Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2020/ШЦТ/139

 

 

 

 

 

 

 

 

 

 2020         05           13                                                  2020/ШЦТ/139

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч С.Алтай

Шүүгдэгч Иын өмгөөлөгч А.Мөнхбат

Шүүгдэгч А, И нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ............ овогт А, ............... овогт И нарт холбогдох 1921008910132 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ....................................тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ................ овогт А. /РД: ................../

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Чулуунхороот суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ..................... дугаар багт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ..............овогт И. /РД: .................../

Шүүгдэгч А нь 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Дорнод аймаг дахь Хилийн 0275 дугаар ангийн хариуцсан хэсэг болох хилийн 934 дүгээр тэмдгийн зүүн талаар Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн,

Шүүгдэгч И нь 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Дорнод аймаг дахь Хилийн 0275 дугаар ангийн хариуцсан хэсэг болох хилийн 934 дүгээр тэмдгийн зүүн талаар Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүх хуралдаанд дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

   Шүүгдэгч А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр манай хүргэн Батхүрэл хадам аавын идшийг хийнэ гэж хэлээд бид нар хөдөө явсан. Идшээ янзалж дуусаад буцаад явж байхад миний багийн найз М-тай тааралдаад уулзаагүй удсан байна гэж ярилцаад идшээ буулгаж ирээд М-ын гэрт ирээд авсан архиа ууж суугаад хоол хийж идсэн. Удалгүй сумын төв рүү караокед орохоор явсан. Бид нар караокенаас 00 цагийн орчимд гараад их согтсон байсан болохоор Батхүрэлийн гэрийн гадаа очсон. Тэгээд цааш нь юу болсон гэдгийг санахгүй байна” гэв.

 

   Шүүгдэгч И шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй” гэв.

 

   Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 20 тоот дүгнэлтэд:

1.Гэрч И нь оюун ухааны хөнгөн хомсдол өвчтэй байна.

2.Гэрч И нь хэрэг хариуцах чадвартай байна.

3.2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн БОЭТөвийн СЭМТасгийн ШСЭС-ын 2 дугаартай дүгнэлтэд хэрэг хариуцах хязгаарлагдмал чадвартай гэсэн дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй байна. Учир нь Монгол Улсын Эрүүгийн хуулинд хэрэг хариуцах чадвартай болон хэрэг хариуцах чадваргүй байдлын тухай л томъёолсон байдаг гэжээ. /хх-ийн 103-104/

 

-Хилийн 0275 дугаар ангийн 0102 дугаар салбарын холбогдогч Ид хойшлуулшгүй ажиллагаа явуулсан материал /хх-ийн 8-29/

- Хилийн 0275 дугаар ангийн 0102 дугаар салбарын холбогдогч Ад хойшлуулшгүй ажиллагаа явуулсан материал /хх-ийн 30-60/

-Захиргааны эрх зүйн зөрчлийн хэргийн тогтоол /хх-ийн 66-69/

-Гэрч Л.Т-ийн мэдүүлэг /хх-ийн 86/

-Гэрч Н.Н-ын мэдүүлэг /хх-ийн 87-88/

-Гэрч Н.С-ны мэдүүлэг /хх-ийн 91-93/

-Шүүгдэгч Агийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 125-126/

-Шүүгдэгч Иын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 127-128/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч А, И нар нь 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Дорнод аймаг дахь Хилийн 0275 дугаар ангийн хариуцсан хэсэг болох хилийн 934 дүгээр тэмдгийн зүүн талаар Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч нарын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ  хүлээсэн мэдүүлэг, гэрч Л.Т, Н.Н, Н.С нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Хилийн 0275 дугаар ангийн 0102 дугаар салбарын шүүгдэгч И, А нарт хойшлуулшгүй ажиллагаа явуулсан материалууд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

 

Шүүгдэгч А, И нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул  шүүгдэгч А, И нарыг Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохин зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч А, И нарыг Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохин зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан зэргийг харгалзан шүүгдэгч А, И нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэв.  

 

Шүүгдэгч А, И нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

 

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч Агийн ............... тоот регистрийн дугаартай, шүүгдэгч Иын .................. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаануудыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ......... овогт А, ................. овогт И нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохин зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А, И нарыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч А, И нарт тэнсэгдсэн 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч А, И нарт мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Агийн ................ тоот регистрийн дугаартай, шүүгдэгч Иын ................... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаануудыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.  

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А, И нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.БАТЖАРГАЛ