Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 99

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  эрүүгийн хэргийн хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч Т.Өсөхболд, шүүгдэгч Г.*******, Г.******* нарыг   оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж  шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарт  холбогдох эрүүгийн 2036000000106   дугаартай, 178/2020/0106/Э/ индекстэй хэргийг 2020 оны 05 сарын 25-ны өдөр хүлээн авч, 2020 оны 05 сарын 26-ны өдөр хялбаршуулсан журмаар  хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын  биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, 1984 оны 08 сарын 17-ны өдөр Ховд аймгийн  Зэрэг суманд  төрсөн, 35 настай, эрэгтэй, ард захчин, дээд боловсролтой, маркетингийн мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Зэрэг сумын Хөндлөн  багийн Далан үнээ тавьтын 9-02 тоотод оршин суух, Ховд аймгийн Зэрэг сумын  Засаг даргын Тамгын газрын бэлчээр, газар тариалан хариуцсан мэргэжилтэн ажилтай, аминдаа хувийн 2 өрөө  хувийн орон сууц, 134 толгой малын хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 470000 төгрөг, ял шийтгэлгүй,******* дугаарын регистртэй, ******* овгийн ******* *******

2.Монгол улсын иргэн, 1990 оны 11 сарын 12- ны өдөр Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, ард захчин, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн багт оршин суух, хувиараа мал малладаг, аминдаа гэр нэг, 477 толгой мал, мотоцикль нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 200000 төгрөг, ял шийтгэлгүй,  ПЕ 90111218 дугаарын регистртэй, ******* овгийн ******* ******* 

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд  дурдсанаар/

Шүүгдэгч Г.*******, Г.******* нар нь бүлэглэн 2020 оны 04 сарын 04- ний өдөр Ховд аймгийн Зэрэг сумын  Бураа багийн нутаг дэвсгэр “Өвдөг” хэмээх газарт “тээврийн хэрэгсэлээр хонины хурга дайрлаа” гэх шалтгаанаар иргэн ******* эзэмшлийн Норд бенз маркын тээврийн хэрэгсэлийн урд салхины шил, зүүн талын хөмсөгний толь, баруун талын хаалганы салхины шил зэргийг чулуу, модоор цохиж хагалан иргэн С.Сарсенбекэд 530000 төгрөгний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар  устгасан, гэмтээсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт  тус тус холбогджээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

                     Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т  зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

 Хэргийн  газар үзлэг хийсэн...Хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Зэрэг сумын Бураа багийн нутаг дэвсгэр “Өвдөг” гэх газар байх бөгөөд ертөнцийн  зүгээр толгой хэсэг нь баруун тийш харсан улаан  өнгийн 35-96 БӨТ улсын дугаартай Норд бенз маркын тээврийн хэрэгсэл хатуу хучилттай асфалтан замын хөвөөн дээр байв. Үзлэгийг үргэлжлүүлэн хэрэг учрал болсон газраас мөр илрүүлэх зорилгоор үзлэг хийхэд хэрэгт ач холбогдол бүхий мөр байхгүй байсан ба хатуу хучилттай асфалтан замын баруун талын хөвөөний доод хэсэгт улаан хүзүүтэй халзан зүсмийн хурганы сэг байх ба хойд хөлний арьс нь задарсан цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон  байсныг гэрэл  зургийн аргаар бэхжүүлэн авав.

