Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 00477

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Мөнх-Эрдэнийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2016/01114 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Мөнх-Эрдэнийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Г.Ванчинхүүд холбогдох

 

Арилжааны гэрээний үүрэгт нийт 46 014 000 төгрөг болон 21 м.кв авто зогсоол гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Ариунсанаа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Оюунбилэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Мөнх-Эрдэнэ нь хариуцагч Г.Ванчинхүүтэй 2011 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж, нэхэмжлэгч Д.Мөнх-Эрдэнэ нь хариуцагч Г.Ванчинхүүд Засаг даргын 2006 оны 3 сарын 06-ны өдрийн 86 тоот шийдвэрийг үндэслэн олгосон Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт орших 250 м.кв  газар дээр өөрийн хөрөнгөөр 9 давхар орон сууцны барилга барих, баригдсан орон сууцнаас өөрийн эзэмшлийн 250 м.кв газраар хөрөнгө оруулж, тус газар дээр хариуцагч Г.Ванчинхүү барилга барьж, тус барилгын 1 давхарын зүүн жигүүрийн В-сууц 96,76 м.кв, сууц 62,4 м.кв талбай бүхий орон сууцуудыг 1 автомашины гараашийн хамт шилжүүлэхээр тус тус үүрэг хүлээсэн. Тус гэрээний дагуу 2012 оны 2 дугаар сарын 01-ний өдөр дугаар №02/01-1 тоот орон сууц захиалгын гэрээ, тус өдрийн дугаар №02/01-2 тоот орон сууц захиалгын гэрээ, 2013 оны 3 сарын 04-ний өдөр №03/04-22 тоот автомашины зогсоолын гэрээг байгуулсан. Мөн 2014 оны 3 сарын 27-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулсан. Гэтэл нэхэмжлэгч Д.Мөнх-Эрдэнэ нь барилгын хэмжилт хийдэг “Инжкон” ХХК-иар 2014 оны 9 сарын 08-ны өдөр хэмжилт хийлгэхэд, “Г” байрны өрөө 97,75 м.кв нь 86,50 м.кв, “В” байрны өрөө 56,02 м.кв нь 50,02 м.кв буюу нийт 16,25 м.кв дутсан бөгөөд хариуцагч нь илүү 11,8 м.кв талбай өгсөн гэж хэлээд 1 м.кв-ыг 3 000 000 төгрөгөөр тооцож нэхсэн. Мөн Г.Ванчинхүү надаас илүү м.кв байр өгсөн гэж хэлээд буцаагаад 6 800 000 төгрөгийг бэлнээр авсан байдаг. Энэ мөнгийг манай дүү Отгонжаргал миний өмнөөс аваачиж өгсөн байдаг. Тиймээс илүү биш бүр дутуу м.кв шилжүүлсэн болох нь нотлогдож байгаа тул 6 800 000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн гэрээнд зааснаар автомашины гараашийг шилжүүлээгүй тул грашийг гаргуулж өгнө үү.  Орон сууц захиалах гэрээнд зааснаар хүн амьдрах шаардлага хангасан байр шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тул байранд 10 000 000 төгрөгөөр засвар хийсэн. Иймд гэрээнд зааснаас дутсан 16,23 м.кв-ын гэрээнд заасан үнэ болох 29 214 000 /1м.кв-ыг одоогийн ханш болох 1 800 000 төгрөгөөр бодсон/ төгрөг, анх өгөхөөр тохиролцсон 21 м.кв бүхий 1 гарааш, м.кв-ын зөрүү гэж тушаасан 6 800 000 төгрөг, засварын мөнгө 10 000 000 төгрөг нийт 46 014 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.                   

                                                       

 Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Д.Мөнх-Эрдэнэ, Г.Ванчинхүү нар хамтран ажиллах гэрээ байгуулсан байгаа. Гэрээний дагуу Г.Ванчинхүү нь Д.Мөнх-Эрдэнэд байрыг хүлээлгэж өгсөн байдаг. Нэхэмжлэгч нь одоо байгаа зах зээлийн үнэ ханшаар бодож өөрийн дураар 1 м.кв-ыг 1 800 000 төгрөгөөр тооцож үнийн дүн гаргачихаад байгаа. Гэтэл талууд 1 м.кв-ын үнийг 680 000 төгрөгөөр тохирсон байгаа нь 2011 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн тооцоо нийлсэн актаар баталгаажсан байдаг. Гэтэл 1 800 000 төгрөгөөр 1м.кв-ыг тооцож нэхэмжилсэн нь буруу юм. Мөн орон сууцыг хүлээн авсанаар хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй юм. Мөн гарааш эзэмших гээд байгаа нь үндэслэлгүй. 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгч, хариуцагч нар нь хэлцэл хийсэн. Энэ хэлцэл дээр автомашины гараашийг нэхэмжлэгч нь эзэмшихгүй гэж хэлцэл хийж гарын үсэг зурж баталгаажуулсан. Ийм учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байгаа. 6 800 000 төгрөгийг м.кв-ын зөрүү гэж төлсөн гээд байна. Гэрээний 1.6-д гэрээний 1.3-д заасныг зөрчснөөс газар дээр нь шийдвэр гүйцэтгэлийн албан дээр маргаан үүсч барилга 2013 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 3 929 000  төгрөгийг төлж байсан. Мөн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөх хүн байна гээд 10 000 000 төгрөг авсан тул энэ 6 800 000 төгрөгийг буцаан өгөх боломжгүй гэж үзэж байна. Мөн байрыг нэхэмжлэгч нь өөрөө  хүлээн авсан. Тухайн үедээ байрыг торх маягаар ямар ч дотоод засваргүй хүлээн авсан гээд байгаа. Гэтэл энийг хүлээн авахгүй байх боломж байсан. Өөрөө хүлээн зөвшөөрч авсан мөртлөө одоо өрөөний өөрчлөлт, хийж, өөрийн санаанд нийцүүлэн хийсэн засварын мөнгөө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү, орон сууц нэхэмжлэгчийн өмчлөлд байхгүй учраас нэхэмжлэх ч эрхгүй гэжээ.

                                                                                                                 

   Шүүх: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар хариуцагч Г.Ванчинхүүгээс 16 187 253 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Мөнх-Эрдэнэд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 19 826 747 төгрөг болон 21 м.кв талбайтай автомашины грааш, засварын зардал 10 000 000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 615 220 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 238 886 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

