Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
Хэргийн индекс | 101/2017/01283/И |
Дугаар | 001/ХТ2018/00827 |
Огноо | 2018-05-22 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 001/ХТ2018/00827
Ц.Ц-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2017/03620 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 280 дугаар магадлалтай,
Ц.Ц-ийн нэхэмжлэлтэй,
Д.Т-т холбогдох,
худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 95.000.000 төгрөг гаргуулах тухай үндсэн,
гэрээний зарим хэсгээс татгалзаж, 40.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч Д.Т, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшингийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхжаргал, Ж.Батбаяр, хариуцагч түүний өмгөөлөгч Д.Т-, Б.Энхтүвшин, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгч Ц.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: өөрийн эзэмшлийн Хан-уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 288 м.кв газар дээр 140 айлын орон сууцны барилга барихаар болж нэлээд их хөрөнгө зарцуулсан. Ингээд ажлаа эхлүүлэх гэтэл иргэн Д.Т- дур мэдэн 288 м.кв газар дээр өөрийн эзэмшлийн газраа оролцуулаад граж барьчихсан байсан. Тухайн үед Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний газраас Д.Т-ийг бусдын газрыг чөлөөлөх мэдэгдлийг хүргүүлсэн ч тэрээр зөрчлийг арилгаагүй. Ингээд Д.Т- нь газрыг худалдаж авах талаар хүсэлт тавьсны эцэст Ц.Ц- тухайн газар дээр оруулсан хөрөнгө оруулалт 300.000.000 төгрөгөөр үнэлж, харилцан тохиролцсоны үндсэн дээр иргэний газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээ байгуулсан. Уг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах талаарх талуудын маргааныг 3 шатны шүүх шийдэж, шийдвэр хүчин төгөлдөр болсон тул дахин маргах боломжгүй. Энэ гэрээний дагуу Д.Т- нь 05-70 УБҮ улсын дугаартай хар өнгийн Лексус 570 маркын суудлын автомашиныг 165.000.000 төгрөгт тооцож шилжүүлсэн, бэлнээр 15.000.000 төгрөгийг шүүхийн шийдвэр гарахад өгчихсөн байсан. Гэвч Д.Т-ийн нэр дээр газар эзэмших эрх шилжихээс өмнө, гэрээгээр тохирсон орон сууц нь байхгүй байсан учраас тэр дээрх 180.000.000 төгрөгийг өгсөн. Үүний дараа 2016 онд 78-77 УБН улсын дугаартай хар өнгийн Range Rover маркын суудлын автомашиныг 25.000.000 төгрөгт тооцож шилжүүлсэн, нийт 205.000.000 төгрөгийн үүрэг гүйцэтгэсэн, үлдэгдэл 95.000.000 төгрөгийг төлөх үүргээ одоог хүртэл биелүүлээгүй. Иймд Д.Т- нь газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан боловч гэрээний хавсралтад заасан үүргээ биелүүлээгүй тул 95.000.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Т- шүүхэд гаргасан тайлбартаа: Манайх 2007 онд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр /одоо 17 дугаар хороо/-т 16 давхар 32 айлын орон сууцыг барьсан. 2009 оны 05 сард хажуу талынхаа одоо яригдаад байгаа газар дээр 32 айлдаа зориулаад 2 давхар граж барьсан. Граж барихаасаа өмнө өөр хүний эзэмшлийнх эсэхийг тодруулахад тухайн газарт кадастрын зураг байхгүй гэсэн. Манайх 2010 онд энэ орон сууцыг ашиглалтад оруулсан, гражны барилга 2009 оны 05 сард дууссан бөгөөд 2010 оны 07 сард орон сууцаа нийтэд нь ашиглалтад оруулж айлуудаа оруулсан. Гэтэл 2013 оны 07 сард А.Жаргалсайхан гарч ирээд бидний газар дээр та нар граж барьсан байна, бид газар дээрээ 12 давхар 140 айлын орон сууц барих гээд зургаа хийлгээд, техникийн нөхцлөө авахад 230 сая гаруй төгрөгийн зардал гаргасан гэсэн. Анх А.Жаргалсайхан 12 давхар барилгын зураг, техникийн нөхцөл, зөвшөөрөл гээд бүх зүйл бэлэн гэхээр нь ярилцаад газар эзэмших эрхийг 165.000.000 төгрөг, үлдсэн 135.000.000 төгрөгт ажлын зураг болон бусад баримт бичигт тооцохоор тохиролцож, гэрээ хийсэн. Тэгээд А.Жаргалсайхан газар эзэмших гэрчилгээг гаргаад өгнө гэхээр нь түүнд итгээд гэрчилгээ гарахаас өмнө урьдчилаад 165.000.000 төгрөгт машинаа өгсөн. Өмнөх шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч мөнгөө авсны дараа ажлын зургийг өгнө гэж ойлгосон, техникийн нөхцөл авчихсан гэсэн боловч аваагүй болох нь тогтоогдсон. Дээрх байдлаас үзэхэд нэхэмжлэгч эзэмших эрхтэй газартаа 12 давхар барилга барих гэж эдийн засгийн ямар ч зардал гаргаагүйгээс түүнд хохирол учраагүй. Нэгэнт нэхэмжлэгчид ажлын зураг байхгүй тул 95.000.000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч Д.