Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2021/0338

 

 

 

 

 

 

 

Х.Тын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, цахимаар гуравдагч этгээд Д.Ө нарыг оролцуулан Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 07 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч Х.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б нарын давж заалдах гомдлоор, Х.Тын нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Баянговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан даргалагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 07 дугаар шийдвэрээр:

“...Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн б, 23 дугаар зүйлийн 23.1, 23.6, 23.7, 25 дугаар зүйлийн 25.1, 25.2, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, 3.1.6, 8 дугаар зүйлийн 8.1, 8.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Тын гаргасан “Баянхонгор аймгийн Баянговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” 1/07 дугаар тогтоолыг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Хоёр. Нэхэмжлэгч Х.Т дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Баянхонгор аймгийн Баянговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Х.Т миний бие нь орон нутгийн сонгуулийн дүнгээр байгуулагдсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр 3 дахь удаагаа сонгогдож байгаа юм. Захиргааны хэргийн анхан шатны шүүх миний гаргасан “2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн хуралдсан анхдугаар хуралдааны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга сонгох тухай 1/07 дугаар хууль бус тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Ингэхдээ хэргийн оролцогчийг бүрэн тодорхойлж, нотлох баримтыг бүрэн шинжлээгүй, Д.Өтай ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц хамааралтай шүүгч Ц.С шийдвэрлэсэн тул давж заалдах гомдол гаргаж байна. Баянговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга сонгосон шийдвэр гаргахад нэр дэвшсэн Дын Өгийн төрсөн эгч Дын Э, түүний төрсөн эгч Гийн хүү А оролцсон нь Үндсэн хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т “Хурлын тогтоол, Засаг даргын захирамж нь хууль тогтоомжид нийцсэн байх ёстой бөгөөд түүнийг тус тусын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр дагаж мөрдөнө” гэснийг зөрчсөн юм.

Учир нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах эдгээрийг хэлэлцэх бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д "хамаарал бүхий этгээд гэж" тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч дүү бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг” гэж тодорхойлсон байна.

Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4-т “гэр бүлийн гишүүн гэж” гэрлэгчид тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл садангийн хүнийг”, мөн хуулийн 3.1.5-д “Төрлийн хүн” гэрлэгсдийн төрсөн эцэг эх, өвөг эцэг, эмэг эх, ач хүү, ач охин, зээ хүү, зээ охин тэдгээрийн хүүхдийг”, 3.1.6-д “садангийн хүн гэж гэрлэгчдийн төрсөн ах, эгч, дүү, авга, нагац тэдгээрийн хүүхдийг” гэж тус тус заасан. Гэтэл шүүх шийдвэртээ Д.Өийн төрсөн эгчийн хүү болох Г.Аыг хамаарал бүхий этгээдэд хамаарахгүй гэж үзсэн атлаа миний эхнэрийн айлд өргөгдсөн ахын хүргэнийг миний хамаарал бүхий этгээд гэж дүгнэн нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Шүүх шийдвэртээ иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга сонгосон үйл ажиллагааг нийтийн албан тушаалтан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцсон гэж тооцохгүй, хурлын даргыг сонгох, сонгох бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа хэлбэр болохоос шийдвэр гаргаж байгаа үйлдэл биш тул хуулийн заалтад хамаарахгүй зохицуулалт гэж заасан нь хуулийг бодит байдлаас нь гуйвуулж буруу тайлбарлаад зогсохгүй, хувийн ашиг сонирхлын үүднээс ийм дүгнэлт хийж буруу шийдвэрлэлээ. Захиргааны шийдвэр гэж Захиргааны Ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан үйл ажиллагааг ойлгоно, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан.

Иймд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга сонгосон тухай тогтоол нь захиргааны шийдвэр мөн. Би энэ үйл ажиллагаанд хурлын даргад өрсөлдөн ялагдаж миний эрх ашиг зөрчигдсөн. Миний эрх ашиг зөрчигдөхөд хурлын даргад өрсөлдсөн Дын Өийн төрсөн эгч, дүү А нар санал өгөх үйл ажиллагаанд оролцсон.

Анхдугаар хуралдаанаас тогтоол гарч миний эрхийг хязгаарласан шийдвэр гаргах үйл ажиллагаанд хамаарал бүхий этгээд хуульд заасны дагуу татгалзах үүргээ биелүүлээгүй оролцож хууль зөрчсөн үйлдэл байхад шүүх ямар шалтгааны улмаас дээрх шийдвэр гаргаж байгаад үнэхээр гайхаж байна.

Иймд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

Гурав. Нэхэмжлэгч Х.Тын өмгөөлөгч Л.Б дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Тус шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн хоёр шаардлагаас Баянговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны 2020 оны 11 сарын 4 ний өдрийн 1/09 дүгээр тогтоолыг хүчингүй болгох тухай шаардлагыг 2020 оны 12 сарын 15-ны өдрийн 170 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, 2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 1/07 дугаартай тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэн шалгаж 2021 оны 3 сарын 23-ны өдрийн 7 дугаартай шийдвэрээр Х.Тын нэхэмжлэлийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1.б, 23 дугаар зүйлийн 23.1, 23.6, 23.7, 25 дугаар зүйлийн 25.1, 25.2, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, 3.1.6, 8 дугаар зүйлийн 8.1, 8.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Тын гаргасан Баянхонгор аймгийн Баянговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох” тухай 1/07 дугаар тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэснийг шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хууль буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Баянхонгор аймгийн Баянговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн хуралдааныг ахмад төлөөлөгч Ю.Бурмаа даргалж тус хуралдаанаар сонгуулийн хорооны тайлан сонсох, төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх, хуралдааны дэг хэлэлцэх, намын бүлэг байгуулах, зохион байгуулалтын асуудал хэлэлцэх, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох, сумын Засаг даргыг сонгон уламжлах асуудлуудыг хэлэлцсэн.

Анхдугаар хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 7 дугаар тогтоол нь холбогдох хуулиудыг зөрчсөнөөс нэхэмжлэгч Х.Тын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн.

Х.Т энэ асуудлыг шалгуулах, хууль бус захиргааны актыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Захиргааны хэргийн шүүх Баянговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны тогтоол хууль зөрчсөн үү, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын зөрчил энэхүү акттай ямар хамааралтай эсэх талаарх дүгнэлтийг учир дутагдалтай хийснээс шалтгаалж шийдвэр нь хууль ёсны, үндэслэл бүхий болж чадаагүй бөгөөд хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Шүүх Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “...шийдвэр гаргах ...гэдгийг албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх, хэрэгжүүлэхтэй холбоотойгоор мэдэгдэл гаргах, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар тусгасан зохицуулалт” гэж тайлбарласан нь учир дутагдалтай байна. Учир нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид бүрэн эрхийнхээ хүрээнд анхдугаар хуралдаанд оролцож дарга сонгох, Засаг даргад нэр дэвшүүлэх, бусад асуудлыг хэлэлцэхэд сонгох эрхээ хэрэгжүүлэн санал өгч байгаа нь шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцож байгаа асуудал бөгөөд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан заалт нэг адил хамаарна гэж үзэж байна.

Тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн анхдугаар хуралдаанд төлөөлөгчөөр оролцсон Дын Э, Дын Гийн хүү А нар иргэдийн Хурлын даргад нэр дэвшсэн Дын Өийн санал хураалтад оролцсон нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөнөөс иргэдийн Хурлын даргад нэр дэвшсэн Х.Тын санал нэг хүнээр дутаж түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн. Нэр бүхий Хурлын төлөөлөгч нар хамаарал бүхий, төрсөн эгч дүүс, төрсөн эгчийн хүүхэд гэдэг нь тус аймгийн иргэний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон.

Одоо Баянговь сумын Засаг дарга Б.М нь Хурлын дарга Д.Өтай худ ургууд, Д.Өийн төрсөн эгч Д.О Тамгын газрын дарга, төрсөн эгч Д.Г цэцэрлэгийн эрхлэгч, төрсөн эгч Д.Э, төрсөн эгчийн хүүхэд Г.А нар Хурлын төлөөлөгч зэрэг нийтийн албанд ажиллаж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 31.1 дүгээр зүйлийн 31.1.3-д зааснаар “...төрийн жинхэнэ албанд ажиллахдаа хууль тогтоомжоор зөвшөөрснөөс бусад тохиолдолд албан үүргийн хувьд нэг нь нөгөөдөө шууд захирагдах буюу шууд хяналт тавих албан хаагчтай хамаарал бүхий этгээд нь тухайн ажлын албаны нэгжид хамт ажиллахыг хориглоно” гэсэн заалттай зөрчилдөж байна.

