Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2021/0501

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч О.Номуулин, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.М нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 387 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хөгжлийн газарт тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 387 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.8, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/869 дугаартай Захирамжийн холбогдох заалт болон газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийг, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2010 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн 5/16 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 03/2013 дугаартай барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгосон Хот байгуулалт, хөгжлийн газрын 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 09/2833 дугаартай албан бичгийг тус тус хүчингүй болгож, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/519 тоот захирамж, мөн Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/101 тоот захирамжаар ашиглаж байсан Х ХХК-ийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд Орон сууцны зориулалт бүхий 535406 мкв газрыг ашиглах эрхийг сэргээж, буцаан олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгаж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70200 төгрөгийг хариуцагчаас нараас хувь тэнцүүлэн гаргаж, нэхэмжлэгчид олгож” шийдвэрлэжээ.

Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М давж заалдах гомдолдоо: “ ... Захиргааны байгууллага нь хуулиар хүлээсэн үүргийн дагуу прокурорын мэдэгдлийн дагуу арга хэмжээ авсан байхад Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан захиргааны үйл ажиллагаа “хууль үндэслэх” зарчмыг хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар 25-ны өдрийн А/869 дүгээр захирамж гаргасан үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5.зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд бөгөөд мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.1.1, 28.1.2, 28.1.6-д заасны дагуу сонсох ажиллагаа хийхгүй байж болох үндэслэлд хамаарч байгаа тул анхан шатны шүүхээс үндэслэлгүй шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 387 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байх боловч нэхэмжлэлийн зарим шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар хүлээн авахаас татгалзахаар байхад энэ хуулийг хэрэглээгүй байх тул зөвтгөж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч “Х“ ХХК-аас “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Захирамжийн холбогдох заалт болон газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/869, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 09/2833 дугаар албан бичгийг тус тус хүчингүй болгож, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/519, 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/101 дүгээр захирамжуудаар ашиглаж байсан Х ХХК-ийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд Орон сууцны зориулалт бүхий 535406 м.кв газрыг ашиглах эрхийг сэргээж, буцаан олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн “Захирамжийн холбогдох заалт болон газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/869 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, Нийслэлийн прокурорын газрын 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1/32 дугаар мэдэгдлийг үндэслэн, газар ашиглагч “Х” ХХК нь өөрийн ашиглалтын газраа үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон гэх шалтгаанаар газар ашиглах эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгожээ.

Нийслэлийн прокурорын газраас 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн “Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулах тухай” 1/32 дугаар мэдэгдэлд ““Х” ХХК газрын төлбөрийг удаа дараа дутуу төлж, газар ашиглуулах гэрээний үүргийг зөрчиж байсан, газраа зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэх нь тодорхой бус байна. Газрын тухай хуулийн 40.1.1, 40.1.5, 40.1.6-д заасан газар ашиглах эрхийг цуцлах үндэслэл болж байх тул тухайн асуудлыг судалж, шийдвэрлүүлэхээр хүрмэдэгдэл хүргүүлэв” гэж дурдан Нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн байна.

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь мэдэгдлийн мөрөөр Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.9-д “газар эзэмшигч, ашиглагч нь хууль тогтоомж, гэрээнд заасан үүргээ хангалтгүй биелүүлснээс байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгаа тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гаргасан санал, гомдлын талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг гаргуулах хүсэлтээ газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргах” бүрэн эрхийн хүрээнд мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д “энэ хуулийн 20.2.9-д заасны дагуу холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран шалгалт хийж, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа эсэх талаар дүгнэлт гаргах” чиг үүрэг бүхий газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хандаж, дүгнэлт гаргуулах зэргээр ямар нэгэн ажиллагаа явуулаагүй байна.

Нийслэлийн Прокурорын газрын 1/32 дугаар мэдэгдлийг Газрын тухай хуулийн дээрх заалтын дагуу гаргасан “газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан” гэдгийг тогтоож гаргасан дүгнэлт гэж үзэхгүй, энэ талаар мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлт байхгүй байхад хариуцагч Нийслэлийн Засаг дарга “өөрийн газраа үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон” гэж үзэж, 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/869 дүгээр захирамжаар нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасанд нийцээгүй, үүний улмаас нэхэмжлэгчийн газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигджээ.  

Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хариуцагч нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/869 дүгээр захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн энэ хэсгийг хангасан нь үндэслэлтэй байна. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... прокурорын байгууллагын тухай хуулийн дагуу ирүүлсэн мэдэгдэлд зааснаар арга хэмжээ авч, 1 сарын дотор хариу өгөх үүргээ биелүүлсэн байхад анхан шатны шүүх хууль дээдлэх зарчмыг хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй” гэх гомдлыг хангах үндэслэлгүй.

Харин Хот байгуулалт, хөгжлийн газар 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 09/2833 дугаар албан бичгээр[1] нийслэлийн Засаг даргын 2020 оны Б/869 дүгээр захирамжаар газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосонтой холбогдуулан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих, газрын эрх олгох, барилгын эх загвар батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журмын 3 дугаар зүйлийн 3.13-д “Газрын эрх цуцлагдсан, хугацаа сунгагдаагүй тохиолдолд барилгын эх загвар зураг хүчингүй болно” гэж зааснаар тус газраас батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгавар, эх загвар зургийг хүчингүй болсон” талаар “Х” ХХК-д мэдэгджээ.

Хот байгуулалт, хөгжлийн газар нь барилгын эх загвар зургийг өөрийн бүрэн эрхийн хүрээнд хүчингүй болгосон шийдвэр гаргаагүй, дээрх албан бичгээр нэгэнт газар эзэмших эрх нь цуцлагдсан тохиолдолд тухайн газрыг ашиглах, эзэмших эрх нь дуусгавар болсонтой холбоотой дээрх журмын “тухайн газар дээр барих эх загвар зураг хүчингүй болно” гэж заасныг мэдэгдсэн агуулгатай байх тул тухайн албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан тодорхой нэг тохиолдлыг зохицуулаагүй, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон,  захирамжилсан шинжийг агуулаагүй байна.

Иймд захиргааны байгууллагын гаргасан захиргааны акттай холбоотой мараан биш байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.1-д зааснаар  уг “албан бичгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй гэж үзлээ.

Мөн маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын А/869 дүгээр захирамжийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн газар ашиглах эрх сэргэх тул “Нийслэлийн Засаг даргын 2016 оны Б/519, 2018 оны Б/101 дүгээр захирамжуудаар ашиглаж байсан газар ашиглах эрхийг сэргээх, буцаан олгохыг даалгах” нэхэмжлэл нь тусдаа нэхэмжлэлийн шаардлага байх боломжгүй, ямар нэгэн эс үйлдэхүй буюу захиргааны хууль бус акттай холбоотой гаргаагүй байх тул мөн нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 387 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 26.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/869 дүгээр захирамжийг хүчингүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “хариуцагчаас нараас хувь тэнцүүлэн гаргаж,” гэснийг “хариуцагч Нийслэлийн Засаг даргаас, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид /2021.09.29-ний өдөр/ илүү төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж ” гэж тус тус өөрчилж, “3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан Хот байгуулалт, хөгжлийн газрын 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 09/2833 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах, Х ХХК-ийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд Орон сууцны зориулалт бүхий 535406 мкв газрыг ашиглах эрхийг сэргээж, буцаан олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий “Х” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн 3 дахь заалтыг нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                С.МӨНХЖАРГАЛ

 

 

[1] 1 дэх хавтсын 114 дэх тал.