Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2017/ДШМ/12

 

 Д.Жаргалсайханд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч Т.Бямбажав, шүүгч О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

прокурор Б.Мөнхдөл, шүүгдэгч Б.Ганболдын өмгөөлөгч Б.Батчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Чанцалдулам нарыг оролцуулан,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхмандах даргалж шийдвэрлэсэн, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2017/ШЦТ/71 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Д.Жаргалсайханд холбогдох 1717000540028 дугаартай 1 хавтас 80 хуудас бүхий эрүүгийн хэргийг эс зөвшөөрч Аймгийн прокурор С.Батсүрэнгийн гаргасан эсэргүүцлийг үндэслэн Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч шүүгч О.Однямаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.   

Шүүгдэгч Д.Жаргалсайхан нь 2017 оны 10 дугаар сарын 03-ны орой Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Ганзам дэлгүүрийн орчим таксинд зорчин явсан иргэн Д.Дашдоржийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигин овгийн Должинсүрэнгийн Жаргалсайхан нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Д.Жаргалсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгч Д.Жаргалсайхан нь 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч Д.Жаргалсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Жаргалсайхан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд, заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Жаргалсайханд урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурор С.Батсүрэнгийн гаргасан эсэргүүцэл болон прокурор Б.Мөнхдөл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Д.Жаргалсайхан нь 2017 оны 10 дугаар сарын 03-ны орой Сүмбэр сумын 1 дүгээр баг нутаг дэвсгэрт байрлах Ганзам дэлгүүрийн орчим таксинд зорчин явсан иргэн Д.Дашдоржийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх үйлдэлд нь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 5/26 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хийсэн дүгнэлт болон тогтоох хэсэгт ял оногдуулсан байдлууд нь агуулгын хувьд ойлгомжгүй, түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалттай зөрчилдөж байна. Тухайлбал:

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2017/ШЦТ/71 дугаартай шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...шүүгдэгч Д.Жаргалсайхан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол уг ялыг ажлын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг дурдах нь зүйтэй байна...” гэж дүгнэсэн. Мөн “Тогтоох” хэсэгтээ “...шүүгдэгч Д.Жаргалсайхан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол уг ялыг ажлын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдсүгэй...” гэж заасан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан нь шүүхийн шийдвэртэй зөрчилдөж, хууль зөрчсөн байна гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Д.Жаргалсайханыг Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2017/ШЦТ/71 дугаартай шийтгэх тогтоолоор хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгийн торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн байгаа. Өмгөөлөгчийн хувьд улсын яллагчийн эсэргүүцлийг дэмжиж байна. Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хуулийн зохицуулалтыг тодорхой ойлгомжгүй оруулсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт торгох ял оногдуулсан байгаа нөхцөлд торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино гэсэн хуулийн зохицуулалт байдаг. Гэтэл шийтгэх тогтоол дээр торгох ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ялыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй гэсэн зүйл заалт оруулсан нь ойлгомжгүй эргэлзээтэй байдал үүсгэсэн. Тиймээс улсын яллагчийн бичсэн эсэргүүцэл үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэх боломжтой. Харин бусад заалтыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянаж үзлээ.

Ялтан Д.Жаргалсайханг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуульд заасан ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалт нь “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэсэн нь уг заалтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэхь хэсэгтэй хольж бичсэн, утга агуулгын хувьд ойлгомжгүй, тогтоолыг биелүүлэхэд эргэлзээ төрөхүйц байх тул прокурорын эсэргүүцэлийг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2017/ШЦТ/71 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэг 5 заалтын “торгох ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялыг найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих“ гэснийг “торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих“ гэсэн өөрчлөлт оруулсугай.

2.  Бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

 Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах  эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.ТЭГШСУУРЬ

                                          ШҮҮГЧИД                             Т.БЯМБАЖАВ

                                                                                        О.ОДНЯМАА