| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2017/00249/и |
| Дугаар | 343 |
| Огноо | 2017-01-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 343
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би,
Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн 18-63 тоотод оршин суух, регистрийн дугаар АГ 86041328, Боржигон овогт Түмэнжаргалын Одонтунгалагийн нэхэмжлэлтэй
Хариуцагч:Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Энхтайваны Өргөн чөлөө 017-902 тоотод оршин суух, регистрийн дугаар ХЙ 58010362, Дамын Туулд холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 3 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2076 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Одонтунгалаг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би 2016 оны 9 сарын 10-ны өдөр Туулын хүсэлтээр 2,500,000 төгрөгийг, 7 хоногийн хугацаатайгаар, 0,5 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр тохиролцож, зээлийн гэрээг бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлж мөн өдөр 2,500,000 төгрөг бэлнээр өгсөн.Зээлийн гэрээгээр тогтоосон хугацаа өнгөрсөн боловч зээлдэгч нь зээлийн хүү, үндсэн зээлийг төлөхгүй байна.Би Д.Туулын гэрийн хаягаар удаа дараа очиж, зээлдүүлсэн мөнгөө биечлэн нэхэж шаардсан боловч өгөхгүй байна. Иймд зээлийн үндсэн зээл 2 500 000 төгрөг, зээлийн хүү 1 000 000 төгрөг, нийт 3 500 000 төгрөгийг Д.Туулаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Т.Одонтунгалаг шүүхэд гаргасан хүсэлтэндээ:Би Д.Туултай харилцан тохиролцож 1 500 000 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж, 1 000 000 төгрөгийг авсан бөгөөд үлдэгдэл 1 000 000 төгрөгийг 2017 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр төлж барагдуулахаар эвлэрэлийн гэрээ байгуулсан тул хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Туул шүүхэд гаргасан хүсэлтэндээ:Бид нар харилцан тохиролцож эвлэрэлийн гэрээ байгуулсан тул хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Одонтунгалаг хариуцагч Д.Туулд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Т.Одонтунгалаг 1 500 000 төгрөгийн шаардлагаас татгалзаж, хариуцагч Д.Туул 1 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байх ба үлдэгдэл 1 000 000 төгрөгийг 2017 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрэлийн гэрээ байгуулжээ.
Дээрх зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул тэдгээрийн эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан шийдвэрлэх боломжтой байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54 950 төгрөгийн 50 хувь болох 27 475 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 27 475 төгрөгийг улсын орлогоос, зохигчдын эвлэрсэн шаардлагын хүрээнд ногдох 46 950 төгрөгийн 23 475 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Т.Одонтунгалаг шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагынхаа 1 500 000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Д.Туул 1 000 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 1 000 000 төгрөгийг 2017 оны 1 дүгээр 29-ний өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар зохигчид эвлэрсэн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54 950 төгрөгөөс 27 475 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 27 475 төгрөгийг улсын орлогоос, мөн 23 475 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН