Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 00004

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Энхтайван даргалж,

Нэхэмжлэгч: “И” хязгаарлагдмал хариуцлагатай компани /цаашид ХХК/-ийн нэхэмжлэлтэй;

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.М, Ц.И нарт холбогдох;

Нэхэмжлэлийн шаардлага: “Татварын улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 170019857 тоот актыг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “И” ХХК-ийн захирал Ч.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагч Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.М, Ц.И, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Идэр Чандмань” ХХК-ийн захирал Ч.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын улсын ахлах байцаагч Г.М, Ц.И нар нь тус компанийг 2013 оны 03 дугаар сард Ж ХХК-иас 45 454 8000 төгрөгийн худалдан авалт хийсэн мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын хуурамч падаан ашиглан татвар төлөхөөс зайлсхийсэн гэж үзэж Татварын улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 170019857 тоот актаар 45 454 8000 төгрөгийн нөхөн татвар, 13 636 440 төгрөгийн торгууль, 136 634.4 төгрөгийн хүү нийт 59 227 604.4 төгрөгийн төлбөр ногдуулсан. Үүнийг татвар төлөгч эс зөвшөөрч Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлд хандсан боловч уг зөвлөл 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 05 дугаар тогтоолоор татварын улсын байцаагчийн актыг үндэслэлтэй байна гэж дүгнээд татварын төлбөрийн дүнг хэвээр үлдээж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь И ХХК-ийн цахим сүлжээнд НӨАТ төлөгчөөр бүртгэгдсэн, 2557746 регистрийн дугаар бүхий худалдагчаас өгсөн татварын албанаас нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчдөд тараадаг албан ёсны баримт болох НӨАТ-ын падаан бөгөөд тэдгээрт дарагдсан компанийн болон санхүүгийн тэмдэгүүд нь жинхэнэ эхээр буюу тосон дарцаараа байсан баримтыг үндэслэж татварын тайлангаа гаргасанд байгаа юм. Гэтэл энд тэндээс ирсэн бичгийг гол үндэслэлээ болгон татвар төлөгчид дарамт учруулах, хууль бус татвар ногдуулалт хийх, татвар төлөгчид хуулиар олгогдоогүй үүргийг биелүүлэхийг шаардах нь татварын алба, улсын байцаагчийн эрх биш гэдгийг татварын улсын байцаагчид ч татварын алба нь ч аль аль нь ойлгоогүйд харамсаж байна. Орон нутгийн татварын алба нь татварын улсын байцаагчдынхаа хууль бус үйлдлийг зөвтгөсөн шийдвэрийг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гаргаж, 2017 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр гардуулсан тул тэдгээр хууль бус шаардлагыг үл зөвшөөрч ийнхүү шүүхэд хандаж байна. Манай компани нь Ж ХХК-иас тухайн бараа материалыг худалдаж авсан болохоос биш ямар нэгэн байдлаар хуурамч цаас, хуурамч падаан гаргаагүй юм. Тухай үед өршөөлийн хууль гарсаны дараа намайг дуудаж мэдүүлэг өгөх гээд очиход Ж ХХК танайд хуурамч бичилт хийж өгсөн юм байна, та хүлээн зөвшөөрөх үү гэхээр нь би манай компани бараа материал худалдаж авсан болохоос биш ямар нэгэн хуурамч цаас, падаан үйлдээгүй гэж тайлбарлан хүлээн зөвшөөрөхгүй гээд мөрдөн байцаагчид тайлбараа гараар бичиж өгсөн. Би ямар хэрэг хийсэн гэж өршөөлд хамрагдах юм бэ?  ойлгохгүй байна гэдгээ тухайн үед хэлсэн. Харин намайг тухайн хэрэгт холбогдолтой байгаа тул өршөөлөөр өршөөгдөж байгаа юм аа, та гомдлоо хууль зүйн ямар үндэслэл байна, тэрүүгээр гаргаж болно гэсэн. Нэгэнт тогтоол гараад нөгөө хүмүүс нь хүлээн зөвшөөрсөн юм чинь гарын үсгээ зур гэхээр нь би гарын үсэг зурахдаа энэ хэргийг хүлээн зөвшөөрч байна гээд тайлбараа бичээд өгсөн. Энэ бараа материалыг манай ажилтан авч байсан ба хэн авч байсныг одоо сайн санахгүй байна. Би компанид бараа материалаа хүлээн авахдаа сайн шалгаж авдаг. Тухайн үед шалгахад ямар нэгэн зөрчил байгаагүй. Компанид орж ирсэн мөнгө миний дансруу ордог. Идэр Чандмань ХХК-нд мөнгө орж, гаргахад би гарын үсгээ зурдаг. Би тухайн үед Монгол Улсад хэрэглэгдэж байсан татварын тухай хуулийг дагаж мөрдөж худалдан авалт хийсэн. Тухайн үед авсан материалыг Булган, Дорнод, Өмнөговь, Баянхонгор, Увс аймгуудад барилга угсралтын ажилд зарцуулсан. Актыг хүчингүй болгож өгнө үү гэсэн гол үндэслэл нь татварын НӨАТ-ын баримт нь татварын байгууллагын баримт мөн болох нь тухай үед бүртгэлээр харагдаж байсан. Иймд татварын улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 170019857 тоот актыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчтэй мөн адил тайлбартай байна. Мөн дээрээс нэмж хэлэхэд Ж ХХК-ийн буруутай үйл ажиллагаанд татварын акт тавьснаас болж манай компани хохирогч болоод байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын хуульд зааснаар худалдагч тал зарж, борлуулж байгаа бараа материалдаа татвараа шингээн зарж борлуулаад татварын байгууллагад тайлангаа гаргаж өгч татвараа төлөх ёстой юм.  Мөн миний үйлчлүүлэгч нэмэгдсэн өртөгийн албан татвар төлөгч юм. И ХХК нь Ж компанийг хууль ёсоор үйл ажиллагаагаа явуулдаг компани байна гэж итгэн бэлэн мөнгөөр бараа материал худалдан авсан.  Ж ХХК-ийн хууль бус үйлдлийг И ХХК-нд тохож байна. Иймд Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.М, Ц.И нарт холбогдуулан “Татварын улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 170019857 тоот актыг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийг дэмжиж оролцож байгаа гэв.

