Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жамсранжавын Ганчимэг |
Хэргийн индекс | 126/2017/0030/З |
Дугаар | 00002 |
Огноо | 2018-02-05 |
Маргааны төрөл | Газар, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 00002
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Д.С-ийн нэхэмжлэлтэй,
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргад холбогдох “Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 38 дугаартай захирамжийн Д.С-д холбогдох хэсэг болох захирамжийн “нэг”-ийн 3-т заасан “2008 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 61 дүгээр захирамж” гэснийг хүчингүй болгуулж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Н, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, хариуцагч Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гэрч П.Г нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь;
Нэхэмжлэгч Д.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний бие Д.С нь төрөлх Рэнчинлхүмбэ сумандаа шатахуун түгээх цэг барих зориулалтаар тус сумын Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 61 дүгээр захирамжаар 900 м.кв газрыг эзэмших болсон юм. Сумын Засаг даргын захирамж гарсны дараа холбогдох газар эзэмших гэрээ хийгдэж, гэрчилгээ нь Д.С миний нэр дээр олгогдсон юм.
Газар шийдвэрлэгдсэний дараа шатахуун түгээх станцын үйл ажиллагаа явуулахаар эзэмшсэн газартаа буюу Рэнчинлхүмбэ сумын 6 дугаар баг Хуурч хорооны үзүүрт 10, 25 тоннын багтааж бүхий хоёр шатахуун сав суулгахаар газар шорооны ажлыг 2008 оны намар буюу 9 сард эхлүүлж, дараа оных нь хавар ажлаа үргэлжүүлэх гэтэл сумын Засаг даргын Тамгын газраас элдвийн шалтаг тоочиж хориглосоор 2009 оныг дуусгасан.
Гэтэл 2009 оноос төрсөн ах Д.Ч-ын биеийн эрүүл мэнд эрс муудаж ахыгаа асрах зайлшгүй шалтгаанаар Улаанбаатар хотод байнга сууж сумандаа ч ирэх боломжгүй болсон.
2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 38 дугаартай захирамжийг иргэн Н-аас гардаж авч миний эрх зөрчигдсөн болохыг мэдсэн. Үүний дараа аймгийн Засаг даргад гомдлоо гаргаж, гомдол шийдвэрлэсэн албан бичгийг 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гардан авч арга буюу шүүхэд хандаж байна.
Миний бие шатахуун түгээх станц барина гэдэгтээ итгэл төгс байж тодорхой төлөвлөгөө гарган ажиллаж стандартын шаардлагын дагуу холбогдох судалгаа хийж явсан ч миний эзэмшиж байсан газрыг хүчингүй болгосонд гомдолтой байна.
Иймд Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 38 дугаар захирамжийн Д.С надад холбогдох хэсэг болох тус захирамжийн “нэг”-ийн 3-т заасан “2008 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 61 дүгээр захирамж” гэснийг хүчингүй болгож, зөрчигдсөн эрхийг сэргээн шийдвэрлэж өгнө үү.
... Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 38 дугаар захирамжаар шатахуун түгээх станцын зориулалтаар олгосон миний эзэмшлийн 900 м2 газрын эзэмших эрхийн гэрчилгээг цуцлахдаа ямар нэг байдлаар газар эзэмшиж буй иргэн надад мэдэгдээгүй, гарсан шийдвэрийн талаар мэдээлэл огт ирүүлээгүй, урьдчилан мэдүүлсэн талаар албан тоотыг хүлээн аваагүй учир Захиргааны ерөнхий хуулийн 32.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Төрсөн ах хүндээр өвдсөн тул асарч тойлох ажилтай, ар гэрийн гачигдалтай байсан учир тухайн газрын асуудлаар хөөцөлдөн явж чадалгүй өдий хүрсэн. Улмаар нутгийн иргэдээс газрын гэрчилгээг цуцалсан талаар аман болон дам сураг сонсож байсаар албан тоотоор цуцалсан эсэхийг мэдэхээр Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын Тамгын газарт хандаж, Хөвсгөл аймгийн Архивын тасагт лавлагаа хүссэн өргөдөл өгсөн боловч 2016 оны 12 дугаар сарын 06-ны 10/607 тоотоор “Захирамж цуцалсантай холбогдох тогтоол, захирамж байхгүй тул лавлагаа гаргаж өгөх боломжгүй” гэсэн хариу өгсөн болно.
Ийм учир тухайн үеийн Тамгын дарга асан Н гэдэг хүнтэй уулзаж энэ талаар тодруулга авъя гэтэл нээрээ би чамд үүнийг өгье гэж бодоод хадгалж байсан юм гэж 2009 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 38 тоот бүхий Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын захирамжийн хуулбарыг надад олж өгсөн бөгөөд тус захирамжид миний эзэмших эрхийн гэрчилгээ гарсан захирамжийг хүчингүй болгохоор захирамжилсан байсан нь хууль зүйн үндэслэлгүй болно.
Улмаар дээд шатны албан тушаалтан болох Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Г-д миний өмгөөлөгч болох Ц.Б-ын өгсөн хүсэлтийн хариуг 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 1/2059 тоот албан бичгээр ирүүлсэн байх ба дараах зүйлийг дурдсан нь “Газрын тухай хууль 2003 онд шинэчлэн батлагдсан. Уг хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтын газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлэхээр заасан байдаг. Энэ талаар газар эзэмшүүлэх захирамжид дурдаагүй байна” гэсэн үндэслэлээр миний хүсэлтийн хариуг хангаагүй нь хууль зүйн үндэслэлгүй гэж мөн үзэж байна.
... Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 38 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 40.4-т заасныг зөрчсөн гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж энэ талаар нотлохыг хариуцагчаас хүсч байна.
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 61 дүгээр захирамжаар шатахуун түгээх станцын зориулалтаар олгосон 900 м.кв газарт байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгээгүй болно. Газрын тухай хуулийн 34.2-т “Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэсэн заалтыг үндэслэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэхээр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга болон улсын байцаагч нараас 2008 оны 10 дугаар сарын 20-дын үеэр лавлахад газрын асуудал эрхэлсэн байцаагчаасаа “Газар эзэмшүүлэх гэрээнд дурдагдсан 211000073 дугаар бүхий нэгж талбарын болон газрын кадастрын зургийг гаргуулан авчирч байж байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийгдэнэ” гэсний дагуу сумын газрын асуудал эрхэлсэн байцаагч П.Г-т хандахад эхний удаад Улаанбаатар явна, очиж байж болно гэсэн хариу өгсөн ба хоёр дахь удаагаа лавлахад Засаг даргаас газрын кадастрын зураг болон нэгж талбарын хувийг гаргаж өгөх асуудлыг хүлээж байх чиглэл өгсөн гэж тайлбар өгснөөр хуулийн хугацаанд тус байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээг хийлгэж чадаагүй болно.
Иргэн Д.С миний эзэмших эрхийн гэрчилгээг цуцлахад мэдээллийн шуурхай байдал тухайн үед огт байгаагүй бөгөөд төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагаа, тэдгээр түшмэдийн буруугаас газар эзэмших эрх минь ноцтой зөрчигдсөн гэж иргэний хувьд үзэж байгаа болно ...” гэжээ.
Хариуцагч Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Тус сумын Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 38 дугаар “Захирамж хүчингүй болгох тухай” захирамж нь дараах хууль тогтоомжуудыг үндэслэн гарсан байна. Үүнд:
1.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.3 дахь заалт захирамж хүчингүй болгох тухай
2.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д шинээр байгуулах болон одоо ажиллаж байгаа буюу үйлдвэр, үйлчилгээ, барилга байгууламж, тэдгээрийг шинэчлэх өргөтгөх болон бусад хэлбэрээр байгалийн нөөц ашиглах төсөлд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэх бөгөөд энэхүү үнэлгээний хүрээнд төслийн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг урьдчилан тогтоож дүгнэлт гаргана. Мөн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 4.2-д зааснаар Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ нь ашигт малтмал ашиглах, газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлж эхлэхийн өмнө хийгдсэн байна гэж заасан байдаг. 2008 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 61 дүгээр захирамжийн 2 дахь заалтад Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, газрын төлбөр тооцоог хуулийн хугацаанд барагдуулж байхыг заасаар байтал байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй, газрын төлбөр тооцоог хугацаанд нь төлөөгүй байна.
Мөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлж, ашиглуулахдаа сумын Засаг дарга Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гаргасан хүсэлтийн дагуу сумын Засаг дарга Газрын тухай хуулийн 20.2.1-д заасан эрх хэмжээний хүрээнд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг өргөн мэдүүлж, батлагдсан төлөвлөгөөний дагуу Газрын тухай хуулийн 21.2.2-т зааснаар тухайн жилд эзэмшүүлж, ашиглуулах газрын хэмжээ, байршил зориулалтыг тогтоож Газрын тухай хуулийн 21.4.3-т зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын Засаг дарга сумын хэмжээнд газар эзэмших, ашиглуулах шийдвэр захирамжаар гаргаж газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг сумын газрын даамал олгож баталгаажуулдаг. Иймд 2008 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 61 дугаартай захирамжаар олгогдсон газар нь:
1.Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар сумын Засаг даргад хүсэлт гаргаагүй
2.Тухайн олгогдсон газар нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийгдээгүй
3.Газрын төлбөр хураамжийг цаг хугацаанд нь төлөөгүй
4.Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т зааснаар аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно гэж заасан байдаг. Иймд тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй
5.Газрын тухай хууль 2003 онд шинэчлэн батлагдсан. Уг хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтын газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлэхээр заасан байдаг. Тухайн газар дээр дуудлага худалдаа явагдаагүй.
6.Сум орон нутагт ирүүлсэн хүсэлт байхгүй /хувийн хэрэг/ зэрэг зөрчлүүд илэрсэн учир сумын Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 38 дугаар захирамжаар тус газрыг хүчингүй болгосон нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд 2008 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 61 дүгээр захирамж нь холбогдох хуулийн заалтыг зөрчиж иргэнд газар олгосон байх учир тус захирамжийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.
7.Иргэн Д овогтой С нь 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гаргасан нэхэмжлэл дээрээ элдвийн шалтаг тоочиж хориглосоор 2009 оныг дуусгасан гэсэн нь тухайн үед 2009 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 38 дугаар захирамжаар тус газрыг хүчингүй болгосныг мэдсэн нь нотлогдож байна. Иргэн Н-аас эрх зөрчигдсөнийг мэдсэн гэж байгаа нь ойлгомжгүй байна. Мөн 2017 оны 10 дугаар сарын 30-нд нэхэмжлэл гаргаж байгаа нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.
... Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 61 дүгээр захирамжид хамрагдах Д.С-д олгогдсон 900 метр квадрат газрын хувийн хэрэг болон тухайн нэгж талбар дээр бүрдүүлсэн материал архивт байхгүй. Түүний газар эзэмших эрхийг цуцлахдаа урьдчилан мэдэгдсэн эсэх нотлох баримт байхгүй.
Тус сумын Засаг даргын Тамгын газрын архивын шүүлтээр 2009 оны 1 дүгээр сарын 01-нээс 05 дугаар сарын 07-ныг хүртэлх хугацааны явсан болон ирсэн бичгийн бүртгэлд Д.Сарантуяатай холбогдон гарсан албан бичиг байхгүй бөгөөд тухайн үед газрын даамлаар ажиллаж байсан П.Г-ийн гаргаж өгсөн мэдүүлэгт 2010 онд иргэн Д.С нь өөрийн биеэр гэрт нь очиж хүлээн авсан байна. Энэ нь П.Г-ийн эхнэр Ц.Х-ийн гаргаж өгсөн мэдүүлгээр нотлогдож байна. Мөн иргэн Д.С нь газар эзэмших хүсэлтээ албан бичгээр гаргаагүй байна. Иргэн Д.С-ийн газар эзэмшихтэй холбоотой хувийн хэрэг үүсээгүй, энэ талаар мэдээлэл байхгүй, хаана оршин суудаг нь тодорхойгүй, албан тоот явуулах боломжгүй гэж үзэж байна. Тус сумын Засаг даргын ... 2008 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 61 дүгээр захирамж ... хууль зөрчин гарсан. Эдгээр захирамжууд нь тухайн үед сумын удирдлагаар ажиллаж байсан хүмүүс бие биедээ газар олгож хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхээр хууль бус шийдвэрийг орон нутгийн сонгуулийн өөрчлөлтийн өмнөх 3 сараас хоёр гурван өдрийн дотор хууль бус шийдвэр гаргасан байдаг. ...Үүнийг иргэд эсэргүүцэж өөрсдийн өвөлжөө, хаваржаа, хадлангийн талбайг булаан авсан гэж үзэж багийн иргэдийн Нийтийн Хурал болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцээд тус хурлаас уг захирамж шийдвэрийг хүчингүй болгохыг Засаг даргад даалгасан байдаг” гэжээ.
Гэрч П.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “... Д.С-ийн газар эзэмших эрхийг цуцлахаас өмнө түүнд урьдчилан мэдэгдсэн зүйл байхгүй. Д.С-ийн оршин суугаа хаяг, холбоо барих утасны дугаар тодорхойгүй байсан учраас Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 38 дугаар захирамжийн талаар тухайн үед мэдэгдэж чадаагүй. Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 38 дугаар захирамжийг нэг жилийн дараа буюу 2010 онд амралтын өдөр гэртээ амарч байхдаа цүнхнээсээ гаргаж иргэн Д.С-д гардуулж өгсөн, уг захирамжийг гардуулсан тухай баримт, тэмдэглэл үйлдээгүй, энэ үед манай эхнэрээс өөр хүн хамт байгаагүй. Харин Тамгын газрын дарга дарга байсан Н-аас захирамжийн хуулбарыг аваарай гэж хэлсэн тухайд бол надаас урьд нь 2010 онд авсан захирамжаа дахиад авъя гэж Д.С гуайг ирэхээр нь би ажлаа хүлээлгээд өгчихсөн учраас Тамгын газрын даргаас аваарай гэж түүнд хэлж байсан байх ...” гэв.
Шүүх нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь;
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Д.С-ийн “Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 38 дугаартай захирамжийн Д.С-д холбогдох хэсэг болох захирамжийн “нэг”-ийн 3-т заасан “2008 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 61 дүгээр захирамж” гэснийг хүчингүй болгуулж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг дараах үндэслэлүүдээр бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 38 дугаар захирамжийн “нэг” дэх хэсгийн 3 дахь заалтаар[1] Д.С-д газар эзэмших эрх олгосон Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 61 дүгээр захирамжийг[2] хүчингүй болгожээ. Энэхүү захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг бүрэн агуулсан, захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр байх бөгөөд иргэн Д.С-ийн хувьд сөрөг үйлчлэл бүхий захиргааны акт байх тул нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзлээ.
Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсоохоор заасан тул нэхэмжлэгч Д.С-ийн зүгээс Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын дээд шатны албан тушаалтан болох аймгийн Засаг даргад хандсаныг[3] хуульд нийцсэн гэж үзнэ.
Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.15-д “Иргэн, хуулийн этгээд тогтоосон журмаар гомдол гаргасан, захиргааны байгууллага, албан тушаалтан иргэн, хуулийн этгээдийн гомдлыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана”, 33.16-д “Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно” гэж заасан.
Нэхэмжлэгч Д.С Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 38 дугаар захирамжид гомдол гаргах хугацааг сэргээж, хүчингүй болгуулахаар Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан журмын дагуу аймгийн Засаг даргад хандаж, улмаар аймгийн Засаг дарга 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 1/2059 тоот албан бичгээр[4] уг захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй тухай хариу өгчээ.
Аймгийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 1/2059 тоот албан бичгээс үзэхэд Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 38 дугаар захирамжид гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаар маргаагүй бөгөөд уг захирамжийг хүчингүй болгох үндэслэл байхгүй гэсэн хариу өгч нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн байна. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.15, 33.16-д зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, хугацааг дахин шинээр тоолох үндэслэлтэй болж байх тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна гэж шүүх үзлээ.
Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 38 дугаар захирамжаар[5] Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.3 дахь заалтыг үндэслэн, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 9 дүгээр тогтоолын[6] 3 дугаар заалтыг хэрэгжүүлэх зорилгоор, Газрын тухай хуулийн 32 дугаар зүйл, 40.1.4 дүгээр зүйл, Засгийн газрын 2008 оны 28 дугаар тогтоолын 6 дугаар заалтыг тус тус зөрчсөн гэж үзэн Д.С-д шатахуун түгээх станцын зориулалтаар Рэнчинлхүмбэ сумын 6 дугаар багийн нутаг Хуурч хорооны үзүүрт 900 м.кв газрыг эзэмшүүлсэн Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 61 дүгээр захирамжийг[7] хүчингүй болгосон байна.
