Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 5922

 

 

 

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2016/05922

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулган, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 6 дугаар хороо, .. дугаар байр Би-. давхарт байрлах, хуулийн этгээдийн  регистртэй “СП” ХХК-ийн,

Хариуцагч: Баянгол дүүргийн 6 дугаар хороо, . дугаар байрны урд өөрийн байранд байрлах, хуулийн этгээдийн регистртэй “ГЗ” ХХК-д холбогдох,

Түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 11,926,110 /арван нэгэн сая есөн зуун хорин зургаан мянга нэг зуун арван/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “СП” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Тус компани нь “Говийн Заяа” ХХК-тай харилцан тохиролцож, 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 2015/23 тоот “Эд хөрөнгө түрээслэх гэрээ”-г байгуулсан. Тус гэрээгээр 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл 10 хоногийн хугацаатай, барилгын пум-30 /260 ширхэг/, пум-40 /439 ширхэг/, пум-50 /83 ширхэг/, энгель /150 ширхэг/ зэргийг хоногийн 200 төгрөгөөр тооцон 10 хоногийн хугацаатай, нийт 1,864,000 төгрөгөөр түрээслүүлсэн. Түрээслэгч “Говийн Заяа” ХХК нь түрээсийн барьцаа төлбөр 930,000 төгрөгийг барьцаалуулсан. Хариуцагч компани нь түрээсэлсэн эд хөрөнгүүдийг 2016 оны 11 дүгээ рсарын 20-ны өдрийг хүртэл түрээслэсэн тул нийт төлбөр 8,337,200 төгрөг гарсан. Үүнээс 2,068,000 төгрөгийг төлсөн. Манай компани түрээсийн үлдэгдэл төлбөр 6,2699,200 төгрөгөөс барьцаа 930,000 төгрөгийг суутгаж, түрээсийн үлдэгдэл төлбөр 5,339,200 төгрөг болсон. “Говийн Заяа” ХХК-иас манай компанид хүлээлгэж өгөхдөө цоорхой болгож өгсөн 223 ширхэг хэв хашмалын 5000 төгрөгөөр тооцож 1,115,000 төгрөг, зайлшгүй паньер солих шаардлагатай 14 ширхэг хэв хашмалын 15,000 төгрөгөөр тооцож 210,000 төгрөг, бүтэн солих шаардлагатай 4 хэв хашмалын 180,000 төгрөг, нийт 1,505,000 төгрөгийн хохирол учруулсан тул дээрх бүх төлбөрийг Монгол улсын Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2-т “Түрээслүүлэгч өөрт учирсан хохирол, хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг шаардаж болно” гэж зааснаар нэхэмжилж байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7.2-т түрээслэгч гэрээнд заасан хугацаанд түрээсийн төлбөрөө төлөөгүй тохиолдолд хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр тохироцлсон. “Говийн Заяа” ХХК нь түрээсийн төлбөрийг 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлнө гэж мэдэгдэж байсан. Тус компани нь бүх авлагатай компаниудаас төлбөрөө нэхэмжлэхээр 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдөр шийдвэр гаргасан байдаг. Тиймээс түрээсийн төлбөрийн үлдэгдэл 8,369,200 төгрөгийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 85 хонхогийн 0,5 хувийн алданги 3,556,910 төгрөгийг түрээсийн үндсэн төлбөр 8,369,200 дээр нэмж бүгд 11,926,110 төгрөгийг Монгол улсын Иргэний хуулийн 318.1-д “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ”, мөн хуулийн 326.3-т “Түрээслүүлэгч өөрт учирсан хохирол, хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг шаардаж болно” гэж зааснаар хариуцагаас нэхэмжилж байна. Төлбөр төлөхийг “Говийн Заяа” ХХК-д 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдөр бичгээр мэдэгдсэн хэдий ч огт арга хэмжээ аваагүй тул шүүхэд хандаж байна. Иймд хариуцагчаас 11,926,110 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О нэхэмжлэлийн шаардлагыг дэмжин шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Эд хөрөнгө түрээслэх гэрээг “Говийн Заяа” ХХК-ийн менежертэй нь байгуулж, компанийнх нь тамга тэмдэг дарагдсан байсан учир тус компанитай гэрээ байгуулсан гэж үзсэн. 2015 оны 9 дүгээр сарын 09 болон 9 дүгээр сарын 19-ний өдрүүдэд тус тус төлөлт хийгдсэн байгаа. Түрээслүүлсэн эд хөрөнгийн үндсэн түрээсийн төлбөрийн үлдэгдэл 5,339,200 төгрөг байгаа. Цоорхой болгосон хэв хашмалууд болон солих шаардлагатай болсон паньер зэргийн эвдрэл, үнэлгээг зах зээлийн ханшаар бид өөрсдөө үнэлж тооцсон. Нэгэнт түрээсийн гэрээнд түрээслэгч компанийн тамга тэмдэг дарагдсан байсан учраас “Говийн Заяа” ХХК-д түрээсийн гэрээний дагуу үүрэг үүссэн гэж үзэж байна. Компанийн захирал энэ гэрээний талаар мэдээгүй байх боломжгүй юм. Учир нь манайхаас түрээслэж авсан пумнуудыг тус компанийн барьж байсан орон сууцны барилгын ажилд ашиглагдсан болох нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Ийнхүү манайхаас түрээслэн авсан эд хөрөнгийг хариуцагч нь аж ахуйн үйл ажиллагаа явуулахад зориулан шилжүүлэн авсан, түүнийгээ ашигласан байгаа учир Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар гэрээний дагуу хариуцлага хүлээх ёстой гэв.

Хариуцагч “Говийн Заяа” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  

“Сити Палас” ХХК-ийн нэхэмжлэлд дурдсан А.Э гэгч нь манай компанид ажиллаж байсан. Манай компани нь энэ гэрээний тухай огт мэдэхгүй. Иймд иргэн А.Э-тай уулзаж асууж тодруулна уу гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Манай компанийн хувьд нэхэмжлэгч “Сити Палас” ХХК-тай хамтран ажиллаж байгаагүй, тус компанийн талаар мэдэхгүй. Энэхүү маргаан бүхий гэрээг байгуулсан А.Э гэгч нь манай компанийн барьж байсан орон сууцны барилгын ажилд туслан гүйцэтгэгчээр ажилладаг байсан бригадын ахлагч бөгөөд түүнд “Говийн Заяа” ХХК-ийг төлөөлөн аливаа гэрээ хэлцэл хийх эрх олгогдоогүй, манай компанид ямар ч менежерийн ажил эрхэлдэггүй юм. Нэхэмжлэгч байгууллагаас гэрээ хийж авсан эд хөрөнгүүдийг А.Э өөрийн ажилд ашиглахаар авсан байх. Манай компанийн хувьд олон туслан гүйцэтгэгч нартай хамтарч ажилладаг. А.Э нь тэдгээр олон туслан гүйцэтгэгчдийн нэг бөгөөд 2015 онд ажилласан барилгын подваль, 1 дүгээр давхрын ажлыг хийж гүйцэтгэсэн. Нэхэмжлэгч байгууллагын хувьд гэрээ байгуулахдаа гэрээний нөгөө талын улсын бүртгэлийн гэрчилгээг шалгаж, тус компанийн эрх бүхий албан тушаалтан буюу гүйцэтгэх захиралтай харьцах ёстой байсан. Тухайн түрээслүүлсэн гэх эд хөрөнгүүд нь манай компанийн барилга дээр ашиглагдсан байж болно, үүнийг би үгүйсгэхгүй. Компанийн захирал ч тэр болгоныг тоолж шалгаад явах боломжгүй. Гэвч гэрээний түрээслэгч тал “Говийн Заяа” ХХК биш, харин А.Э гэгч иргэн байгааг анхаарах хэрэгтэй. Гэрээ байгуулсан хүн нь төлнө гээд хүлээн зөвшөөрөөд байхад тэр хүнээсээ шаардахгүй, харин өөр компаниас шаардаад байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс А.Э-ыг гэрээ байгуулахдаа “Говийн Заяа” ХХК-ийг төлөөлөх эрхтэй гэж ойлгуулсан гэдэг. Гэтэл үүнийг түрээслүүлэгч тал өөрсдөө тодруулах үүрэгтэй, үүний дараа өөрийн эд хөрөнгийг шилжүүлэх ёстой. Мөн түрээслүүлсэн гэх эд хөрөнгийг “Говийн Заяа” ХХК-д хүлээлгэн өгсөн, заримыг нь “Говийн Заяа” ХХК-иа буцаан олгосон гэх бодитой баримт байхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Сити Палас” ХХК нь хариуцагч “Говийн Заяа” ХХК-д холбогдуулан, эд хөрөнгө түрээслүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлд, түрээсийн төлбөрийн үлдэгдэл 5,339,200 төгрөг, алданги 3,556,910 төгрөг, гэрээний улмаас учирсан хохиролд 3,030,000 төгрөг, нийт 11,926,110 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч “Говийн Заяа” ХХК нь нэхэмжлэгчтэй “Эд хөрөнгө түрээслэх гэрээ” байгуулаагүй, тус компанитай эрх зүйн харилцаанд ороогүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргасан.  