Үзлэгийг үргэлжлүүлэн тээврийн хэрэгсэлийн гадна хэсэгт хийхэд уг тээврийн хэрэгсэл нь улаан өнгийн чиргүүлтэй, Норд бенз маркын машины тэвшин дээр ачаа ачсан, бор өнгийн хучлагаар хучсан байх ба уг тээврийн хэрэгсэлийн зүүн талын хаалганы салхины шил нь хагарсан байдалтай байсныг гар утсаар гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. Үзлэгийг үргэлжлүүлэн тээврийн хэрэгсэлийн урд хэсэгт хийхэд  урд салхины шилийн зүүн талын хэсэг нь цуурсан байдалтай байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. Баруун талын хаалганы дээд хэсэгт байх толь нь хагарсан гэж жолооч С.Сарсенбек хэлэв. Уг тээврийн хэрэгсэлийн баруун урд хэсэгт 86 см урттай, мод байсныг эд мөрийн баримтаар хураан авав. Тээврийн хэрэгсэлийн ойр орчимд  шилний үртэс байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв... гэх үзлэгийн тэмдэглэл, гэрэл  зураг / хэргийн 11-23 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / 1983 оны 04 сарын 23- ны өдөр төрсөн, 36 настай,  эрэгтэй, ард  казак, бүрэн бус дунд боловсролтой, хувиараа тээвэр эрхэлдэг, Баян- Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багийн Хөх хадын 50-23 тоотод оршин суух, БЗ85042333  дугаарын регистртэй/ Сүйндик овгийн Сейтханы Сарсенбекийн өгсөн...2020 оны 04 сарын 04-ний өдрийн өглөө 08 цагийн үед Ховд аймгийн Зэрэг сумын нутаг дэвсгэрт явж байхад засмал замаар хонинууд гарч байсан. Би сигнал өгөөд явж байхад ямар нэгэн мал дайрагдаагүй санагдсан. Гэхдээ чиргүүлд нэг хурга дайрагдсан юм шиг байна. Тухайн үед юу болсон талаар мэдээгүй. Гэтэл 10 минутын дараа цагаан өнгийн Провокс машинтай хоёр залуу ирсэн. Нэг залуу нь мод барьчихсан, машины толь хагалаад, урд салхины шилийг хагалаад байж байтал нөгөө залуу нь жолооч талын хаалганы том салхины шилийг чулуугаар цохиод машиндаа суугаад юу ч ярилгүй яваад өгсөн.  Машины урд салхины шил, зүүн талын хөмсөгний толь, баруун талын хаалганы салхины шил хагарсан. Уг тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл. Надад 530000 төгрөгний хохирол учирсан...гэх мэдүүлэг / хэргийн 27-28 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Берикболын өгсөн...2020 оны 04 сарын 02- ны өдөр Улаанбаатар хотоос С.Сарсенбек, Х.Амантай нар Норд Бенз, би Хово маркын машинтай гарсан. 04 сарын 03- ны өдөр Ховд аймгийн Дарви сум орж хоноод өглөө 06 цагийн үед Баян-Өлгий аймаг руу явсан. Бид нар хоорондоо 1 км- ийн  зайтай Ховд аймгийн Зэрэг сумын Бураа  багийн нутаг дэвсгэрт явж байтал С.Сарсенбек машинтайгаа замын хажууд зогсож  байсан. Тэгэхээр  нь дөхөж очоод машинаасаа буухад орилж хашгирсан үл таних хоёр залуу мод барьчихсан машиндаа  суугаад яваад өгсөн. С.Сарсенбекээс очоод юу болсон талаар асуухад”  хоёр залуу машины шил хагалаад зугтаад яваад өглөө “ гэсэн. Бид нар 102 залгаад дуудлага өгсөн. Замын хажууд нэг хурга үхсэн байдалтай хэвтэж байсан. Би хургыг хэн дайрсаныг хараагүй. Норд бенз маркын тээврийн хэрэгсэлийн урд салхины шил хагарсан, туслах талын дээд талын толь салж хагарч унасан, жолооч талын хаалганы салхины  шил хагарсан байсан...гэх мэдүүлэг / хэргийн 32-33 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Амантайгийн өгсөн...Би 2020 оны 04 сарын 02-ны өдөр Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймгийн чиглэлд ******* Норд бенз маркын тээврийн хэрэгсэлтэй гарсан. 