Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2020/ШЦТ/157

 

 

 

 

 

 

 

  2020         05          27                                                  2020/ШЦТ/157

                                               

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч С.Алтай

Шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ............. овогт Бд холбогдох 1921009100158 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, .........................ажилтай, ам бүл 4, 3 хүүхдийн хамт ................................. тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, .............. овогт Б. /РД: ..................../

 

Шүүгдэгч Б нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг ******* эгнээнд Тоёота Аллион маркийн ******* ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэх заалт, 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана” гэх заалт, 23.4-т заасан “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас тус тээврийн хэрэгслээс бууж байсан хохирогч М.Э-ийн хөлийг дайрч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүх хуралдаанд дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  Шүүгдэгч Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна“ гэв.

 

Хохирогч М.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгэхээр нь би маргааш ирээд авчих гэж хэлээд өөрийн сууж байсан талын хаалгыг онгойлгосон. Тэгтэл тухайн таксины жолооч эмэгтэй машинаа хөдөлгөсөн. Тухайн үед би буух оролдлого хийгээд зүүн хөлөө гаргатал тухайн эмэгтэй машинаа зогсоогоогүй. Тэгээд би газар унатал миний баруун хөлөн дээгүүр гарах шиг болсон. Тэгэхээр нь би тухайн машины араас “чи хүн дайрчихлаа шүү дээ” гэтэл чигээрээ буюу ертөнцийн зүгээр зүүн тийшээ чиглэн явж байснаа жолооны хүрдээ эргүүлж ертөнцийн зүгээр баруун зүгт явсан. ...Тухайн үйл явдлын улмаас миний баруун хөл шагайны дээд хэсгээр хугарсан. ...Миний зүгээс гаргах гомдол санал байхгүй...” гэжээ. /хх-ийн 18-21/  

 

Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 12 тоот техникийн шинжээчийн дүгнэлтэд:

1.Жолооч Б /....................../ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, ...осол үүсгэхгүй байх нөхцлийг хангана, 23.4.Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно гэсэн дүрмийн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

2.Т.Аллион маркийн ******* ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормосны мөр хэрэг, ослын газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, фото зураг, схем зураглалд тэмдэглээгүй байх тул хурдыг тогтоох боломжгүй байна.

3.Цагдаагийн байгууллагын нэгдсэн системээс Б /................../ регистрийн дугаараар лавлагааг авахад В ангиллын 1000038 дугаартай хүчинтэй эрхийн үнэмлэхтэй байна.

4.5. Т.Аллион маркийн ******* ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Одгэрэлийн хийсэн үзлэгээр тухайн тээврийн хэрэгсэл нь техникийн  хувьд бүрэн, замын хөдөлгөөнд оролцох боломжтой гэсэн тэмдэглэл зэргээс үзэхэд уг тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн байх үндэслэлтэй байна гэжээ. /хх-ийн 33-34 тал/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 273 тоот дүгнэлтэд:

1.М.Э-гийн биед баруун шилбэ ясны доод 1/3 хэсгийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэжээ. /хх-ийн 38-39 тал/

 

- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураглал /хх-ийн 9-11 тал/

- Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 12 тал/

- Тоёота Аллион маркийн ******* ДОР тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-16 тал/

- Гэрч С.Л-ийн мэдүүлэг /хх-ийн 24-25 тал/

- Гэрч А.Г-ийн мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/

-Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 62 тал/

-Бгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 44-45 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Б нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг ******* эгнээнд Тоёота Аллион маркийн ******* ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэх заалт, 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана” гэх заалт, 23.4-т заасан “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас тус тээврийн хэрэгслээс бууж байсан хохирогч М.Эрдэнэхуягийн хөлийг дайрч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, хохирогч М.Э, гэрч А.Г нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 273 тоот дүгнэлт, Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 12 тоот техникийн шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

  

Шүүгдэгч Бд холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Бг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “шүүх ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг харгалзан шүүгдэгч Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.     

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Э-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан боловч хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Бг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулав.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Бгийн .................... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв. 

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ............... овогт Бг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Бгийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Бгийн .................. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.  

 

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.    

 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Л.БАТЖАРГАЛ