Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 212

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Өсөхжаргал хөтлөн,

Улсын яллагч Н.Мөнхцэцэг,

Шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч Л.Б холбогдох эрүүгийн 2005005470217 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа Өмнөговь аймгийн “Цагаан хад” суманд нүүрс тээвэрлэдэг гэх, ам бүл 2 хамтран амьдрагчийн хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк хотхоны 0 дүгээр байрны 0 тоотод түр оршин суух, Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Мандал овоо 0 дүгээр гудамжны 0 тоотод оршин суух бүртгэлтэй урьд

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 374 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан Л.Б

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Л.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр 13 цагийн үед хамтран амьдрагч Р.Б-ээс гэрийн түлхүүр авна гэх шалтгаанаар түүний ажил дээр очиж улмаар хамт автомашинаар явж байхдаа Бо архи уулаа гэж дургүйцсэний хариуд зүй бусаар харьцаж Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 101 дүгээр байрны гадаа ирэх хүртэлх хугацаанд толгой, нүүр хэсэг рүү нь цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацарт, зүүн чихний дэлбэн хүзүү мөр, зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн тохой, зүүн гарын сарвуунд цус хуралт доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Л.Б-ийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Л.Б нь 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр 13 цагийн үед хамтран амьдрагч Р.Б-ийн биед халдан толгой, нүүр хэсэг рүү нь цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацарт, зүүн чихний дэлбэн хүзүү мөр, зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн тохой, зүүн гарын сарвуунд цус хуралт доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

Хохирогч Р.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хамтран амьдрагч Б  нь Өмнөговь аймгийн Цагаан хад суманд ажиллаж байгаад 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр гэртээ ирсэн. Маргааш өглөө нь би ажилдаа яваад Батсүх гэртээ найз Баажийтайгаа үлдсэн. 13 цагийн үед Б, Баажий надаас гэрийн түлхүүр авахаар ирсэн. Би машиных нь хойд талын суудалд ороод суутал Б согтуу надаас гэрийн түлхүүр нэхэхээр нь би яагаад архи уучихсан юм гэтэл чамд хамаагүй янхан, банзал гичий гэж хараагаад хэл амаар доромжлоод бид 2 маргасан. Энэ үед Баажий машин бариад гэр рүү явсан. Замд Б машины хойд талын суудал руу давж орж ирээд миний нүүр рүү гараараа цохиж зодсоор байгаад Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Голден парк хотхоны 101 дүгээр байрны гадаа иртэл зодож байгаад гэр рүү хамт ороход гэрт 0.5 литрийн 2 шил Хараа архи уусан шил байсан. Гэрт архи ууж байгаад тамхи татахдаа түлхүүрээ авалгүй гараад хаалга нь түгжигдсэн учир надаас түлхүүр авах гэж очсон байсан. Би чи одоо яв гээд хувцсыг нь бэлдээд Баажийг найзыгаа аваад яв гэтэл би танайхаас явахгүй гээд хэл амаар доромжлоод зодох гээд дайраад байхад нь Баажий хорьж байгаад аваад гарсан. Би дахиж ирээд зодож магадгүй гэж айгаад ажил руугаа такси барьж очоод ажлынхаа эгчийнд одоо түр хамт байгаа... шинжээчийн дүгнэлттэй танилцлаа, миний биед учирсан гэмтлүүдийг Б намайг баруун тал руу шахаж байгаад зүүн талаас гар толгой, чих рүү гараараа цохиж учруулсан... Натур эмнэлэгт 120.000 төгрөгөөр томографикийн зураг авахуулсан өөр эмчилгээ бол хийлгээгүй. Батсүх надаас уучлалт гуйн бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгөхийг хүсч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 тал/,

 

         Гэрч Х.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Батсүх бид хоёр Өмнөговь аймгаас хамт ирээд би гэрт нь хамт хоноод маргааш өглөө нь 9 цагийн үед гэрээс нь гараад гадуур явж байгаад өдөр 12 цагийн үед эргээд ирэхэд Б гэрийнхээ үүдэнд түлхүүргүй хаалгаа хаагаад орж чадахгүй байна гэрийнхээ өмд цамцтай углааштай халамцуу зогсож байсан. Тэгээд эхнэр дээрээ очиж түлхүүр авна гээд хамт миний машинтай 75 дугаар цэцэрлэгийн гадна очоод Б-ийг дуудаад гарч ирсэн. Б жолоочийн хойд талын суудал дээр орж ирж суусан. Б түлхүүрээ өгчих харьж амарлаа гэтэл Б яахаараа чиний гэр байдаг юм түлхүүрээ өгөхгүй зайл гээд хөөгөөд хоорондоо маргаад байхаар нь би та хоёр очоод гэрээ ядаж онгойлгоод өгчих гэтэл явъя гээд би машин бариад замын хөдөлгөөнд оролцоод явж байхад Б Б-ийг чи наад өмссөн хувцастайгаа манайхаас зайл гээд учиргүй хөөгөөд байсан. Замд Б хойд талын суудал руу орж суугаад эхлээд эхнэрээсээ уучлалт гуйгаад аргадаад яваад байсан. ТБД андуудаас 25 орчим ирж байхад Б Б-ийн утсыг аваад үзэж байтал Б утсаа авъя гээд Б-ийн цээж рүү гараараа 1-2 удаа цохитол Б буцаж цохиод байсан. Ингэж явсаар байгаад гэрийнх нь гадаа ирээд гурвуулаа хамт гэр рүү нь ортол Б эгч Б ахын хувцсыг гаргаж шидээд намайг хувцсыг нь аваад яв гэхээр нь би чадахгүй гээд Батсүх ах бид 2 гэрээс нь гараад манай гэр рүү явсан. Б ганцаараа архи уусан гэж байсан. Гурвуулаа ирээд гэр рүү нь ороход ширээн дээр нь 0.5 литрийн нэг шил архины шил байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-р тал/

 

            Гэрч М.У-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Б-тэй хамт ажиллаад 5 жил гаруй хугацаа болж байна. 2018 онд Болорчимэг 3 хүүхдийнхээ ааваас салаад удалгүй Б гэх залуутай хамт амьдардаг болсон... 2020 оны 1 дүгээр сарын 24-ний орой 16 цаг 30 минутын үед Б над руу яриад гараад ир гэхээр нь гартал таксины мөнгө байвал өгчих гээд 5000 төгрөг өгтөл нүүрнийх нь зүүн тал хөхрөөд хувцас нь шороо болчихсон байсан. Юу болсон гээд асуутал Б намайг зодчихлоо гээд уйлаад байсан. 24- нөөс хойш манай гэрт амьдарч байгаа. Гэртээ ганцаараа байдаг учир ирж зодно гээд айгаад гэртээ харихгүй байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 тал/,

 

Яллагдагч Л.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Өмнөговь аймгийн Цагаан хад суманд ажилладаг юм. 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод гэртээ ирээд маргааш өглөө нь гэртээ Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Голден парк хотхоны 101 дүгээр байрны 112 тоотод гэртээ ганцаараа 0.5 литрийн 2 шил архи уугаад гадаа гарч тамхи татахдаа хаалгаа хаачихсан чинь хаалга түгжигдчихсэн. Би өмнө нь Б-т өөрийнхөө гэрийн түлхүүрийг өгчихсөн байсан учир найз Б-ыг дуудан хамт Б-ийн ажил дээр очиход намайг архи уусан байна гэж уурлаад манайхаас одоо очиж хувцсаа аваад зайл гээд хараагаад түлхүүр өгөхгүй хамт гэр рүү явсан. Замдаа бид хоёр маргаж байгаад би урд сууж байгаад хойд талын сандал руу ороод Б-ийг аргадсан боловч өөдөөс уурлаад хэл амаар доромжлоод байхаар нь нүүр рүү нь 2 удаа алгадсанаа санаж байна. Гэртээ ирээд гэр рүү ортол миний урдаас хувцаснууд шидээд зайл гээд хөөхөөр нь Б-д ирсэн. Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Бо-ийн биед дээрх гэмтлийг учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Би Б-ийн биений зүүн хэсэгт гараараа цохиж уг гэмтлүүдийг учруулсан. Намайг гэрээсээ хөөж хэл амаар доромжилсоноос болж маргасан. Би архи уусан байсан. Гэхдээ ухаан алдталаа согтоогүй зүгээр байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

 

        Шүүх шинжилгээний хүрээлэнгийн 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 2014 дугаартай “…Р.Б-ийн биед зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацарт, зүүн чихний дэлбэн, хүзүү, зүүн мөр, зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн тохой, зүүн гарын сарвуунд цус хуралт, тархи доргилт зэрэг гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Тус гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 14-15 тал/,

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгчийн бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 48 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хэргийн үйл баримт тогтоогджээ.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор шүүгдэгч Л.Б-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 19 тал/, 2007 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн шүүхийн 374 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /22-24 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 25 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 26 тал/, эд хөрөнгийн лавлагаа /хх-ийн 27 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 28 тал/ нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 29 тал/, гэрлэлт цуцлалтын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 30 тал/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 31-36 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тоггоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хохирогчийн биед “зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацарт, зүүн чихний дэлбэн, хүзүү, зүүн мөр, зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн тохой, зүүн гарын сарвуунд цус хуралт, тархи доргилт” зэрэг гэмтэл учирсан нь хэргийн 14-15 дахь талд авагдсан шинжээч эмчийн 2014 дугаартай дүгнэлтээр нотлогдсон ба энэ гэмтэл нь шүүгдэгч Л.Б-ын хохирогч Р.Б-ийн цохиж зодсон гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч Л.Б гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Л.Б-ийн хохирогч Р.Б-ийн биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн санаатай хохирол учруулсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Л.Б-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б нь “хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах мэтгэлцэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна” гэж мэдүүлж оролцсоныг дурдах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Р.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирол төлбөр нэхэмжлээгүй болох нь хх-ийн 9-10 талд авагдсан “...Б надаас уучлалт гуйж бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, надад гомдол, саналгүй байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлгээр нотлогдож байна. Иймд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Л.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.  

 

Шүүгдэгч Л.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Л.Б-д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Л.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Л.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Л.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-ийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Л.Б-д мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА