Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2020/ШЦТ/156

 

 

 

 

 

 

 

 

2020        05          25                                               2020/ШЦТ/156

                                   

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Б.Төрболд

Шүүгдэгч М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболдоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .................овогт Мд холбогдох 1921008320154 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Сүмбэр суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ................... ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт .................... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, .................. овогт М. /РД: ................/

 

Шүүгдэгч М нь 2019 оны 04 дүгээр сард өөрийн нөхөр Б.*******ын өмчлөлд байсан “Toyota Corolla” маркийн ******* ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 23 дугаар байранд байрлан үйл ажиллагаа явуулдаг “Дорнын их наяд” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьж зээл авсан байх үедээ өөрийн өмчлөлд байгаа мэтээр буюу бодит байдлыг нуух замаар хохирогч А.С-д 6000000 төгрөгөөр худалдаж, уг мөнгийг 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр, 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрүүдэд өөртөө авч залилсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдаанд дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би машинаа ломбарданд тавиад тэгээд машинаа зарсан. Би хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулсан” гэв.

 

            Хохирогч А.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгээд ******* ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдаж авахаар болоод 2019.04.30-ны өдөр 6000000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцоод 5400000 төгрөгийг өөрийн хаан банкны ******* тоот данснаас Мын ******* тоот данс руу шилжүүлээд үлдэгдэл 600000 төгрөгийг дараа нь буюу 2019.05.15-ны өдөр Мын ******* данс руу шилжүүлээд машинаа авсан. Тэгээд машинаа аваад 2019 оны 08 дугаар сарын сүүлээр машинтайгаа хавиргын боомтоор хил гарах гэсэн чинь таны машин өөр хүний нэр дээр байна хилээр гаргах боломжгүй гэсэн. ...Тэгээд 2019 оны 10 сар орчим Б гэж хүн утсаар яриад манай Их наяд ломбарданд барьцаанд тавьсан машиныг М зарсан байна гэсэн. Тэгэхээр нь би Мруу утсаар яриад яагаад барьцаанд тавьсан машин зардаг юм бэ гэсэн чинь уучлаарай би өөрөө зээлээ өгнө гэж хэлсэн. Тэгээд М ломбарданд тавьсан мөнгөө өгөхгүй алга болсон чинь ломбарднаас машинаа авна гэж хэлээд байхаар нь яаж машингүй болховдээ гэж бодоод Мын зээлээр авсан 3000000 төгрөгийг ломбарданд өгөөд машинаа эхнэр А-ын нэр дээр шилжүүлж авсан. ...М надад 800.000 төгрөг л төлсөн байгаа...” гэжээ. /хх-ийн 35-37/

            - Хохирогч А.С-гийн хаан банкны дансны хуулга /хх-ийн 13-15/

            - Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 16/

            - Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 49/

            - “Дорнын их наяд” ХХК-ийн барьцаат зээлийн үйлчилгээний баримтууд /хх-ийн 19/

            - Шүүгдэгч Мын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 42-44/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

            Шүүгдэгч М нь 2019 оны 04 дүгээр сард өөрийн нөхөр Б.О-ын өмчлөлд байсан “Toyota Corolla” маркийн ******* ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 23 дугаар байранд байрлан үйл ажиллагаа явуулдаг “Дорнын их наяд” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьж зээл авсан байх үедээ өөрийн өмчлөлд байгаа мэтээр буюу бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч А.С-д 6000000 төгрөгөөр худалдаж, уг мөнгийг 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр, 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрүүдэд өөртөө авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч А.С-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, тээврийн хэрэгслийн лавлагаа болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүгдэгч Мд холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболдоос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул  шүүгдэгч Мыг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Мыг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.С-д 3000000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нь хохирогчид 800.000 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгч Маас үлдэгдэл 2.200.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

 

Шүүгдэгч Мын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч Мын ..................... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв. 

 

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

1. Шүүгдэгч .................. овогт Мыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Мыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Мын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

 

 4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд шүүгдэгч Маас 2200.000 /Хоёр сая хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч ............................ тоотод орших суух, ....................... тоот регистрийн дугаартай, Бодонгууд овогт А.С-д олгосугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч Мын  ...............тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй. 

 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.  

 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Л.БАТЖАРГАЛ