Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 233

 

 

 

 

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би,

Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, Өнөр хороолол 2-99 тоотод үйл ажиллагаа явуулах, регистрийн дугаар 2626942, Кондитер Улаанбаатар ХХКомпанийн  нэхэмжлэлтэй

Хариуцагч:Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 14-58 тоотод  оршин суух, регистрийн дугаар ПЭ 69110211, Дашцэрэнгийн Нямцэрэнд холбогдох

 

Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 13 585 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр  хүлээн  авч  хянаад  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Кондитер Улаанбаатар ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Д.Нямцэрэнд 2015.10.24-ний өдөр 19 563 000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн ба үүнээс 6 563 000 төгрөгийн төлбөрийг  шилжүүлсэн, барааны үлдэгдэл төлбөр болох 13 000 000 төгрөг, алданги 585 000 төгрөг гаргуулж өгнө үү.Д.Нямцэрэнд удаа дараа мэдэгдсэн боловч төлбөрөө барагдуулаагүй байна.Иймд үлдэгдэл төлбөр болох 13 585 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Г.Номинчулуун шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Д.Нямцэрэн 4 000 000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 9 000 000 төгрөгийг 2017 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн дотор төлөхөөр, хугацаандаа төлөөгүй тохиолдп алданги 585 000 төгрөгийн хамт төлөхөөр харилцан  тохиролцож  эвлэрэлийн гэрээ байгуулсан тул хэргийн  хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Нямцэрэн шүүхэд гаргасан хүсэлтэндээ:Нэхэмжлэгч байгууллагатай харилцан тохиролцож 9 000 000 төгрөгийг 2017 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн дотор төлөхөөр, хугацаандаа төлөөгүй тохиолдолд алданги 585 000 төгрөгийн хамт төлөхөөр харилцан тохиролцож эвлэрэлийн гэрээ байгуулсан тул хэргийн  хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хэрэгт авагдсан баримтуудыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Кондитер Улаанбаатар ХХКомпани хариуцагч Д.Нямцэрэнд холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 13 000 000 төгрөг, алдангид 585 000 төгрөг нийт 13 585 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч алдангийн 585 000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Д.Нямцэрэн 4 000 000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 9 000 000 төгрөгийг 2017 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн дотор төлөхөөр, хугацаандаа төлөөгүй тохиолдолд алданги 585 000 төгрөгийн хамт төлөхөөр талууд харилцан  тохиролцож  эвлэрэлийн гэрээ  байгуулжээ.

Дээрх зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул тэдгээрийн эвлэрлийг баталж, хэргийг хялбаргшуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

 

Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225 000 төгрөгийн  50 хувь болох  112 500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 112 500 төгрөгийг улсын орлогоос, зохигчдын эвлэрсэн шаардлагын хүрээнд ногдох 222 950 төгрөгийн 50 хувь болох 111 475 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар  зүйлүүдийг  удирдлага  болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.Нэхэмжлэгч Кондитер Улаанбаатар ХХКомпани алдангийн 585 000 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Д.Нямцэрэн /дөрвөн сая/ төгрөгийг төлж, үлдэгдэл 9 000 000 /есөн сая/ төгрөгийг 2017 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн дотор нэхэмжлэгч байгууллагад төлөхөөр, хугацаандаа төлөөгүй тохиолдолд алдангийн 585 000 төгрөгийн хамт төлж барагдуулахаар зохигчид эвлэрсэн болохыг баталж, хэргийг  хэрэгсэхгүй  болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225 000 төгрөгөөс 112 500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 112 500 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 111 475 төгрөгийг гаргуулан  нэхэмжлэгч байгууллагад  олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан  шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл  гаргах  эрхгүй  болохыг  дурдсугай.

 

 

 

         ШҮҮГЧ                                 З.ДОРЖНАМЖИН