| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/07292/И |
| Дугаар | 5966 |
| Огноо | 2016-12-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 5966
| 2016 оны 12 сарын 06 өдөр | Дугаар 102/ШШ2016/05966 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулган, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун баян уулын .дугаар гудамжны ..тоотод оршин суух, ...регистртэй, ...ургийн овогт Б. Ж,
Хариуцагч: Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж, .. дугаар байрны ..тоотод оршин суух, ...ургийн овогт Б.С-д холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,000,000 /нэг сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, гэрч Д.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Намайг 2002-2003 онд Дархан хотод уран зургийн сургуульд сургалтын менежерээр ажиллаж байхад иргэн Б.С тус сургуульд багшилж байсан танил юм. Би нийслэл рүү шилжиж Үндэсний соёл амралтын хүрээлэнд үйл ажиллагаа, хяналт шалгалтын менежерээр томилогдож ажилласан. Гэтэл 2014 онд иргэн Б.С тааралдаж, Тува улсад 3 жил ажиллаж наймаа хийж амьдарч байгаад ирсэн, Улаанбаатарт 2 өрөө байр авсан, түүндээ амьдарч байгаа гэж байсан. Төдий л удалгүй хэд хэдэн удаа утсаар ярьж, ажил дээр ирж уулзаад “би наймаа хийж байсан бараагаа Тувад орхиод ирсэн, удахгүй найзууд борлуулаад мөнгө ирүүлнэ, одоогоор ажилгүй болохоор орлогогүй хэцүүхэн байна, мөнгө зээлүүлээч” гэж гуйгаад, Тувагаас барааны мөнгө ирэнгүүт тун удахгүй өгнө гээд дүүргийн нийгмийн даатгалд нөхөн төлөх мөнгө, эмэгтэйчүүдийн эмнэлэгт эмчлүүлэх төлбөр, гэрлийн мөнгө, заримдаа хоол ундны мөнгө гэх зэргээр цувуулсаар ямар ч зээлийн гэрээгүй, хүүгүйгээр, ам хэлцлээр цувуулж 1,000,000 төгрөг бэлнээр авсан. Урьд нь хамт ажиллаж байсан, таньдаг учраас буцааж төлнө гэсэн үгэнд нь итгэж өгсөн боловч намайг залилж, итгэл алдаж хохироосон. Тухайн үед Б.С зээлдэж авсан мөнгө нь 1,000,000 гаруй төгрөг болсон, дахин нэмж зээлүүлэхгүй гээд даруй төлбөрөө төлөхийг шаардсан. Сүүлдээ Б.С утсаа хаагаад, эсвэл авдаггүй, өөрийн байрандаа айл түрээслүүлэн суулгачихаад оюутны байранд орчихсон байх үед нь олж уулзаад өрөө нэхэхэд хаалгаа тайлж өгдөггүй. Нэг удаа оройн цагаар би хамт ажилладаг Д.Д хамт очиход хаалга нь онгорхой байж таараад Б.С тааралдсан. Бид гэрт нь ороод өрөө нэхэхийн зэрэгцээ зээлдэж авсан 1,000,000 төгрөгийг төлнө гэсэн хугацаа заасан баталгаа гаргуулж, гарын үсэг зурахыг шаардсан боловч 2016 оны 6 дугаар сараас хэтрэхгүй төлчихнө, харин гарын үсэг зурахгүй гээд зураагүй. Түүнээс хойш Б.С хэлсэн хугацаа өнгөрмөгц утсаар ярихад утсаа авдаггүй учир дахин 2 удаа очсон боловч хаалгаа тайлаагүй юм. Иймд Монгол улсын Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1 ба 196.1.5 дахь заалтуудыг үндэслэн “Нүүр тулан амаар гаргасан саналд тэр даруй зөвшөөрсөн хариу өгсөн” тул зээлийн гэрээ байгуулсанд тооцдог заалтын дагуу иргэн Б.С-н надаас зээлж авсан 1,000,000 төгрөгийг төлүүлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Би эхний удаа Гандан дээр тааралдсанаас хойш хэд хоногийн дараа бид хоёр уулзаад, амьдрал нь хүнд хэцүү байгааг сонсоод 300-аад мянган төгрөг өгсөн, дараа нь жирэмсэн болсон, хүүхэд авхуулна гэхэд нь бас 300-н хэдэн мянган төгрөг өгсөн, мөн хоол ундны мөнгө гэх мэтээр нэмэгдсээр 1,000,000 төгрөг болсон гэв.
Хариуцагч Б.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Б.С би Б.Ж гэж хүнээс огт мөнгө зээлж байгаагүй. Гэтэл надаас 1,000,000 төгрөг зээлүүлсэн гээд нэхэмжилж байгаад гомдолтой байна. 2005 онд би ... аймагт “Уран зургийн” сургууль байгуулагдахад тухайн сургуульд уран зургийн багшаар орж ажилласан. Энэ сургуульд Б.Ж нийгмийн ажилтнаар ажиллаж байсан. Би жил гаран ажиллаж байгаад гарсан. 2013 он хүртэлх хугацаанд уулзаж байгаагүй. Төв ганданд ээж, аавдаа ном уншуулж яваад Б.Ж гуайтай тааралдахад надад нэрийн хуудсаа өгсөн. Дараа нь өөрөө над руу залгаж, бид цайны газар уулзсан. Бид хоёр миний амьдрал ахуйн талаар ярилцаж суугаад банкны зээлтэй байгаа талаараа хэлэхэд надад туслая гээд 300,000 төгрөг өгсөн. “Ээж, аав хоёроо алдсанаас хойш би тааруухан болсон, одоо ажилгүй, танд өгч чадахгүй” гэдгээ би тодорхой хэлсэн. Өгсөн, авсан бичиг хийлгүйгээр би авсан. Энэ хүнийг үнэхээр надад сайхан сэгэл гаргаж туслаж байна гэж бодон баярлаж явсан. Энэ мөнгөө гуйж нэхээд байгаагүй. Би 2015 оны 4 дүгээр сард хүүхэдтэй болсон, 4 сар гарантай байхад манайд нэг хүнтэй хамт ирсэн. Энэ хүнийг өмнө нь харж байгаагүй, танихгүй. Гэрт ирэхэд нь “би өгч чадахгүй” гэдгээ хэлээд байна, яах гэж надад мөнгө өгсөн юм бэ” гэж хэлсэн. Гэнэт бүр өсгөөд нэхэж шаардсан. Энэ тусламж болгон өгсөн /бэлэглэсэн/ мөнгө төгрөгөө нэхээд шүүхэд өгсөнд гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч хариуцагч нар бие биенээ таньдаг гэдэг нь үнэн. 2013 оны 2 дугаар сард таарсан байдаг. Нэхэмжлэлд болон сая нэхэмжлэгч тайлбарлахдаа оноо андуурч 2014 он гэж хэлж байх шиг байна. Мөн нэхэмжлэгч Б.Ж нь өөрөө Б.С руу утсаар ярьж уулзаад, өөрөө туслахыг хүссэн байдаг. Б.С рүед банкинд зээлтэй, үлдэгдэл 300,000 төгрөг байсныг Б.Ж өмнөөс нь төлж өгч туслая гэснийг хүлээн зөвшөөрөөд авсан байдаг. Үүнийг зээл бус харин бэлэглэл гэж үзнэ. Учир нь Б.Соёлмаа мөнгийг Б.Ж эргүүлж төлнө гэж бодоогүй байсан гэдэг нь нэхэмжлэгчээс хариуцагчид өгсөн мөнгөө тодорхой хэлж мэдэхгүй, 1,000,000 орчим төгрөг гэж тайлбарлаж байгаа байдлаар тогтоогдоно. Б.С нь 2015 оны 4 дүгээр сард төрсөн, одоо 1 ой 8 сартай хүүхэдтэй. 300,000 төгрөгийн зээл биш харин бэлэглэж байна гэж бодоод авсан тул Б.Жг ноцтой гомдоосон асуудал үүсээгүй учир мөнгийг буцаах боломжгүй юм. Түүнчлэн, зээлийн баталгаа болгож бичиг баримтуудаа үлдээсэн гэдэг. Гэвч бусдаас зээл авахад төрийн албан хаагчийн анкет сургуулийн тодорхойлолт, төгсөлтийн гэрчилгээ зэрэг материал огт шаардлагагүй бөгөөд тухайн үед Б.Ж өөрөө хариуцагч Б.С ажил олж өгч туслая гээд эдгээр баримтыг авч байсан гэх хариуцагчийн тайлбар нотлогдлоо гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Ж нь хариуцагч Б.С холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,000,000 /нэг сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б.С нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, Б.Жс огт мөнгө зээлээгүй, нэг удаа 300,000 төгрөгийг буцаан төлөх нөхцөлгүйгээр буюу бэлэг болгон авсан бөгөөд бэлэглэгчийг ноцтой гомдоох асуудал үүсээгүй учир төлбөр төлөх үндэслэлгүй гэж тайлбарлан маргасан.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ... шилжүүлэх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “...мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заасан байна.
Хуулийн дээрх заалтыг дүгнэвэл зээлдэгч мөнгө болон төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг хүлээн авсан байх нь гэрээ байгуулагдсан гэж үзэх гол үндэслэл болох бөгөөд зээлдэгч гэрээний зүйл буюу мөнгийг хүлээн авсан тохиолдолд л зээлдүүлэгч гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрх үүснэ.
Гэтэл нэхэмжлэгч Б.Ж нь хариуцагч Б.С 1,000,000 төгрөгийг хэзээ, хэд хувааж өгсөн болохыг нотлох баримт байхгүй, шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Д.Д нь талууд хоорондоо мөнгө өгсөн болон авсан эсэх талаар мэдэхгүй байх бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй байна.
Хэдийгээр нэхэмжлэгч нь хариуцагч Б.С зээлийн баталгаа болгож өөрийн төрийн албан хаагчийн анкет, диплом, сургуулийн тодорхойлолт зэргийг түүнд үлдээсэн гэх боловч эдгээр баримтуудыг хариуцагчид ажил олж өгөх зорилгоор Б.Ж авсан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт илүү нийцэж байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн болох нь бүрэн тогтоогдохгүй байх тул Б.С зээлийн гэрээний үүрэгт 1,000,000 төгрөг гаргуулах тухай Б.Жн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Түүнчлэн, хариуцагч Б.С 2016 оны хавар “мөнгө төлнө” гэж амаар хэлсэн гэх тайлбараа Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.5 дахь хэсэгт зааснаар гэрээ байгуулсанд тооцсон гэж үзэн шаардаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй байгааг дурдах нь зүйтэй.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30,650 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.С-с зээлийн гэрээний үүрэгт 1,000,000 /нэг сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Ж-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА