| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 181/2016/00469/И |
| Дугаар | 5898 |
| Огноо | 2016-11-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 5898
| 2016 оны 11 сарын 29 өдөр | Дугаар 102/ШШ2016/05898
| Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулган, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, М.Дамдинсүрэнгийн гудамж ..дүгээр байрны ...тоотод оршин суух, ... регистртэй, Х ургийн овогт Б овогтой Г-ийн,
Хариуцагч: Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, .. дүгээр байрны . дугаар давхарт байрлаж, үйл ажиллагаа явуулдаг, хуулийн этгээдийн регистртэй “Мон Топ Трейд” ХХК-д холбогдуулан гаргасан,
Орон сууцны талбайн хэмжээний зөрүүнд 10,178,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “Мон Топ Трейд” ХХК-тай “Орон сууц захиалгаар барих тухай” гэрээг байгуулан, Баянзүрх дүүргийн дугаар хороо Дамдинсүрэнгийн гудамж .. дүгээр байрны ... тоот дахь 56,44 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдан авч байсан. Уг гэрээний дагуу худалдан авагч миний зүгээс тус компанид байрны урьдчилгаа 30 хувь буюу 38,943,600 төгрөгийг бэлнээр төлсөн ба дараа нь Голомт банкнаас орон сууцны 8 хувийн зээлийг 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ...тоот “Орон сууцны зээлийн гэрээ”-г байгуулан, үлдэгдэл 70 хувь болох 86,900,000 төгрөгийг 20 жилийн хугацаатайгаар зээлэн төлж барагдуулсан. Улмаар байрыг Барилга байгууламж ашиглалтанд оруулах комиссын 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 201... тоот актын дагуу ашиглалтанд хүлээн авч, би худалдан авсан орон сууцандаа үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн ... тоот гэрчилгээгээр орон сууцаа Ү... дугаарт бүртгүүлэн авсан. Миний зүгээс “Мон Топ Трейд” ХХК-ийн гэрээний дагуу талбайтай байр өгсөн хэмээн итгэж, нөгөөтэйгүүр улсын комисс хүлээн авсан, Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нь мөн гэрээнд заасан хэмжээгээр гарсан тул байрны талбайн хэмжээг дутуу байна гэж огт бодоогүй. 2015 оны сүүлээр СӨХ-ны хурал болж, манай байрны оршин суугчид байрны талбайн хэмжээ дутуу байгаа талаар яриа мэр сэр гарах болсон тул 2015 оны 8 дугаар сард тусгай зөвшөөрөл бүхий “Уран Асар” ХХК-д хүсэлт тавин байрныхаа талбайн хэмжээг MNS6058:2009 стандартын дагуу хийлгэхэд хэмжээ нь 52,09 м.кв байна гэж гарсан. Ийнхүү талбайн хэмжээ дутсан талаар хэлж зөрүү мөнгөө нэхэхэд Р.Т захирал ханаа чанартай хийх үүднээс зузаан хийсэн учир зөрүү гарсан гэж дутуу талбайтай байр өгснөө хүлээн зөвшөөрдөг боловч бидний хохирлыг одоо болтол төлж барагдуулаагүй байна. Тус компани нь гэрээний дагуу 56,44 м.кв талбай бүхий орон сууцыг бидэнд өгсөн гэх боловч бодит байдал дээр буюу Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа стандартын дагуу мэргэжлийн тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжээр хийлгэсэн хэмжилтээр 4,35 м.кв дутуу хэмжээ байр шилжүүлсэн нь тодорхой байна. Гэрээний дагуу 1 м.кв талбайн үнэ 2,300,000 төгрөг ба дээрх дутуу талбайн хэмжээнд бодож үзэхэд 10,005,000 төгрөгийг бид “Мон Топ Трейд” ХХК-д илүү төлсөн байна. Иймд хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнийг тогтоон, 10,005,000 төгрөг дээр “Уран Асар” ХХК-иар хэмжилт хийлгэхэд зарцуулсан 173,000 төгрөг, нийт 10,178,000 төгрөгийг гаргуулан намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нэхэмжлэлийн шаардлагыг дэмжин шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Б.Г нь 2012 оны 9 дүгээр сард Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Дамдинсүрэнгийн гудамж, .. дүгээр байрны .. тоот 2 өрөө, 56,44 м.кв орон сууцыг “Мон топ трейд” ХХК-тай гэрээ байгуулан 1 м.кв-ыг 2,300,000 төгрөгөөр тооцон 8 хувийн зээлээр худалдан авсан. Явцын дунд 4 м.кв-ын “Мон асар” ХХК хэмжилтийн компаниар хэмжүүлсний дараа мэдсэн. “Мон топ трейд” ХХК-ийн захирал н.Түвшинтөгсөд хандаад тохиролцоогүй тул шүүхэд хандсан. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 10,178,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:
Манай компани бол орон сууц захиалагчийн гэрээ хийхдээ батлагдсан зургийн дагуу м.кв-ыг тогтоож гэрээ хийсэн. Энэ батлагдсан зургаар улсын комисс хүлээн авсан. Нэхэмжлэгчийн сүүлд хэмжүүлсэн стандарт нь иргэд хоорондоо орон сууц худалдан авахдаа хэмжүүлдэг стандартаар хэмжүүлсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй юм гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Б.Г-ой 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “Орон сууц захиалгаар барих тухай гэрээ” байгуулаагүй, харин 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан болох нь гэрээ баталгаажуулсан хэсгээс харагдана. Гэрээний эхний хуудсанд бичигдсэн огноо техникийн алдаа гарсны улмаас 2012 гэж бичигдсэн байгааг нэхэмжлэгч нь анзаараагүй бололтой. Хэдийгээр талуудын хооронд “Орон сууц захиалгаар барих тухай гэрээ” байгуулагдсан боловч уг гэрээг байгуулахаас өмнө тухайн орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгсөн, ашиглалтанд орсон байсан. Хариуцагчийн зүгээс маргаан бүхий орон сууцны талбайн хэмжээний талаар үндэслэл заан маргах шаардлагагүй гэж үзэж байна. Учир нь маргаан бүхий гэрээний эрх зүйн харилцааг тодорхойлвол ажил гүйцэтгэх гэрээ мэт харагдах боловч бэлэн болсон орон сууцыг харилцан тохиролцсоноор худалдсан тул худалах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй юм. Нэхэмжлэгч ч уг орон сууцыг худалдан авсан гэж нэхэмжлэлдээ дурдсан байдаг. Нэгэнт бэлэн болсон орон сууцыг худалдан авсан учир Иргэний хуульд зааснаар худалдан авагч нь эд хөрөнгийг шилжүүлэн авахдаа тухайн эд хөрөнгө доголдолтой байгаа эсэх талаар тодруулах үүрэгтэй. Нэхэмжлэгч Б.Г-йн хувьд орон сууцыг хүлээн авахдаа хэмжилт хийлгэх боломжтой байсан ч хийлгээгүй, харин хуульд заасан гомдлын шаардлага гаргах 6 сарын хугацаа дууссаны дараа буюу 2015 онд орон сууцны талбайг хэмжүүлсэн байна. Хуульд заасан гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч “Мон Топ Трейд” ХХК-д холбогдуулан, орон сууцны талбайн зөрүү болон гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохиролд нийт 10,178,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.
Талуудын хооронд 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан “Орон сууц захиалгаар барих тухай гэрээ” байгуулагдаж, захиалагч Б.Г нь гүйцэтгэгч “Мон Топ Трейд” ХХК-иас Баянзүрх дүүргийн .. дугаар хороо, “Тэнүүн апартмент”-ийн .. давхар орон сууцны ..давхарт .. тоот дахь 56,44 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг, 1 м.кв-ийг 2,200,000 төгрөгөөр тооцон нийт 124,168,000 төгрөгөөр худалдах, гүйцэтгэгч нь орон сууцыг 2013 оны 3 дугаар улиралд багтаан захиалагчид хүлээлгэн өгөхөөр харилцан үүрэг хүлээжээ. /хх 25-30/
Нэхэмжлэгч Б.Г нь 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр орон сууцны төлбөрийн урьдчилгаа 30 хувь болох 37,250,400 төгрөг, 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 5,662,000 төгрөгийг тус тус дансаар шилжүүлж, Голомт банктай 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ЗГ1505022548 тоот “Орон сууцны зээлийн гэрээ” байгуулан зээлснээр үлдэгдэл 86,900,000 төгрөгийг төлж барагдуулан гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн бол, хариуцагч “Мон Топ Трейд” ХХК нь Улсын бүртгэлийн ... дугаартай Баянзүрх дүүргийн... дугаар хороо, ...дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж .. дүгээр байрны ... тоот дахь 56,44 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан авагчийн өмчлөлд 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлснээр Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ... тоот гэрчилгээ олгогдсон болох нь зохигчдын тайлбар, орон сууц захиалгаар барих тухай гэрээ, орон сууцны зээлийн гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх 16-30/
Маргаан бүхий орон сууцны барилгыг 2012 оны 6 дугаар сараас барьж эхэлсэн бөгөөд 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдөр барьж дуусган, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 2013/210 тоот актаар мөн өдрөөс үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар ашиглалтад оруулахыг зөвшөөрчээ. /хх 90-98/
Талууд гэрээгээ “Орон сууц захиалгаар барих тухай гэрээ” гэж нэрлэсэн хэдий ч гэрээний зүйл болох орон сууцыг гэрээ байгуулахаас өмнө улсын комисс хүлээн авсан болох нь баримтаар тогтоогдсон бөгөөд худалдах эд хөрөнгийн байрлах давхар, өрөөний тоо, талбайн хэмжээ зэргийг гэрээнд тодорхой заасан, тохирсон үнийг төлөх тохиролцоо хийгдсэн байгаа нь тэдний хооронд байгуулагдсан гэрээ “орон сууц худалдах, худалдан авах” гэрээний шинжийг агуулсан байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэлээ.
Зохигчид гэрээний ерөнхий нөхцөл, гэрээний үнэ болон хугацаа, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргахгүй боловч нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагыг гэрээнд заасан 56,44 м.кв талбай бүхий хэмжээнд хүрэхээргүй орон сууцыг, тодруулбал, 4,35 м.кв-аар дутуу доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн учир уг доголдолтой талбайн зөрүү 10,005,000 /2,300,000 төгрөг х 6 м.кв/ төгрөгийг, мөн гэрээнээс учирсан хохирол буюу талбайн хэмжилт хийлгэхэд зарцуулсан 178,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
Харин хариуцагч байгууллагын зүгээс нэхэмжлэгч Б.Г.. нь орон сууцыг хүлээн авахдаа эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байсан боловч орон сууцыг хүлээн авч, эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш 6 сарын хугацаанд ямар нэг шаардлага гаргаагүй учир хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарлан маргаж байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх бөгөөд, гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзэхээр мөн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт заажээ.
Талуудын байгуулсан гэрээнд маргаан бүхий орон сууцыг 56,44 м.кв талбайтай байхаар харилцан тохиролцсон байх боловч энэ хэмжээнд хүрэхгүй, тодруулбал, Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал MNS6058:2009 стандартын дагуу нийт 52,15 м.кв талбайтай болох нь шүүхээс шинжээчээр томилогдсон “Эм Эм Инженеринг” ХХК-ийн хэмжилт хийсэн дүгнэлтээр тогтоогдож байна. /хх 65-71/
Гэвч худалдан авагч Б.Г.. нь орон сууцаа хүлээн авч, өөрийн өмчлөлд шилжүүлэх үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар буюу гэрээнд заасан хэмжээнд хүрч байгаа эсэх талаар эргэлзээ төрсөн гэж тайлбарлах бөгөөд энэ үедээ хэмжилт хийлгэх замаар доголдлыг мэдэх боломжтой байхад орон сууцыг хүлээн авсан байх тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх хэсэгт зааснаар шаардлага гаргах эрхээ алдана.
Иймд дээрх үндэслэлээр шүүх нэхэмжлэгч Б.Г-н шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 177,800 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Мон Топ Трейд” ХХК-иас 10,178,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 177,800 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА