| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2020/0137/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/138 |
| Огноо | 2020-05-13 |
| Зүйл хэсэг | 24.6.2.2., |
| Улсын яллагч | С.Алтай |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 2020/ШЦТ/138
2020 05 13 2020/ШЦТ/138
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч С.Алтай
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Галтогтох
Шүүгдэгч Ц, М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Идэрбатаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..................н овогт Ц, ................... овогт М нарт холбогдох 1921008840104 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Чулуунхороот суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт .............................. тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ............... овогт Ц. /РД: ........................./
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт ...........................оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, .................... овогт М. /РД: ..................../
Шүүгдэгч Ц, М нар нь бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын 6 дугаар багийн нутаг ******* хөндий гэх газраас “Хьюндэй портер” маркийн ******* УБХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан зөвшөөрөлгүйгээр ойд 18 ширхэг шинэс мод буюу 0.3022 метр куб мод бэлтгэн тээвэрлэж, ойн экологид 110.967.8 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би найз Мын хамт хашааныхаа модийг солих гээд мод бэлтгэсэн нь үнэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгч М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Манайх хашаагүй юм тэгээд найзын хамт хашааны мод бэлтгэсэн. Тухайн тээврийн хэрэгсэл Зоригтбаатарынх юм” гэв.
Иргэний нэхэмжлэгч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...надад эрүүгийн 1921008480104 дугаартай хэрэгт ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 39-40/
Гэрч Р.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ингээд явж байхад морин давааны хөндийн урд талд сумын 2 дугаар багийн иргэн Г.М нь ******* УБХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мод тээвэрлээд явж байсан. Түүнтэй хамт Ц гэх хүн хамт явж байсан. Ингээд тээвэрлэж явсан модонд нь үзлэг шалгалт хийхэд 18 ширхэг мод бэлтгээд ачсан байсан, гарал үүслийн болон мод бэлтгэх тээвэрлэх зөвшөөрөлгүй байсныг саатуулж зөрчлийн талаар гомдол мэдээллээр оруулж шалгаж шийдвэрлэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42/
-Ойн санд учирсан экологи, эдийн засгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 55-56/
-Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /хх-ийн 28-29/
-Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 30, 34/
-Эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 32-33/
-Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 35/
-Шүүгдэгч Цын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 64-66/
-Шүүгдэгч Мын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 67-70/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Ц, М нар нь бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын 6 дугаар багийн нутаг ******* хөндий гэх газраас “Хьюндэй портер” маркийн ******* УБХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан зөвшөөрөлгүйгээр ойд 18 ширхэг шинэс мод буюу 0.3022 метр куб мод бэлтгэн тээвэрлэж, ойн экологид 110.967.8 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч нарын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Г.Г, гэрч Р.Б нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, ойн санд учирсан экологи, эдийн засгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц, М нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Идэрбатаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ц, М нарыг бүлэглэж, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэн тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Ц, М нарыг бүлэглэж, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэн тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан зэргийг харгалзан шүүгдэгч Ц, М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Ц, М нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Huyndai porter” маркийн ******* УБХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл иргэн Ч.З-ын өмч болох нь тогтоогдож байх тул тээврийн хэрэгслийн үнэ 3800.000 /Гурван сая найман зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, мөн эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 180.000 /нэг зуун наян мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий шар өнгийн тагтай, улаан хүрэн өнгийн хуучин гадаргуутай мотортой хөрөөг тус тус улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч Цын ................. тоот регистрийн дугаартай, шүүгдэгч Мын ..................... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаануудыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ............. овогт Ц, .................. овогт М нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар бүлэглэж, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэн тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ц, М нарыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ц, М нарт тэнсэгдсэн 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Ц, М нарт мэдэгдэж, хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл “Huyndai porter” маркийн ******* УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 3800.000 /Гурван сая найман зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, мөн эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 180.000 /нэг зуун наян мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий шар өнгийн тагтай, улаан хүрэн өнгийн хуучин гадаргуутай мотортой хөрөөг тус тус улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авсугай.
6. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Цын ................. тоот регистрийн дугаартай, шүүгдэгч Мын .................... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаануудыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц, М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