Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2021/0500

 

“Т у ц с” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагч Г.Э, Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Х нарыг оролцуулан, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 26 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу “Т у ц с” ХХК-ийн ХХК-ийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 26 дугаар шийдвэрээр: 2019 оны Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйл, 2008 оны Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 /2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар орсон өөрчлөлт/, 74 дүгээр зүйлийн 74.1, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 /2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулахаас өмнөх заалт/, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 4дүгээр зүйлийн 4.1.1, 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.1, 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 10 дугаар зүйлийн 10.1.1, 15 дугаар зүйлийн 15.2, 15.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Завхан аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 09200900029 дугаартай нөхөн ногдуулалтын актаар тогтоосон 107,778,129.57 төгрөгийн төлбөрөөс 69,076,258.90 төгрөгийг хасаж багасган, 38,701,870.67 төгрөгийн төлбөрийг хэвээр үлдээж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Татварын улсын байцаагч Б.Г, Г.Э нараас 35 100 төгрөгийг тэнцүү хуваарилан гаргуулж, нэхэмжлэгч “Т у ц с” ХХК-ийн ХХК-д олгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 47 дугаар зүйлийн 47.2-д зааснаар шинжээчийн зардлын 1 680 000 төгрөгийг хувь тэнцүүлэн хуваарилж буюу хариуцагч Завхан аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч нар /Г.Э, Б.Г/ нараас 840 000 төгрөгийг, нэхэмжлэгч “Т у ц с” ХХК-ийн ХХК-аас 840 000 төгрөгийг тус тус гаргуулан Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Төрийн сан дахь 10090012005 тоот дансанд төлүүлэхээр тогтоож” шийдвэрлэжээ.

Хариуцагч Завхан аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Э, Б.Г нар давж заалдах гомдолдоо: “ ... Захиргааны хэргийн анхан шатны шүүх зөрчлийг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

... .“Тосонцэнгэл УЦС” ХХК нь татварын тайланд борлуулалтын орлогоо тайлагнахдаа энергийн тариф болон чадлын тарифынхаа нийлбэр дүнгээр тайлагнадаг ч усны төлбөр төлөхдөө зөвхөн энергийн тарифаар тооцсон орлогоос бодож төлж ирсэн байна.

... Үйлдвэрлэл, үйлчилгээний борлуулалтын орлогын дүнгээс тооцох төлбөрийн хязгаар /хувиар/ гадаргын усанд “Усан цахилгаан станц, усан замын тээврийн үйлчилгээ эрхлэхэд 5 хувиар тооцох” гэснийг зөрчиж үндэслэлгүй шийдвэр гаргалаа гэж үзэж байна.

Говь-Алтай аймгийн “Тайшир УЦС” ХХК нь энергийн тарифаар тооцож “Алтай-Улиастай эрчим хүчний систем” компанид цахилгаанаа нийлүүлдэг боловч усны төлбөрийг ногдуулж төлөхдөө энергийн тариф, чадлын тарифын нийлбэр дүнгээр татварын тайланд тайлагнаж, тайлагнасан дүндээ 5 хувиар ногдуулж төлдөг болохыг бид бүхэн судалж, жишиж шалгалтдаа ашигласан болно.

Иймд Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дүгээр сарын 11-ний өдрийн 26 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хариуцагчийн давж заалдах гомдлын дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хянахад анхан шатны шүүх зарим баримтыг буруу үнэлж, хууль буруу хэрэглэж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаснаас шийдвэрийн зарим хэсэг хууль ёсны болж чадаагүй байх тул өөрчлөлт оруулж, тус гомдлыг хангаж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч “Т у ц с” ХХК-ийн ХХК нь ус ашиглаж эрчим хүч үйлдвэрлэж, “Алтай-Улиастай эрчим хүчний систем” компанид борлуулдаг, 2016-2019 оны хооронд борлуулалтын орлогоо 1,474,999,000.0 төгрөгөөр тайлагнасан атлаа усны төлбөрийг төлөхдөө уг дүнгээс тооцолгүй, эрчим хүчний “энергийн тариф”-аар тооцож 17,559,066.0 төгрөг төлсөн нь Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д “Усны нөөц ашигласны төлбөр тооцох үзүүлэлтийг усан цахилгаан станц, .... зорилгоор ус, усан орчин ашигласан тохиолдолд тухайн үйлдвэрлэл, үйлчилгээний борлуулалтын орлогын дүнгээс тодорхойлно” гэж заасныг зөрчсөн гэж үзэж, нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан татварын улсын байцаагчийн актын холбогдох хэсэг нь хууль зөрчөөгүй байна.

Шүүхийн шийдвэрт дурдсан Эрчим хүчний зохицуулах хорооны 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 298 дугаар тогтоолоор баталсан “Үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн цахилгааны чадал болон энергийн тарифийг тооцох аргачлал”  нь цахилгаан үйлдвэрлэгчийн үр ашгийг нэмэгдүүлэх, өртгийг хямдруулах, үйлдвэрлэлийн зардлыг шударгаар нөхөх зорилготой, зөвхөн усан цахилгаан станц биш нийт цахилгаан үйлдвэрлэгч нарын үйлдвэрлэсэн цахилгааны төлбөрийг энергийн болон чадлын тарифаар тусад нь тооцож, өртөг, зардлыг хэрхэн хуваарилах талаар зохицуулсан байх ба цахилгаан үйлдвэрлэхэд хичнээн хэмжээний ус ашигласан, түүний төлбөрийг хэрхэн тооцохтой хамааралгүй байна.

