Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2018/01005

 

“П”ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2017/02518 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 566 дугаар магадлалтай,

“П” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“ТЕГ”-т холбогдох,

57.976.947 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдэлгэр, Б.Баттогтох, Д.Энхбаяр нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяржаргал, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч “П” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ТЕГ”-тай 2007 оны 8 дугаар сард Үндэсний татварын ерөнхий газрын конторын барилга угсралтын ажил захиалан гүйцэтгүүлэх гэрээг байгуулсан бөгөөд гэрээний зарим заалтыг тодруулах шаардлагаар 2008 оны 11 сар, 2009 оны 12 сард нэмэлт гэрээнүүдийг байгуулсан. “П” ХХК нь “ТЕГ”-тай 2010 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Татварын ерөнхий газрын конторын барилгын компьютерын сүлжээний ажил гүйцэтгэх нэмэлт гэрээ байгуулсан. Тус компани гэрээгээр тохиролцсон ажлыг хийж гүйцэтгэж, 2010 оны 9 дүгээр сард хүлээлгэн өгсөн. Талууд 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдөр төлбөр тооцоо нийлсэн акт үйлдсэн. Уг актаар гэрээг дүгнээд тодорхой хэмжээний төлбөр тооцоо үлдсэн байгааг баталгаажуулсан. Өмнө нь Татварын ерөнхий газрын барилга баригдаж дууссан, ашиглалтад орох хугацаа болсонтой холбогдуулан “П” ХХК нь дулааны төлбөрт 16.739.047 төгрөг төлөх өр үүссэн байсныг  “ТЕГ” төлбөрийг шилжүүлж, 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар гэрээний үлдэгдэл төлбөр 57.976.947 төгрөг болохыг баталгаажуулж акт үйлдсэн. Иймд “ТЕГ”-аас 57.976.947 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч “ТЕГ” шүүхэд гаргасан тайлбартаа: “ТЕГ” нь “П” ХХК-тай 2010 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Татварын ерөнхий газрын конторын барилгын компьютерын сүлжээний ажил гүйцэтгэх нэмэлт гэрээ байгуулсан. “П” ХХК нь уг гэрээг байгуулснаас хойших хугацаанд гэрээтэй холбоотой төлбөрийн шаардлага “ТЕГ”-т гаргаж байгаагүй бөгөөд үүнийг нотолсон баримтыг хэрэгт хавсаргасан байгаа. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна. 2010 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой шаардлага гаргах хугацаа 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөр дуусгавар болсон гэж үзэж байна. Манай зүгээс төлбөрийг төлнө гэдгээ илэрхийлж байгаагүй гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2017/02518 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т зааснаар хариуцагч Татварын ерөнхий газраас 57.976.947 /тавин долоон сая есөн зуун далан зургаан мянга есөн зуун дөчин долоон/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “П” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 угаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “П” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 447.950 төгрөгөөс 447 835 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, илүү төлөгдсөн 115 төгрөгийг улсын төсвийн данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгох, хариуцагч Татварын ерөнхий газраас 447.835 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Пума ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 566 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2017/02518 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 56 дугаар зүйлийн 56.5 гэснийг 492 дугаар зүйлийн 492.1.1 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдэлгэр, Б.Баттогтох, Д.Энхбаяр нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2017/02518 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 566 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 гэснийг 492 дугаар зүйлийн 492.1.1 гэж өөрчлөн шийдвэрлэсэн. Ингэж шийдвэрлэхдээ анхан шатны шүүх хууль хэрэглээний хувьд ямар алдаа гаргасан талаар тодорхой үндэслэл дурдаагүй. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан зохицуулалт нь хөрөнгийг буцаан шаардах эрхийн үндэслэл болсон заалт. Нэхэмжлэгч “П”ХХК, хариуцагч Татварын ерөнхий газрын конторын барилгын компьютерын сүлжээний ажил гүйцэтгэх нэмэлт гэрээний үүрэгт 57.976.947 төгрөгийг гаргуулахаар шаардсан бөгөөд давж заалдах шатны шүүхийн магадлалаар шилжүүлсэн хөрөнгийг буцааж өгөхөөр шийдвэрлэсэн нь үнийг төлөх бус гүйцэтгэсэн ажлын үр дүнг буцааж өгөхөөр ойлгогдож байна. Гэтэл шүүх магадлалдаа “гэрээ хожим хүчин төгөлдөр бус болох нь нөгөө талд хийсэн ажлыг хүлээн авсан түүний хөлсийг төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй” гэж дүгнэсэн нь хөлс төлөхөөр юм шиг, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтыг үндэслэл болгосон нь гүйцэтгэсэн гэх ажлыг буцааж өгөхөөр мэт шийдвэрлэснийг Улсын дээд шүүх анхаарч үзэх нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.

ХЯНАВАЛ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч “П”ХХК-ийн “...57.976.947 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг хариуцагч “ТЕГ” эс зөвшөөрчээ.

Зохигчийн хооронд 2007 оны 8 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан гэрээгээр нэхэмжлэгч нь Үндэсний татварын ерөнхий газрын конторын барилгын угсралт, засвар, тоног төхөөрөмж суурилуулах инженерийн шугам сүлжээний ажлыг гүйцэтгэхээр тохирсон ба уг ажлын талаар маргаагүй байна.

Хариуцагч нь компьютерийн сүлжээний ажлын хөлсийг төлөх эсэх нь маргааны зүйл болжээ.

Тендерийн төсөвт компьютерийн сүлжээний ажил 17.000.000 төгрөгөөр тусгагдсан боловч гүйцэтгэлээр 91.715.994 төгрөг болсон тул зөрүү 74.715.994 төгрөгийг 2011 оны 1 дүгээр улиран багтаан санхүүжүүлэхээр “ТЕГ” нь “П” ХХК-тай харилцан тохиролцож, 2010 оны 9 дүгээр сарын 10-ний өдөр нэмэлт гэрээ байгуулжээ /хэргийн 10-12 дүгээр  тал/.

Уг гэрээг нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсан бол хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа гэрээ хүчин төгөлдөр бус гэж маргажээ.

Нэхэмжлэгч гэрээнд заасан компьютерийн сүлжээний ажлыг хийж гүйцэтгэснийг хариуцагч хүлээн авч, 57.976.947 төгрөг төлөхөөр тооцоо нийлж, акт үйлдсэнээ үгүйсгэж чадаагүй байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэлийг хангахдаа үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. 

Зохигч талууд компьютерийн сүлжээний ажлыг тендерийн төсөвт тусгасан үнэлгээнээс нэмэгдүүлэн гүйцэтгэхээр тохирсон нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчсөн, анхан шатны шүүх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хүчин төгөлдөр бус гэж үзсэнийг буруутгах боломжгүй боловч шийдвэрийн тогтоох хэсэгт хуулийг оновчтой сонгон хэрэглээгүй байна.  

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.-т  “энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж заасан. 

Хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхийн тулд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан урьдчилсан нөхцөлүүд бүрдсэн байх, өөрөөр хэлбэл хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй эсхүл үүрэг үүсгэсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байснаас үүрэг дуусгавар болсон байх шаардлагатай.

Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр бус боловч хариуцагч гэрээгээр гүйцэтгэсэн ажлыг хүлээн авсан, уг ажлыг буцаан өгөх боломжгүй, энэ тохиолдолд хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн  492 дугаар зүйлийн 492.1.1-т нийцжээ.

Иймд шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 566 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдэлгэр, Б.Баттогтох, Д.Энхбаяр нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