Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 09

 

                                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Нэргүй, шүүгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Б.Б-н нэхэмжлэлтэй 

Хариуцагч: А аймгийн Засаг даргад холбогдох 

Нэхэмжлэлийн шаардлага: А аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн “Б.Б-г ажлаас халах тухай” Б/70 дугаар захирамжийг хүчингүй болгож, орон нутгийн өмчит “А” ХХК-ий захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У, хариуцагчийн өмгөөлөгч Э.Н, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Б, иргэдийн төлөөлөгч Л.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “ ... Б овогтой Б миний бие А аймгийн ус суваг ашиглалтын “У” ХХК-н захирлаар ажиллаж байгаад А аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/148 дугаар захирамжаар ажлаас үндэслэлгүй халагдсан. Намайг ажлаас халах үндэслэл байхгүй байсан тул аймгийн Засаг дарга өөрөө эвлэрэх санал тавьж эвлэрэн Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 13 дугаар шүүгчийн захирамж гарсан.

 Гэтэл хариуцагч өмнө ярьж байсан зүйлүүдээ ярьж дахин аймгийн Засаг даргын Б/70 дугаар захирамжаар 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр намайг үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн. Миний бие ажлаас чөлөөлөгдөх алдаа зөрчил дутагдал гаргаагүй. Уг захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хийгээгүй.   Намайг ажлаас чөлөөлөгдсөн хугацаанд орон нутгийн өмчит “У” ХХК-н нэр орон нутгийн өмчит “А” ХХК болж өөрчлөгдсөн. Иймд А аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн “Б.Б-г ажлаас халах тухай” Б/70 дугаар захирамжийг хүчингүй болгож, намайг орон нутгийн өмчит “А” ХХК-н захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагчаас нөхөн гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... нэхэмжлэгч Б.Б-г “У” буюу “А” ХХК-ий захирлын албан тушаалаас халахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг огт хийгээгүй. Нэхэмжлэгчийг эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах нөхцөл бололцоог хангаж өгөөгүй. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.5, 27.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

Маргаан бүхий Б/70 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3 дахь хэсэгт захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах гэж заасныг зөрчсөн. Маргаан бүхий захиргааны актад уг актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг зааж өгөөгүй, хариуцагчаас Авлигатай тэмцэх газрын албан шаардлага, аудитын дүгнэлтийг үндэслэсэн гэж тайлбарладаг. Өмнөх шүүх хуралдаанаас эхлээд Авлигатай тэмцэх газрын албан шаардлагыг үндэслэсэн гэж ярьж байна. Гэтэл маргаан бүхий захиргааны актад Авлигатай тэмцэх газрын тэд дугаартай албан бичгийг үндэслэлээ гэж нэг ч үг байхгүй, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4 дэх хэсгийг үндэслэсэн байдаг. Хариуцагчаас нэхэмжлэгч Б.Б-г мөн хуулийн 11 дүгээр зүйлд заасан зөрчил гаргасан гэж, уг заалтыг үндэслэн хариуцлага ногдуулсан гэж тайлбарладаг. Гэтэл маргаан бүхий захиргааны актад Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийг заагаагүй. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.2.5 дахь заалтыг зөрчсөн.

Мөн уг маргаан бүхий асуудлыг компанийн тухай хууль болон байгууллагын дотоод дүрмээр зохицуулах ёстой. Компанийн гүйцэтгэх удирдлага нь хууль болон компанийн дүрэмд заасан зөрчил гаргасан тохиолдолд компанийн төлөөлөн удирдах зөвлөлөөс аймгийн Засаг даргад санал хүргүүлсний үндсэн дээр засаг дарга шийдвэр гаргах ёстой байсан.

Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.18 дахь хэсэгт “захиргааны байгууллага, албан тушаалтнаас захиргааны шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацааг тоолоход Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад хуульд заасныг баримтална” гэж, хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт “сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэж тус тус заасан бөгөөд Б.Б-н гаргасан гэх зөрчил нь 2015 оны асуудал, уг зөрчилд холбогдуулан 2017 онд хариуцлага тооцжээ. Шүүх бүрэлдэхүүн бусад хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг анхаарч үзнэ үү. Иймд маргаан бүхий захиргааны актын хүчингүй болгох үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч А аймгийн Засаг дарга, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/148 дугаар захирамжаар орон нутгийн өмчит “У” ХХК-ий захирал Б.Б-г “А Засаг дарга, орон нутгийн өмчит “У” ХХК-ийн захирал нарын хооронд 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан менежментийн гэрээг цуцалж үр дүнгийн гэрээ байгуулан ажиллаагүй, энэ нь төрийн өмчийн хорооны 2001 оны 123 дугаар тогтоолоор баталсан “Аймаг, нийслэлийн нийтийн аж ахуй үйлчилгээний зарим байгууллагыг менежментийн гэрээгээр ажиллуулах журам”-ын 3, 5, 7, 8, 13, 14 дэх заалтуудыг зөрчсөн, мөн сонгон шалгаруулалт явуулаагүй, түүнчлэн аймгийн Засаг дарга болон орлогч дарга нараас өгсөн үүрэг чиглэлийг хэрэгжүүлж ажиллаагүй, аймгийн Засаг даргад мэдэгдэлгүйгээр, чөлөө зөвшөөрөл авалгүйгээр өөрийн дураар Улаанбаатар хот явсан, өөрийн байгууллагын ажил байдлын талаар танилцуулаагүй” зэрэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн.

Маргаан бүхий захиргааны актыг гаргах болсон үндэслэл нь Авлигатай тэмцэх газрын 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 03/3689 дүгээр албан бичиг, уг албан бичигт “У” ХХК-ий захирал Б.Б нь өөрт хамаарал бүхий этгээдтэй гэрээ байгуулсан, тодорхой эд хөрөнгийг хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ мэдүүлээгүй гэдэг 2 үндэслэлийг тусгасан байдаг. Энэ албан бичгийг үндэслэж аймгийн Засаг дарга 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Б/70 дугаар захирамжаар Б.Б-г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Захирамж гарахаас өмнө сонсох ажиллагааг 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр утсаар хийсэн. 

Авлигатай тэмцэх газрын 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 05/3689 дүгээр албан бичигт дурдсан үндэслэл, нөхцөл байдал нь 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/148 дугаар захирамжийг гаргахад илрээгүй байсан бөгөөд аймгийн Засаг дарга тухайн үед мэдэх боломжгүй байсан. Харин 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Б/70 дугаар захирамжаар орон нутгийн өмчит “У” ХХК-ий захирал Б.Б-г Авлигатай тэмцэх газрын 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 05/3689 дүгээр албан бичигт дурдагдсан үндэслэлүүдээр үүрэгт ажлаас нь халсан.  2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/148 дугаар захирамжид Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.2 дахь хэсэгт заасан томилох заалтыг барьсан байсан учраас 2017 оны 3 дугаар сард аймгийн Засаг даргаас илэрхий алдаатай акт гаргасан гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх хэлбэрээр уг актыг засварлах боломжтой гэж үзсэн. 

Иймд аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/148 дугаар захирамжаар иргэн Б.Б-г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үндэслэл нь 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Б/70 дугаар захирамжийн үндэслэлтэй огт хамааралгүй бөгөөд өөр өөр үндэслэл, нөхцөл байдлаар ажлаас халсан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... нэхэмжлэгч Б.Б хариуцагч өмнө гаргаж байсан үндэслэлээ дахин зааж уг маргаан бүхий захиргааны актыг гаргасан гэж тайлбарлаж байна. Энэ үйл баримтын тухайд 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/148 дугаар захирамж дээр шүүхэд маргаантай байсан. Уг хэрэг эвлэрсэн. Уг эвлэрлийг тус шүүхийн шүүгч С.Ганбат баталсан байдаг. Гэтэл дараа нь Б.Б дахин нэхэмжлэл гаргаж шүүгч С.Ганбатад мөн хуваарилагдсан. Хэрэв нэхэмжлэгчийн ярьж байгаа үндэслэл үүссэн гэх юм бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах боломжтой байсан. Хэргийн байдал, яригдаж буй үйл баримтууд өөр өөр байсан учраас анхан шатны шүүхийн шийдвэр гарсан.

Нөгөөтэйгүүр сонсох ажиллагааны талаар ярьж байна. Сонсох ажиллагаа нь тухай хүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна уу, зөрчигдөх гээд байна уу гэх асуудлыг сонсгоод байгаа эрх хэмжээний асуудал. Сонсох ажиллагааны зорилго нь захиргааны байгууллага гаргаж байгаа шийдвэр нь таны ашиг сонирхлыг зөрчих гээд байна танд ямар нэг санал байна уу, саналаа өгнө үү гэх энэ ажиллагаа юм. 

Нэхэмжлэгч 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэл гаргадаг. Нэхэмжлэлд Б овогтой Б намайг ажлаас халсан. Миний бие ажлаас халагдах алдаа, зөрчил дутагдал гаргаагүй гэж тайлбарладаг. Яагаад нэхэмжлэлээ зөрчил, дутагдал гаргаагүй гэж бичиж байна вэ, үүнээс үзэхэд нэхэмжлэгч хуулиа уншсан буюу Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4 дэх заалтыг харсан байжээ.

Сонсох ажиллагаан дээр маргаж байна. Нэхэмжлэгч Б.Б 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн хугацаанд төслийн ажлаар явсан гэж тайлбар хэлсэн. Тэгвэл 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод байх бүрэн боломжтой байжээ. Сонсох ажиллагааны тухайд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.4 дэх хэсэгт зааснаар утсаар санал авч болно гэж заасан хэлбэрийг зөрчөөгүй. 

Түүнчлэн Б.Б 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр өөрийн нөхөртэйгөө “Эксковатор механизм ажиллуулах ажлын гэрээ” байгуулсан байдаг. Энэ үйл баримт дээр маргадаггүй. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд албан тушаалтан тухайн албан тушаалд сонгогдох, томилогдохоосоо өмнө аж ахуйн нэгжийн удирдах, гүйцэтгэх, хяналтын байгууллагын гишүүн байсан бол нийтийн албанд орсон, эсхүл тухайн аж ахуйн нэгжтэй иргэний эрх зүйн аливаа харилцааг дуусгавар болгосноос хойш хоёр жилийн хугацаанд тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай холбогдох захиргааны шийдвэр гаргахыг хориглоно гэж заасан бөгөөд Б.Б “Ц” ХХК-ий захирлаар ажиллаж байгаад 2014 оны 4 дүгээр сард нөхөртөө шилжүүлээд, жилийн дараа нөхөртэйгөө гэрээ байгуулсан. Энэ үйл ажиллагаа нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн байна. 

Нэгэнт авлигатай тэмцэх газраас Б.Б-д холбогдох зөрчлийг тогтоосон. Иймд уг асуудлаар дахин дүгнэлт өгөх шаардлагагүй. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Нэхэмжлэгч Б.Б-н хувьд орон нутгийн өмчит “У” ХХК-д захирлын албан тушаал хашиж байхдаа олон төрлийн зөрчил гаргасан нь нотлогддог. Тухайлбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14, 16, 19 дүгээр зүйлийн 19.2, 46 дугаар зүйлийн 46.1.1, 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 49 дүгээр зүйлийн 49.1, компанийн дүрмийн 6.4.3, 7.6.12 гэсэн заалтуудыг зөрчсөн байдаг. Мөн Сонгуулийн тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн, Зөрчлийн тухай хууль, авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалтыг зөрчсөн. Энэ олон зөрчил гаргасан пакт, үйл явдлууд нь тогтоогддог. Маргаан бүхий захиргааны актын үндэслэл болсон авлигатай тэмцэх газрын албан бичигтэй нэхэмжлэгч маргадаггүй, уг албан бичиг хүчинтөгөлдөр хэвээр байгаа, Б.Б-н гомдол гаргах хугацаа дууссан.

Өмгөөлөгч миний үзэж байгаагаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагууд хууль зүйн үндэслэлгүй байна. Б.Б-г ажлаас халсан 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Б/70 дугаар захирамж хууль ёсны үндэслэл бүхий гарсан захирамж. Хяналтын шатны шүүхээс Б.Б-г 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Б/70 дугаар захирамжаар халагдсан үндэслэл нь өмнөх ажлаас халсан үндэслэлтэй холбоотой байна уу гэдгийг шалгуулахаар хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцаасан. А аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Б/70 дугаар захирамж нь өмнөх 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/148 дугаартай захирамжтай ямар ч хамааралгүй. 

А аймгийн Засаг дарга 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/148 дугаартай захирамжаа гаргахаасаа өмнө Б.Б-д ямар үндэслэлээр ажлаас халж байгаа тухайгаа 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр бичгээр мэдэгдсэн. Б.Б-д хүргүүлсэн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн мэдэгдэлд Авлигатай тэмцэх газрын албан шаардлагыг үндэслэж ажлаас хална гэсэн нэг ч үг байхгүй. А аймгийн Засаг дарга 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/148 дугаартай захирамжид дурдсанаар Б.Б-г 2 үндэслэлээр ажлаас халсан байдаг. Ажлаас халах тухай мэдэгдэлд “У” ХХК-ийг аймгийн Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулж ажиллах нь зүйтэй гэсэн чиглэл өгсөн байхад үр дүнгийн гэрээгээ байгуулж 2016 оны 11 сард багтааж танилцуулах гэсэн, мөн “У” ХХК-ийг менежментийн гэрээгээр ажиллуулах тухай гэрээг зөрчиж байна гэсэн чиглэл өгсөн байхад үүргээ биелүүлээгүй байна гэсэн үндэслэлийг барьсан, хоёр дахь үндэслэл нь аймгийн Засаг дарга болон орлогч даргаас өгсөн дээрх үүрэг, чиглэлийг хэрэгжүүлж ажиллагаагүй өнөөдрийг хүрлээ. Аймгийн Засаг даргаас чөлөө зөвшөөрөл аваагүй, өөрийн дураар Улаанбаатар хот явсан, өөрийн байгууллагын ажил байдлын талаар танилцуулаагүй алдаа зөрчил гаргасан учраас “У” ХХК-ий захирлын ажлаас чөлөөлөх болсныг мэдэгдье гэсэн байгаа. Ингээд мэдэгдэл өгсний дараа А аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/148 дугаартай захирамж гарсан. Тус захирамжид Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.2, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалтыг барьсан. Уг хэрэг хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гарч Б.Б ажилдаа орсны дараа Авлигатай тэмцэх газраас 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 05/3689 дүгээр “Хяналт шалгалтын үр дүн, илэрсэн зөрчилд хариуцлага тооцох тухай” албан бичиг ирсэн. Энэ албан бичиг одоо болтол хүчинтэй байгаа. Б.Б нь “Ц” ХХК-тай гэрээ байгуулж, 20.909.800 төгрөгийг шилжүүлсэн асуудалтай огт маргадаггүй. Авлигай тэмцэх газраас 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 05/3689 дүгээр “Хяналт шалгалтын үр дүн, илэрсэн зөрчилд хариуцлага тооцох тухай” албан бичгийг үндэслэж маргаан бүхий захирамж гарсан. 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул А аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Б/70 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Иргэдийн төлөөлөгч Л.Э шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Хариуцагч талыг үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Б.Б-н нэхэмжлэлтэй А аймгийн Засаг даргад холбогдох “А аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн “Б-г ажлаас халах тухай” Б/70 дугаар захирамжийг хүчингүй болгож, орон нутгийн өмчит “У” ХХК-ий захирлын албан тушаалд эргүүлэн томилуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 221/МА2017/0772 дугаар магадлалаар тус шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэснийг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /1-р х.х-н 145-150, 167-169/

Шүүх уг хэргийг 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн “Б.Б-г ажлаас халах тухай” Б/70 дугаар захирамжийг хүчингүй болгож, орон нутгийн өмчит “А” ХХК-ий захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах” гэж өөрчлөн нэмэгдүүлжээ. /2-р х.х-н 25, 84/ 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор “ ... нэхэмжлэгчээс “...ажлаас чөлөөлсөн 2017 оны Б/70 дугаар захирамжийн үндэслэл нь өмнөх 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/148 дугаар захирамжийн “ажлаас чөлөөлсөн” үндэслэлтэй ижил, ... ажлаас халах үндэслэл байгаагүй учраас Засаг дарга өөрөө эвлэрэх санал тавьж намайг буцааж ажилд авсан, ...хариуцагч өмнө нь ярьж байсан зүйлүүдээ ярьж /дахин/ чөлөөлсөн” гэж маргасан байхад шүүх маргааны үйл баримтуудад холбогдох нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн ...” гэсэн үндэслэл болон нотлох баримтуудыг хэлэлцээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Учир нь:

1. А аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Б.Б-г ажлаас чөлөөлөх тухай” Б/148 болон уг хэргийн маргаан бүхий захиргааны акт 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Б.Б-г ажлаас халах тухай” Б/70 дугаар захирамжууд нь нэг /ижил/ үндэслэлтэй эсэх тухайд:

А аймгийн Засаг дарга 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Б.Б-г ажлаас чөлөөлөх тухай” Б/148 дугаар захирамжаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.2 дахь хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Б.Б-г “У” ХХК-ий захирлын албан тушаалаас 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөхдөө Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйл. Орон нутгийн өмчийн талаархи Засаг даргын бүрэн эрх 2.Хуульд өөрөөр заагаагүй бол Засаг дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ  2/ орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эрх баригчийг томилох гэж заасан байна. /1-р х.х-н  198/

Харин маргаан бүхий захиргааны акт болох 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Б.Б-г ажлаас халах тухай” Б/70 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2., Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4. дэх хэсэгт заасныг үндэслэн орон нутгийн өмчит “У” ХХК-ий захирал Б.Б-г үүрэгт ажлаас 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөр тасалбар болгон халсан байх бөгөөд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4. дэх хэсэгт “ Энэ хуулийн 101.1, 101.2, 101.4, 101.5 дахь хэсэг, 11, 12, 15, 16 дугаар зүйлд заасныг зөрчсөн, энэ хуулийн 23 дугаар зүйлд заасан хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, энэ хуулийн 29.2.3-т заасан хариуцлага хүлээлгэх зөрчлийг удаа дараа гаргасан бол нийтийн албанаас халах” гэж тус тус заажээ. /1-р х.х-н 2/

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад хариуцагч аймгийн Засаг даргын дээрх захирамжууд /Б/148, Б/70/-ын үндэслэл болсон хуулийн заалт нь өөр өөр байх бөгөөд Б/148 дугаар захирамжийн тухайд Б.Б-г ажлаас чөлөөлөхдөө “чөлөө зөвшөөрөл авалгүйгээр өөрийн дураар Улаанбаатар явсан,  компаний хөрөнгийг өөрийн цалинд дур мэдэн авах, хөрөнгө авах нэрээр гаргах, дур мэдэн хадгаламж барьцаалан зээл авах, уг зөрчил нь Архангай аймгийн Аудитын газрын акт, шаардлагуудаар тогтоогдсон” гэж тайлбар өгсөн байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх тухай хүсэлтийн дагуу тус шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 13 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /1-р х.х-н 100-102, 180-181, 197, 200, 201/

Дээрхи хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн 109/2016/0028/З индекстэй, 13 дугаар шийдвэртэй, аймгийн засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/148 дугаар захирамжийг хүчингүй болгох шаардлага бүхий хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан /50 хуудас/ нотлох баримтанд уг хэргийн маргаан бүхий үйл баримтад хамаарах 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Эксковатор механизм ажиллуулах ажлын гэрээ” давхардан авагдсан байх боловч маргаан бүхий Б/70 дугаар захирамжийн үндэслэл нь маргаж буй үйл баримтуудыг уг захирамжтай хамааралтай гэж үзэх үндэслэлгүй байна. /2-р х.х-н 55-76/

Түүнчлэн Б/148 дугаар захирамжийн үндэслэл нь Аудитын газрын дүгнэлтэд үндэслэн гаргасан захиргаан акт болох нь тухайн хэргийн хариуцагчийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан тайлбар болон нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар түүнийг баталгаажуулсан 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 13 дугаар шүүгчийн захирамжаар нотлогдож байна. 1-р х.х-н 180-201/, 

2. Харин аймгийн Засаг даргын Б/70 дугаар захирамж нь Авлигатай тэмцэх газрын 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн “Хяналт шалгалтын үр дүн, илэрсэн зөрчилд хариуцлага тооцуулах тухай” 05/3689 дүгээр албан бичигт үндэслэн гаргасан бөгөөд  “ ... орон нутгийн өмчит "У" ХХК-ий захирал Б.Б нь өөрийн нөхөр Э.Д-н "Ц" ХХК-тай 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж 20.909.800 төгрөгийн ажил гүйцэтгэсэн нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 ... заасныг зөрчсөн байна ... 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гэр бүлийн гишүүний өмчлөлд А аймгийн Эрдэнэбулган сум, 1 дүгээр багт худалдан авсан 2 болон 3 өрөө орон сууцнуудыг Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.-т ... заасан хугацаанд мэдүүлээгүй, 2015, 2016 оны мэдүүлгийн "Хадгаламж, бэлэн мөнгө, хувийн харилцах болон төлбөрийн данс, картны үлдэгдэл" хэсэгт гэр бүлийн гишүүний хадгаламжийг зөрүүтэй мэдүүлсэн нь мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.-т ... заасныг тус тус зөрчсөн ... иймд Б.Б-д Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.4, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т “Энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, ...бол нийтийн албанаас халах” гэж заасныг үндэслэн ажлаас халах хариуцлага хүлээлгэж Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2017 оны 5 дугаар сарын 02-ны дотор хариуг ирүүлэхийг аймгийн Засаг даргад мэдэгджээ. /1-р х.х-н 37-38/

Нэхэмжлэгч нь Авлигатай тэмцэх газрын дээрхи албан бичигт дурдсан зөрчлийг гаргаагүй гэж мэтгэлцэж байгаа боловч өөрийн нөхөр Э.Д-н "Ц" ХХК-тай 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэж шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. 

Түүнчлэн нэхэмжлэгч тал нь 2015 онд хамаарал бүхий этгээдтэй гэрээ байгуулсан зөрчил нь одоо хариуцлага тооцох хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх тайлбарыг гаргаж байгаа нь уг зөрчил бүхий гэрээ байгуулагдсан болохыг нотолж байна. /2-р х.х-н 189/ 

Энэхүү хөөн хэлэлцэх хугацааг шалгаж үзэхэд маргаж буй зөрчлийг гаргасан болох нь Авлигатай тэмцэх газрын 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн “Хяналт шалгалтын үр дүн, илэрсэн зөрчилд хариуцлага тооцуулах тухай” 05/3689 дүгээр албан бичиг, прокурорын тогтоолуудаар тогтоогдсон байна. /1-р х.х-г 37-38, 202-250, 2-р х.х-н 1-18/

Тиймээс зөрчилд хариуцлага тооцох хөөн хэлэлцэх хугацааг уг албан бичиг гаргасан өдрөөс тооцоход хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад маргаан бүхий захиргааны акт 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн “Б.Б-г ажлаас халах тухай” Б/70 дугаар захирамж гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Б нь Авлигатай тэмцэх газрын 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн “Хяналт шалгалтын үр дүн, илэрсэн зөрчилд хариуцлага тооцуулах тухай” 05/3689 албан бичгийг хариуцагчийн хариу тайлбартай хавтаст хэргийн материалтай танилцахдаа буюу 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр танилцсан байх боловч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрхи асуудлаар маргаагүй, холбогдох байгууллага, албан тушаалтанд гомдол, шүүхэд нэхэмжлэл гаргаагүй болох нь шүүх хуралдааны тайлбараар тогтоогдсон болно. 

4. А аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “Дүрэм батлах тухай” 17 дугаар тогтоолын хавсралтаар “У” орон нутгийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компаний дүрмийг баталжээ. /2-р х.х-н 163/

Уг  дүрмийн Долоо. Компанийн гүйцэтгэх удирдлага 7.1 Гүйцэтгэх захирлыг аймгийн Засаг дарга томилж, чөлөөлнө., 7.4 Гүйцэтгэх захирал нь албан үүргээ хэрэгжүүлэх явцдаа энэхүү дүрэм, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, компаний нэр хүнд, эдийн засгийн байдалд ноцтой хохирол учруулсан болох нь тогтоогдвол Төлөөлөн удирдах зөвлөл нь бүрэн эрхийн зогсоох тухай саналаа аймгийн засаг даргад гаргаж шийдвэрлүүлнэ”, гэрч Х.Г шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “ ... аймгийн засаг дарга хариуцлага тооцно. Учир нь аймгийн засаг дарга гэрээнд заасны дагуу компаний гүйцэтгэх удирдлагыг томилж, чөлөөлөх бүрэн эрхтэй ... “, “У” ХХК-ий удирдах зөвлөлийн  2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №1 дүгээр “ Санал хүргүүлэх тухай” албан бичиг зэрэг баримтыг судалж үзэхэд маргаан бүхий Б/70 дугаар захирамж нь компаний дүрмийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна. /2-р х.х-н 154-187, 192-194, 196-204/

5. Нэхэмжлэгч сонсох ажиллагаа хийгээгүй гэж, хариуцагч тал сонсох ажиллагаа хийсэн гэж маргаж байна. Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд сонсох ажиллагаа хийх болон хийхгүй байх үндэслэлүүдийг заасан. 

Хариуцагч нь сонсох ажиллагаа хийсэн талаар нэхэмжлэгчид мэдэгдэж түүнийг саналаа хэлэх боломжийг олгосон болох нь хэргийн оролцогч нар шүүх хуралдаанд тайлбарласан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан /1-р х.х-н 70/ сонсох ажиллагааны тэмдэглэл, 2018 оны 3 дугаар сарын 19-ны өдрийн шүүх хуралдааны 18 дугаар тэмдэглэл /х.х-н 128/, гэрч С.О-н /х.х-н 149-150/ мэдүүлгээр тогтоогдлоо.

 Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.4, 27.5, 27.6 дахь хэсэгт зааснаар сонсох ажиллагааг утсаар санал авах арга хэлбэрээр явуулах аргыг хэрэглэсэн, сонсох ажиллагааны явцаа тэмдэглэлд тусгаж баримтжуулсан нь уг хуулийг зөрчөөгүй байна.

Харин нэхэмжлэгч нь захиргааны акт гаргахад өөрийн саналаа гаргах эрхээ эдлээгүй байх ба хуульд заавал биечлэн саналаа гаргана гэж хязгаарлалтыг заагаагүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч өөрийн саналыг бичгээр, утсаар болон цахим хэлбэрээр, төлөөлөгчөөр дамжуулан саналаа хүргүүлэх боломжтой байжээ. 

Нөгөө талаар хариуцагч тал Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2 дахь хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэсэн байна.

Дээрхи зөрчилд хариуцлага тооцох хуулийн зохицуулалт нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4 дэх заалтад заасан зөрчил гаргасан этгээдийг нийтийн албанаас халах шийтгэл ногдуулахаар заасан ба маргаж буй асуудлын холбогдох заалт нь мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан зөрчилд хамаарч байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар “Албан тушаалтан дараах тохиолдолд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өмнө нийтийн албыг төлөөлж болохгүй ба мөн хуулийн 14.3.1 дэх “өөртэй нь хамаарал бүхий этгээдийн өмнө” заалтыг зөрчсөн болох нь тогтоогдсон болно.

Иймд маргаан бүхий захиргааны акт А аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “А аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Б/70 дугаарын захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Б.Б-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3 дахь хэсгийн 106.3.14 дэх заалт, 107, 108 дугаар зүйлүүдийг удирдлага болгон                                                

ТОГТООХ нь:

1. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 29 дүгээр зүйлийн 29.2.4 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б-с А аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “А аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Б/70 дугаарын захирамжийг хүчингүй болгож, орон нутгийн өмчит “А” ХХК-ий захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                    Б.ОДОНТУЯА

                                                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                    Ц.НЭРГҮЙ

                                                                            ШҮҮГЧ                    Б.БАТЧИМЭГ