Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 34

 

 

         Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бадрахгэрэл даргалж,

Нарийн бичгийн дарга  Б.Эрдэнэбаяр

Улсын яллагч Б.Оюунцэцэг

Өмгөөлөгч Б.Хосбаяр

           Шүүгдэгч Д.А  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

             Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Т  овогт Д  гийн А т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн 2037000000022 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ховд аймгийн Үенч суманд 19 оны 0 дугаар сарын 0-ны өдөр төрсөн,  настай, эрэгтэй, бага боловсролтой,  мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Үенч  сумын Улиаст багт оршин суух, РД:  , Т  овогт Д  гийн А ,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Яллагдагч Д.А  нь Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн нутаг дэвсгэрт орших “Хагшаал” гэх газарт байрлах, Д.Баярсайханы хүн амьдрах орон байранд 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хууль бусаар нэвтэрч 32 инчийн хар зурагт, суран аргамж зэрэг 200,000 төгрөгний үнэтэй эд зүйл хугайлсан гэмт хэргийг,

Ховд аймгийн Булган сумын “Хагшаал” гэх газарт байрлах С.Далантайгийн хүн амьдрах орон байранд 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 22 цагийн үед хууль бусаар нэвтэрч усны насос, мотоциклийн акумлятор, катушк, гинж, реле, свече, маниул, гурван талт түлхүүр, мотоциклийн түлхүүр 5 ширхэг, бахь зэрэг 90500 төгрөгний үнэлгээтэй эд зүйл хулгайлсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.  Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.А  мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

    шүүгдэгч Д.А ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “… Би 2020 оны 03 дугаар сарын 21-ний үер Ховд аймгийн Үенч сумын Улиаст багийн нутаг Чацарганы хар үзүүр гэх газарт байрлах гэрээсээ 21 цагийн үед гарч Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн нутаг “Хагшаал” гэх газарт 22 цагийн үед очиж нэг эзэнгүй байшингийн цонхны төмөр хаалт нь онгорхой цонхны шил нь хагархай байхаар цонхоор нь орж 32 инчийн хар өнгийн зурагт, суран аргамж зэрэг эд зүйл хулгайлж авсан юм. Дараа нь 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 23 цагийн үед Хагшаал гэх газарт очиж урьд хулгай хийсэн айлын хойд талын цагаан байшингийн гадна байсан улаан өнгийн Dayun маркийн мотоциклийн урд дугуйг тайлж аваад, ойролцоо байсан цэнхэр өнгийн 150 литрийн хуванцар поошиг зэргийг хулгайлан авч яваад гэртээ аваачсан юм. Тэгээд 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 22 цагт нөгөө байшиндаа очиж эхлээд залгаа барьсан бор өнгийн амбаарын цоожийн бахиар татаж, хөшиж цохиж онгойлгож ороход урьд нь байшингийн гадаа байсан мотоцикль байсан учир аккумляторын тайлж аваад, катушкийн сугалж явсан, татах ирлээгийн тайлж авсан. Мотоциклийн сул байсан гинж, сивчээгийн авсан. Мөн усны цахилгаанаар ажилладаг насос зэргийг хулгайлж гаргаж тавиад цагаан өнгийн байшингийн амбаарын цоожийг бахиар татаж онгойлгоод, дотогшоо орж, байшингийн цоожийг мушгиж онгойлгох гэж байхад хүн ирсэн учир гараад зугатаахад бариад авсан юм. Би тэр байшинруу ороогүй. Хаалгын ч нэгээгүй. Би санамсаргүй хулгай хийсэн. Мотоциклийн эд зүйл тайлж авах гээд 10-ын 2 түлхүүр, 13, 8, 17 размерийн түлхүүр, бахь, 3 талт түлхүүр зэрэг багаж хэрэгсэл авч явсан юм...” гэх мэдүүлэг,

хохирогч Д.Баярсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манайх Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн нутаг “Хагшаал’’ гэх газарт өвөлжидөг юм. Өвөлжөөндөө 1 давхар, 4x5 м-ийн хэмжээтэй, гадна талын шохойдсон байшинтай. Би 2020 оны 02 дугаар сарын 29-ний үеэр гэрийнхээ эд зүйлийг байшиндаа оруулаад Баянгол багийн нутаг Улиаст гэх газар луу малдаа нүүсэн юм. Нүүхдээ хаалгаа цоожилж, цонхны гадна талаар хамгаалалтын хавтас төмөр хаалгатай, хаалгыг нь хааж төмөр утсаар мушгиад явсан юм. Тэгээд 2020 оны 03 дугаар сарын 25-ны үеэр өвөлжөөндөө ирэхэд манай байшингийн цонхны төмөр хаалгыг онтойлгож, цонхны поорчигны шилийг хагалж ороод байшин дотор хураасан ачааны дээр тавьсан 32 инчийн зурагт, суран аргамж хоёрыг хулгайлсан байсан өөр алга болсон зүйл байхгүй. Би цонхныхоо төмөр хаалгыг хааж төмөр утсаар бэхлээд, хаалга үүдээ янзлаад буцаад малруугаа явсан юм. Цагдаад хандаагүй. Олдохгүй байх гэж бодсон юм. 32 инчийн зурагтыг 10-аад жилийн өмнө Улаанбаатар хотоос 180000 төгрөгөөр худалдаж авсан юм. Одоо 100000 төгрөгөөр үнэлж байна. Би аргамжаа мөн 100000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг,

хохирогч М.Далантайгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би 2020 оны 03 сарын 10-ны өдөр мал төллөөд Хагшаал гэх газар өвөлжөөнөөс нүүхэд Г.Дэлгэрийн мотоцикль манай амбаарт оруулж тавиад явсан байсан. Амбаараас эд зүйл гаргаж аваад мотоциклийг нь гадаа гаргаж тавиад хучаад явсан. Дараа нь хэзээ гэдгийн мэдэхгүй байна, манай зулуу Д.Булганбаатар Г.Дэлгэрийн мотоциклийн урд дугуйг тайлж аваад явсан байна. Тэгээд амбаарт оруулаад тавьчихсан гэж хэлж ирсэн юм. Тэгээд дараа нь манай амбаарын хаалгыг эвдэж Г.Дэлгэрийн мотоциклийн эд ангийг хулгайлсан гэж сонссон юм. Байшинд орж чадаагүй байна лээ. Манай амбаарт ороод усны насос, байшингийн гадна тавьсан 150 литрийн цэнхэр өнгийн поожигийг хулгайлсан байна. Надад нэхэмжлэх зүйл байхгүй алдсан зүйлээ буцааж авлаа...” гэх мэдүүлэг,

хохирогч Г.Дэлгэрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2020 оны 01 дүгээр сарын 26, 27-ны үеэр Дөргөн сумруу хадамын гэрлүү явахдаа өөрийн DAYUN маркийн мотоциклийг Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн нутаг “Хагшаал” гэх газарт иргэн С.Далантайгийн амбаарт оруулж цоожлоод үлдээгээд явсан юм. Тэрнээс хойш мотоциклээ хараагүй. Тэгж байтал 2020 оны 03 дугаар сарын 26-ны үеэр надад чиний мотоциклийн дугуй эд ангийг хулгайлсан байна гэж хэлсэн юм. Би 2019 онд хүнээс 850.000 төгрөгөөр худалдан авсан мотоцикль байгаа юм. С.Далантай ах намайг явсан хойгуур амбаартаа эд зүйл оруулж тавихдаа миний мотоциклийг байшингийн гадна гаргаж тавиад урд дугуйг нь хулгайлчихаар буцааж амбаарт оруулж тавьсан гэсэн. Тэрний дараа дахин эд энгийн хулгайлсан гэж ярьсан юм. Миний мотоцикльд улсын дугаар байхгүй. Обудтай дугуй-95.000 төгрөг, аккумльятор-20000 төгрөг, эрлээ-2500 төгрөг, катушк-3000 төгрөг, свечээний толгой-1000 төгрөг, гинж-8000 тагрөг, маниул- 4000 төгрөг, аптёрка-1500 төгрөг, 3 талт түлхүүр-2000 төгрөг, бахь-2000 төгрөг, 17 мм-ийн түлхүүр-2500 төгрөг, 14 мм-ийн түлхүүр-2000 төгрөг, 13 мм-ийн түлхүүр-1500 төгрөг, 10 мм-ийн 2 ширхэг түлхүүр-2000 төгрөг, 8 мм-ийн түлхүүр-1000 төгрөгөөр үнэлж байна. Эдгээр түлхүүрүүд мотоцикльтэй хамт ирсэн эд зүйл байгаа юм. Нийт 148.000 төгрөгний эд зүйл хулгайлсан байна. Шүүх хуралдаанд суухгүй...” гэх мэдүүлэг,

гэрч Х.Баасандоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 03 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө хүргэн ах манай хамаатны дүү Д.Булганбаатар надад дээш өвөлжөөндөө яваад ирье гэхээр би машинтайгаа авч яваад Булган сумын төвөөс 23 цагийн үед гараад Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн нутаг “Хагшаал” гэх газарт хадамын өвөлжөөнд 00 цагийн үед очсон юм. Бид нарыг очиход манай хадам Далантайгийн амбаарт хүн байгаа шинжтэй байхаар нь машины гэрэл унтраагаад жаахан сууж байхад амбаараас 1 хүн гарч ирээд манай хадам аавын байшингийн үүдний таамбарт орчихоор араас нь машины гэрэл тусгаад ойртоод очиход 1 хүн гараад зугатаасан юм. Тэгээд хөөж байгаад барьж аваад яагаад хулгай хийгээд байгаа талаар асуухад амьдрахын эрхэнд орсон гэж хэлсэн юм. Тэр залуугийн нэрийг асуугаагүй нэрээ ч хэлээгүй. Тэгээд эгч Г.Дашхүүд мэдэгдэж цагдаад дуудлага өгч хүлээлгэн өгсөн. Тэр залуу хадам аавын байшингийн цоожийг хөшиж онгойлгох гэж байсан байна лээ. Амбаар болон таамбарын цоожийг эвдсэн байсан юм. Хадамын амбаарын цоожийг эвдэж ороод мотциклийн аккумлятор, катушка, свёчээний толгой, ирлээ, гинж, усны насос зэргийг хулгайлсан байсан...” гэх мэдүүлэг,

  гэрч Д.Булганбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би 2020 оны 03 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө хүргэн ах Бааскатай хамт Булган сумын төвөөс 23 цагийн үед гараад Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн нутаг “Хагшаал” гэх газарт өвөлжөөндөө очсон юм. Бид нарыг очиход манай эцэг Далантайгийн амбаарт хүн байгаа шинжтэй байхаар нь машины гэрэл унтраагаад жаахан сууж байхад амбаараас 1 хүн гарч ирээд, манай аавын байшингийн үүдний таамбарт орчихоор араас нь яваад очиход гараад зугатаасан. Тэгээд хөөж байгаад барьж аваад яагаад хулгай хийгээд байгаа талаар асуухад амьдрахын эрхэнд орсон гэж хэлсэн юм.Тэр залуугийн нэрийг асуугаагүй нэрээ ч хэлээгүй. Тэгээд эгч Г.Дашхүүд мэдэгдэж цагдаад дуудлага өгч хүлээлгэн өгсөн. Хулгай орохоос 2-3 хоногийн өмнө би өвөлжөөгөө эргэхээр очиход байшингийн гадна хучсан байсан “Dayun” маркийн мотоциклийн урд дугуйг тайлаад авч явсан байхаар нь мотоциклээ амбаарт оруулж цоожилсон байсан юм. Би өвөлжөөндөө гэрээ хураачихаад нэг цэнхэр усны сав байсныг гадаа гаргаж тавьчихаад явсан юм. Тэр усны савыг хулгайлсан байсан юм. Хулгай хийгээд баригддаг өдөр амбаарын цоожийг эвдэж ороод мотоциклийн аккумлятор, катушка, свёчээний толгой, ирлээ, гинж, усны насос зэргийг хулгайлсан байсан юм. Тэр хүнээс ямар эд зүйл хулгайлсан талаар асуухад иргэн Д.Батбаярын байшинд 2-3 хоногийн өмнө хулгайгаар ороод зурагт, аргамж зэрэг эд зүйл авсан гэж байсан юм. Мотоцикль нь Гандорж гэх хүний хүүхэд Дэлгэр гэх залуугийн мотоцикль юм. Манай гэрийн гадна тавьсан байсан юм. Надад учирсан хохирол байхгүй. Манай аав Далантай өөрөө мэдэх байх.  С.Далантай Баянгол гэх газарт мал дээр байгаа...” гэх мэдүүлэг,

