| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2020/0149/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/151 |
| Огноо | 2020-05-22 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 2020/ШЦТ/151
2020 05 22 2020/ШЦТ/151
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Д.Ганчимэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Давааням
Шүүгдэгч Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .......... овогт Тт холбогдох 1921002340126 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, холбоочин мэргэжилтэй, .................................... ажилтай, ам бүл 7, нөхөр, 5 хүүхдийн хамт ............................ ангийн байранд оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ................овогт Т. /РД: ......................./
Шүүгдэгч Т нь Дорнод аймгийн Халхгол суманд хохирогч Ч.А-с “хүү П.Ш-г нь ажилд оруулж өгнө” гэж төөрөгдөлд оруулан хуурч 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 2000000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 500000 төгрөгийг тус тус залилан авч, нийт 2500000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би Ч.А-с 2500000 төгрөг авсан нь үнэн. ...Би залилан хийе гэж бодоогүй. П.Ш-г ажилд оруулах гэсэн боловч 31 настай буюу ажилд орох насны хязгаар давсан байсан тул ажилд оруулах боломжгүй болсон. Би Ч.А-с авсан мөнгийг бага багаар хэрэглэсээр байгаад дуусгасан байсан учир өөрөө төлнө гээд бодчихсон байсан. Одоогоор би хохирлыг төлж барагдуулсан” гэв.
Хохирогч Ч.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...тэгээд 2018 оны 7 дугаар сарын 20-доор шиг санаж байна. Миний утас руу Т гэгч нь Улаанбаатар хотоос ярьж байна гэж хэлээд танай хүүг ажилд оруулах талаар ярьчихлаа, одоо болно бүтнэ байх бичиг баримт болон 2500.000 төгрөг бэлдээд байж байгаарай гэж хэлээд удалгүй ирж манай хүүгийн нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн дэвтэр, иргэний үнэмлэхийн хуулга, цэргийн алба хаасан үнэмлэх, 3 үеийн намтар түүх, өргөдөл бичүүлээд авч явсан. 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр байсан шиг санаж байна Т нь 88284022 гэсэн утсаар, миний 88589941 дугаар руу залгаад би суманд ажил дээрээ байна, та миний хаан банкны данс руу 2000.000 төгрөг хийчих, дараа нь 500000 төгрөгөө өгөөрэй гэж хэлсэн. Би тэр өдөртөө Тийн хаан банкны данс руу 2000000 төгрөг сумын төвийн хаан банкнаас шилжүүлсэн. ...Т 2018 оны 10 дугаар сарын эхээр миний утас руу залгаад та миний хаан банкны данс руу үлдэгдэл 500000 төгрөгөө шилжүүл гэж хэлсэн би тухайн өдөр нь мөн сумын хаан банкаар шилжүүлсэн. Дараа нь 2018 оны 11 дүгээр сард Т нь надтай уулзаж та 350000 төгрөг өгчих манай хамаатан нас бараад мөнгө олдохгүй байна, би таньд 12 дугаар сарын цалин дээрээс өгнө гэж хэлэхээр нь би учир зовлонг нь ойлгоод бэлнээр сумын хаан банкин дээр өгсөн...” гэжээ. /хх-ийн 22-23/
- Гэрч П.Ш-гийн мэдүүлэг /хх-ийн 29-31/
- Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 47-53/
- Хохирол төлсөн талаарх хохирогчийн бичгээр гаргасан тайлбар /хх-ийн 81, задгай 1 хуудас/
- Тийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 38-40/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Т нь Дорнод аймгийн Халхгол суманд хохирогч Ч.А-аас “хүү П.Ш-г нь ажилд оруулж өгнө” гэж төөрөгдөлд оруулан хуурч 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 2000000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 500000 төгрөгийг тус тус залилан авч, нийт 2500000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ч.А, гэрч П.Ш нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Тт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Тийг бусдыг хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Тийг бусдыг хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Шүүгдэгч Тийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч Тийн ........................тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ............... овогт Тийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Тийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Тийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч Тийн ............................тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