                 Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх хариуцагчийн мэтгэлцэх эрхийг хангуулаагүй гэж үзэж Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг буцаасан болохоос хавтаст хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан нотлох баримтуудыг үл харгалзан дахин үндэслэлгүйгээр шийдвэрлэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлд болон шүүх хуралдаан дээр хэлээгүй м.кв-ын үнэ 400 000 төгрөг гэж хүчээр оруулан дүгнэлтдэээ оруулж шийдвэрлэснийг эсэргүүцэж байна. Би иргэн Г.Ванчинхүүтэй хамтран ажиллах гэрээ байгуулсны дагуу өөрийн зүгээс шаардлагатай бүх зүйлсийг биелүүлсэн тул гэрээнд тусгагдсаны дагуу 21 м.кв гарааш барилга угсралт засал чимэглэл дутуу  хийснийг  өөрийн зардлаар хийж гүйцэтгэсэн м.кв-ын зөрүү болох 19 826 747 төгрөгийг авах бүрэн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. Хариуцагч Г.Ванчинхүү нь хамтран ажиллах гэрээний үүргээ удаа дараа зөрчиж, иргэний үүрэг, ёс суртахууны хувьд ажил хэрэгч бус залилан мэхлэгчийн хэмжээнд байгаа нь хамтран ажиллах гэрээг үл ойшоож үзэх үндэслэл нь Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1-д заасны дагуу хариуцлага хүлээлгэж Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-д заасны дагуу гэм хорыг арилгах ба Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар арилгах үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Д.Мөнх-Эрдэнийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна. Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Үйлдвэр туул гол гудамж, 56 Е байр, 03 тоот, 96,75 м.кв талбайтай орон сууц нь Д.Отгонжаргалын өмч болох нь 2015 оны 9 дүгээр сарын 23 ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000436156 дугаар гэрчилгээгээр нотлогдож байгаа. Хан-Уул дүүгийн 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гадамж, 56 Е байр, 4 тоот, 62,04 м.кв талбайтай орон сууц нь Б.Шийлэгмаа, Ариунболд нарын өмч болох нь 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүргэлийн гэрчилгээгээр тус тус нотлогдож байхад Д.Мөнх-Эрдэнэ нь ямарч итгэмжлэлгүйгээр Д.Отгонжаргал, Б.Шийлэгмаа, Ариунболд нарын өмнөөс орон сууцны талаар маргаан үүсгэж нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Мөн м.кв-ын зөрүүнд өгсөн гэх 6 800 000 төгрөгийг Г.Ванчинхүүгээс гаргуулж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байгаа. Учир нь: 2011 оны 10 дургаар сарын 18-ны өдрийн хамтран ажиллах гэрээний 1.6-д гэрээний 3.1-д заасан 250 м.кв талбай нь бусдад худалдагдаагүй, түрээслүүлээгүй, барьцаалаагүй ямар нэг маргаангүй, газрын төлбөр тооцоог бүрэн дуусгасан байх баталгааг хувь нийлүүлэгч хүлээнэ гэсэн үүргээ зөрчсөнөөс уг газар дээр нь шийдвэр гүйцэтгэлийн алба дээр маргаан үүсч Г.Ванчинхүү газрын төлбөр болох 3 929 000 төгрөгийг төлж байсан. Мөн Д.Мөнх-Эрдэнэ нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөх хүн байна гээд Г.Ванчинхүүгээс 10 000 000 төгрөгийг авсан байдаг. Энэ талаар Д.Мөнх-Эрдэнэ, Г.Ванчинхүү нар ярилцаад өглөг авлага байхгүй гэж тохиролцсон гэдэг тул 6 800 000 төгрөгийг буцаан өгөх боломжгүй гэж үзэж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч Д.Мөнх-Эрдэнэ нь хариуцагч Г.Ванчинхүүд холбогдуулж хамтран ажиллах гэрээний үүргээс учирсан хохиролд 29 214 000 төгрөг, орон сууцны талбайн зөрүүнд буцаан өгсөн 6 800 000 төгрөг, засварын зардалд 10 000 000 төгрөг нийт 46 014 000 төгрөг болон 21 м.кв авто зогсоол гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Зохигчид 2011 оны 10 дугаар сарын 18-ны өдөр “хамтран ажиллах” гэх нэртэй гэрээ байгуулж, уг гэрээгээр  нэхэмжлэгч Д.Мөнх-Эрдэнэ нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлах, нэгж талбарын 8016/0082 дугаар бүхий 250 м.кв газар эзэмших эрхээ Г.Ванчинхүүд шилжүүлж, хариуцагч Г.Ванчинхүү нь уг газарт 10 давхар каркасан бүтээцтэй барилга барьж, 1-р давхарын зүүн жигүүрийн В сууцанд 96.76 м.кв, Г сууцанд 62.04 м.кв талбай бүхий орон сууцнуудыг 1 автомашины гараашийн хамт Д.Мөнх-Эрдэнийн өмчлөлд өгөхөөр харилцан тохиролцсон байна. /хх-ийн 5 дугаар тал/

                 

             Талуудын байгуулсан дээрх гэрээний агуулгаас үзэхэд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

 

            Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүйгээс нэхэмжлэлийн зарим шаардлагыг буруу дүгнэсэн, шийдвэрийн тогтоох хэсэгт баримталбал зохих хуулийн зохицуулалтыг баримтлаагүй зэрэг алдаа гаргасан байх боловч уг алдааг давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт өгч, залруулах боломжтой гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч Д.Мөнх-Эрдэнэ нь 250 м.кв газрыг хариуцагч Г.Ванчинхүүгийн эзэмшилд шилжүүлсэн, хариуцагч Г.Ванчинхүү нь В, Г байранд тус тус 1 орон сууцыг нэхэмжлэгч Д.Мөнх-Эрдэнийн өмчлөлд шилжүүлсэн үйл баримтад талууд маргаагүй, мөн энэ нь орон сууц захиалгын гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ зэрэг бичгийн баримтаар тогтоогджээ. /хх-ийн 6-9, 13 дугаар тал/

 

          Зохигчид 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр дахин хэлцэл байгуулж, уг хэлцлээр өмнө байгуулсан арилжааны гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулсан байна. Уг өөрчлөлтөөр орон сууцны тоотыг 3, 4 гэж тодорхой болгон, захиалагч буюу Д.Мөнх-Эрдэнэ нь талбайн хэмжээг өмнө нь тохирсон 96,76 м.кв, 62,04 м.кв нийт 158.8 м.кв талбайтай 2 орон сууцыг авах, автомашины зогсоол өмчлөхгүй, орон сууцны талбайн 11.8 м.кв-ын зөрүү үнэд 6 800 000 төгрөгийг захиалагч төлөхөөр тохиролцжээ. /хх-ийн 39 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч Д.Мөнх-Эрдэнэ нь В сууцны 96,76 м.кв орон сууц, Г сууцны 62,04 м.кв орон сууцууд нь гэрээгээр тохиролцсон дээрх м.кв-ын хэмжээнд хүрээгүй нийт 16.25 м.кв дутсан гэж үзэж илүү төлсөн төлбөрт 29 214 000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй болно.

 

Учир нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3 дахь хэсэгт “Арилжааны гэрээнд худалдах, худалдан авах гэрээний талаархи энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна” гэж заасан. Мөн хуулийн 253 дугаар зүйлийн 253.1, 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Мөнх-Эрдэнэ нь орон сууцны м.кв дутуу, доголдолтой бол уг доголдлыг арилгуулахаар шаардлага гаргах эрхтэй.

Гэвч худалдан авагч нь эд хөрөнгө хүлээн авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдахаар Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заажээ. Нэхэмжлэгч Д.Мөнх-Эрдэнэ нь орон сууцны талбайн хэмжээг гэрээгээр тохирсон хэмжээнээс бага болохыг хүлээн авах үедээ мэдэх боломжтой байсан тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар орон сууцны талбайн талаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл талууд анх 2011 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гэрээ байгуулах үедээ орон сууцны талбайн хэмжээг В сууцанд 96.76 м.кв, Г сууцанд 62.04 м.кв гэж тохиролцсон ба 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хэлцэл хийхдээ мөн 96,76 м.кв, 62,04 м.кв гэж дахин баталгаажуулсан байх тул нэхэмжлэгч нь эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байсан гэж үзэхээр байна. 

 

          Түүнчлэн талууд 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн хэлцлээр “2013 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн автомашины зогсоолын захиалгын гэрээ”-г хүчингүйд тооцож, нэхэмжлэгч нь 21 м.кв автозогсоол өмчлөхгүй гэж тохиролцсон байх тул анхан шатны шүүх автомашины гарааш шаардах эрхгүй гэж зөв дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

          Хариуцагч Г.Ванчинхүү нь илүү 11.8 м.кв талбайтай орон сууц хүлээлгэн өгсөн гэж   6 800 000 төгрөгийг Д.Мөнх-Эрдэнээс авсан үйл баримтын талаар  талууд маргаагүй, энэ нь 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн хэлцлээр мөн тогтоогдож байна. Хэргийн үйл баримтаар маргааны зүйл болох орон сууцны талбайн хэмжээ илүү болох нь тогтоогдоогүй тул хариуцагч Г.Ванчинхүү нь үндэслэлгүйгээр 6 800 000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Мөнх-Эрдэнээс авсан гэж анхан шатны шүүх дүгнэж, уг төлбөрийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасантай нийцсэн байна.  

 

           Талууд засварын зардал төлөх талаар гэрээгээр тохиролцоогүй,  орон сууцны засварын зардалд 10 000 000 төгрөг зарцуулж, хохирол учирсан гэх тайлбараа нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй болно.

             

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны  өдрийн 183/ШШ2016/01114 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 255 дугаар зүйлийн 255.1.1, 492 дугаар зүйлийн 492.1.1, 219 дүгээр зүйлийн 219.1-т тус тус зааснаар  хариуцагч Г.Ванчинхүүгээс 6 800 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Мөнх-Эрдэнэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 39 214 000 төгрөг болон 21 м.кв талбайтай автомашины гарааш гаргуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтын “… 238 886 төгрөг …” гэснийг “123 750 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 305 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас төлсөн 238 890 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                                Э.ЗОЛЗАЯА

                                               

                                          ШҮҮГЧИД                                               Ш.ОЮУНХАНД           

                                                                                                 

                                                                                             Г.ДАВААДОРЖ