Энэ талаар Авлигатай тэмцэх газрын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 05/13855 тоот албан бичгээр Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д заасан "Олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэх ойлгогдохуйц” нөхцөл байдал бий болсныг дурдаж хуульд заасан хориглолт хязгаарлалтыг баримтлан ажиллах үүрэг өгсөн байдаг.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй актыг ойлгоно” гэж заасныг Улсын дээд шүүхийн тогтоолд “...бусад байдлаар хуулийг зөрчсөнөөс иргэн, хуулийн этгээд байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байхыг ойлгоно” гэж заажээ.

 

 

Баянговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаас 2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 1/07 дүгээр тогтоол гаргахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн 63 дугаар зүйлийн 2-т зааснаар “Бүх шатны хурлын тогтоол нь Үндсэн хууль бусад хууль эрх зүйн актад нийцсэн байх ёстой”, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд “Захиргааны байгууллагын үйл ажиллагаа хуульд үндэслэсэн ...ашиг сонирхлын зөрчилтэй захиргааны үйл ажиллагаанаас татгалзан гарах, татгалзан гаргах боломжийг хангах” талаарх заалтуудыг тус тус зөрчсөн байна.

 

Тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 1/07 дугаар тогтоолын тэмдэглэл дээр Хурлын дарга Д.Ө гарын үсэг зурахаас татгалзсан тул тайлбарыг бичиж Хурлын нарийн бичгийн дарга Б.Ч албажуулж аймгийн иргэдийн Хурлын архивд өгч тэмдэглэлийн нэг хувийг шүүхэд нотлох баримтаар хэрэгт өгсөн бөгөөд тэмдэглэл сидинд бичигдсэн.

Гэтэл Баянговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Ө хуралдааны тэмдэглэлийг аймгийн иргэдийн Хурлын архиваас авч үг үсэг өгүүлбэрээр нь гараар засаж, гарын үсгээ зурж шүүхэд өгсөн бөгөөд эх хувиасаа  зөрүүтэй тэмдэглэлийг шүүх канондож нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг хэрэгт хавсаргасан нь хуулиар зөвшөөрөгдөөгүй арга хэрэгслээр олж авсан, хуульд заасан хэлбэрээр бэхжүүлэгдээгүй, гэрчлэгдээгүй баримтыг шүүх нотлох баримт гэж үзэж шийдвэрийн үндэслэл болгосон байна.

Захиргааны ерөнхий хуулийн 24.4-т зааснаар захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага шинжлэн судлах үүрэгтэй гэж заасан. Тэгвэл иргэдийн Хуралд оролцох төлөөлөгчид хуралдаанд болон санал өгөхөд ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг хуралдаан даргалагч судлах ёстой. Мөн төлөөлөгч өөрөө “би ашиг сонирхлын зөрчилтэй байна уу, тийм бол нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхол түүнээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу мэдэгдэл, тайлбар гаргах, санал өгөх үйл ажиллагаанд оролцохгүй” байх үүргээ биелүүлээгүй ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн.

Тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн анхдугаар хуралдааны тэмдэглэлээс харахад Хурлын даргад нэр дэвшсэн Дын Өийн төрсөн эгч Дын Гийн хүү А нь ашиг сонирхлын зөрчил үүссэн тухай маягтыг бөглөөгүй шууд санал хураалтад оролцсон. Хуралдаан даргалагч Ю.Б нь Хурлын даргад өрсөлдсөн Дын Өийн санал хураалтад түүний төрсөн эгч Дын Эг ашиг сонирхлын зөрчил үүсээгүй гэж үзэж санал өгөх ажиллагаанд оролцуулсан.

«

Дээрх ашиг сонирхлын зөрчилд хамаарал бүхий хүмүүс санал өгөхдөө бид иргэдээс сонгогдсон хүмүүс учир бидэнд ашиг сонирхлын зөрчилтэй байх нь хамааралгүй гэсэн асуудал ярьсан болох нь анхдугаар хуралдааны тэмдэглэлд бичигдсэн байгаа.

