэдалай, Л- нарыг урд урдаасаа зөрүүлж тавьсан үхэр тэрэгний хажууд байхад очсон юм. Тэр үед бид 4 дээр Бумандорж ирээд тамхи байна уу гэж асуусан. Би татаж байсан тамхиа өгсөн. Тэр үед талийгаач Бумандорж Л-д хандаж пизда минь гээд байсан. Би тэд нарыг тэр газар нь үлдээгээд яваад өгсөн. Буцаад ирэхэд хурим болж байсан гэрийн урд урдаас нь зөрүүлж тавьсан хоёр үхэр тэрэгний урд ухаан алдаад уначихсан байсан...” /1-р хх-ийн 46-48, 2-р хх-ийн 270-273, 352 тал/,

гэрч Б.Баасанбатын “...Ц.Б- ирээд Л-г заамдаад авсан. Тэр үед Л- ах бас талийгаачийг заамдчихсан зогсож байсан. Тухайн үед талийгаач Ц.Б-ийн эхнэр ирчихсэн талийгаач болон Л- нарыг салгах гээд зогсож байсан. Би тэр үед бие засах гээд тэндээс яваад машинуудын араар ороод бие засчихаад ирсэн. Тэгэхэд талийгаач Ц.Б- ухаан алдчихсан газар хэвтэж байсан. Ямар учраас ухаан алдаж унасан болохыг хажууд нь байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна. Сүүлд нь юу болсон талаар хурим дээр байсан хүмүүсээс асуухад Л- талийгаач Бумандоржийг түлхсэн. Тэгээд талийгаач газар унасан гэж ярьж байсан. Норовсамбуу хамт байгаагүй. Талийгаач Бумандоржийг бид нар дээр ирэх үед босоод явчихсан байсан юм...” /1-р хх-ийн 91-94, 2-р хх-ийн 282-284, 350 тал/,

гэрч Б Мягмарсүрэнгийн “...намайг гадуур явж байх үед талийгаач гадаа үхэр тэрэгний хажууд унасан. Би тэр үед нь гүйж очиход талийгаач газар уначихсан хажууд нь Б байсан. Би тэгээд талийгаачийг Бтай хамт өргөөд гэрийн ойролцоо аваад очоод цээжинд нь массаж хийж өгөөд тэгээд хэсэг хугацааны дараа түргэн дуудсан. Эмч ирэх үед талийгаачийг гэрт оруулсан байсан. Би юунаас болж хэрхэн яаж унасан болохыг хараагүй...” /2-р хх-ийн 375 тал/,

гэрч Б.Лхагвадоржийн “...тэгээд байж байтал гадаа хүмүүс уначихлаа, барьчихлаа гээд орилоод байхаар нь гараад хартал талийгаач хурим болж байсан гэрийн урд байх үхэр тэрэгний хажууд уначихсан хүмүүс бөөгнөрсөн байдалтай байсан. Тэгэхээр нь би гүйгээд очтол талийгаачийн нүүр нь хөхөрчихсөн ухаан алдаад уначихсан байсан. Тэгээд бага гэрийн дунд өргөж аваачиж тавьсан. Би ямар учраас хаана яг унасан талаар мэдэхгүй байна. Тухайн үед гэрт байсан. Талийгаачийг сумаас эмч ирж үзээд явсны дараа хурим найранд ирсэн хүмүүс талийгаачийг Л- түлхээд унагаачих шиг л боллоо гэж ярьцгааж байсан...” /хх-ийн 35-39, 2-р хх-ийн 353 тал/,

гэрч С.Очирхуягийн “...Ц.Б-ийн эхнэр надад хандаж хэлэхдээ талийгаач Бумандорж хурим дээр байх үедээ Б.Л- гэх хүнтэй барьцалдаж аваад хүмүүс салгах гэж байх үед талийгаачийг Б.Л- түлхээд талийгаач тэр үед газар унаад ухаан алдчихсан тэгээд ухаан орохгүй байж байгаад эмнэлэг дээр ирээд нас барчихсан гэж хэлж байсан. Би өөрөө тухайн үед хажууд нь байгаагүй болохоор хараагүй гэхдээ эхнэр нь надад өөрөө болсон асуудлын талаар хэлсэн юм...” /1-р хх-ийн 81-82 тал/,