2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 2015/23 дугаар “Эд хөрөнгө түрээслэх гэрээ”-г түрээслүүлэгч талаас “Сити Палас” ХХК-ийг төлөөлөн нягтлан бодогч ажилтай Б.О, түрээслэгч талаас “Говийн Заяа” ХХК-ийг төлөөлөн менежер А.Э нар 5 нэр төрлийн нийт 932 ширхэг эд хөрөнгийг 10 хоногийн хугацаатай түрээслэхээр харилцан тохиролцож байгуулжээ. /хх 33-34/

Дээрх гэрээг оролцогч талуудын эрх бүхий албан тушаалтнууд баталгаажуулаагүй байх бөгөөд уг гэрээний дагуу түрээсийн зүйлийг түрээслэгч “Говийн Заяа” ХХК-д бус, харин иргэн А.Э-т хүлээлгэн өгч, гэрээний дагуу төлвөл зохих урьдчилгаа 930,000 төгрөгийг А.Э-аас хүлээн авч, түрээсийн гэрээ дууссанаас хойш зарим эд хөрөнгийг мөн А.Э-аас хүлээн авсан болох нь зохигчдын тайлбар, шүүх хуралдаанд гэрчээр оролцсон А.Э-ын мэдүүлэг зэргээр тогтоогдсон байна.

Хариуцагч “Говийн Заяа” ХХК-ийг төлөөлөн эд хөрөнгө түрээслэх гэрээг байгуулсан гэх А.Э гэгч нь тус компанийн менежерээр ажилладаггүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг гэрч А.Э давхар нотлох бөгөөд, тус компанийг төлөөлөн гэрээ хэлцэл хийх итгэмжлэл олгогдоогүй гэж тайлбарлана.

Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар аливаа хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болох боловч, мөн хуулийн 62.3 дахь хэсэгт “төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ” гэж заасны дагуу төлөөлөгчийн тодорхой гэрээ хэлцлийг төлөөлүүлэгчийн өмнөөс байгуулах бүрэн эрх олгосон итгэмжлэл хийгдсэнээр төлөөлөх эрх үүснэ.

Маргаан бүхий гэрээг “Говийн Заяа” ХХК-ийн өмнөөс байгуулсан гэх А.Э шүүх хуралдаанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “... би тус компанид 2015 онд барилгын ажилд туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан. “Сити Палас” ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээг би өөрийн биеэр очиж хийж байсан. “Говийн заяа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.А нь энэ гэрээний талаар мэдээгүй. Би менежер нараас зөвшөөрөл амаар авсан. Энэ гэрээний төлбөрийг би өөрөө бүрэн хариуцна. Төлбөрийн үлдэгдэл 8,300,000 төгрөг орчим тооцоо гарсан байсныг надад танилцуулаад, би гарын үсэг зурсан байгаа. Гэрээн дээр дарагдсан тамга нь “Говийн Заяа” ХХК-ийн тамга мөн. Түрээсийн эд хөрөнгийг би тухайн үед өөрийн эрхэлж байсан ажилд ашигласан...” гэж тайлбарласан байх бөгөөд түүнд Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дахь хэсэгт зааснаар “Говийн Заяа” ХХК-ийг төлөөлөх итгэмжлэл олгогдоогүй байна.

Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт “Хэрэв хэлцэл хийгч гуравдагч этгээд нь төлөөлүүлсэн этгээдээс уг хэлцлийг дэмжсэн зөвшөөрөл олгохыг хүсвэл түүнд зөвшөөрөл олгож болно” гэж заасан байх бөгөөд гэрч А.Э нь гэрээ байгуулах зөвшөөрлийг “Говийн Заяа” ХХК-ийн гүйцэтгэх захирлаас авах боломжтой байсан ч тийнхүү зөвшөөрөл аваагүй байх тул хуульд зааснаар болон итгэмжлэлээр хэлцэл хийх зөвшөөрөл олгогдоогүй гэж үзнэ.

Хуульд зааснаар төлөөлүүлэгчээс олгогдсон итгэмжлэл, зөвшөөрөлгүйгээр бусадтай гэрээ байгуулсан А.Э-ын үйлдлийн улмаас “Говийн Заяа” ХХК үүрэг хүлээх үндэслэл тогтоогдохгүй байх тул “Сити Палас” ХХК-ийн тус компанид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Иймд Иргэний хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “Төлөөлөгч бүрэн эрхээ нотолж чадаагүй ... бол дур мэдэн хэлцэл хийсэн этгээд хэлцлээр хүлээсэн үүргийг хэлцлийн нөгөө талын шаардлагаар биелүүлэх, эсхүл нөгөө талд учирсан гэм хорыг арилгах үүрэгтэй” гэж заасны дагуу “Сити Палас” ХХК нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг А.Э-аас шаардах нь хуульд нийцнэ.

Түүнчлэн, гэрээний дагуу төлвөл зохих барьцаа, түрээсийн төлбөр зэргийг “Говийн Заяа” ХХК-иас бус, харин иргэн А.Э төлж байсан болох нь зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байх тул дээрх үндэслэлээр “Говийн Заяа” ХХК-иас эд хөрөнгө түрээслэх гэрээний үүрэгт 11,926,110 төгрөг гаргуулахыг хүссэн “Сити Палас” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт урьдчилан төлсөн 205,770 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Говийн Заяа” ХХК-иас 11,926,110 /арван нэгэн сая есөн зуун хорин зургаан мянга нэг зуун арван/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч “Сити Палас” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.   

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 205,770 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                        А.САРАНТУЯА