 

Шүүх хэрэгт авагдсан болон шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, бодит байдалд нийцээгүй, үндэслэл бүхий болоогүй гэж үзсэн тул Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 7 дугаар шийдвэрийг хянуулахаар давж заалдах гомдол гаргав” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Баянхонгор аймгийн Баянговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Төлөөлөгчдийн олонхын санал авсан Д.Өааг Хурлын даргаар сонгосонд тооцсон 2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн анхдугаар хуралдааны 1/07 дугаар тогтоол нэхэмжлэгч Х.Тын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, уг хуралдаанд Хурлын Төлөөлөгч Д.Өийн төрсөн эгч Д.Э, мөн төрсөн эгч Д.Гийн хүү Ш.А нар оролцож санал өгсөн нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасан  Хурлын даргыг сонгох санал гаргах эрхээ хэрэгжүүлсэн хууль ёсны үйлдэл бөгөөд энэхүү эрхийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар хязгаарлаж үл болно.

Учир нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар сумын ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан Хурлын анхдугаар хуралдаанаар Хурлын даргыг дөрвөн жилийн хугацаагаар сонгоход оролцох нь Төлөөлөгчийн бүрэн эрхэд хамаарна.

“Ашиг сонирхлын зөрчил” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг ойлгохоор Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.3-т заасан бөгөөд Баянхонгор аймгийн Баянговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгож буй үйл явцыг ашиг сонирхлын зөрчилд бус харин 3.1.11-д заасан ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдалд хамааруулж болох талтай.

Авлигатай тэмцэх газрын 2020 оны 05/13855 дугаар албан бичигт ч энэ талаар тодорхой дурдсан бөгөөд томилогддог бус сонгогддог Хурлын Төлөөлөгчдийн хувьд нэг талаас Хурлын үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах дотоод зохион байгуулалтын, нөгөө талаас удирдлагын бүтцийн шинжтэй Хурлын даргыг сонгох ажиллагаанд Төлөөлөгчийн хувиар оролцож нууцаар санал өгснийг хувийн ашиг сонирхолтой холбон ойлгож болохгүй. 

“…цаашид хамаарал бүхий этгээдтэй холбоотой тушаал, шийдвэр гаргах тохиолдолд тухай бүр мэдэгдэл, тайлбарыг гаргаж байх, хуульд заасан хориглолт хязгаарлалтыг баримтлан ажиллах талаар сумын удирдлагуудад албан бичгийг хүргүүлсэн болно” гэх нэхэмжлэгч Х.Тт хаягласан дээрх хариунд Хурлын даргыг сонгохтой холбоотой харилцаанд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зөрчигдсөн талаар огт дурдаагүй байна.

Түүнчлэн шүүхийн шийдвэрт “…иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлж буй хэлбэр болохоос хамаарал бүхий этгээдүүдэд хамаатай удирдах, хяналт шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх үйл ажиллагаатай хамаатай захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаа биш…” болох талаар хангалттай дүгнэсэн төдийгүй давж заалдах гомдолд дурдсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

Санал хураалтаар Д.Ө 11, нэхэмжлэгч Х.Т 10 санал авсан, гэвч Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэн Хурлын Төлөөлөгч Д.Э, Ш.А нар тухайн санал хураалтаас татгалзсан, эсхүл энэ үндэслэлээр тэдгээрийг оролцуулаагүй байсан тохиолдолд Д.Өаас 1 саналын илүүгээр олонхын санал авах байсан гэж нэхэмжлэгч Х.Т өөрийн зөрчигдсөн гэх эрхийг тодорхойлж байгаа ч энэ нь дээрх бус харин Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар зохицуулагдах харилцаа болно.

Тэр тусмаа нэхэмжлэгч Х.Т, гуравдагч этгээд Д.Ө нар Хурлын даргад нэр дэвшиж, хуулийн 11.4-т заасны дагуу санал хураалтыг нууцаар явуулсан энэ тохиолдолд нэр дэвшигчтэй ашиг сонирхлын зөрчилтэй гэх Д.Э, Д.Г нарыг чухам хэнийг дэмжсэн санал өгсөн болохыг тогтоох боломжгүй.

Хурлын даргыг сонгосон тогтоолтой хамааралгүй сумын Засаг дарга, Тамгын газрын дарга, цэцэрлэгийн эрхлэгчийн томилгоотой холбоотой давж заалдах гомдолд дүгнэлт өгөх шаардлагагүй болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 07 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Х.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН