Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2020 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 0578

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран,

улсын яллагч Б.Дэлгэрмаа,

хохирогч Э.Б...........н, түүний өмгөөлөгч Н.Энхбаяр (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1269),

шүүгдэгч Н.Б...........үү түүний өмгөөлөгч Н.Одонтуяа (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0165) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Хантайшир овогт Н....ржийн Б...........үүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903 0078 20348 дугаартай 1 хавтаст хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Хантайшир овогт Н....ржийн Б...........үү, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1991 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, эрэгтэй, 28 настай, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, ...................................

 

Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч Н.Б...........үү нь 2019 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 19 цаг 08 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Сонсголон” зуурмагийн үйлдвэрийн гарц замд “Beiben” маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-т заасан “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Э.Б...........ний жолоодож явсан “Toyota Prius” маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж Э.Б...........ний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч мэдүүлэхдээ:

1. Шүүгдэгч Н.Б...........үү мэдүүлэхдээ: “...2019 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Bieben маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгслээр 30тн зуурмагийн үйлдвэрийн бэлдэц ачаад Сонсголонгоос 22-ын товчоонд аваачиж буулгахаар явж байсан. Ингээд  Сонсголон зуурмагийн  үйлдвэрийн уулзвар дээр очоод тухайн уулзвар бага зэрэг өгсүүр болохоор машинаа 1 дүгээр араанд нь хийгээд хүндрүүлээд өгсөж байхад гол замаар Toyota Prius маркийн цэнхэр машин ирж байхаар нь жолоочийн кабинаасаа гараа өргөж тухайн машиныг зогсоогоод уулзвар луу ойролцоогоор 5км/ц хурдтай ороод эсрэг урсгалын машиныг өнгөрөөх гээд бага багаар урагшлаад явж байхад гол замаар явж байсан өөр Toyota Prius маркийн ............ улсын дугаартай машин ирээд миний машиныг мөргөсөн. Би Toyota Prius маркийн ............ улсын дугаартай машиныг уулзвар луу орохдоо харсан хол байсан болохоор уулзвар луу орсон. Осол болсны дараа би машинаасаа бууж цэнхэр өнгийн Toyota Prius маркийн тээврийн хэрэгслийн жолоочтой хамт ............ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийг машинаас нь гаргасан. Миний буруу...” гэх мэдүүлэг.

2. Хохирогч Э.Б...........н мэдүүлэхдээ: “...2019 оны 6 дугаар сарын 29-ний өдөр ажлаа тараад гэр рүүгээ явж байсан. Би тухайн замаар өдөр болгон явдаг байгаа. Тухайн зам нь нилээн өгсүүр зам байгаа юм. Намайг явж байхад замын хажууд том оврын машин зогсож байсан. Тэгээд намайг дөхөөд ирэхэд гэнэ миний урдуур ороод ирсэн. Энэ осол болсноос хойш жолооч нь надаас уучлалт гуйгаагүй, ямар нэгэн хохирол төлбөр төлөөгүй. Тиймээс шүүгдэгчээс 8.700.000 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнээс авто машины хохиролд 6.109.000 төгрөг, эмчилгээний зардалд 1.566.000 төгрөг, ажилгүй байх хугацааны цалин хөлс 1.000.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

1. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-11),

2. Хохирогч Э.Б...........ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 29-ний өдөр би өөрийн эзэмшлийн “Toyota Prius” маркийн ............ улсын дугаартай машиныг жолоодож Сонсголонгоос гэртээ харихаар явж байтал 19 цаг 08 минутын үед Зуурмагийн үйлдвэрийн гарцаас миний урдуур Bieben маркийн ............ улсын дугаартай автомашин гэнэт зүүн гар тийш эргэх гээд гараад ирсэн. Тэгээд би тоормос гишгэх хооронд л түс тас гээд л мөргөлдсөн. Тэгээд л би санахгүй байна. Намайг машин дотор сууж байх үед хоёр залуу ирээд намайг татаж машинаас буулгасан. ...Осол гарах үед зам орчны байдал хэвийн, цаг агаар цэлмэг, үзэгдэх орчин чөлөөтэй байсан. ...би 50км/ц хурдтай явсан. Зогсоох арга хэмжээ авах ямар ч боломжгүй байсан, тулаад л ороод ирсэн. ...Би өөрийн машины хохирлын үнэлгээг хийлгэсэн, машины хохирол 6.109.000 төгрөг болсон. Миний баруун хөлийн шагай хавьд хугарсан, тархи бяцралттай цус хурсан эмчилгээний зардал одоогоор 500.000 төгрөг болсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19),

