Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2020 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2020/ШЦТ/133

 

 

 

 

 

 

 

 

 

 2020         05            01                                                            2020/ШЦТ/133

                                               

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж, шүүгч С.Насанбуян, шүүгч Э.Одхүү нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Иргэдийн төлөөлөгч Б.*******                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

Улсын яллагч Ч.Мөнхзул

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Энхтуяа

Хохирогч С.О /онлайнаар/

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Нямсүрэн, Т.Энхболд

Шүүгдэгч Б

Гэрч П.Т, Д.Э, Ө.М, Н.Н, Д.Б, Б.И, Л.Ц, Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .................. овогт Бд холбогдох эрүүгийн 1921005280252 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, ээж, дүү нарын хамт ...............................тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 135 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, ............... овогт Б. /РД: ......................./

 

Шүүгдэгч Б нь хохирогч С.О, Н.Ж нарыг 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 03-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг ******* байрны гадна унтаж байхад нь өшиглөж зодсоны улмаас хохирогч С.О-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Хохирогч Н.Ж нь гавал тархины битүү гэмтлийн улмаас гэртээ буюу Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг ийн ******* тоотод 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 15 цагийн орчимд нас барсан гэх гэмт  хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр ******* караокенаас гараад ******* баар руу орсон. Тэгээд баар хаасны дараа ******* байрны орцонд ороод 3 давхарт гарч унтсан. Тэр орцны жижүүр эгч надад “миний дүү босоорой, гэртээ орж унт” гэж хэлсэн. Бас нэг хотоос ирсэн ах гэртээ орохдоо намайг “гэртээ орж унтаач” гэсэн. Гэтэл тэр хоёр хүнээс мэдүүлэг аваагүй байсан. Болорбат байцаагч надаас авсан мэдүүлэгтээ “юу болсон талаар санахгүй байна” гээд худал бичсэн байсан. Би 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 07 цагт орцноос гараад ******* баарны гадаа И, Г хоёртой таарсан. Би Г-той хамт Тулга төвийн хажуу талын дэлгүүрээс нэг том пиво аваад “Найрамдал” парк очиж уусан. ******* надтай муудалцаад миний хувцсыг урсан. Эрүүгийн мөрдөгч нар намайг 2019 оны 08 дугаар сарын 5, 6-ны өдрүүдэд өрөөндөө хонуулсан. Эрүүгийн ахмад Э, ахлах дэслэгч Эр, ахлах дэслэгч Б нар зодоод, ингэж хэл, тэгж хэл гэж зааж өгсөн...гэв.

 

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Миний хүү “Шинь Шинь” ХХК-д 10 гаруй жил ажилласан. Хүүгийн ажил 20 хоног ажиллаад, 10 хоног амардаг байсан. Хүү маань архи уудаг байсан. 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр шөнийн 02 цагийн орчимд гэртээ орж ирсэн. Манай хүү согтуу орж ирэхээрээ хоолны сав суулга пижигнүүлээд байдаг байсан. Тэр шөнө орж ирээд ямар ч чимээ гаргалгүй миний өвөрт ороод унтсан. Өглөө 07 цагийн үед хаалга тогшоод “******* /Ж/ /О/ хоёр өчигдөр орой хүнд зодуулсан, бие нь яаж байгааг асуухаар ирлээ” гэсэн. Би хүүгээ хүнд зодуулсныг нь хараагүй учраас “юу яриад байгаа юм бэ, гар зайл” гээд хөөгөөд гаргасан. Тэгээд буцаж унтаад өглөө сэрээд хартал нүүр, нүд нь битүү хаван болсон байсан. Хүү “орой хамт тоглолт үзнээ, та хувцас угаачихаарай” гэж хэлээд буцаад хэвтсэн. Тэгээд босоод хоол идчихээд буцаад унтаад өгсөн. Миний хүү сэрээд байж байтал нүднээс нь цус гараад байсан. Би нүднээс нь гарсан цусыг арчсан. Тэгээд удалгүй 15 цагийн үед гар хөл нь татаад, сандраад хашгираад орцоор гүйсэн. Манай байранд түргэн дуудчихаар хүн байгаагүй. Түргэн ирэхэд манай хүү өнгөрчихсөн байсан. Миний хүүд эхнэр, хүүхэд гээд байх зүйл байхгүй, 30 нас хүртлээ бид нартай хамт амьдарсан. Хүү маань хэнд зодуулсан талаараа надад хэлээгүй. Нүүрэнд ил харагдах шарх, сорви байгаагүй. Хэн зодсон талаар асуухад хүү надад Н эгчийн хүүхэд гэж хэлж байсан. Намайг ямар Н гэж асуухад “за за мэдэхгүй” гэсэн. Би үнэхээр их гомдолтой байна. Миний хүү 700000-800000 төгрөгийн цалин авч ар гэрээ авч явдаг байсан. Нотлох баримтын хүрээнд хохирлоо нэхэмжилнэ гэв.

 

Хохирогч С.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Талийгаач бид хоёр ******* баарны урд сууж байгаад 23 дугаар байр орж унтах гээд явж байхад наад хүүхэд чинь 4-5 уулаа гарч ирсэн. Тэгээд шууд намайг хавсарч унагаж, үснээс зулгааж чирч, өшиглөсөн. Намайг нүүрээ хаахад хавирга руу өшиглөсөн. Намайг “яаж байнаа чи” гэхэд юу юугүй балбасан. Намайг “болио, ах нь үхлээ” гэхэд өшиглөхөө больсон. Намайг зодохоо болиод талийгаачтай муудах гээд байсан. Энэ хоёрыг боль гэсэн чинь талийгаач “та явж бай, би араас чинь очино” гээд үлдсэн. Би тэр чигээрээ яваад ийн 23 дугаар байрны орцонд ороод унтсан. Өглөө хүүхдийн тоглоомны сандал дээр хүнээс тамхи гуйхаар суусан. Би тухайн үед сайн явж чадахгүй байсан. Тэр үед миний хавирга хугарсан байсан. Миний нүүр ам хавантаад юм ч идэж чадахгүй байсан. Би талийгаачид л харамсаж байна. Хажууд зүгээр явж байсан хүнийг нас барсан гэхэд итгэж өгөхгүй байсан. Талийгаач миний төрсөн дүү шиг л байсан. Бид нарыг унтаж байхад орцонд зодсон асуудал болоогүй, зөвхөн баарны гадаа л зодсон. Тэр үед баар хаагаагүй, харуй бүрий болж байсан. Би Б  нь Ж-г зодохыг хараагүй. Би байнга согтуу байдаг болохоор мэдүүлэг өгсөн эсэхээ санахгүй байна, тийм олон мэдүүлэг өгөөгүй, нэг л удаа намайг асуусан. Талийгаачийг хэн алсныг мэдэхгүй, цагдаа нар мэдүүлгийг худлаа бичсэн байна...гэв.

 

Гэрч П.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Миний хүү Б 1995 онд миний 3 дахь хүү болж төрсөн. Би хүүгээ 3 настай байхад ааваас нь тусдаа амьдарсан. Миний хүү 2002 онд Дорнод аймгийн 5 дугаар сургуульд элсэн орж 2013 онд төгсөөд ХААДС элсэн орсон. Манайх 3 оюутантай болоод төлбөр төлж дийлээгүй болохоор хүүгээ цэрэгт явуулсан. Хүү маань цэргээс ирээд гадуур дэмий сэлгүүцэж байгаагүй. Миний хүү эмэгтэй хүмүүсийн дунд өссөн болохоор хүн амьтан дээрэлхээд зодоод байхааргүй зөөлөн хүүхэд. Би хүүгээ зүгээр явж байсан хүнийг барьж аваад зодно гэж бодохгүй байна. Хүү маань гэртээ эмээгээ асардаг байсан. Би хүүгээ хүн алсан гэж бодохгүй байна. ...Тэгээд би *******  байр руу очиход жижүүр залуу нь орцны гадаа сууж байсан. Тэр залуу надад Б 3 давхрын айлын үүдэнд хоноод, өглөө 3 давхрын залууд хөөгдөөд гарсан. Өглөө эхнэрээс ус гуйсан боловч эхнэр ус өгөлгүй, хөөгөөд гаргасан гэж хэлсэн. Тухайн үед манай хүү богино шорт, подволкатай явж байсан гэсэн. Би Цагдаагийн Ерөнхий газар, Хууль зүйн яам, Прокурорын Ерөнхий газар, Хүний эрхийн үндэсний коммист хүүг 4-5 хоног хоол ундгүй байлгаад хүн амины хэрэг хүлээлгэсэн талаар гомдол гаргасан. Б гэх залуу хүүд маань “чиний бичлэг байгаа, чи хэргээ хүлээ, хэрэг чинь хөнгөрнө” харин Э, Энх нар нь “чиний хэргийг заавал хүлээлгэнэ” хоол унд ч өгөлгүй, зодсон байсан. Хэрэг хүлээлгэхдээ өмгөөлөгч дуудаад хэргийг нь хүлээлгэсэн гэж ойлгосон. Намайг гомдол гаргаснаас хойш прокурорын газраас дуудаж нэг ч удаа асуугаагүй. Миний гаргасан гомдлын талаар өнөөдрийг хүртэл тоймтой хариу өгөөгүй гэв.

 

Гэрч Д.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Би 08 дугаар сарын 02-ны өдөр бүрлээч, хоёртой 3 шил архи уусан. Тэгээд бид 3 баар хаахын өмнө Ц ахтай таарсан. Би Ц ахын араар орж унтсан. Өөр юу ч мэдэхгүй байна гэв.

 

  Гэрч Ө.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Би тухайн шөнө унтаж байсан. Яг хэдэн цаг болж байсныг мэдэхгүй байна. Би хүмүүсийн бахиралдах чимээнээр сэрсэн. Тэгээд “та нар чимээгүй байгаач” гэж хэлсэн. Намайг тэгж хэлэх үед нэг хүн зогсож байсан. Тэр хүн өөрсдийнх нь нэг ч байсан уу гэдгийг мэдэхгүй байна. Тэгж хэлээд би буцаад унтсан. Хөлөөрөө өшиглөх шиг чимээ сонссон гэж мэдүүлсэн болохоос би өшиглөсөн гэж хэлээгүй. Тэр хүн зүгээр хажууд нь зогсож байсан. Би дунд зэрэг өндөртэй, туранхай хүн байсан гэж хэлсэн. Миний хэлээгүй үгийг бичсэн байна, би тухайн үед мэдүүлгийг гүйлгээд л харсан гэв.

Гэрч Д.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Намайг таксинд явж байхад Н над руу залгаад Ж гэнэт өнгөрчихлөө гэсэн. Яагаад өнгөрсөн талаар нь асуухад шөнө хүнд зодуулаад орж ирээд, эмнэлэг явахгүй гэж байгаад өнгөрсөн гэж утсаар хэлсэн. Хүрээд ирээч гэсэн болохоор би шууд яваад очсон. Намайг очиход шүүх эмнэлэг, цагдаагийн машин оччихсон байсан. Намайг яваад очиход гадаа зогсож байхдаа хэнд зодуулсан талаар нь асуухад хэнд зодуулсан гэдгээ хэлэхгүй байна, манай хажуу талын буудлын жижүүрийн хүүхэд л гэж хэлсэн гэв.

 

Гэрч Л.Ц шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Өдөр бид хэд хамт 2-3 шил архи уусан. Тэгээд хороолол ороод бид хэд салсан. Нэг мэдэхэд ******* /Ж/ /О/ хоёр хүнд зодуулчихлаа гэсэн. Хаана, хэнд зодуулсныг нь асуухад “энд зодуулсан, хэнд гэдгээ мэдэхгүй байна” гэсэн. О, Ж, Э, Ц  гэсэн дарааллаар унтаж байсан /зураглал хийж харуулав/ гэв.

 

  Гэрч Э.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...2019 оны 08 дугаар сарын 02-ны шөнийн 02 цагийн орчимд 23 дугаар байрны орцны гадаа бүрлээч, , Ц ах, Ч нартай таарсан, тэд нар унтаж байсан.  Би хажуугаар нь орж хэвтсэн. Намайг унтаж байхад нэг хүн хажуугаар хэвтээд өмдний халаасанд гараа хийсэн. Би Бийг нэг алгадаад гэр рүүгээ орсон. Намайг явахад тэнд байсан хүмүүс бүгд үлдсэн. Бийг хаачсаныг мэдэхгүй байна. “Би Бийг цохисон, Б намайг хайж байгаад буруу хүн зодсон” гэсэн мэдүүлэг огт өгөөгүй. Цаанаасаа зохиож бичсэн байна гэв.

 

 Гэрч Н.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ....Би орцноос харсан 3-4 зогсоод 3-4 хүн хэвтэж байсан. Би “яагаад намайг цохиод байгаа юм бэ гэдгийг сонсоод” цагдаа дуудлаа шүү гэж хэлсэн. Тэгээд дөрвүүлээ гүйсэн. Би Г-той адилхан байсан гэж хэлсэн болохоос харсан гэж хэлээгүй гэв.

 

Гэрч Б.И шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би Ж-г зодуулаад хашгарсны дараа гарч харахад нэг хүн гүйж байсан. Би тэр хүний царайг сайн хараагүй. Тэгээд би буцаад ороод унтсан. Шөнө нэг сэрсэн чинь аймшгийн болсон юмнууд орж ирсэн. Зүгээр байхад нэг хүүхэд ирээд, балбаад явчихлаа гэсэн. Надархуу өндөртэй туранхай хүүхэд байсан. Би Ж-г хэнд зодуулсныг хараагүй. Би “Н эгчийн хүүхдийг харсан” гэж мэдүүлэг өгөөгүй. Цагдаа нар намайг барьж аваад хорооллоор ямар хүүхдүүд байдаг вэ гэж асуухаар нь дүү нараа бүгдийг нь хэлсэн.  Тэд нарыг бүгдийг нь байцааж, зодсон. Намайг ч зодсон, хүүхдүүдийг ч зодсон. Цагдаа нар чи Ж-г зодсон биздээ гэж тулгаад зодсон гэв.

 

Иргэдийн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүх хуралдаанд сууж гэрчүүдийн мэдүүлгийг сонслоо. Шүүгдэгч Б нь гэм буруугүй, хилсээр түүнд хэргийг үүрүүлж байна гэж ойлгож байна. Мөн мөрдөн байцаагч нар нь хүртэл хүчээр хэрэг тулгаж байна. Иймээс энэ хүүхэд гэм буруугүй гэж үзэж байна гэв.

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 108 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Талийгаач Н.Ж-ийн цогцост гавлын баруун ухархайн дээд хана, духны хөндий рүү цөмөрсөн хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорхи цусан хураа, бага тархины аалзан хальсан доорхи цус харвалт, эдийн доторх цус хуралт, эд дэх няцрал, баруун нүдний алимны салстад цус харвалт, дээд зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар шанаанд зөөлөн эдийн няцрал, баруун гарын тохой дотор хэсэгт цус хуралт, зүүн шуунд шарх, зулгаралт, өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх шарх гэмтэл нь ир ирмэгтэй болон мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гавлын баруун ухархайн дээд хана, духны хөндий рүү цөмөрсөн хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорхи цусан хураа, бага тархины аалзан хальсан доорхи цус харвалт, эдийн доторх цус хуралт, эд дэх няцрал, баруун нүдний дээд зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар шанаанд зөөлөн эдийн няцрал, баруун гарын тохой дотор хэсэгт цус хуралт гэмтлүүд нь талийгаачийг нас барахаас 1 хоногийн өмнө, бусад гэмтлүүд нь 3-5 хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой.

3.Дээрх амь насанд аюултай гавлын баруун ухархайн дээд хана, духны хөндий рүү цөмөрсөн хугарал гэмтэл нь 3.1.2, их тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорхи цусан хураа, бага тархины аалзан хальсан доорхи цус харвалт, эдийн доторх цус хуралт, эд дэх няцрал гэмтэл нь 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, баруун нүдний алимны салстад цус харвалт, дээд зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4.Талийгаачийн биед архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

5.Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ.

6.Талийгаачид хийсэн химийн шинжилгээгээр цусанп 0.7 промилли, ходоодны шингэнд 0.2 промилли  спиртийн агууламж илэрч байна. Талийгаач нь нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ.

7.Талийгаач нь хоёрдугаар бүлгийн цустай байна гэжээ. /1-р хх-ийн 105-111/

 

-Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 15-20/

  - Л.Ц-ын биед үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 25/

  - Г-ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 29/

  - Шүүгдэгч Бий хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 36-37/

   - Гэрч Н.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 38-39/

 -Яллагдагч Бий мэдүүлэг /1-р хх-ийн 214-215 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас шүүгдэгч Бийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргүүдэд тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Улсын яллагч нь шүүгдэгч Бийг хохирогч С.О, амь хохирогч Н.Ж нарыг 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 03-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг ******* байрны гадна унтаж байхад нь өшиглөж зодсоны улмаас хохирогч С.О-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн хохирогч Н.Ж нь гавал тархины битүү гэмтлийн улмаас гэртээ буюу Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг ийн ******* тоотод 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 15 цагийн орчимд нас барж хүнийг алах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн нь яллах үндэслэл болсон бичгийн нотлох баримтууд болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар бүрэн дүүрэн нотлогдон тогтоогдохгүй, эргэлзээ төрүүлж няцаагдаж байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.Үүнд:

 

шүүгдэгч Бий шүүх хуралдаанд өгсөн “....Би 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр ******* караокенаас гараад ******* баар руу орсон. Тэгээд баар хаасны дараа Дорнод 80 дугаар байрны орцонд ороод 3 давхарт гарч унтсан. Эрүүгийн мөрдөгч нар намайг 2019 оны 08 дугаар сарын 5, 6-ны өдрүүдэд өрөөндөө гавтай хонуулсан. Эрүүгийн ахмад Э, ахлах дэслэгч Эр, ахлах дэслэгч Б нар зодоод, ингэж хэл, тэгж хэл гэж зааж өгсөн. Намайг эрүүдэн шүүсний дараа мэдүүлэг авсан. Өөсрдөө зохиож бичээд надаар уншуулахгүй гарын үсэг зуруулсан...“ гэх мэдүүлэг,

хохирогч С.О-ийн шүүх хуралдаанд өгсөн “...Бид нарыг унтаж байхад орцонд зодсон асуудал болоогүй, зөвхөн баарны гадаа л зодсон. Тэр үед баар хаагаагүй, харуй бүрий болж байсан. Би Б Ж-г зодохыг хараагүй. Би байнга согтуу байдаг болохоор мэдүүлэг өгсөн эсэхээ санахгүй байна, тийм олон мэдүүлэг өгөөгүй, нэг л удаа намайг асуусан. Цагдаа нар мэдүүлгийг худлаа бичсэн байна...” гэх мэдүүлэг,

гэрч Н.Н-ийн шүүх хуралдаанд өгсөн “...Би “яагаад намайг цохиод байгаа юм бэ гэдгийг сонсоод” цагдаа дуудлаа шүү гэж хэлсэн. Тэгээд дөрвүүлээ гүйсэн. Би орцноос харсан. 3-4 зогсоод 3-4 хүн хэвтэж байсан. Би Г-той адилхан байсан гэж хэлсэн болохоос харсан гэж хэлээгүй...” гэх мэдүүлгүүд болон Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 108 дугаартай “Дээрх шарх гэмтэл нь ир ирмэгтэй болон мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэх дүгнэлт /1-р хх-ийн 105-107/-ээр тус тус үгүйсгэгдэж байх бөгөөд шүүх хуралдаанд оролцсон бүх гэрч, хохирогч нар нь шүүгдэгч Бийг хохирогч С.О, амь хохирогч Н.Ж нарыг зодож, хүнийг алах болон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн талаар гэрчилдэггүй, энэ хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодорхой мэдэхгүй, зөвхөн хохирогч нартай хамт архи уусан талаар л мэдүүлж байгаа нь шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэхэд хангалттай нотлох баримт болж чадахгүй байна.

 

Шүүх хуралдаанд оролцсон дээрхи гэрч, хохирогч нар нь бүгд “мөрдөн шалгах ажиллагааны үед ийм мэдүүлэг өгөөгүй, мэдүүлгийг өөрөөр бичсэн байна” гэж  мэдүүлж байгаагаас дүгнэхэд мөрдөгч, прокурор нар нь гэрчүүдэд эрх, үүргийг ёс төдий танилцуулж, мөн мэдүүлгийг сайтар уншуулж гарын үсэг зуруулаагүй болох нь харагдаж байна. Мөн гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа хэрэгт хамааралгүй хүмүүсийг оруулж, бичиг үсэг мэдэхгүй гэрч, хохирогчид “уншиж танилцуулав” гэж гарын үсэг зуруулсан нь  ямар хүнээр юу гэж мэдүүлснийг уншиж танилцуулаад байгаа нь ойлгомжгүй, бичиг үсэг мэдэхгүй хохирогч С.О-ээс гэмт хэрэг үйлдсэн этгээдийг таньж олуулах ажиллагааг өмгөөлөгчгүйгээр хийсэн зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.

Мөн шүүгдэгч Бийг анх гэрчээр асуухдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэрчийн эрх, үүргийг танилцуулж, өмгөөлөгч авах эрхээр хангаагүй нь нэг талыг барьж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, шүүгдэгчийг 2 хоног шүүхийн шийдвэргүй хорьсон нь эрүүдэн шүүх ажиллагаа гэж үзэх үндэслэл болох бөгөөд мөн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 03-ны өдрүүдэд болсон хэргийн талаар шүүгдэгчээс гэрчээр мэдүүлэг авахдаа “өмгөөлөгчгүйгээр, эрүүдэн шүүж өөрийнх нь эсрэг мэдүүлэг өгүүлсэн” гэх гомдлын дагуу Цагдаагийн газрын нэр бүхий алба хаагчид буюу мөрдөгч нарыг Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлж эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байсан болох нь  /2-р хавтаст хэргийн  11, 13, 15/ хэрэгт авагдсан баримтаар харагдаж байна. 

 

Мөрдөгч, прокурор нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт “...хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж...болохгүй....”, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 5 дугаар зүйлд “Хэнд ч эрүү шүүлт тулган эсхүл хэнтэй ч хэрцгийгээр, хүний ёсноос гадуур буюу нэр төрийг нь доромжлон харьцах, шийтгэх ёсгүй”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчид эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж ... хориглоно” гэсэн заалтуудыг зөрчиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хэргийн бодит байдлыг нотлохын тулд ... хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэсэн заалтыг биелүүлээгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, ... эргэлзээ гарвал ... шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан ба шүүгдэгч Бд холбогдох хүнийг алах, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргүүдэд мөрдөгч, прокурор нар эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарч байх тул түүнд холбогдох хэргүүдийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Бийг цагаатгаж, түүнийг яллагдагчаар татсан тогтоол болон 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 4/50 дугаартай яллах дүгнэлтийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

           

Хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд “...хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцаах” саналыг гаргаж байгаа боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг прокурорт буцаах боломжтой бөгөөд талууд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй тул хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд шууд буцаах боломжгүй юм.

 

Шүүхээс шүүгдэгч Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан тул түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүх танхимаас суллах нь зүйтэй байна.

         

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б нь 267 /хоёр зуун жаран долоо/ хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн даавуун цамц 1 ширхэгийг хэргийн хамт аймгийн Прокурорын газарт хүргүүлж, баримт бичгээр ирүүлсэн шүүгдэгч Бий ...................... тоот регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийн хуулбарыг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-3, 5, 6, 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 36.9, 36.10, 36.11 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас шүүгдэгч ................ овогт Бийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.8-д зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Бийг цагаатгасугай

 

          2. Шүүгдэгч Бийг яллагдагчаар татсан тогтоол болон 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 4/50 дугаартай яллах дүгнэлтийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасугай.

 

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн даавуун цамц 1 ширхэгийг хэргийн хамт Дорнод аймгийн прокурорын газарт хүргүүлж, баримт бичгээр ирүүлсэн шүүгдэгч Бий ........................тоот регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийн хуулбарыг хэрэг хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь 267 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

 

          4. Энэ хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон болохыг дурдсугай.

 

          5. Шүүгдэгч Б нь хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

          6. Шүүгдэгч Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүх танхимаас сулласугай.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Л.БАТЖАРГАЛ

  •  

                                                                                          Э.ОДХҮҮ