 Хариуцагч Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Г.М, Ц.И нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Идэр Чандмань ХХК-ийн 2013 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн шалгалт хийж 2014 оны 11 сарын 26-ны өдөр татварын улсын байцаагчийн 170001067 дугаартай 45 454 8000 төгрөгийн дүнтэй зөрчилд эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэхээр дүгнэлт бичиж хэрэг бүртгэх болон хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар шийдвэрлэсэнтэй холбоотой, 2016 оны 02 сарын 12-ны өдөр нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын прокурорын 267 дугаар тогтоолоор “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай Монгол улсын эрүүгийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, Монгол улсын эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208, 209 дугаар зүйлийг удирдлага болгон тус тогтоолд яллагдагч, сэжигтнээр татагдсан этгээдүүд нь гэм буруугаа хүлээн зөвшөөрж улсад учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байдаг. Дээрх прокурорын тогтоол гарсантай холбогдуулж Татварын ерөнхий газрын хяналт шалгалт арга зүйн газрын 2016 оны 11 сарын 02-ны өдрийн 07/792 дугаар “ажил эрчимжүүлэх” тоотод прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон ХХК-уудад захиргааны хариуцлага хүлээлгэх. Мөн хяналт шалгалт арга зүйн газрын 2017 оны 04 сарын 13-ны өдөр 07/1075 дугаар “Ажил эрчимжүүлэх тухай” прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон ХХК-уудад захиргааны хариуцлага тооцох ажлыг шуурхай зохион байгууллах гэсний дагуу 2017 оны 05 сарын 10-ны өдөр дээр дурьдагдсан 170001067 дүгнэлтэд захиргааны хариуцлага тооцож 17001987 дугаартай татварын улсын байцаагчийн актыг санхүүгийн анхан шатны болон нягтлан бодох бүртгэл гэрээ хэлцэл, хөндлөнгийн мэдээлэл зэрэг баримт материалд үндэслэн татварын хяналт шалгалт хийж 59227604 төгрөгийн акт тогтоосон нь дараах баримтаар нотлогдож байгаа тул төлөх нь зөв гэж үзэж байна. Хөвсгөл аймгийн татварын хэлтэстэй харьцдаг И ХХК нэхэмжлэлдээ цахим сүлжээнд НӨАТатвар төлөгчөөр бүртгэгдсэн 2557746 регистрийн дугаартай худалдагч талаас өгсөн татварын албанаас татвар төлөгчдөд өгсөн албан ёсны болох НӨАТ падаан бөгөөд санхүүгийн тэмдэгүүд нь жинхэнэ эхээр байсан баримтыг үндэслэж татварын тайлан гаргасан гэжээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан нь Татварын ерөнхий газрын цахим тайлангийн системд борлуулагч талаас хувиарласан падаан байсан боловч, Ж ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг тухайн харьяалах дүүргийн татварын хэлтсээс зохих журмын дагуу аван бусдад хий бичилт хийж байсан нь прокурорын тогтоолоор тогтоогдож байна. Мөн И ХХК нь бараа материал худалдан авахдаа бэлэн мөнгөөр авсан гэсэн боловч кассаас 45 454 8000 төгрөгийн зарлага гарсан баримт байхгүй санхүүгийн үйл ажиллагааны нягтлан бодох бүртгэлийн журнал, бараа материал худалдаж авсан кассын бэлэн мөнгөний зарлагын баримт байхгүй байсан эдгээр нь тухайн шалгалтын үед бараа материалыг бэлэн мөнгөөр худалдаж авсан байх ямарч баримтаар нотлогдоогүй, тухайн байгууллагын нягтлан бодогч кассаас мөнгө гараагүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Мөн дээрх прокурорын тогтоолд Ж ХХК-ийн удирдлагаар ажиллаж байсан хүмүүс нь нэр бүхий аж ахуй нэгжүүдэд нэмэгдсэн өртгийн албан татварын хуурамч бичилт хийлгэн онц их хэмжээний татвар төлөхөөс санаатай зайлс хийх боломж олгосноо хүлээн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна. Мөн нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн анхан шатны бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварын хасч тооцохгүй” Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1-д /дараах тохиолдолд зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцохгүй, 15.1.2-д албан татвар төлөгчийн баримтаар нотлогдоогүй зардал/ гэсэн заалтыг тус тус зөрчсөн. Тухайн үед Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч Б.М, Т.П нар шалгаад анхан шатны баримт дутуу байна гэсэн үндэслэлээр дүгнэлт гаргаж байсан. Дүгнэлтэнд тулгуурлан акт үйлдсэн юм. Иймээс нэхэмжлэгч И ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг Хөвсгөл аймгийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 170009290 дугаар актыг хүчингүй болгуулах хууль зүйн ямарч үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “И” ХХК нь Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч Г.М, Ц.И нарт холбогдуулан “Татварын улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 170019857 тоот актыг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.  

Анх Үндэсний Татварын албаны 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 003 дугаар  “Татварын тайланд хяналт шалгалт хийлгэх тухай” дүгнэлтээр “И” ХХК /захирал Ч.Ц/-ний 2013 оны 3 дугаар улирлын НӨАТ-ын тайланд  татварын ногдуулалтын хяналтаар “Хуурамч падаан тараасан “Ж” ХХК-ийн падааныг тайлангаасаа хасалт хийхгүй зөрчилд Татварын хяналт шалгалт хийлгэхээр хариуцсан нэгжид шилжүүлснээр Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Г.М, Ц.И нар  “И ХХК-ийн 2013 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн шалгалт хийж,  Татварын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, их хэмжээний татвар ногдох орлогыг нуусан буюу бусад хэлбэрээр татвар төлөхөөс зайлсхийсэн 45.454.8000  төгрөгийн зөрчилд нь эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэхээр 2013 оны 11 дугаар сарын 26-ны өдрийн 170001067  тоот дүгнэлтийг бичжээ. /хх-29-31 дүгээр хуудас/

Улмаар Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн  хэрэгтэй тэмцэх хэлтсээс эрүүгийн 201201000553 тоот хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, 2016 оны 02 дугаар сарын 12-ний өдрийн 267 дугаар тогтоолоор “И” ХХК-ийн захирал Ч.Ц-д холбогдуулан үүсгэсэн эрүүгийн хэргийг Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 267 дугаар прокурорын тогтоолоор Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн дагуу Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсгийг баримтлан 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 2017 оны 2 сары 03-ны өдрийн 1/12 дугаар тогтоолоор “...сэжигтэн, яллагдагч нарт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохиролыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, холбогдсон хэргээ Өршөөл үзүүлэх тухай хуульд заасан үндэслэлээр шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргаагүй... гэх зэрэг үндэслүүдээр дээрхи тогтоолыг хүчингүй болгож,  хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээж, мөрдөн байцаалтанд буцаажээ. /хх-70-73 дугаар хуудас/

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 167 дугаар прокурорын тогтоолоор “И” ХХК-ийн захирал Ч.Ц-ын “2013 онд “Ж” ХХК-ний НӨАТ-ын падаанд 454,548,000 төгрөгийн хуурамч бичилтийг хийлгүүлж, татвар төлөхөөс зайлсхийсэн гэх дээрх эрүүгийн хэргийг дахин шалгаж, яллагдагч Ч.Ц татвар төлөхөөс зайлсхийсэн нь нотлогдсон боловч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, Эдийн засгийн ил тод байдлын тайлангаа гаргаж тайлагнасан, хохирлоо нөхөн төлөхөө 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 04 дугаартай албан бичгээр илэрхийлсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт зааснаар  эрүүгийн хэрэг үүсгэн, байцаан шийтгэх ажиллагаа явуулсан яллагдагч Ч.Ц-д холбогдох “татвар төлөхөөс зайлсхийсэн“ гэх хэргийг Монгол Улсын 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ. /хх- 74,75 дугаар хуудас/

Хөвсгөл аймгийн  Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.М, Ц.И нар нь “И” ХХК-ний 2013.01.01-2013.12.31 дуустал албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд  2014 оны 10 сарын 06-ны өдрөөс 2017 оны 05 сарын 10 өдрийг хүртэл шалгалтыг хийж,  “2014 онд 45.454.8000 төгрөгийн НӨАТатварын худалдан авалт хйисэн гэж төсөвт төлөх  НӨАТатвараа 45.454.8000 төгрөгөөр бууруулсан зөрчилд нь 45.454.8000 төгрөгийн нөхөн татвар, 13.636.440 төгрөгийн торгууль, 136.364 төгрөгийн хүү, нийт 59.227.604,4 төгрөгийн төлбөр ногдуулж, татварын улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 170019857 тоот “Татвар ногдуулалт, төлөлтийн шалгасан тухай” акт тогтоожээ.

Нэхэмжлэгч “И” ХХК нь  дээрхи татварын улсын байцагчийн актыг эс зөвшөөрч Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байх бөгөөд Татварын хэлтсийн дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 05 дугаар тогтоолоор маргаан бүхий акт буюу  Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарын  170019857 дугаар актыг хэвээр баталжээ. /хх-6-8 дугаар хуудас/

Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн  даргын 2017 оны 11 дүгээр  сарын 01-ний өдрийн А/32 дугаар тушаалаар Татварын хэлтсийн дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2017 оны 05 дугаар тогтоолыг баталгаажуулжээ./хх-9 дүгээр хуудас/

Нэхэмжлэгчээс: “... байцаагч нар актыг тавихдаа санхүүгийн анхан шатны баримт, нягтлан бодох бүртгэлийн баримтуудад тулгалт /шалгаж/ хийхгүйгээр процесс зөрчиж, зөвхөн байцаагчийн дүгнэлт, прокурорын тогтоолд үндэслэн актаар нөхөн татвар ногдуулсан нь үндэслэлгүй ...” гэж, хариуцагч нь “ ... бараа материал худалдан авахдаа бэлэн мөнгөөр авсан гэх боловч компаний касснаас зарлага гарсан санхүүгийн баримт байхгүй, санхүүгийн ажиллагааны нягтлан бодох бүртгэлийн журнал зэрэг байхгүй, тухайн үед нотлогдоогүй учир татварын улсын байцаагч нарын дүгнэлтийг баталгаажуулсан  дүнгээр нь акт тавьсан учир актыг хүчингүй болгох үндэслэлгүй ”  хэмээн  тус тус маргажээ.

Дээрхи хэргийн нөхцөл байдал болон нэхэмжлэгч хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон бусад баримтуудаас дүгнэхэд  татварын улсын байцаагчийн актыг тогтоохдоо “санхүүгийн анхан шатны баримт, нягтлан бодох бүртгэлийн баримтуудад тулгалт /шалгаж/ хийхгүйгээр процесс зөрчиж, зөвхөн байцаагчийн дүгнэлт, прокурорын тогтоолд үндэслэн актаар нөхөн татвар ногдуулсан” гэх тайлбар нь үндэслэлтэй болох нь хариуцагч  нарын шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, мэдүүлгээр тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл Татварын ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Татварын алба, татварын улсын байцаагч нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэж, тэдэнд итгэл үзүүлэн ажиллана”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Татварын алба, татварын улсын байцаагч нь татвар төлөгчийн татварын үүргийг тодорхойлох, татвар хураахтай холбогдсон заалтыг зөрчсөн, “И” ХХК-ний 2013.01.01-2013.12.31 дуустал албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд  шалгалтыг хийсэн гэх боловч тухайн компанийг  2014 оны НӨАТатвараа бууруулсан зөрчилд төлбөр ногдуулсан мэт актад бичигдсэн зөрчилтэй,   шалгалт хийсэн тухай болон  холбогдох нөхөн татвар ногдуулсан хуулийн үндэслэл  тодорхойгүй, өөрөөр хэлбэл  татварын улсын байцаагчийн актыг тогтоохдоо “санхүүгийн анхан шатны баримт, нягтлан бодох бүртгэлийн баримтуудад нягтлан тулгалт /шалгаж/ хийхгүйгээр процесс зөрчиж улмаар хуулийн тодорхой үндэслэлгүйгээр захиргааны акт гаргасан байна гэж шүүх дүгнэж, хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзэж, захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл хугацаанд маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлэхээр шийдвэрлэлээ.

Иймд татварын хяналт, шалгалт хийсэн аргачлал нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн тул актыг 5 сарын хугацаатайгаар түдгэлзүүлж энэ хугацаанд хариуцагч нар нь дахин хяналт шалгалт явуулахдаа зохих журмын дагуу үндэслэл бүхий хийж шинэ акт гаргах шаардлагатай гэж шүүх дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 14 дүгээр зүйлийн 14.3, 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 17.3-т заасныг тус тус баримтлан хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн тул захиргааны байгуулагаас буюу хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 170019857 тоот актыг   5 /тав/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон дээрхи хугацаанд эрх бүхий захиргааны байгууллага дахин шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий захиргааны акт буюу  Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 170019857 тоот актыг   хүчингүй болохыг дурдсугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.ЭНХТАЙВАН