2020 оны 04 сарын 04-ний өглөө 08 цагийн үед Ховд аймгийн Зэрэг сумын Бураа багийн нутаг дэвсгэрт явж байтал хойноос цагаан өнгийн пробокс маркын машин хүрч ирээд шууд зам хааж зогсоод үл таних хоёр залуу, нэг нь мод барьсан, нөгөө нь чулуу барьсан байдалтай орилж хашгирч ирээд мод барьсан залуу нь  туслах талын дээд талын толийг модоор цохиж хагалсан. Урд салхины шилийг цохиж хагалаад, чулуу барьсан залуу нь жолооч талын хаалганы шилийг чулуугаар шидэж хагалсан. Тэгээд  машиндаа суугаад хойшоо зугтаад яваад өгсөн. Бид нар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Эхэн багийн нутаг дэвсгэрт засмал зам дээр мал  явж байхад сигнал дараад замаас бүрмөсөн гаргаад өнгөрсөн. Мал дайрсан зүйл байхгүй. Тухайн хоёр залууг танихгүй. Тухайн хоёр залуугийн нэг нь 1м 60 см өндөртэй, нөгөө залуу нь 1м 70 см орчим өндөртэй, хоёулаа бор цариатай, цэнхэр өнгийн ноосон малгайтай, хар өнгийн хувцастай байсан. Нөгөө залуу нь бор өнгийн малгайтай байсан...гэх мэдүүлэг / хэргийн 36-37 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн...2020 оны  04 сарын 04-ний  өглөө гадна машины сигнал дуугараад манай аав ирээд “ мал дайрчих шиг боллоо” гэж хэлсэн. Манай дүү Г.******* засмал зам руу гүйж очиход  хурга дайрагдсан байдалтай ам нь ангалзаад хэвтэж байсан. Буцаж гэртээ ороод машиныхаа  түлхүүр аваад машинаа асаагаад дүү Г.*******гийн хамт дайруулсан хургаа аваад Норд бенз маркын машиныг гүйцэж түрүүлээд зам хааж зогсоод машинаас буугаад  би газраас чулуу аваад жолооч талын хаалганы шилийг цохиж хагалсан. Г.******* туслах талын хаалганы дээр байдаг толийг хагалж, буцах гэж байгаад урд талын салхины  шилийг модоор цохиж хагалсан. Тэгээд бид хоёр машиндаа суугаад яваад өгсөн. Тухайн тээврийн хэрэгсэл манай нялх төлийг дайрсан тул хурганы амь гараагүй байхыг хараад маш их уур бухимдал төрөөд  тийм нөхцөл байдалд хүргэсэн. Манайх  засмал замын ойролцоо байдаг тул мал машинд дарагдах тохиолдол гарч байдаг. Тухайн үед нялх төл дайрсан тул маш их бухимдсан. Тухайн тээврийн хэрэгсэл анхаарал болгоомжтой явсан бол ийм  зүйл гарахгүй  байсан. Бид хохирлыг төлсөн. Хуулийн дагуу шударгаар шийдвэрлэж  өгнө үү. Бид бусдын эд хөрөнгийг устгасан гэмтээсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.*******гийн хэргээ хүлээн мэдүүлсэн...2020 оны 04 сарын 04-ний өдөр гэртээ байхад  манай аав Г.Галсандорж ирээд “ хөөш машин юм дайраад зугтаачихлаа” гэсэн. Гэрээс гүйж гараад засмал зам руу гүйж очиход нэг хурга дайрагдсан байдалтай байсан. Миний араас манай ах Г.******* цагаан өнгийн провокс машинтай ирээд “ намайг суу “ гэж хэлээд хурга дайрсан Норд бенз маркын машины араас хөөж очоод урдуур нь гүйцэж түрүүлж зогсоод би машин дотор байсан приус модыг авч буугаад машины баруун талын хаалганы дээд талын толийг модоор цохиж хугалаад байж байхад манай ах Г.******* зүүн талын шилийг хагалсан байдалтай байсан. Тэгээд Г.******* намайг  “явъя” гэхээр нь би урд талын шилийг модоор нэг удаа цохиод хагалсан. Тэгээд бид хоёр машиндаа суугаад явсан. Тухайн үед хурга дайраад зугтаагаад явахаар нь маш их уур хүрсэн. Би хурга дайрахыг хараагүй боловч гэрээс гараад ирэхэд зам дээр хурга дайрагдсан байсан. Би толгой нүцгэн куртиктэй явж байсан. Уг машин хурга дайраагүй бол ийм хэрэг гарахгүй  байсан...гэх мэдүүлэг

Авто машины эвдрэл үнэлсэн тухай...Норд Бенз 2007/2012 маркын авто машины урд салхины шил- 300000 төгрөг, хаалганы шил 80000 төгрөг, гадна талын толь-70000 төгрөг, шууд зардал 450000 төгрөг, солих зардал -70000 төгрөг нийт 530000 төгрөг / хэргийн 45 дугаар хуудас /

*******  ХААН банкны 5180554411 дугаарын дансанд 2020 оны 05 сарын 21-ний өдөр 500000 төгрөг төлсөн тухай орлогын мэдүүлэг зэрэг болно.    

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:

Шүүгдэгч Г.*******, Г.******* нар нь 2020 оны 04 сарын 04-нд Ховд аймгийн Зэрэг сумын Бураа багийн “Өвдөг”  гэх газарт хаваржиж байсан ба бог  мал нь засмал зам хөндлөн гарч байхад  үед С.Сарсенбек нь Улаанбаатар хотоос Баян- Өлгий аймаг руу тээвэр хийж  замын хөдөлгөөнд оролцож байх үед нь  хурга машинд дайрагдсан байдалтай зам дээр бөгсөн бие нь дайрагдсан ам нь ангалцсан хурга хэвтэж байхыг  Г.*******, Г.******* нар нь хараад  машинаар “хурга дайрлаа” гэх шалтгаанаар С.Сарсембекийн жолоодож замын хөдөлгөөнд оролцож байсан Норд бенз маркын 3596 БӨТ дугаартай тээврийн  хэрэгсэлийг өөрийн пробокс маркын тээврийн хэрэгсэлээр гүйцэж түрүүлэн  урьд  нь хөндлөн зогсож, шүүгдэгч Г.******* нь  салхины шил, зүүн талын хөмсөгний толийг модоор цохиж хагалж, шүүгдэгч Г.******* нь  баруун талын хаалганы салхины шилийг чулуугаар цохиж хагалж, 530000 төгрөгний хохирол учруулж, хурганы үнэ 30000 төгрөгийг хасаад үлдэх хохирол 500000 төгрөгийг төлсөн хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.*******, Г.******* нар нь  зам дээр хурга дайрагдаж үхээгүй ам нь ангалзаж  байсан тул бухимдаж  ******* жолоодож явсан  Норд бенз маркын тээврийн хэрэгсэлийн урд салхины шил, зүүн талын хөмсөгний толь, баруун талын хаалганы салхины шил зэргийг  мод болон чулуугаар цохиж  хагалсан   гэм буруугаа хүлээн  зөвшөөрч маргахгүй байгаа ба хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэхээр хүсэлт гаргасан тул шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийвэрлүүлэх хүсэлт гаргасан   нь   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар  хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарч  байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.      

Шүүгдэгч Г.*******, Г.*******  нар нь хохирогчид 530000 төгрөгний хохирол учруулсан нь  эд хөрөнгөнд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-т...бага хэмжээний хохирол “ ...гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг түүнээс доош хэмжээг хэлнэ гэж хуульчилсан ба  шүүгдэгч Г.*******, Г.******* нар нь  хохирогчид 530000  төгрөгний хохирол учруулсан байх тул  түүнийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж,  гэмтээсний улмаас  бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэж үзэх үндэстэй байна.

Мөн Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1-д ...гэмт хэргийг түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэнэ...гэж заасан ба  шүүгдэгч Г.******* нь  өөрийн төрсөн  дүү Г.*******г  өөрийн жолоодож явсан пробокс маркын тээврийн хэрэгсэлд суулган, хурга дайрсан гэх тээврийн хэрэгсэлийг гүйцэж түрүүлэн шүүгдэгч Г.*******  нь уг  тээврийн хэрэгсэлийн зүүн талын хөмсөгний толь, урд салхины шилийг модоор цохиж хагалсан, шүүгдэгч Г.******* нь баруун талын хаалганы шилийг чулуугаар цохиж хагалсан байх тул  гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзнэ.

Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.*******, Г.******* нарыг бусдын тээврийн хэрэгсэлийн салхины шил, толь зэргийг хагалсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн  зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

Шүүгдэгч Г.*******, Г.******* нарын бусдын  жолоодож явсан тээврийн хэрэгсэлийн салхины шил болон толийг хагалж 530000 төгрөгний хохирол учруулсан үйлдэл нь...Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Иймд шүүгдэгч Г.*******, Г.******* нарыг...Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч *******  ХААН банкны 5180554411 дугаарын дансанд 2020 оны 05 сарын 21-ний өдөр 500000 төгрөгийг Г.*******аас төлсөн   баримтыг мөрдөн шалгах ажиллагаанд ирүүлсэн байх тул шүүгдэгч Г.*******, Г.******* нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

            Хоёр.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Г.*******, Г.*******  нар нь  анх удаа  гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хэргийн 67-68 –р  /