  гэрч Г.Дашхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би гэртээ унтаж байхад 2020 оны 03 дугаар сарын 26-ны 01 цагийн үед манай хүргэн Бааска утасдаж Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн нутаг “Хагшаал" гэх газарт айлд хулгайгаар орж байсан хүн барилаа та хүрээд ирээч гэхээр нь очсон юм. Тухайн айл нь манай хүр дүү Санжийн Далантайгийн байшин байсан юм. Намайг очиход нэг залуу барьж авсан байсан. Нэр усын мэдээгүй. Тэр залуу хэлэхдээ урьд нь Даамалын Баярсайханы байшингаас суран аргамж, 32 инчийн зурагт хулгайлсан гэж байсан. Тэрний дараа С.Далантайгийн байшингийн гадна байсан мотоциклийн дугуйг тайлж, цэнхэр савтай авч явсан гэж хэлсэн. Баригдахдаа С.Далантайгийн амбаарт орж мотоциклийн эд зүйлийг хулгайлж гараад байшингийнхан үүдний амбаарын хаалганы цоожийг цохиж ороод байшингийнхан хаалгыг эвдэх гэж хөшиж байгаад гараад зугтаахад барьж авсан байсан юм. Би тэгээд цагдаад дуудлага өгсөн юм...” гэх мэдүүлэг,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл

- Эд мөрийн баримтаар тооцох тогтоол

- Эд зүйлийн үнэлгээ

- Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас

           - Гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Д.А  нь Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн нутаг дэвсгэрт орших “Хагшаал” гэх газарт байрлах, Д.Баярсайханы эзэмшлийн орон байранд 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хууль бусаар нэвтэрч 32 инчийн хар зурагт, суран аргамж зэрэг эд зүйл хулгайлж 200,000 төгрөгний хохирол учруулсан,

С.Далантайгийн эзэмшлийн орон байранд 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 22 цагийн үед хууль бусаар нэвтэрч усны насос, мотоциклийн акумлятор, катушк, гинж, реле, свече, маниул, гурван талт түлхүүр, мотоциклийн түлхүүр 5 ширхэг, бахь зэрэг эд зүйл хулгайлж, 90500 төгрөгийн хохирол учруулж, “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь хохирогч Д.Баярсайхан, М.Далантай, Г.Дэлгэр, гэрч Х.Баасандорж, Д.Булганбаатар нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тогтоол зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.А  нь бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдаж болохгүйг, мөн өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсээр атлаа “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд” нэвтэрч дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, “бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүй өөрийн өмчийн нэгэн адил захиран зарцуулах боломж бүрдүүлэн” авсан нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн байна.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.А  нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг буцаан өгсөн буюу бусдад төлөх төлбөргүй байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирол, хор уршиг их биш, бусдад төлөх төлбөргүй зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан шаардлагыг хангаж байгаа тул түүнд хуульд заасан хорих ялаас хөнгөрүүлж 01 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирсон гэж шүүх үзсэн.

Шүүгдэгчийн эзэмшлийн 10 тооны эм ямаа, 10 тооны эр ямаа нийт 1350000 төгрөгний үнэлгээ бүхий 20 тооны бог мал битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус тогтоолд дурьдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн болно.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар ирсэн шүүгдэгч Д.А ын    тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд нэн даруй хүргүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Т  овогт Д  гийн А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Д.А ыг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Д.А ын эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгчийн эзэмшлийн 10 тооны эм ямаа, 10 тооны эр ямаа нийт 1350000 төгрөгний үнэлгээ бүхий 20 тооны бог мал битүүмжилсэн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 14 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт баримт бичгээр ирсэн шүүгдэгч Д.А ын    тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Д.А т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү,  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Б.БАДРАХГЭРЭЛ

 

 

 

2020.05.15                                                    30                                         индекс №26

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бадрахгэрэл даргалж,

           Нарийн бичгийн дарга Н.Алтантуяа

           Улсын яллагч Э.Алтанцэцэг

           Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганзориг

           Шүүгдэгч Н.Гармаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

           Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Нусгайхан овогт Нандингийн Гармаад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2037000480027 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1966 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Ховд аймгийн Үенч суманд төрсөн, 54 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 12-40 тоотод оршин суух, РД:ПК66081119, Нусгайхан овогт Нандингийн Гармаа,

             Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

            Шүүгдэгч Н.Гармаа нь 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Ховд аймгийн Алтай сумын Бодонч багийн нутаг “Нямчоймбол” гэх газарт паажуураар хууль бусаар, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрж хайж, олборлосон гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Гармаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч

 

байна” гэв.

Шүүгдэгч Н.Гармаагийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “ ...2020 оны 04 дүгээр сарын 01-ний өглөө 10 цагийн үед Ж.Одсүрэн ах, эхнэр Н.Гармаа бид гурав Ховд аймгийн төврүү гарахаар хөдлөөд Түмэннасангийн гэрээс холгүй хойд талын үзүүр тойроод уулын салааруу “Нямчоймбол” гэдэг газарт очиж алт хайж олсон юм. Алтаа шороо паажуурдаж усаар угааж олсон. ...Ж.Одсүрэн ах, манай эхнэр Б.Мөнхсүрэн нар шороо паажуурдахад оролцоогүй, тэр хоёр паажуурдаж чадахгүй тул би өөрөө шороогоо авч паажуурдсан...” гэх мэдүүлэг,

Хохирогч Д.Мөнх-Эрдэний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Газрын хэвлийд халдсан, экологи эдийн засгийн үнэлгээгээр 0,8 грамм алтыг Монгол банкны тухайн үеийн ханшаар нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Мөнхсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Ховд аймгаас 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр нөхөр Н.Гармаагийн хамт дүү Амарзаяагийнд мал маллахаар ирсэн. 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Ж.Одсүрэн ахтай Үенч сумын төвд тааралдаад нөхөр Н.Гармаагийн хамт Ховд аймагруу буцахаар болсон. ... Ж.Одсүрэн ахын Истана маркийн машинтай Н.Гармаа, Ж.Одсүрэн ах бид гурав оройн 20 цагийн үед аймагруу явахаар хөдлөөд замдаа Алтай сумын Бодончийн хавцалд Түмэннасан гэдэг айлд хоноод өглөө нь 10 цагийн үед гурвуулаа аймагруу явж байгаад манай нөхөр Н.Гармаа Ж.Одсүрэн ахад уулруу гаръя энд хуучин ухагдсан газар байгаа гээд уулын салааруу орсон замаар гарсан. Тэр газар нь ухагдсан газар байсан. Тэгээд тэнд манай нөхөр Н.Гармаа паажуураар шороо паажуурдаад 5 цаг орчим шороо паажуурдаж ажиллаж байхад цагдаагийн ажилчид ирсэн... Н.Гармаа Үенч сумын төвөөс гарахдаа авсан паажуураар шороо паажуурдаж алт олсон” гэх мэдүүлэг,

