Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чадраабалын Батчимэг |
Хэргийн индекс | 135/2017/00090/и |
Дугаар | 135/шш2017/00167 |
Огноо | 2017-02-01 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 135/шш2017/00167
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2017/00090/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн шүүхийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Хонгор сум, ****** баг, ******* гудамж ******* тоотод оршин суух ******* овгийн ******* ******* /РД: *******/-гийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Т.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Т.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлийн 2 дугаар багт малчнаар ажиллаж байсан ба хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон гарсан тушаал бичигдээгүй, мөн 1980-1990 оны Жаргалын зам нэгдэлийн санхүүгийн баримт устаж үгүй болсон, мөн Ховд аймгийн Жаргалын зам нэгдэлийн 2 дугаар бригадын 1982-1991 оны 70 дугаар данс манай сан хөмрөгт байхгүй гэсэн тодорхойлолт Ховд аймгийн Архивын газраас олгосон. Тэтгэвэрт гарах болсон чинь ажилласан жил хүрэхгүйд хүрээд байна. Иймд намайг 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ныг хүртэл ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү. Мөн тухайн үед хамт ажиллаж байсан *******, ******* нарыг гэрчээр асууж өгнө үү” гэжээ.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Т.******* нь тухайн үеийн нэрээр Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлийн 2 дугаар багт 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ныг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг гаргажээ.
Т.******* нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэврээ тогтоолгохоор Нийгмийн даатгалын хэлтэст хандахад 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ныг хүртэл Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан тухай хөдөлмөрийн дэвтэрт дутуу бичилт хийгдсэн, тухайн байгууллагад ажилд орсон, ажлаас гарсан тушаал байхгүйн улмаас ажилласан жилээ бүрэн тооцуулах боломжгүй болсон байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.6.-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандах эрхтэй.
Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Т.******* нь 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ныг хүртэл Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан 1986 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Жаргалын зам нэгдлийн зөвлөлөөс олгосон гэрчилгээ /хх 6/, мөн нэгдэлээс 1982 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр дэхь ажилласан хоног, авсан хөлсний бичилт /хх 7, 8/, нэгдлийн гишүүний үнэмлэх /хх 9/, гэрч *******ы “... Т.******* нь 1982 оны эхээр малчнаар Булган сумын Жаргалын зам нэгдэлийн 2-р бригадад ажиллаж байсан, 1990 онд нийгмэ зах зээлийн шилжилт хөдөлгөөн гээд нэгдэл тарахад бид нар бүгдээрээ тал тал тийшээ тарж бутран ажилгүй болж байсан” гэсэн мэдүүлэг /хх 19/, гэрч *******ы “... Т.******* нь 1982 оны эхээр малчнаар манай сумын 2-р бригадад ажиллаж байсан, 1990 оны үед хадам аав нь Дарханруу шилжээд явахад цуг явж байсан” гэсэн мэдүүлэг /хх 20/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Иймд түүний ажиллаж байсан байдлыг тогтоов.
Хүсэлт гаргач Т.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овгийн ******* ******* /РД: ******/-г Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлийн 2 дугаар бригадад 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ныг хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид ХААН банк төрийн сан 190 000 941 тоот дансанд 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