Өөрөөр хэлбэл тус аргачлалд “Чадлын тариф” гэж цахилгааны бөөний зах зээлд сар бүр чадал нийлүүлэхэд бэлэн байлгасны төлбөр, “Энергийн тариф” гэж гэрээний дагуу нийлүүлэх цахилгааны нэгж квт.ц бүрт төлөх үнийг ойлгохоор тус тус зааснаас үзэхэд аль аль нь үйлдвэрлэсэн цахилгааны төлбөр байна.

Эрчим хүчний зохицуулах хорооноос “Т у ц с” ХХК-ийн ХХК-ийн цахилгаан худалдах тарифийг 2016 оны 122, 2017 оны 151, 2018 оны 39 дүгээр тогтоолуудаар тухай бүр шинэчлэн тогтоосны дагуу /хэргийн 2 дугаар хавтас, 63-67 дахь тал/ нэхэмжлэгч компани нь үйлдвэрлэсэн цахилгааны төлбөрийг 2017 оны 6 сараас энергийн болон чадлын тарифаар тусад нь тооцож авсан, борлуулалтын орлогоо тайлагнахдаа энергийн тариф, чадлын тарифын нийлбэрээр тайлагнадаг болох нь шинжээчийн дүгнэлт, тус компанийн холбогдох тайлан зэрэг баримтуудаар тогтоогджээ.

Нэхэмжлэгч нь зарим сард ус ашиглаж цахилгаан үйлдвэрлэдэггүй боловч “Алтай- Улиастай эрчим хүчний систем” компаниас нийлүүлсэн эрчим хүчний орлогоо эхлээд энергийн тарифаар тооцож авсны дараа чадлын тарифаар жилд нь тооцож авдаг болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул ус ашиглаагүй үед татвар ногдуулсан гэж үзэхээргүй байна.

Гэтэл анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлт болон “Монгол Ус” ТӨААТҮГ-ын 2019 оны 113 дугаар дүгнэлтийг буруу үнэлж “... чадлын тарифаар усны төлбөр ногдуулсан нь үндэслэлгүй” гэж дүгнэжээ.

Учир нь шинжээч нь санхүү, нягтлан бодох бүртгэлийн талаас нь нэхэмжлэгч компанийн санхүүгийн болон татварын тайлан, холбогдох баримтад шинжилгээ хийсэн бөгөөд эрчим хүчний чадлын болон энергийн тарифийн ялгаа болон эрчим хүчний нийт борлуулалтын орлогыг хэрхэн тооцох ёстойг Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан аргачлалуудын дагуу тодорхойлж чадах мэдлэг чадвар бүхий этгээд биш байх тул шинжээчийн дүгнэлтийн энэ хэсгийг шууд эргэлзээгүй баримт гэж үзэхээргүй байна.

Мөн шинжээчийн дүгнэлтдээ дурдсан, хэрэгт авагдсан “Монгол Ус” ТӨААТҮГ-ын 2019 оны 113 дугаар дүгнэлтэд /16/-д Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 39 дүгээр тогтоолд заасан чадлын тарифаар авсан төлбөрийг ямар үндэслэлээр орлогод тооцоогүй, зөвхөн энергийн тарифаар тооцсон болох нь тодорхойгүй тул усны төлбөр тооцох дүнг зөв тогтоосон баримт гэж үзэх боломжгүй юм.

Харин шинжээчийн дүгнэлтэд /Асуулт 3, 5-д хариулсан “Алтай- Улиастай эрчим хүчний систем” компаниас энергийн тарифаас гадна 2016-2019 онд чадлын тарифаар жил бүр тооцож, нийт 921,081,100.0 төгрөгийг нэхэмжлэгч компанид шилжүүлсэн, түүнийг энергийн тарифын хамт ААНОАТ-ын тайланд Борлуулалтын орлогоор тусгасан болохыг он тус бүрээр гаргасан байхад анхан шатны шүүх дүгнэлтийн энэ хэсгийг үнэлээгүй нь “хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлэх”-ээр заасанд нийцээгүй байна.

Иймд хариуцагч татварын улсын байцаагч нарын “тухайн компани эхлээд “энергийн тариф”-аар тооцож, эрчим хүч нийлүүлсний төлбөрөө авсны дараа “чадлын тариф” нэрээр жил бүр төлбөрийг “Алтай Улиастай эрчим хүчний систем” компаниас төлдөг тул нийт тайлагнасан борлуулалтын орлогоос усны төлбөр тооцох үндэслэлтэй” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул хангаж, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Харин шүүхийн шийдвэрийн бусад хэсэгт хэргийн оролцогч гомдол гаргаагүй тул тус шүүх дүгнэлт өгөөгүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 118ШШ20210026 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн нэг заалтыг “1. Татварын ерөнхий хуулийн (2019 оны) 79 дүгээр зүйлийн 79.1, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 5 дугаар зүйлийн 5.1, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 10 дугаар зүйлийн 10.1.1-д заасныг баримтлан Завхан аймгийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 09200900029 дүгээр актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий “Тосонцэнгэл усан цахилгаан станц” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

Хоёр дахь заалтыг “2. Нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.” гэж,

Гуравдахь заалтыг “3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ...-д зааснаар шинжээчийн зардал 1680000 төгрөгийг нэхэмжлэгч “Тосонцэнгэл усан цахилгаан станц” ХХК-иас гаргуулж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд (Төрийн сан дахь 10090012005 данс) олгосугай.” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                   Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                   Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                   С.МӨНХЖАРГАЛ