Газрын тухай 2002 оны хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т[8] “Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь 90 хоногт багтаан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж заасан. Хэдийгээр нэхэмжлэгч Д.С нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй байсан боловч түүнтэй газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон болох нь гэрч П.Г-ийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар, 2008 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” зэргээр нотлогдож байна.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө хүчингүй болгох эрхтэй гэж,
Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1-д зааснаар сумын Засаг дарга нь газрын харилцааны талаар нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр,
Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, энэ хуулийн 31.4-т заасны дагуу палеонтологи, археологи, угсаатны урьдчилсан хайгуул, судалгаа хийлгээгүй, зөвшөөрөл аваагүй нь тогтоогдсон тохиолдолд сумын Засаг дарга газар эзэмших эрхийг хүчингүй болгох эрхтэй хэмээн тус тус хуульд заасан байна.
Гэсэн хэдий ч эрх зүйт төрд төр нь иргэнийхээ өмнө өндөр хариуцлага хүлээж, иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж болзошгүй аливаа шийдвэр гаргахын өмнө түүнд мэдэгдэх, сонсгох, тайлбар авч холбогдох баримтыг цуглуулах үүрэгтэй бөгөөд энэ нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан газар эзэмших, ашиглахад шударга ёсыг хангах зарчимд нийцнэ.
Д.С, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “газар эзэмших эрхийг цуцлахдаа урьдчилан ямар нэг байдлаар газар эзэмшигч иргэнд мэдэгдээгүй” гэх тайлбар, гэрч П.Г-ийн “Д.С-ийн газар эзэмших эрхийг цуцлахаас өмнө түүнд урьдчилан мэдэгдсэн зүйл байхгүй” гэх мэдүүлэг, хариуцагч Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын “... Д.С-д шатахуун түгээх станцын зориулалтаар олгосон 900 метр квадрат газрын газар эзэмших эрхийг цуцлахдаа урьдчилан мэдэгдсэн эсэх нотлох баримт байхгүй” гэсэн тайлбар зэргээс үзэхэд Рэнчинлхүмбэ сумын Засаг дарга Д.С-д эерэг үйлчлэл бүхий захиргааны актыг хүчингүй болгохын өмнө түүнд урьдчилан мэдэгдээгүй, сонсгоогүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн эсэх, хийлгээгүй бол тодорхой шалтгаан нөхцөл байсан эсэх талаар тайлбар аваагүй, шаардлагатай нотлох баримтыг цуглуулаагүй болох нь тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч Д.С-ийн газар эзэмших эрхийг хөндсөн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 38 дугаартай захирамжийн Д.С-д холбогдох хэсэг болох захирамжийн “нэг”-ийн 3-т заасан “2008 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 61 дүгээр захирамж” гэснийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сэргээх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Түүнчлэн нэхэмжлэгч Д.С-д шатахуун түгээх станцын зориулалтаар газар эзэмших эрх олгохдоо Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, Засгийн газрын 2008 оны 28 дугаар тогтоолыг зөрчиж, дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар газар эзэмшүүлээгүй нь нэхэмжлэгч иргэний буруу биш, харин төрийн байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагаатай холбоотой юм.
Иргэн гэм буруугүй байхад түүнд эерэг үйлчлэл бүхий агаад гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй захиргааны актыг захиргааны байгууллага өөрийн санаачилгаараа хүчингүй болгож буй нь шударга ёсонд нийцэхгүй.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар мөн хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол сумын Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэх үүрэгтэй.
Гэтэл Рэнчинлхүмбэ сумын Засаг дарга 2009 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 38 дугаар захирамж гарсан талаар иргэн Д.С-д мэдэгдээгүй, түүнийг захиргааны актад гомдол гаргах эрхээр хангаагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрч П.Г-ийн “Д.С-ийн оршин суугаа хаяг, холбоо барих утасны дугаар тодорхойгүй байсан учраас Засаг даргын захирамжийн талаар тухайн үед мэдэгдэж чадаагүй” гэх мэдүүлэг, хариуцагчийн “иргэн Д.С-ийн газар эзэмшихтэй холбоотой хувийн хэрэг үүсээгүй , энэ талаар мэдээлэл байхгүй, хаана оршин суудаг нь тодорхойгүй албан тоот явуулах боломжгүй” гэх тайлбар зэргээр нотлогдож байна.
Хариуцагчийн тайлбар, гэрч П.Г-ийн мэдүүлэгт Д.С-тай холбоо барих боломжгүй байсан гэх боловч 2008 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-нд Д.С-ийн хаяг, утасны дугаар бичигдсэн байна. Харин Д.С-д газар эзэмших эрх олгож, гэрээ байгуулж, гэрчилгээ олгосныг үндэслэн газар эзэмшигчийн хувийн хэргийг хөтлөх нь тухайн сумын газрын даамлын үүрэг болохоос газар эзэмшигч иргэний үүрэг биш юм. Иймд газар эзэмших эрхийн хувийн хэрэг байхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн буруутгах боломжгүй.
Хариуцагч Рэнчинлхүмбэ сумын Засаг дарга Д.С-д газар эзэмших эрх олгосон захирамжийг хүчингүй болгосон үндэслэлээ “Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар сумын Засаг даргад хүсэлт гаргаагүй, газрын төлбөр хураамжийг цаг хугацаанд нь төлөөгүй, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т зааснаар аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно гэж заасныг зөрчсөн, сум орон нутагт ирүүлсэн хүсэлт байхгүй /хувийн хэрэг/ зэрэг зөрчлүүд илэрсэн” хэмээн тайлбарлаж байгаа боловч Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 38 дугаар захирамжид эдгээр үндэслэлүүдийг дурдаагүй тул хариуцагчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна. Нэхэмжлэгч Д.С нь 2008 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Рэнчинлхүмбэ сумуын Засаг даргад хандаж шатахуун түгээх цэг ажиллуулах газар эзэмших эрх олгохыг хүссэн өргөдөл[9] гаргасан байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгааг дурдъя.
Хэргийн материалд Ж.Н[10], Ц.Х[11], П.Г[12] нарын гарын үсэг бүхий баримтууд авагдсан байх ба этгээд нь хаана, хэнд хандаж, ямар зорилгоор, яах гэж бичсэн зүйл болох нь тодорхойгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
Гэрч П.Г-ийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгийн хувьд зарим хэсгийг нь нотлох баримтаар үнэлж, зарим хэсгийг нь эргэлзээтэй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно. Үүнд түүний “Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 38 дугаар захирамжийг нэг жилийн дараа буюу 2010 онд амралтын өдөр гэртээ амарч байхдаа цүнхнээсээ гаргаж иргэн Д.С-д гардуулж өгсөн, уг захирамжийг гардуулсан тухай баримт, тэмдэглэл үйлдээгүй, энэ үед манай эхнэрээс өөр хүн хамт байгаагүй” гэх мэдүүлэг нь эргэлзээтэй байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна. Учир нь төрийн жинхэнэ албан хаагч ажлын бус өдөр хувийн орон зай болох гэр орондоо Засаг даргын нэг жилийн өмнө гаргасан захирамжийг иргэнд гардуулсан, захирамж гардуулсан талаар ямар ч баримт үйлдээгүй гэдэг нь Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон ажил, амралтын хуваарь, төрийн үйл ажиллагааны зарчим, төрийн албан хаагчийн ёс зүйд нийцэхгүй байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хангалттай үндэслэл тогтоогдсон тул хэргийн оролцогчдын маргаж бусад үндэслэлүүдэд дүгнэлт хийх шаардлагагүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь;
1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4[13], 40.2-т заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 38 дугаартай захирамжийн “нэг”-ийн 3-т заасан “2008 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 61 дүгээр захирамж” гэснийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын Тамгын газраас 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.С-д олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ
[1] Хэргийн 64 дүгээр хуудас
[2] Хэргийн 3 дугаар хуудас
[3] Хэргийн 14 дүгээр хуудас
[4] Хэргийн 8 дугаар хуудас
[5] Хэргийн 64 дүгээр хуудас
[6] Хэргийн 68 дугаар хуудас
[7] Хэргийн 3 дугаар хуудас
[8] Энэ хэсэгт 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулахаас өмнө
[9] Хэргийн 47 дугаар хуудас
[10] Хэргийн 45 дугаар хуудас
[11] Хэргийн 75 дугаар хуудас
[12] Хэргийн 76 дугаар хуудас
[13] Энэ хэсэгт 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулахаас өмнө