насанд хүрээгүй гэрч П.Отгонжаргалын “...хүүхдүүд хурим болсон гэрийн ард талд байсан майхан дотор тоглож байтал талийгаач Бумандорж ах гэрийн хажууд хүмүүстэй юм яриад байж байсан.Тэгээд нэлээн удсаны дараагаар Бумандорж ахыг хүмүүс дамжлаад миний тоглож байсан майхны хажууд аваад ирсэн. Би Бумандорж ахыг хартал нэг чихнийх нь ар хэсгээс цус гарч, өмссөн байсан судалтай цагаан цамц нь чихнийхээ орчимд цус болсон байдалтай харагдаж байсан. Л- ахыг түлээний хажууд хэвтэж байхад нэг тарган эгч ирээд чи хүн алчихлаа гээд цохиж аваад байсан. Л- ах юм ярихгүй дуугүй байгаа л байсан. Л- ахыг цохиж авсан эгчийг би танихгүй...” /4-р хх-ийн 39-40 тал/,

шинжээч эмч Б.Отгонжаргалын “...тархины зөөлөн бүрхүүл доорх зай дахь артери, вений судас болон салаанууд гэмтсэнээс зөөлөн бүрхүүл доорх цус харвалт үүснэ. Зөөлөн бүрхүүл доор цус харвалт нь зүрх судасны системийн өвчин, тархины судасны хатуурал, тархины судасны өвчин мөн гэмтлийн улмаас үүсдэг. Талийгаач Ц.Б-ийн цогцост хийсэн магадлан шинжилгээгээр тархины орой болон суурь, бага тархины зөөлөн бүрхүүл доор тархмал зузаан цус харвалттай байсан. Баруун чамархайн хэсгээр илүү зузаан байсан. Талийгаач Ц.Б-ийн тархины зөөлөн бүрхүүл доорх тархмал цус харвалт нь гэмтлийн улмаас үүснэ. Тархины орой сууриар үүссэн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт нь тархины мэдрэлүүд уртавтар тархийг цочроож түүнд байгаа зүрх судас амьсгалын төвүүдийг цочроон даралт унаж үхэлд хүргэдэг. Мориноос унах үед баруун талаар үүссэн гэмтлүүд болох баруун бөөрний өөхлөг хэвлийн баруун доод хэсгээр 10, 11 дүгээр хавирганы түвшинд орчны зөөлөн эдэд хар хүрэн өнгийн цус хуралт гэмтлүүд үүсэх боломжтой. Морь унах гэж байгаад дээгүүр нь давж унах үед тархины зөөлөн бүрхүүл доорх тархмал цус хуралт үүсэх боломжгүй. Ийм гэмтэл авсан хүн удаан хугацаагаар үйлдэл хөдөлгөөн хийх боломжгүй. Учир нь зөөлөн бүрхүүл доорх тархмал цус харвалтын улмаас тархины суурь уртавтар тархинд байх амьсгал зүрх судасны төв цочирч даралт унаж амьсгал зүрх судас зогсож үхэлд хүргэдэг.

Талийгаач Ц.Б-ийн өвчүүний доод хэсэгт жижиг цус хуралт, зүүн гарын бугалгын гадна дунд хэсэгт жижиг дугариг цус хуралт, баруун мөрний ард, зүүн тохойн гадна хажууд жижиг зулгаралт, баруун чихний дэлбээний дээд ирмэгт жижиг шалбарсан зулгаралт, баруун хөмсөгний дээд хэсэг, духны баруун дээд хэсэгт жижиг цус хуралт, баруун чамархайн булчинд түүний харалдаа хуйхан доор нимгэн цус хуралт, баруун бөөрний өөхлөлт, хэвлийн баруун доод хэсгийн 10-11 дүгээр хавирганы түвшинд арьс цээжний гялтан завсар хар хүрэн өнгийн цус хуралт, нугалмын хажуугийн суганы арын шугамаар 10, 11, 12 дугаар хавирганы түвшинд орчны зөөлөн эдэд хар өнгийн цус хуралт гэмтэл байгаа нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаачийн баруун мөрний ард, зүүн тохойн гадна хажууд үүссэн гэмтэл нь түлхэгдэх явцад газар унахад үүсэх боломжтой...” /1-р хх-ийн 102-104, 2-р хх-ийн 388-389 тал/ гэх мэдүүлгүүд,

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 43 дугаар “...Шүүх эмнэлгийн онош: Тархины битүү хүнд гэмтэл. Тархины зөөлөн бүрхүүл хальсан доорх тархмал цус харвалт. Амьсгал, зүрх судасны дутагдал. Өвчүүний доод хэсэгт жижиг цус хуралт, зүүн гарын бугалгын гадна дунд хэсэгт жижиг дугариг цус хуралт, баруун мөрний ард, зүүн тохойн гадна хажууд жижиг зулгаралт, баруун чихний дэлбээний дээд ирмэгт жижиг шалбарсан зулгаралт, баруун хөмсөгний дээд хэсэг, духны баруун дээд хэсэгт жижиг цус хуралт, баруун чамархайн булчинд түүний харалдаа хуйхан доор нимгэн цус хуралт, баруун бөөрний өөхлөлт, хэвлийн баруун доод хэсгийн 10, 11 дүгээр хавирганы түвшинд арьс, цээжний гялтан завсар хар хүрэн өнгийн цус хуралт, нугалмын хажуугийн суганы арын шугамаар 10, 11, 12 дугаар хавирганы түвшинд орчны зөөлөн эдэд хар өнгийн хуралт. Дунд зэргийн согтолт, цусан дахь спиртийн алкоголь 1,8 промили. Ходоодны салстын тархмал улайлтат үрэвсэл.

Талийгаач Ц.Б-ийн биед оношийн 1, 2 дугаарт тусгагдсан тархины битүү хүнд гэмтэл, түүний хүндрэл, оношны З-А-д тусгагдсан цус хуралт, зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, жижиг зулгаралт нь хэсэг газрын шүргэх нидрэгдэх үйлчлэлээр үүснэ. Талийгаач нь тархины зөөлөн бүрхүүл доорх тархмал цус харвалтын улмаас нас баржээ. Шинжилгээгээр ходоодны салстын үрэвсэл өвчтэй байна. Энэ нь үхэлд нөлөөлөхгүй. Амбулаторийн картаас талийгаач нь хүндэвтэр хэлбэрийн оюун хомсдол /Р71-ӨОУА/ өвчтэй байна. Энэ өвчний улмаас сэтгэцийн эмчийн хяналт болон группд байдаг. Нас барахын өмнө дунд зэргийн согтолттой байжээ. 2014 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 02 цагийн үед шинжилгээнд орох үеийн шинжээр нас бараад 8-10 цаг орчим болжээ...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 59-65 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1106 дугаар “...Урьд гаргасан Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 43 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Талийгаачид тархины битүү гэмтэл, тархины зөөлөн бүрхүүл хальсан доорх тархмал цус харвалт, тархины няцрал, толгойн хуйхан доорх баруун чамархайн булчин, баруун бөөрний өөхлөг, баруун хавирганы нум орчмын 10, 11 дүгээр хавирганы түвшинд, суганы арын шугамаар 10, 11, 12 дугаар хавирганы түвшинд орчны зөөлөн эдэд цус хуралт, дух, цээж, зүүн бугалганд цус хуралт, баруун чих, мөр, зүүн тохойд зулгаралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач нь тархины битүү гэмтэл, тархины зөөлөн бүрхүүл хальсан доорх тархмал цус харвалт, тархины няцралын улмаас нас баржээ. Амбулаторийн картаас үзэхэд талийгаач нь хүндэвтэр хэлбэрийн оюуны хомсдол өвчтэй байсан байна. Талийгаачид учирсан тархины зөөлөн бүрхүүл хальсан доорх тархмал цус харвалт нь гэмтлийн улмаас үүссэн байна. Талийгаач нь морь унах гэж байгаад морин дээгүүрээ давж унасан үед тархины битүү гэмтэл, тархины зөөлөн бүрхүүл хальсан доорх тархмал цус харвалт, тархины няцрал гэмтэл үүссэн байх боломжгүй. Харин бусдад түлхүүлж унаад ухаангүй болсон гэснээс үзэхэд энэ үед тархины битүү гэмтэл, тархины зөөлөн бүрхүүл хальсан доорх тархмал цус харвалт, тархины няцрал гэмтэл үүссэн байх боломжтой. Тархины битүү гэмтэл, тархины зөөлөн бүрхүүл хальсан доорх тархмал цус харвалт, тархины няцрал гэмтэл үүссэнээс хойш идэвхтэй үйл хөдөлгөөн хийх боломжгүй. Тархины битүү гэмтэл, тархины зөөлөн бүрхүүл хальсан доорх тархмал цус харвалт, тархины няцрал гэмтэл авсан хүн хэдий хугацаанд амьд байхыг нарийвчлан тогтоох боломжгүй. Учир нь тухайн хувь хүний бие мах бодын онцлогоос хамаарч харилцан адилгүй байна...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 110-112 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 871 дүгээр “...Урьд гаргасан №43, бүрэлдэхүүнтэй гаргасан №1106 тоот дүгнэлтүүд үндэслэлтэй байна. Талийгаачийн биед учирсан зөөлөн бүрхүүл доорх тархмал цус харвалт гэмтэл нь тархины аль судас гэмтсэнээс үүссэнийг тогтоох боломжгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 258 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 629 дүгээр “...Урьд гаргасан шинжээчийн 43, 1106, 871 тоот дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна. Талийгаач Ц.Б-ийн биед тархины битүү гэмтэл, их бага тархины 2 тал бөмбөлгийн орой, суурийн хэсгийн зөөлөн бүрхүүлийн доорх тархмал цус харвалт, баруун чамархайн хуйх, булчин, баруун бөөрний өөхлөг, баруун хавирганы нум орчмын 10, 11-р хавирганы түвшинд, суганы арын шугамаар 10, 11, 12-р хавирганы түвшинд орчны зөөлөн эдэд цус хуралт, дух, цээж, зүүн бугалганд цус хуралт, баруун чих, баруун мөр, зүүн тохойд зулгаралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Талийгаач Ц.Б- нь тархины битүү гэмтэл, тархины зөөлөн бүрхүүл доорх тархмал цус харвалтын улмаас нас баржээ. Талийгаач үхэлд хүргэх архаг өвчин үгүй байна. Талийгаач Ц.Б-ийн үхэлд хүргэсэн тархины зөөлөн бүрхүүл доорх тархмал цус харвалт гэмтэл нь бусдад түлхэгдэж унах үед үүсгэгдэх боломжтой. Толгойн аль ч хэсэгт хүч үйлчлэх үед үүсэх боломжтой. Тархины зөөлөн бүрхүүл доорх тархмал цус харвалт гэмтлийг авсан хүн үйлдэл хөдөлгөөн хийж явах боломжгүй учир талийгаач нь морь унах гэж байгаад морин дээгүүр давж газарт унах үед уг гэмтлийг авсан байх боломжгүй байна...” гэх шинжээчийн дүгнэлт /4-р хх-ийн 51-54 тал/,

хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 3-9 тал/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Б.Л- Ц.Б-той заамдалцаж, түүнийг түлхэж Ц.Б-ийг газар унагасан үйлдлийн улмаас Ц.Б-ийн бие махбодид “...тархины битүү гэмтэл, тархины зөөлөн бүрхүүл хальсан доорх тархмал цус харвалт, тархины няцрал...” гэсэн  гэмтэл учирснаас нас барсан болох нь тогтоогдсон ба түүний энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж Б.Л-гийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний гэм буруу, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөлд тохирсон ял шийтгэл оногдуулсан байна.

 

Иймд Б.Л-, түүний өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, Д.Данзандорж нарын хэргийг буруу зүйлчилсэн талаарх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор амь хохирогчийн төрсөн эгч Ц.Б-, эхнэр Д.Б нарыг тус тус тогтоосон нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт заасан “....Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан ...бол энэ зүйлд заасан эрхийг түүний гэр бүлийн гишүүн болон төрөл, садангийн хүн эдэлнэ...” гэж заасныг зөрчөөгүй байх ба мөн зүйлийн 42.1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас нэр төр, алдар хүнд, бие эрхтэн, эд хөрөнгийн талаар хохирол хүлээсэн этгээдийг хохирогч гэнэ.” гэж заасанд нийцэж байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Данзандоржийн “...Ц.Б-гийн хохирогчоор тогтоосон тогтоолыг хүчингүй болгуулах...” талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, төрсөн дүүгийнхээ амь хохирсон эрүүгийн хэрэгт хохирол хүлээсэн гэж оролцох төрсөн эгч Ц.Б-гийнх нь эрхийг нь хязгаарлах хууль зүйн үндэслэлгүй. Иймээс, хохирогч Ц.Б-гийн гэм хорын хохирлыг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Өмгөөлөгч Д.Дандандоржийн “...Ж.Оюунцэцэг, Д.Гэрэлтбаяр, Л.Түвшинжаргал, Д.Б нарыг гэрчээр өгсөн мэдүүлгүүдийг шүүх үнэлээгүй...” талаарх гомдлыг хянавал:

 

Тухайн гэмт хэрэг болсон 2014 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн тухайн цаг хугацаанд амь хохирогч Ц.Б-, шүүгдэгч Б.Л- нартай хамт байсан Б.Эрдэнэдалай /1-р хх-ийн 43-44 тал/, С.Норовсамбуу /1-р хх-ийн 46-48 тал/ нарын 2014 оны 8 дугаар сарын 2-ны өдөр, Б.Баасанбат /1-р хх-ийн 91-94 тал/-ын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр анх удаа гэрчээр өгсөн мэдүүлгүүдийг нь шүүх хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой гэж үзэж үнэлсэн бөгөөд тухайн цаг хугацаанд хэргийн газарт хэн, хэн байсан талаар:

гэрч Б.Эрдэнэдалай “...тэгээд би сэрээд айлуудын урд байх үхэр тэргэн дээр очиж суугаад Норовоо ахын хамтаар тамхи татаад байж байх үед Л- гэх залуу ирээд надаас тамхи асуусан. Би тэгэхээр нь халааснаасаа тамхи гаргаж өгөх гээд байж байх үед талийгаач Ц.Б- Б.Л-г заамдаад Л- бас зөрүүлээд заамдаад хоёулаа хоёр биеэ заамдчихсан зогсож байсан. Тэр үед талийгаачийн эхнэр Б ирчихсэн Б.Л- болон талийгаач Ц.Б- нарыг салгах гээд зогсож байсан юм...” /1-р хх-ийн 43-45, 89-90, 2-р хх-ийн 274-277, 354 тал/,

гэрч С.Норовсамбуу “...Гадаа гараад тамхи татаад Эрдэнэдалайгийн хамт гадаа байж байх үед, бас Л- хамт байсан. Бид гурвыг байж байх үед талийгаач ирээд надаас тамхи асуусан. Би тэгэхээр нь татаж байсан тамхиа талийгаачид өгчихөөд тэндээс босоод хурим болж байсан газрын ард талд байх Л-гийнд ганцаараа ирээд айраг уух гэтэл хүн байхгүй байсан болохоор нь би буцаад урд хурим болж байсан газар очсон. Тэр үед талийгаач ухаан алдчихсан байсан. ...Баасанбат, Эрдэнэдалай, Л- нарыг урд урдаасаа зөрүүлж тавьсан үхэр тэрэгний хажууд байхад очсон юм. Тэр үед бид 4 дээр Бумандорж ирээд тамхи байна уу гэж асуусан...” /1-р хх-ийн 46-48, 2-р хх-ийн 270-273 тал/,

гэрч Б.Баасанбат “...Ц.Б- ирээд Л-г заамдаад авсан. Тэр үед Л- ах бас талийгаачийг заамдчихсан зогсож байсан. Тухайн үед талийгаач Ц.Б-ийн эхнэр ирчихсэн талийгаач болон Л- нарыг салгах гээд зогсож байсан. Би тэр үед бие засах гээд тэндээс яваад машинуудын араар ороод бие засчихаад ирсэн. Тэгэхэд талийгаач Ц.Б- ухаан алдчихсан газар хэвтэж байсан. Ямар учраас ухаан алдаж унасан болохыг хажууд нь байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна...” /1-р хх-ийн 91-94/ гэж мэдүүлж байсан байна.

 

Иймд хэрэгт авагдсан Ж.Оюунцэцэг, Д.Гэрэлтбаяр, Л.Түвшинжаргал, Д.Б нарын гэрчээр өгсөн мэдүүлгүүдийг хэрэг болсон цаг хугацаанд хэргийн газарт амь хохирогчийн хажууд байсан гэрч Г.Эрдэнэдалай, С.Норовсамбуу, Б.Баасанбат нарын мэдүүлгээс давуу үнэлэх боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин анхан шатны шүүх Б.Л-гийн цагдан хоригдсон хоногийг буруу тооцсоныг зөвтгөх нь зүйтэй байна. Б.Л- нь 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 8-ны өдөр хүртэл 14 хоног, 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр хүртэл 129 хоног, 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдөр хүртэл 15 хоног, 2016 оны 9 дүгээр сарын 2-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл 20 хоног, 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл 123 хоног, 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдөр хүртэл 42 хоног, нийт 343 хоног цагдан хоригдсон байхад анхан шатны шүүх 329 хоног гэж буруу тооцсон тул зохих өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 181 дүгээр шийтгэх тогтоолын:

           

            тогтоох хэсгийн 5 дахь заалтын “...Б.Л-гийн цагдан хоригдсон гурван зуун хорин ес хоногийг...” гэснийг “...Б.Л-гийн цагдан хоригдсон 343 /гурван зуун дөчин гурав/ хоногийг...” гэж өөрчилж,

 

            тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгч Б.Л-, түүний өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, Д.Данзандорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ

 

ШҮҮГЧИД                                                       Д.ОЮУНЧУЛУУН

 

                                                                                    Д.ОЧМАНДАХ