3. Мөрдөгчийн 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 312 дугаар магадалгаад: “... 1. Bieben маркийн ............ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Н.Б...........үү нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-т заасан “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг зам дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. Toyota Prius маркийн ............ дугаартай автомашиныг жолоодож явасан Э.Б...........н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй. 3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна...” гэх баримт (хавтаст хэргийн 20),

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 8122 дугаар дүгнэлтэд “...1. Э.Б...........ний биед баруун шилбэний ясны сэлтэрсэн далд хугарал, тархины духны дэлбэнгийн голомтлог цусархаг няцрал, баруун, зүүн хөмсөгт няцарсан шарх, хэвлий, зүүн гуянд цус хуралт, өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 38),

5. “Ашид Б...........н” ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Автомашин техникийн үнэлгээний 438 дугаар тайланд: “...Toyota Prius 20 маркийн ............... улсын дугаартай тээврийн хэрэгсэл...шууд зардал 5.669.000 төгрөг, ...шууд бус зардал 440.000 төгрөг, нийт 6.109.000 төгрөг...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 46-49),

6. Иргэний нэхэмжлэгч Д.Тө.....рийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Toyota Prius маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний эзэмшилд байдаг. ...тээврийн хэрэгслийн урд нүүр бүхэлдээ чихэгдэж эвдэрсэн... хохирол нийт 6.109.000 төгрөг болсон. Энэ хохирлын мөнгийг жолоочоос гаргуулж авна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31),

7. Иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар С.Г............гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 20 цагийн үед миний машиныг жолоодож явсан жолооч Н.Б...........үү над руу залгаад Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг Сонсголон зуурмагийн үйлдвэрийн гарц, замд Toyota Prius маркийн ............ улсын дугаартай автомашинтай мөргөлдсөн талаараа хэлсэн. Би яг осол хэрэг гарах үед хараагүй. Манай жолооч Н.Б...........үү гарцаас гараад зүүн эргэх гэж байх үед нь Toyota Prius маркийн ............ улсын дугаартай автомашин хажуугаас нь орж ирж мөргөсөн гэж ярьсан. ...Миний машин өндөр том машин байсан учир гэтэл хохиролгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36, 37),

8. Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарт: “...Улсын дугаар: ............, марк: BIEBEN, ...бүх жин: Бү жин= 25000кг, Ө.жин 12000 кг, ...төрөл: Өөрөө буулгагч, зориулалт: Ачаа...” гэх баримт (хавтаст хэргийн 48),

9.Шүүгдэгч Н.Б...........үүгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 19 цаг 08 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг Сонсголон зуурмагийн үйлдвэрийн гарцаар зүүн эргэх гээд зогсож байгаад хартал гол замаар Toyota Prius маркийн ............ улсын дугаартай автомашин чигээрээ ирж явсан. Тэгээд зайтай явсан болохоор нь би урагшлаад зүүн эргэх гэж эсрэг урсгалын машиныг хараад зөөлөн урагшилж байтал чигээрээ гол замаар явсан Toyota Prius маркийн машин ирж мөргөсөн. ...Осол гарах үед цаг агаар цэлмэг, үзэгдэх орчин чөлөөтэй байсан...би барагцаагаар 5км/ц хурдтай явсан болов уу? би зогсож байгаад урагш хөдөлж байгаа болохоор хурд их бага байсан. Би гол замаас Toyota Prius маркийн машин ирж байгааг харсан, гэхдээ тэр Toyota Prius маркийн машин их хол зайтай харагдсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 57-58),

10. Хохирол, хор уршгийн 1.460.203 төгрөгийн баримтууд (хавтаст хэргийн 93-103), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 162), Шин Шун Да ХХК-ийн тодорхойлолт (хавтаст хэргийн 27, 161), эмнэлгийн хуудас (хавтаст хэргийн 163, 164), амбулаториор эмчлүүлэгчдийн карт (хавтаст хэргийн 165-178),

 11. Шүүгдэгчийн иргэний үнэмлэх, жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 61, 64), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 66), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 69), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 65, 66, 67) хувийн байдлын талаарх баримт (хавтаст хэргийн 61) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.Б...........үүд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

I. Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч Н.Б...........үүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба хохирогч, шүүгдэгч тэдгээрийн өмгөөлөгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруу дээр маргаагүй болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт

Шүүгдэгч Н.Б...........үү нь 2019 оны 6 дугаар сарын 29-ний өдөр С.Г............гийн эзэмшлийн бүх жин 25000кг-ийн даацтай, өөрөө буулгагч, ачааны зориулалттай BIEBEN маркийн ............ улсын дугаартай том оврын ачааны тээврийн хэрэгсэлд 25тн зуурмагийн үйлдвэрийн бэлдэц болох шороо ачин тээвэрлэн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт явсан байна. Улмаар Сонсголон бетон зуурмагийн үйлдвэрийн гарцаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй өгсөж Сонсголонгийн эсрэг хөдөлгөөнтэй зорчих хэсгийн өргөн нь 21 метр тусгаарлах зурвастай, дөрвөн эгнээтэй зохицуулдаггүй уулзвар луу нэвтэрч хойд зүг эргэхээр хөдөлгөөнөө үргэлжлүүлж байхдаа тухайн замын хойноосоо урагшаа чиглэлтэй явж байсан цэнхэр өнгийн Toyota Prius маркийн тээврийн хэрэгслийг дохио өгч зогсоон эсрэг урсгалын эгнээ рүү урагшилж байхад нь Toyota Prius маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Б...........н нь Н.Б...........үүгийн жолоодож явсан тээврийн хэрэгслийн баруун талын 3 дугаар тэнхлэг буюу хойд талын дугуйг мөргөж, үүний улмаас Э.Б...........н нь хүндэвтэр хохирол авсан болох нь

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Осол хэрэг болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо ...зорчих хэсгийн өргөн нь 21 метр, ...эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвастай, дөрвөн эгнээтэй ...зам байв. Үзлэгийн багийг очиход ...Bieben маркийн тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр зүүн зүгт харсан..зогсож байв. ...“А” цэг буюу анх мөргөлдсөн цэгийг Bieben маркийн ...тээврийн хэрэгслийн зүүн хойд талын дугуйны орчим үүссэн мөр, Toyota Prius маркийн тээврийн хэрэгслээс эвдэрч унасан хэсгийг үндэслэж байрлуулав. ... Bieben маркийн ...тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр баруунаас зүүн зүгт явж байсан. Toyota Prius маркийн ...тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлтэй явж байсан байв....” гэх баримт (хавтаст хэргийн 4-5),

- Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдалд: “...Сонсголон зуурмагийн үйлдвэрийн гарц зам дээр гарсан хэрэг дээр 2019 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 19 цаг 16 минутад дуудлага авав. ...Тээврийн хэрэгслийн тухай тодорхойлолт хэсгийн: марк хэсэгт  Bieben, ....Тээврийн хэрэгслийн ачааны жин, зорчигчийн тоо хэсэгт: 25тн шороо, ...Тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэлийг тодорхойлох хэсэгт: Зүүн хойд дугуй дээр мөр үүссэн...” гэх баримт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч  (хавтаст хэргийн 6-7), 

- Иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар С.Г............гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай жолооч Н.Б...........үү гарцаас гараад зүүн эргэх гэж байх үед нь Toyota Prius маркийн ............ улсын дугаартай автомашин хажуугаас нь орж ирж мөргөсөн гэж ярьсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36, 37),

- Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

Bieben маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгслээр 30тн зуурмагийн үйлдвэрийн бэлдэц ачаад явж байсан болох нь гэрэл зургийн үзүүлэлт №13-т авагдсан баримтаар (хавтаст хэргийн10),

Сонсголон зуурмагийн  үйлдвэрийн уулзвар дээр очоод тухайн уулзвар бага зэрэг өгсүүр болохоор машинаа араанд нь хийгээд хүндрүүлээд өгсөж байсан гэх мэдүүлэг нь гэрэл зургийн үзүүлэлт №3-т авагдсан баримтаар (хавтаст хэргийн 08 дахь талын ар), 

Гол замаар Toyota Prius маркийн цэнхэр машин ирж байхаар нь жолоочийн кабинаасаа гараа өргөж тухайн машиныг зогсоогоод уулзвар луу ойролцоогоор 5км/ц хурдтай орсон гэх нь гэрэл зургийн үзүүлэлт №1-т авагдсан баримтаар (хавтаст хэргийн 8),

- Хохирогч Э.Б...........ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг машин дотор сууж байх үед хоёр залуу ирээд намайг татаж машинаас буулгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 8122 дугаар дүгнэлтэд “...1. Э.Б...........ний биед баруун шилбэний ясны сэлтэрсэн далд хугарал, тархины духны дэлбэнгийн голомтлог цусархаг няцрал, баруун, зүүн хөмсөгт няцарсан шарх, хэвлий, зүүн гуянд цус хуралт, өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 38) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Н.Б...........үүгийн үйлдлийн улмаас хохирогч Э.Б...........нд хохирол учирсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Б...........үү нь уулзвар луу нэвтэрч орон хөдөлгөөнөө үргэлжлүүлж байхад хохирогч Э.Б...........н нь түүний тээврийн хэрэгслийн 3 дугаар тэнхлэг буюу тээврийн хэрэгслийн зүүн хойд талын дугуйг мөргөж “А” цэг буюу анх мөргөлдсөн цэгийг үүсгэсэн болох нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Гэтэл улсын яллагчаас шүүгдэгч Н.Б...........үүг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3 дугаар зүйлд заасан “Жолооч гарцаар нийлэх замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө.” гэснийг зөрчсөн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Тодруулбал нэгэнт уулзвар луу нэвтэрч орон хөдөлгөөнөө үргэлжлүүлж байгаа тээврийн хэрэгслийн жолоочийг дээрх заалтаар буруутгах боломжгүй юм.

Нөгөө талаас хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Bieben маркийн тээврийн хэрэгсэл гэнэт зүүн гар тийш эргэх гээд гараад ирсэн...” гэх нөхцөл байдал тогтоогдоогүй буюу хэрэгт авагдсан баримтаар ачаа ачсан том оврын тээврийн хэрэгсэл гэнэт гарах буюу огцом хурдтай хөдөлгөөн хийх боломжгүй, түүнчлэн тухайн том оврын ачааны машиныг хараагүй гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлд Хэргийг хэрэгсэхгүй болгох талаар хуульчилсан ба тухайн зүйлийн 1.1 дэх заалтад “гэмт хэргийн шинжгүй” бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэжээ.

Дээрх хэрэгт авагдсан баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч Н.Б...........үү нь зам тээврийн осол гаргах нөхцөл байдлыг үүсгээгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэрэг гарсан байдал”-ыг үүсгээгүй байх тул түүнд холбогдох хэргийг хуульд заасны дагуу хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Түүнчлэн шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь заалтад заасан “...хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн...” гэх гэм буруугийн болгоомжгүй хэлбэр тогтоогдохгүй байна.

Иймд улсын яллагчаас шүүгдэгч Н.Б...........үүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах талаар гаргасан дүгнэлт үндэслэлгүй байх тул шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “Шүүгдэгчийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүйгээс түүнийг цагаатгасан бол нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих.” гэж хуульчилсан байна.

Тиймээс хохирогч Э.Б...........ний нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Б...........үү нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдвал зохино.