Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2017/ДШМ/11

 

Б.Ганболдод холбогдох эрүүгийн

хэргийн тухай

           

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Однямаа даргалж, шүүгч Т.Бямбажав, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

прокурор Б.Мөнхдөл, шүүгдэгч Б.Ганболдын өмгөөлөгч Б.Батчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Чанцалдулам нарыг оролцуулан,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхмандах даргалж шийдвэрлэсэн, 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2017/ШЦТ/65 дугаар цагаатгах тогтоолтой, шүүгдэгч Б.Ганболдод холбогдох эрүүгийн хэргийг эс зөвшөөрч Аймгийн прокурор С.Батсүрэнгийн гаргасан эсэргүүцлийг үндэслэн Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.Ганболд нь 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Нес шатахуун түгээх станцын хажууд иргэн С.Хандбалтай маргалдан түүний нүүрэн тус газар таягаар цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ

Анхан шатны шүүх: 1. Шүүгдэгч Умба тайж овгийн Батмөнхийн Ганболдыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Умба тайж овгийн Батмөнхийн Ганболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгч Б.Ганболд нь торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, энэ хэрэгт бичгийн баримт ирээгүй, эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Ганболд нь хохирогч С.Хандбалд 580 000 /таван зуун наян мянга/ төгрөг төлсөн болохыг дурьдаж, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч С.Хандбал хангахгүй орхисон нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж, давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ганболдод урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Аймгийн прокурор С.Батсүрэнгийн эсэргүүцэл болон улсын яллагч Б.Мөнхдөл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Яллагдагч Б.Ганболд нь 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр тус аймгийн Сүмбэр сумын 2-р багийн нутаг дэвсгэрт НИК шатахуун түгээх станцын хажууд иргэн С.Хандбалтай маргалдан түүний нүүрэн тус газар нь таягаар цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх үйлдэлд нь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 5/16 дугаартай яллах дүгнэлт үйлдэж Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2017/ШЦТ/65 дугаартай шийтгэх тогтоолоор: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ганболдод 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж” шийдвэрлэсэн байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хийсэн дүгнэлт болон тогтоох хэсэг ял оногдуулсан байдлууд нь удирдлага болгон шийдвэрлэж байгаа хуулийн заалттай агуулгын хувьд илтэд зөрүүтэй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалттай зөрчилдөж байна.

Тухайлбал: Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2017/ШЦТ/65 дугаартай шийтгэх тогтоолын “ТОГТООХ” хэсэгт ял оногдуулахдаа удирдлага болгосон “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан, гэмт хэрэгт тооцохгүй болсон бол шүүх ялтныг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, эсхүл ялыг хөнгөрүүлнэ” гэсэн заалт нь ойлгомжгүй байна. Учир нь шүүхээс уг шийтгэх тогтоолын ТОДОРХОЙЛОХ, ТОГТООХ хэсэгт шүүгдэгч Б.Ганболдод оногдуулах ялын хэмжээг багасгасан, гэмт хэрэгт тооцохгүй болсон эсэх талаар ямар ч дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” үндэслэл тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Дээд шатны прокурорын эсэргүүцэл бичлээ гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Б.Ганболдыг 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2017/ШЦТ/65 дугаартай шийтгэх тогтоолоор 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийг удирдлага болгохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг оруулсан нь тухайн шийтгэх тогтоол ойлгомжгүй, эргэлзээтэй байдал үүсгэсэн гэсэн үндэслэлээр улсын яллагч эсэргүүцэл бичсэн байгаа. Өмгөөлөгчийн хувьд дээрх заалт нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэмжээний заалт биш байна гэж үзэж байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй зөв болжээ гэж дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ давж заалдсан гомдол эсэргүүцлээс үл хамааран хэргийн бүх ажиллагаа, шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хяналаа.

Шүүгдэгч Б.Ганболд нь 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр С.Хандбалтай маргалдан түүний нүүрэн тус газар таягаар цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт хууль журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтаар бүрэн нотлогдсон, түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл зөв, оногдуулсан ял шийтгэл тохирсон байна  гэж дүгнэв.

Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт удирдлага болгосон хуулийн зүйлчлэлд шаардлагагүй зүйлчлэлийг нэмж оруулсан нь хууль буруу хэрэглэсэн алдаа мөн боловч тогтоох хэсгийн заалтууд ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрөх үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах шаардлагагүй гэж үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт  заасныг заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2017/ШЦТ/65 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, дээд шатны пркурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

                         

 

           

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 О.ОДНЯМАА

                                               ШҮҮГЧИД                                  Т.БЯМБАЖАВ

                                             Г.ТЭГШСУУРЬ