Гэрч Ж.Одсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн Үенч суманд Ховд аймгийн төвөөс ах Дашзэвэгийнд ирсэн. Манай ах Дашзэвэг хараагүй, эхнэр нь Улаанбаатар хотруу эмчилгээнд явсан тул ахыгаа харахаар ирсэн. ...2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр буцъя гэж бодоод сумын төвд явж байтал манай төрлийн Б.Мөнхсүрэн нөхөртэйгээ хамт Үенч сумын төвд тааралдаад бид хоёрыг аваад яваач гэхээр нь Б.Мөнхсүрэн Н.Гармаа хоёрыг Ховд аймгийн Үенч сумаас Ховд аймагруу өөрийн машиндаа суулгаж гарсан. Шөнө орой болж байсан тул Алтай сумын Бодонч багийн нутагт Бодончийн хавцалд “Маань чулуу” гэдэг газарт Түмэннасан гэдэг айлд хоносон. Тэгээд 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Түмэннасангийнхаас хөдлөөд явж байхад Н.Гармаа замаас салаад уулруу орсон. Уулын салааруу ороход сайр дагаад газар нь ухагдсан, эвдэрсэн газрууд байсан, салаагаар ороод холгүй яваад машинаа зогсоогоод Н.Гармаа энд паажуур тавиад үзье гээд шороо паажуурдсан юм. Н.Гармаа шороо паажуурдаж угаагаад алт олж алтаа цагаан өнгийн хуванцар жижиг саванд хийж авсан юм. Тэр газарт 5 цаг орчим болсон байх, тэгж байтал цагдаагийн ажилчид ирсэн. Паажуур, хүрз, илжгэн чих, хувин, сав суулга, хөнжил гудас зэрэг зүйлсийг Н.Гармаа, Б.Мөнхсүрэн хоёр Үенч сумын төвөөс өөрийнхөө амбаараас ачсан. Би паажуур гэдэг зүйлийг нь мэдээгүй, мотор ачиж байна гэж бодсон...” гэх мэдүүлэг,

         Шинжээч Г.Ганзоригийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн  шинжээчийн дүгнэлтэд: “....1. Ховд аймгийн Алтай сумын Бодонч багийн “Нямчоймбол” гэх газарт хууль бусаар ашигт малтмал эрж хайж, олборлосны улмаас газрын хөрс эвдэгдсэн байна.  

           2.Тухайн эвдэгдсэн газар нь 40 см гүнтэй, 37,5 метр квадрат газар эвдэгдсэн байна. 

3. Тухайн эвдэгдсэн гэх газрын экологи эдийн засгийн үнэлгээг тогтоох боломжгүй.

6.Тухайн газарт нөхөн сэргээлт хийхэд гарах зардлыг тооцох боломжгүй” гэх дүгнэлт,

- Геологийн төв лабораторийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн шинжилгээний дүн,

         - хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,

         - гэрэл зургийн үзүүлэлтүүд

         - эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл

         - эд зүйлийн үнэлгээ

         - эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол  

         - ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

          Шүүгдэгч Н.Гармаа нь 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Ховд аймгийн Алтай сумын Бодонч багийн нутаг “Нямчоймбол” гэх газарт паажуур мотор ашиглан хууль бусаар, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн “...Ховд аймгийн Алтай сумын Бодонч багийн “Нямчоймбол” гэх газарт хууль бусаар ашигт малтмал эрж хайж, олборлосны улмаас газрын хөрс эвдэгдсэн байна. Тухайн эвдэгдсэн газар нь 40 см гүнтэй, 37,5 метр квадрат газар эвдэгдсэн...” гэх дүгнэлт, гэрч Б.Мөнхсүрэнгийн “...нөхөр Н.Гармаа паажуураар шороо ...паажуурдаж алт олсон” гэх мэдүүлэг, гэрч Ж.Одсүрэнгийн “...Н.Гармаа шороо паажуурдаж угаагаад алт олж алтаа цагаан өнгийн хуванцар жижиг саванд хийж авсан юм...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Н.Гармаагийн яллагдагчаар өгсөн: “ ...2020 оны 04 дүгээр сарын 01-ний өглөө 10 цагийн үед Ж.Одсүрэн ах, эхнэр Н.Гармаа бид гурав Ховд аймгийн төврүү гарахаар хөдлөөд Түмэннасангийн гэрээс холгүй хойд талын үзүүр тойроод уулын салааруу “Нямчоймбол” гэдэг газарт очиж алт хайж олсон юм. Алтаа шороо паажуурдаж усаар угааж олсон..” гэх мэдүүлэг, геологийн төв лабораторийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн шинжилгээний дүн, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэл зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүгдэгч Н.Гармаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

Прокуророос шүүгдэгч Н.Гармааг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Ховд аймгийн Алтай сумын Бодонч багийн нутаг “Нямчоймбол” гэх газарт паажуур мотор ашиглан хууль бусаар, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна.

Шүүгдэгчийн дээрхи үйлдэл нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан төрийн өмчид халдаж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг зөрчсөн, Эрүүгийн хуульд заасан хүрээлэн байгаа орчны эсрэг “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан” гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг агуулж байх тул гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Н.Гармаа нь хууль бусаар, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрж хайж, олборлосон нь тогтоогдсон, энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас гаргуулах хохирол төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н.Гармаад дээрхи зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж дүгнэн, тэнссэн хугацаанд ашигт малтмал эрж, хайх, олборлохтой холбоотой үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн болно.

Хохирогч Д.Мөнх-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд: “...Газрын хэвлийд халдсан, экологи эдийн засгийн үнэлгээгээр 0.8 грамм алтыг Монгол банкны тухайн үеийн ханшаар нэхэмжилж байна...” гэж мэдүүлсэн байх ба шүүгдэгч Н.Гармаа нь гэмт хэрэг үйлдэж олсон 0.8 грам алтны үнэ 114.808 төгрөгийг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр төрийн банкны 100160155402 дугаартай дансанд төлсөн байх тул хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.

Шүүгдэгч Н.Гармааг эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын мэдээлэл судалгааны төвийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Хэдийгээр шүүгдэгч Н.Гармаа нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн боловч гэмт хэрэг үйлдэхээр багаж хэрэгсэл, паажуур мотор бэлдэж гэмт хэрэг үйлдэхэд тохиромжтой нөхцөл бүрдүүлснээс харахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.    

Шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан /Au-975.84, 975.87/ элементтэй 0.8 грамм алтыг улсын орлого болгуулахаар Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт шилжүүлж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан паажуурын мотор 2 ширхэгийг хурааж улсын орлого болгож, хүрз 1 ширхэг, татуурга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй.

Шүүгдэгч Н.Гармаад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хугацаанд хэвээр үлдээв.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Нусгайхан овогт Нандингийн Гармааг хууль бусаар, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Н.Гармааг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-д зааснаар шүүгдэгч Н.Гармааг тэнссэн хугацаанд ашигт малтмалын эрэл, хайгуул, олборлолт явуулахтай холбоотой үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.

         4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4, 9 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хязгаарлалтыг зөрчсөн гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Н.Гармаад мэдэгдэж, хязгаарлалт тогтоосон этгээдэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.3, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан /Au-975.84, 975.87/ элементтэй 0.8 грамм алтыг улсын орлого болгуулахаар Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт шилжүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гармаад гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 150000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий паажуурын мотор /2 ширхэг/-ыг хурааж улсын орлого болгож, хүрз 1 ширхэг, татуурга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7. Шүүгдэгч Н.Гармаа нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, шүүгдэгчийн ПК66081119 дугаарын регистртэй иргэний үнэмлэхний хуулбарыг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хугацаанд шүүгдэгч Н.Гармаад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.БАДРАХГЭРЭЛ