Мөрдөн шалгах ажиллгаанд гэрч Э.Отгонбаатарын өгсөн...Г.*******, Г.******* нар нь Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн багт эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Даруу төлөв зантай, шударга зан ааштай, хөдөлмөрч залуучууд. Гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй...гэх мэдүүлэг, гэрч Н.Батчимэгийн өгсөн...Г.******* нь Ховд аймгийн Зэрэг сумын Засаг даргын Тамгын газарт бэлчээр газар тариалан хариуцсан мэргэжилтэнээр ажилладаг, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Г.******* нь Эхэн багт  хувиараа мал малладаг, мөн эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй... гэх мэдүүлгээр   тогтоогдож байна

Шүүх хуралдаанд улсын яллагч  гаргасан дүгнэлт, тайлбартаа:  Шүүгдэгч Г.*******, Г.******* нар нь бүлэглэн Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн багийн нутаг дэвсгэр Өвдөг гэх газарт машинаар хурга дайрсан гэх шалтгаанаар ******* жолоодож явсан Норд бенз маркын тээврийн хэрэгсэлийн салхины шил, туслах толь зэргийг хагалж, 530000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч нар нь  500000 төгрөгөөр торгох шийтгэлийг хүлээн зөвшөөрсөн  тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэхээр  ирүүлсэн. Шүүгдэгч Г.*******, Г.******* нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийн хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч тус бүрт 500000 төгрөгөөр торгох ял шийтгэж өгнө үү.  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх  төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж байна гэв. 

Шүүгдэгч Г.*******, Г.******* нар нь өөрийгөө өмгөөлж гаргасан дүгнэлт тайлбартаа: Тухайн жолооч манай нялх хургыг дайраагүй бол  ийм хэрэг гарахгүй байсан. Зам  хөндлөн малаа туугаад явж байгаа нялх хүүхдийг үл  тоож , нялх хурга дайрсанд үнэхээр бухимдсан. Ер нь жолооч  нарын хайрамжгүй үйлдлийн улмаас байнга л  засмал зам дээр мал дайрагдаж байна. Бид өөрсдөө арга хэмжээ авч байна гээд л хэрэгт холбогдчихлоо. Цаашид анхаарна. Улсын яллагчийн санал болгосон 500000 төгрөгөөр торгох ялын саналыг хүлээн зөвшөөрч байна. Тухайн торгох ялыг  хоёр жилийн хугацаанд хэсэгчилэн төлөхөөр  шийдвэрлэж өгнө үү гэв.  

Шүүгдэгч Г.*******, Г.******* нарын хохирол төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг бүлэглэн үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд  тооцов.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж,  гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Г.*******, Г.******* нар нь  анх  удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирлыг төлсөн, шүүгдэгч нарын  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, улсын яллагчийн ялын санал,  шүүгдэгч  нарын өөрсдийгөө өмгөөлж хэлсэн дүгнэлт тайлбарыг тус тус харгалзан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1,  5.3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч Г.*******, Г.******* нарт   таван  зуун тавин  нэгжтэй тэнцэх хэмжээний   таван  зуун тавин  мянган  төгрөгөөр торгох ял  тус тус шийтгэж,  уг торгох ялыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар  солихыг шүүгдэгч  Г.*******, Г.******* нарт тайлбарлан өгөв.

 Эрүүгийн 2036000000106 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 500000 төгрөг төлөгдсөн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******, Г.******* нарт  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг тус тус хэвээр хэрэглэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1,36.2-1,2,4,  36.5 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарыг  бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 5.3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******г таван зуун  нэгжтэй тэнцэх хэмжээний   таван  зуун  мянган    төгрөгөөр торгох ял, шүүгдэгч ******* овогт ******* *******ыг  таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний   таван  зуун    мянган    төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Г.*******т оногдуулсан  500000 төгрөгний  торгох ялыг 2 жилийн  хугацаанд,  шүүгдэгч  Г.*******д оногдуулсан  500000 төгрөгний  торгох ялыг  2 жилийн  хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн 2036000000106 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хурагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 500000 төгрөг төлөгдсөн,  битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 5-д  зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Г.*******, Г.******* нарт  тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч тус бүрт   оногдуулсан  500000  төгрөгний  торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Г.*******, Г.******* нарт   хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Т.ЦЭЦЭГМАА

Top of Form