Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 00476

 

 

 

 

 

 

 

 

 

 

О.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 12-ны  өдрийн 181/ШШ2016/01513 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: О.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба болон “Бэсгэ” ХХК-д тус тус холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Лхагвасүрэн, Т.Амирдаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Очирваань шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 8442 тоот захирамжаар О.Алтанцэцэг надаас 14 112 245 төгрөгийг гаргуулж “Туулын сондор” ББСБ-д олгож, төлбөр төлөөгүй тохиолдолд Чингэлтэй дүүргийн, 14 хороо, Хайлааст 6 гудамж, 54 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон ГД-000047488, Г-2202001390 дугаартай хувийн орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Улмаар уг захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагаа Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч Т.Амирдаа гүйцэтгэж байна. Барьцаа хөрөнгөд хураагдсан Чингэлтэй дүүргийн, 14 хороо, Хайлааст 6 гудамж, 54 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон ГД-000047488, Г-2202001390 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг хөндлөнгийн шинжээч 15 107 071 төгрөгөөр үнэлсэн болохыг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн албан бичгээр 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр мэдээд энэхүү үнэлгээ нь тус үл хөдлөх хөрөнгүүдийг бүхэлд нь үнэлж чадаагүй, зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн үнэлгээ байх тул уг үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж дээрх ажиллагааг хүчингүй болгож өгөхийг Чингэлтэй дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.Лхагвасүрэнд хандсан боловч 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 3-548 хариу мэдэгдэх хуудсаар боломжгүй гэсэн хариу өгсөн. Шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа барьцааны эд хөрөнгийг үнийн санал авалгүй Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг зөрчиж зайлшгүй хийвэл зохих ажиллагаануудыг хийж гүйцэтгээгүй үнэлгээ тогтоосон. Барьцаа хөрөнгийг О.Алтанцэцэгийн саналыг авалгүйгээр үнэлэх, албадан дуудлага худалдаанд оруулах, хамгийн багадаа 40-50 гаруй сая төгрөгийн үнэ бүхий хөрөнгө болох орон сууцыг хэт үнэгүйдүүлж үнэлснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул шүүхэд хандаж байна. Учир нь О.Алтанцэцэгийн амьдарч буй газар нь Улаанбаатар хотын дахин төлөвлөлтөд орсон замд ойрхон, цэвэр бохирын шугам тавигдсан зах зээлийн ханш өндөр болсон үл хөдлөх бөгөөд ойролцоо хоосон хашаа л 20 сая төгрөгөөр зарагдаж байгаа ба хашаандаа 3 байшин барьсан мөн 681 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь яавч 15 107 071 төгрөгийн үнэтэй байх боломжгүй юм. Үнэлгээ хийхдээ “Бэсгэ” ХХК нь хашаан доторх 2 хувийн сууцыг үнэлээгүй орхигдуулсан байсан тул үнэлгээ бодитой гарсан гэж үзэхэд мөн эргэлзээ төрүүлж байгаа юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т "эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлыг үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргана” гэсний дагуу дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Иймд Чингэлтэй дүүргийн 14 хороо, Хайлааст 6 гудамж, 54 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон ГД-000047488, Г-2202001390 дугаартай хувийн орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулж, дахин үнэлгээ тогтоолгож өгнө үү гэжээ. 

 

 Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Амирдаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 8441 дүгээр захирамжаар О.Алтанцэцэгийн хүсэлтээр 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн хооронд 2015 оны 12 дугаар сарын 23-нд 3 499 580 төгрөг, 2016 оны 1 дүгээр сарын 23-нд 3 499 570 төгрөг, 2016 оны 2 дугаар сарын 23-нд 3 499 560 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 23-нд 3 499 570 төгрөгийг төлж дуусгахыг зөвшөөрч байна гэж эвлэрснийг баталж, О.Алтанцэцэгт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлааст 6 дугаар гудамж 54 тоот байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 681,41 м.кв /-ыг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Улсын тэмдэгтийн хураамж 113 975 төгрөгийг хариуцагч О.Алтанцэцэгээс гаргуулж “Туулын сондор ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч О.Алтанцэцэгийн үүргийн гүйцэтгэлд газар /ГД-000047488, Г-2202001390/, газар дээрх 40 м.кв хувийн сууц /ГД-000089798/, Ү-2202009997 барьцаалсан Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлааст 6 дугаар гудамж, 54 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 681,41 м.кв газар, газар дээрх 40 м.кв хувийн сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 168/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 168/02 дугаартай тогтоолоор хураан авсан байна. Төлбөр төлөгч О.Алтанцэцэгээс 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Иргэний хуулийн 177 дугаар зүйл, 177.1.1 дэх хэсэгт заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулах үнийн санал авахад 80 000 000 төгрөгийн үнийн санал өгсөн, төлбөр авагч “Туулын сондор ББСБ” ХХК нь 14 112 225 төгрөгийн үнийн санал гаргаж, О.Алтанцэцэгийн ирүүлсэн үнийн саналыг хүлээн зөвшөөрөхгүй, үнэлгээчин томилж өгнө үү гэж хүсэлт ирүүлсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31, 37 дугаар зүйлд заасны дагуу "Бэсгэ" ХХК-ийг 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулахад газар, хувийн сууц нь 15 107 071 төгрөгөөр үнэлэгдсэн байна. Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 3/27852 дугаартай мэдэгдлээр төлбөр төлөгч О.Алтанцэцэгт мэдэгдсэн. Үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлааст 6 дугаар гудамж 54 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 681,41 м.кв газар, газар дээрх 40 м.кв хувийн сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 15 107 071 төгрөгийн 70 хувиар тооцон 10 574 949 төгрөгөөр 2016 оны 9 дүгээр сарын 30-ны оруулахаар нийтэд мэдээлсэн. Тус шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 4492 дугаартай шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн болно. Хэдийгээр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлааст 6 дугаар гудамж 54 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 681,41 м.кв газар дээр 40 м.кв хувийн сууцнаас гадна 32 м.кв, 48 м.кв талбайтай 2 ширхэг байшин байгаа боловч эдгээр нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй, гэрчилгээ авагдаагүй байсан тул үнэлэгдээгүйн гадна барьцаа хөрөнгө биш тул манайх үнэлгээ тогтоох ажиллагаа явуулаагүй болно. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул О.Аптанцэцэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Бэсгэ” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Үнэлгээний тайланг боловсруулахдаа зах зээлийн үнэ ханшийг үндэслэн боловсруулсан. Тухайн үед тайланг хийхдээ ижил төстэй хувийн орон сууцны үнэ ханшийг … сайтуудаас авсан. Мөн үнэлгээ хийхдээ хашаанд байгаа 2-3 байшин байсан ч үл хөдлөхийн гэрчилгээн дээрх хашаа байшинг үнэлсэн гэдгийг дээр дурдсан байгаа. Тухайн үнэлсэн хувийн орон сууц нь 1960 онд ашиглалтанд орсон насжилтын хугацаа 56 жил насжилтын хугацаа дууссан банзан шавартай хувийн сууц юм. Өнөөдрийн байдлаар буюу 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар 5, 6, 7 буудал, Хайлааст орчимд хашааны байршил байшингийн хийц материалаас шалтгаалан зах зээлийн үнэ 15 000 000 төгрөгөөс 35 000 000 төгрөг, хоосон хашаа 5 000 000 төгрөгөөс 10 000 000 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Эдгээр үнийн ханш, мэдээллийг зар мэдээ зарын сонин, … сайт сонингоос авсан. Үнэлэгдэж буй амины сууцын чанар байдал нь 1960 онд ашиглалтад орсон, чулуун суурьтай, шувуу нуруу шургааган дээвэртэй, гадна хана шургааг, шавардлагатай ханатай, ердийн ханан пийшин болон цахилгаан халаалттай. Ашиглалт нь нилээн муудсан, гадна хананы шавар ховхорч унасан байдалтай. Үнэлгээ хийхдээ Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шинжээч томилох тухай дугаар 128 тогтоолын дагуу зөвхөн гэр бүлийн хэрэгцээний 681.4 м.кв өмчилсөн газар, үл хөдлөхийн гэрчилгээтэй 40 м.кв хувийн сууцыг үнэлсэн бөгөөд бусад сүүлд баригдсан амины сууцуудыг үнэлээгүй болно гэжээ.

 

   Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дүгээр зүйлийн 37.3-т заасныг баримтлан “Бэсгэ” ХХК-д холбогдох О.Алтанцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, “Бэсгэ” ХХК-ийн 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

                 Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Төлбөр төлөгч О.Алтанцэцэгээс 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.1 дэх хэсэгт заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулах үнийн саналыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудаас авахад харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31, 37 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр томилогдсон "Бэсгэ" ХХК уг газар, хувийн сууцыг 15 107 071 төгрөгөөр үнэлжээ. Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 5/27852 дугаартай мэдэгдлээр төлбөр төлөгч О.Алтанцэцэгт мэдэгдэж, барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 15 107 071 төгрөгийн 70 хувиар тооцон 10 574 949 төгрөгөөр үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр нийтэд мэдээлсэн. Тус шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 4492 дугаар шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлээд байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Алтанцэцэгийн өмчлөлийн 681.41 м.кв газар дээр сүүлд баригдсан гэх 2 ширхэг байшин үнэлэгдээгүй, эдгээр байшин нь барьцааны гэрээ байгуулагдахаас өмнө эсвэл хойно баригдсан эсэхийн аль нь болохыг тогтоох" гэж дурдсан ажиллагааг хийх шаардлагагүй гэж үзэж байна. Учир нь, Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэг, гүйцэтгэх хуудсанд заагдсанаас өөр бусад хөрөнгөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах үндэслэлгүй юм. Үнэлэгдээгүй гэх 2 ширхэг байшин нь шүүхийн шийдвэрт нэрлэж заагдаагүй хөрөнгө юм. О.Алтанцэцэгээс төлбөр гаргуулах хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудсанд Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлааст 6 дугаар гудамж, 54 тоот байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 681,41 м.кв газар /ГД-000047488, Г-2202001390/, газар дээрх 40 м.кв хувийн сууц /ГД-000089798/, Ү-2202009997/-ыг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэрлэж заасан. Үнэлэгдээгүй гэх 2 ширхэг байшинг тус алба үнэлүүлэх ажиллагааг явуулсан тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т “шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэх баримт бичиггүйгээр явуулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчихөд хүрнэ. Үнэлэгдээгүй гэх 2 ширхэг байшин нь үүргийн гүйцэтгэлд барьцаалагдаагүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь  хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч О.Алтанцэцэг нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулж үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар “Бэсгэ” ХХК-ийг татаж, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан байна.

 

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 8441 дүгээр захирамжаар О.Алтанцэцэгээс 14 112 245 төгрөг гаргуулж, “Туулын сондор ББСБ” ХХК-д олгож,  үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлааст, 6 дугаар гудамж, 54 тоотод байрлах 681.41 м.кв газар, 40 м.кв хувийн сууцыг худалдан борлуулах замаар хангуулахаар шийдвэрлэжээ. /хх-ийн 25-26 дугаар тал/

 

Дээрх хүчин төгөлдөр шүүгчийн захирамжийн дагуу 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр олгогдсон гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн хариуцагч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, барьцааны зүйл болох Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлааст, 6 дугаар гудамж, 54 тоотод байрлах 681.41 м.кв газар, 40 м.кв хувийн сууцыг битүүмжилж, хураасан байна. /хх-ийн 35-41 дугаар тал/

 

            Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчийн тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж заасны дагуу талууд үнийн саналд тохиролцоогүй тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь хөндлөнгийн шинжээчээр үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгосон байна.

 

            Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад томилогдсон шинжээч нь хуульд зааснаар шийдвэр гүйцэтгэгчийн томилсноор дүгнэлт гаргасан тул анхан шатны шүүх гомдол бүхий иргэний хэрэгт шинжээч “Бэсгэ” ХХК нь хариуцагч байх үндэслэлгүй гэж зөв дүгнэж, хариуцагч “Бэсгэ” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

            Харин хөндлөнгийн шинжээч “Бэсгэ” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийг 15 107 071 төгрөгөөр үнэлэхдээ Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлааст, 6 дугаар гудамж, 54 тоотод байрлах 681.41 м.кв газар дээр байрлах 32 м.кв, 48 м.кв талбайтай хувийн сууцуудыг үнэлээгүй орхигдуулсан болох нь тус компанийн тайлбар, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ зэргээр тогтоогдсон байна. Иргэний хуулийн  84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсэгт “Газар түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна” гэж заасан. Өөрөөр хэлбэл тухайн эд хөрөнгүүд нь Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д зааснаар салгаж үл болох эрхэд хамаарна.

 

            Барьцааны гэрээ байгуулагдсаны дараа  барьцааны зүйл болох газар дээр хувийн сууцууд нэмж баригдсан  байх ба үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгэгдээгүй нь эдгээр хөрөнгүүдийн зах зээлийн үнэлгээг тогтоохгүй байх шалтгаан биш гэж үзнэ. Иймд анхан шатны шүүх дээрх үнэлэгдээгүй 2 хувийн сууцны үнэлгээг тогтоогоогүйг буруу гэж дүгнэж үнэлгээ тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

            Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгтээ хаана байрлах, ямар эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгосон нь тодорхойгүй заасан байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.   

             

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын  12-ны  өдрийн 181/ШШ2016/01513 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтын “… хэрэгсэхгүй болгож …” гэсний дараа “Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлааст, 6 дугаар гудамж, 54 тоотод байрлах газар, хувийн сууцанд хийсэн” гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                                Э.ЗОЛЗАЯА

                                                                                                     

                                          ШҮҮГЧИД                                               Ш.ОЮУНХАНД           

                                                                                                 

                                                                                             Г.ДАВААДОРЖ