Т- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Иргэний газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээний хавсралт 2-т заасан Баянзүрх дүүрэгт баригдаж байгаа Ноён констракшн ХХК-ны Сэлэнгэ 888 орон сууцны барилгаас 135.000.000 төгрөгт бодож 1 м.кв талбайг 1.800.000 төгрөгт үнэлж 75 м.кв байр өгөхөөр тохиров, мөн 2-т Эскиз, ажлын зураг, ерөнхий төлөвлөгөө, ажил эхлүүлэх зөвшөөрлийг гаргуулж өгөөд дээрх тохирсон байрыг Ц.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Жаргалсайханд хүлээлгэж өгнө гэх гэрээний заалтаас татгалзаж, 40.000.000 төгрөгийг Ц.Ц-ээс буцаан гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Ц- сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн №5352 тоот шийдвэр, Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №1343 тоот магадлал, Улсын Дээд шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №1058 тоот тогтоолоор хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргах эрх нэхэмжлэгч Ц.Ц-т нээлттэй буюу өөрөөр хэлбэл хариуцагч Д.Т- гэрээний үүргийг бүрэн биелүүлээгүй тул үүргийн биелэлтэд 95.000.000 төгрөгийг шаардсан нэхэмжлэлийг гаргасан, хариуцагч 95.000.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй. Д.Т- нь гэрээний хавсралтад Баянзүрх дүүрэгт баригдаж байгаа Ноён констракшн ХХК-ны Сэлэнгэ 888 орон сууцны барилгаас 135.000.000 төгрөгт бодож 1 м.кв талбайг 1.800.000 төгрөгт үнэлж 75 м.кв байр өгөхөөр тохиров гэсэн боловч энэ байр бодит байдал дээр огт байгаагүй. Энэ байрыг өөрийнх мэтээр итгүүлж, дээрх байрыг өгөхөөр тохиролцож гэрээ байгуулсан. Түүнд ийм байр байхгүй учраас бидэнд гэрээний үнэнд тодорхой мөнгийг шилжүүлсэн.
Иймд Д.Т-ийн гэрээний заалтаас татгалзаж, 40.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2017/03620 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Д.Т-аас 95.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Ц-т олгож, Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 225 дугаар зүйлийн 225.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул талуудын хооронд 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан Иргэний газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээний хавсралт 2-т Баянзүрх дүүрэгт баригдаж байгаа Ноёд констракшн ХХК-ны Сэлэнгэ 888 орон сууцны барилгаас 135.000.000 төгрөгт бодож 1 м.кв талбайг 1.800.000 төгрөгт үнэлж 75 м.кв байр өгөхөөр тохиров, мөн 2-т Эскиз, ажлын зураг, ерөнхий төлөвлөгөө, ажил эхлүүлэх зөвшөөрлийг гаргуулж өгөөд дээрх тохирсон байрыг Ц.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Жаргалсайханд хүлээлгэж өгнө гэх гэрээний заалтаас татгалзаж, 40.000.000 төгрөгийг Ц.Ц-ээс гаргуулах тухай Д.Т-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Д.Т-аас улсын тэмдэгтийн хураамжид 632.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Ц-т олгож, Хариуцагч Д.Т-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 428.150 төгрөгөөс илүү төлөгдсөн 70.200 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас буцааж гаргуулан хариуцагчид олгож, үлдэх 357.950 төгрөгийг, Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 632.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Тус шүүхийн шүүгчийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 7392 тоот, 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 8095 тоот захирамжаар тус тус авсан Шүүхээс гарах шийдвэрийг баталгаажуулах тухай арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 280 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2017/03620 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Д.Т-ийн төлсөн 833.000 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагч Д.Т-, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 сарын 24-ний өдөр 280 тоот магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Д.Т- болон Ц.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Жаргалсайхан нар нь 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдөр “Иргэний газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээний хавсралт”-ыг байгуулахдаа “газар эзэмших эрх”-ийг тодорхой тоо хэмжээгээр үнэлээгүй, эрхийг үнэлэх талаар харилцан тохиролцоогүй байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талд ашигтай байдлаар буюу хэт нэг талын тайлбарт үндэслэн 300.000.000 төгрөгөөр эрхийг худалдах, худалдан авахаар тохиролцсон байна гэж дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл талуудын газрын гэрчилгээг 165.000.000 төгрөгөөр, баримт бичгүүд болох эскиз, ажлын зураг, ерөнхий төлөвлөгөө, ажил эхлүүлэх зөвшөөрлийн зардлыг 135.000.000 төгрөг хэмээн тус тусад нь үнэ тохирч, тусгаарлан гэрээнд заасан байгаа нь газар эзэмших эрхийг дангаар нь 300.000.000 төгрөгөөр үнэлээгүйг нотолно. Бодит байдал дээр нэхэмжлэгч талын хөрөнгө оруулалт, зардал нь эскиз, ажлын зураг, ерөнхий төлөвлөгөө, ажил эхлүүлэх зөвшөөрөлд зарцуулагдсан гэх ойлголтыг нэхэмжлэгч талаас хариуцагчид төрүүлсэн бөгөөд түүнийгээ үнэлсэн байдаг. Эскиз зураг нь бага зардлаар гардаг ба ажлын зураг их зардлаар гардаг нь хавтаст хэрэгт авагдсан “Тэнхлэг тулгаар” ХХК-ийн 2017.6.13-ны өдрийн албан бичигт 58.796.573 төгрөг байна гэснээр нотлогдоно. Нэхэмжлэгч тал нь эскиз, ажлын зураг, ерөнхий төлөвлөгөө, ажил эхлүүлэх зөвшөөрлийг хариуцагчид шилжүүлэх байтугай эдгээр баримт бичгүүдийг зохих журмын дагуу аваагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан төрийн эрх бүхий байгууллагын албан бичгүүд, мөн нэхэмжлэгч талын тайлбараар нотлогдоно. Гэтэл шүүх хавсралт гэрээний 2-т заасан үүргээ Ц.Ц- гүйцэтгэсэн буюу эскиз, ажлын зураг, ерөнхий төлөвлөгөө, ажил эхлүүлэх зөвшөөрлийг Д.Т-ийн нэр дээр шилжүүлэн өгсөн хэмээн дүгнэж, түүнийг Д.Т- нь хүлээн зөвшөөрч төлбөрийг төлж байсан гэх агуулгаар дүгнэж хэргийг шийдвэрлэсэн гэж ойлгогдож байна. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 5352 дугаар шийдвэртэй иргэний хэрэгт нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Жаргалсайхан нэхэмжлэлийн үндэслэлдээ “...нэхэмжлэгч миний бие өөрийн эзэмшлийн газар дээрээ 140 айлын орон сууцны барилга барихаар Архитектур төлөвлөлтийн даалгавар, скиз зураг, төслөө батлуулан, цахилгаан, дулаан, ус техникийн нөхцөлөө аван барилгын ажлын зураг төслөө боловсруулахад 50.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн ба уг барилгыг барьж эхлэхэд зориулан 230.000.000 төгрөгийн зээлийг 1,9 хувийн хүүтэйгээр 2 жилийн хугацаатай авсан...” гэсэн байдаг. Энэхүү шийдвэрлэгдэж байгаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Эскиз, ажлын зураг, ерөнхий төлөвлөгөө, ажил эхлүүлэх зөвшөөрөл” зэрэг баримт байхгүй болохыг хариуцагч Д.Т- нь төрийн эрх бүхий байгууллагад хүсэлт гаргаснаар олж мэдсэн, үүний дараа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс эдгээр баримт бичгүүд байхгүй болохоо хүлээн зөвшөөрсөн байдаг. Нэхэмжлэгч гэрээний хавсралт 2-т заасан үүргээ гүйцэтгэх боломжгүй, түүнчлэн нэмэлт хугацаа тогтоосон ч үүргээ гүйцэтгэх боломжгүй байгааг хариуцагч тал мэдсэн тул гэрээнээс татгалзахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байсан. Хавсралт гэрээний 2 дах заалтуудад нэхэмжлэгч тал эхэлж үүргээ гүйцэтгэх, үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсны дараа хариуцагч тал төлбөр төлөх үүргээ гүйцэтгэхээр тохиролцсон байдаг. Гэвч нэхэмжлэгч тал үүргээ эхэлж гүйцэтгээгүй, үүргээ гүйцэтгэх боломжгүй болохыг хожим олж мэдсэн тул гэрээний холбогдох хэсгээс татгалзаж байгааг шүүх үндэслэл бүхий дүгнээгүйд гомдолтой байна. Хариуцагч Д.Т- нь бодит бус хөрөнгө оруулалт, зардал болон эскиз, ажлын зураг, ерөнхий төлөвлөгөө, ажил эхлүүлэх зөвшөөрөлд үндэслэлгүй төлбөр төлөхөөр болж байгаа нь илт шударга бус шийдвэр учир давж заалдах гомдол гаргаж байна.
Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 сарын 24-ний өдөр 280 тоот магадлалыг хүчингүй болгож, үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж хариуцагчийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүйгээс шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Ц.Ц- нь хариуцагч Д.Т-аас 95.000.000 төгрөгийг нэхэмжлэхдээ Иргэний газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, уг гэрээний хавсралтыг үндэслэжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч улмаар “...хавсралт гэрээний 2 дах заалтаас татгалзаж, 40.000.000 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Ц.Ц- нь Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 30 дугаар байрны баруун талд байрлах 288 м.кв газрын эзэмших эрхийг үнэ төлбөргүй шилжүүлэх, хариуцагч Д.Т- нь тухайн газартай холбоотой гарсан зардал, хөрөнгө оруулалт 300.000.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохирч, 2013 оны 7-р сарын 03-ны өдөр Иргэний газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ болон хавсралт гэрээг тус тус байгуулжээ.
Зохигчийн хооронд хариу төлбөргүй болон төлбөртэй 2 гэрээ байгуулагдсан, гэрээ болон хавсралт хүчин төгөлдөр болох нь шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогджээ /хэргийн 6-22 дугаар тал/.
Талууд газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлт гаргасан, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 23-ний өдрийн А/892 дугаар захирамжаар газрын эзэмших эрх Д.Т-т шилжсэнээр Иргэний газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээний үүрэг биелэгдсэн, нэхэмжлэгч нь хариуцагчаас хавсралт гэрээнд заасны дагуу “Тоёота Лексус” маркийн автомашиныг 165.000.000 төгрөгт тооцон хүлээн авсан нь хэргийн баримтаар тогтоогдсон, энэ талаар маргаагүй байна.
Харин талууд хавсралт гэрээнд заасан бусад үүргээ биелүүлсэн эсэх нь маргааны зүйл болжээ.
Хариуцагч нь хавсралт гэрээний 2-т заасан “135.000.000 төгрөгт тооцон Баянзүрх дүүрэгт баригдаж байгаа “Ноёд Констракшн” ХХК-ийн Сэлэнгэ 888 орон сууцны барилгаас 75 м.кв байр өгөх” үүргээ биелүүлээгүй, харин 15.000.000 төгрөгийг бэлнээр, 25.000.000 төгрөгт тооцон Range Rover маркийн 78-77 УНӨ улсын дугаартай автомашиныг шилжүүлсэн байх ба нэхэмжлэгч дээрх байрны үнэ 135.000.000 төгрөгөөс үлдэх 95.000.000 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.
Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа нэхэмжлэгч нь хавсралт гэрээнд заасан эскиз, ажлын зураг, ерөнхий төлөвлөгөө, ажил эхлүүлэх зөвшөөрлийг өгөөгүй гэсэн тайлбар гаргасан байна.
Барилгын зураг төслийн “Тэнхлэг тулгуур” ХХК-ийн 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн ТТ/17-06,09 тоот албан бичигт “...Ц.Ц-ийн орон сууцны барилгын эскиз зургийг 2013 онд хийж гүйцэтгэсэн, уг эскиз зургийг Ерөнхий төлөвлөгөөний газраар батлуулсны дараа ажлын зураг хийхээр тохирсон боловч төлбөр тооцоо хийгдээгүй” гэжээ /хэргийн 87 дугаар тал/.
Түүнчлэн Ц.Ц-т дулааны болон техникийн нөхцөл, мөн барилга байгууламж эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгогдоогүй талаар Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын албан бичигт дурдсан, эдгээрийг нэхэмжлэгч үгүйсгэж чадаагүй байна /хэргийн 84-86 дугаар тал/.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь хавсралт гэрээнд заасан үүргээ биелүүлснээ нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
Нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариуцагчаас төлбөр шаардах эрхгүй болно.
Харин хариуцагч нь нэхэмжлэгчид 40.000.000 төгрөг өгсөн нь өрийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байх тул шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй.
Дээрх үндэслэлээр хариуцагч түүний өмгөөлөгчийн гомдлын заримыг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 280 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2017/03620 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч Д.Т-аас 95.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Ц-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дах заалтын “...хариуцагч Д.Т-аас улсын тэмдэгтийн хураамжид 632.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Ц-т олгож” гэснийг хасч, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 833.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