Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 217

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Өсөхжаргал хөтлөн,

Улсын яллагч Г.Хатанцэцэг,

Шүүгдэгч С.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Ж холбогдох эрүүгийн 1905000001301 дугаартай хэргийг 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1970 оны 0 дугаар сарын 0-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Барс худалдааны төвд ачигч ажилтай, ам бүл 2, хүүгийн хамт Баян-Өлгий аймаг Өлгий сум 0 дүгээр баг Хөх хад 0 дүгээр гудамжны 0 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 0 дүгээр хороо, Алтай хотхоны 0  дугаар байрны 00тоотод оршин суудаг, урьд

            -Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 200 цаг албадан ажил хийлгэх ял,

            - Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 01 сар хорих ял,

            - Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 10 сар 13 хоногийн хорих ял,

            - Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 06 сар 13 хоногийн хорих ял,

            - Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ял,

            - Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 1386 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, С.Ж

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/ 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын зорчигч тээврийн төвийн авто машины зогсоол дээр иргэн Б.А-ийн эзэмшлийн авто машинаас Ай фоне 6 эс маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 320.000 төгрөгийн хохирол учруулсан,      

Мөн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 17 цагийн орчимд Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Барс худалдааны төвийн хойд талд байрлах хүнс, ногооны лангуун дээрээс иргэн Х.М-ын эзэмшлийн Самсунг А-50 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 640.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Ж “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч С.Ж нь 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын зорчигч тээврийн төвийн авто машины зогсоол дээр иргэн Б.А-ийн эзэмшлийн авто машинаас Ай фоне 6 эс маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 320.000 төгрөгийн хохирол, 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 17 цагийн орчимд Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Барс худалдааны төвийн хойд талд байрлах хүнс, ногооны лангуун дээрээс иргэн Х.М-ын эзэмшлийн Самсунг А-50 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 640.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

Хохирогч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  “...2019 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр 13-88 УНИ улсын дугаартай Экстрал маркийн машинтай эхнэр, зээ бид 3 явж байгаад манай зээ хүү Circle түргэн хоолны газарт орж хоол иднэ гэхээр нь би машинаа вокзалын зогсоол дээр байрлуулан зогсоогоод, жолоочийн суудал сууж үлдээд нөгөө 2 машинаас буугаад явсан. Удалгүй нэг эрэгтэй хүн жолооч талын цонхон дээр ирээд юм яриад байхаар нь би гайхаад хаалгаа онгойлгосон чинь таны хөл чинь яаж байна гэхээр нь би чи юу билээ гэж асуутал би ногоо зарж байгаа хэвээрээ шүү дээ та ногоо авбал хэлээрэй гэж хэлээд хойд талын хаалга онгойлгоод орж ирээд суучихсан. Би тухайн үед суудлын бүсээ бүсэлчихсэн байсан тул бүсээ тайлаад машинаасаа буусан чинь нөгөө хүн авгай чинь гарч ирж байна уу за за би явлаа гэж хэлээд буусан. Би авгайгаасаа хойд талын суудал дээр юм тавьсан байсан уу гэж асуутал хүү утсаа тавьчихсан байсан шүү дээ гэж хэлтэл утас нь байхгүй байсан, тэгээд би цагдаад мэдэгдсэн. Манай зээгийн барьж явсан утас нь Ай фоне 6 эс маркийн гар утас байсан, ээж нь барьж байгаад надад өгөхөөр нь би зээ хүүдээ өгсөн юм. 2019 оны 7 дугаар сарын үед Тэди төвөөс 400.000 төгрөгөөр худалдаж авч байсан...”  гэх мэдүүлэг /хх-ийн 96-98 тал/,

-Гэрч Х.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...хэрэг гардаг өдөр манай нөхөр таягтай учир машинаасаа буугаагүй. Зээ хүү бид хоёр 15 орчим минут болоод машиндаа ирээд зээ хүү А-аас “өвөө миний утас алга байна, миний утсыг авсан уу” гэж асуусан. Тэгэхээр нь би “чи утсаа хаана тавьсан юм бэ” гэж асуухад “жолоочийн ард талын суудлын сеткинд үлдээсэн” гэж хэлсэн. Тэр хавьд явж байсан цагдаад болсон явдлын талаар хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 104-105 тал/,

Ашид Билгүүн ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн “...гар утас Ай фоне 6 эс /64gb/ 1 ширхэг 320.000 төгрөг...” гэх Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 108 тал/,

хохирогч Б.А нь хохирол болох Ай фоне 6 эс маркийн гар утсыг С.Ж-аас авсан талаарх хохирогчийн мэдүүлэг, эд зүйл хүлээн авсан тухай баримт /хх-ийн 93 тал/,

Хохирогч Х.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  “... 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах найз Э-ийн дэргүүрээр орсон. Тухайн үед тэдний дэлгүүрийн ажилтан гээд манай нутгийн залуу байсан бөгөөд Э-тэй уулзаж байхдаа би ширээн дээр нь гар утсаа тавьсан. Утасны хавтас дотор жолооны үнэмлэх, Хаан банкны карт байсан бөгөөд нэг хартал байхгүй алга болсон байсан. Би алдсан зүйлээ олж авсан" гэх мэдүүлэг /хх-ийн 13 тал/,

Иргэний нэхэмжлэгч Э.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  “...2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр би Баянгол дүүргийн 3 дугаар хороо Барс худалдааны төвийн У-3 лангуун дээрээ сууж байхад нэрийг сайн танихгүй хүн ирсэнээ утас зарна гэхээр нь ямар үнэтэй вэ гэж асуухад 110.000 төгрөгөөр зарна гэхээр нь би утсыг үзэж байгаад Самсунг А50 маркийн гар утас байхаар нь тухайн хүнээс 110.000 төгрөгөөр худалдаж авсан. Би тухайн гар утсыг хулгайн утас гэж мэдээгүй. Зарсан хүн ч би өөрөө энэ утсыг барьдаг мөнгө хэрэгтэй байна гэхээр нь би худалдаж авсан. Утас зарсан гэх казак залуу нь манай Барс худалдааны төвийн орчмоор ногооны лангуун дээр ачигч хийж явж харагддаг. Өдөр ажил дээр байхад цагдаагийн алба хаагч дагуулж ирсэн С.Ж гэх залуу мөн байсан. А50 маркийн гар утсаа цагдаагийн байгууллагад хураалгахад татгалзах зүйл байхгүй. 110.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 15-18 тал/,

Ашид Билгүүн ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “...гар утас Самсунг А-50 маркийн 1 ширхэг 640.000 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 22 тал/,

Хохирогч Х.М нь хохирол болох А-50 маркийн гар утсыг С.Ж-с авсан талаарх хохирогчийн мэдүүлэг, эд зүйл хүлээн авсан тухай баримт /хх-ийн 10-11 тал/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 7-9 тал/,

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би дэлгүүр дотор Э, М хоёртой хамт байсан бөгөөд ширээн дээр байсан утсыг авсан. Авсан утсаа зүс таних Цо гэж залууд 110.000 төгрөгөөр зарсан... Би хохирогч Б.А-ийн машинаас буухдаа суудлын дор байсан гар утсыг нь аваад буусан, утсыг нь авч яваад ТҮЦ-нд 10.000 төгрөгөөр болон нэг хайрцаг тамхинд өгчихсөн...” /хх-ийн 52, 150-151 тал/ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хэргийн дээрх үйл баримт хангалттай нотлогдож тогтоогдлоо.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор С.Ж-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 33 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 116 тал/, шийтгэх тогтоолуудын хуулбар, гүйцэтгэх хуудас /157-161 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                            

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчид мэдэгдэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдэл байдаг.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар С.Ж нь 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын зорчигч тээврийн төвийн автс машины зогсоол дээр иргэн Б.А-ийн эзэмшлийн авто машинаас Ай фоне 6 эс маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 320.000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 17 цагийн орчимд Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Барс худалдааны төвийн хойд талд байрлах хүнс, ногооны лангуун дээрээс иргэн Х.М-ын эзэмшлийн Самсунг А-50 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 640.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйл баримт тогтоогдсон байна.

Шүүгдэгчийн бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан дээрх үйлдэл нь амар хялбар аргаар эд хөрөнгө олж авах гэсэн шууд санаатай, шунахай сэдэлттэй байна.

Мөн хулгайн эд зүйл болох Самсунг А-50 маркийн гар утас нь 640.000 төгрөгийн, Ай фоне 6 Эс маркийн гар утас нь 320.000 төгрөгийн үнэлгээтэй үнэлгээтэй болох нь хэргийн 22, 108 дахь талд авагдсан Ашид Билгүүн ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлангаар тус тус нотлогджээ.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Хулгайлах” гэмт хэргийн бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, үүний улмаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д заасан бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэсэн үндсэн шинж бүрэн хангагдсан гэж үзнэ. 

Шүүгдэгч С.Ж нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай байна.  

Иймд шүүгдэгч С.Ж-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдэлтэйгээр “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Ж нь өөрөө өөрийгөө өмгөөлж оролцохдоо “хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах мэтгэлцэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлж оролцсон болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.А-д 320.000 төгрөг, Х.М-д 640.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учирсан байх бөгөөд уг хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд хураан авч, хохирогч нарт хүлээлгэн өгсөн болох нь хохирогч Б.А Х.Мнарын мэдүүлэг, эд зүйл хүлээлгэж өгсөн баримтаар нотлогдож байна. Харин иргэний нэхэмжлэгч Э.Ц-д учирсан 110.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдөөгүй /хх-ийн 11, 13, 16, 93, 98 тал/ байна.

Иймд Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус зааснаар шүүгдэгч С.Ж-с 110.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Э.Ц-д олгох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч С.Ж- нь “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь гэм буруугийн зарчимд нийцнэ.  

Шүүгдэгчид ял шийтгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан  “...энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн...” гэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч С.Ж-ын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хуулинд заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас хорих ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, түүнд 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч С.Ж нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 1386 дугаартай шийтгэх тогтоолоор 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдэж, цагдан хоригдсон 22 хоногийг хасч тооцон, түүний биечлэн эдлэх ялыг 64 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосон байх бөгөөд Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 5/155 дугаартай албан тоотоор С.Ж нь дээрх нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй оргон зайлсан болох нь тогтоогдож байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт “шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 1386  дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 64 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож, 8 /найм/ хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялд нэмж нэгтгэн, шүүгдэгч С.Ж-ын биечлэн эдлэх хорих ялыг 1 /нэг/ жил 8 /найм/ хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. 

Шүүгдэгч С.Ж нь энэ хэрэгт 2019 оны 1 дүгээр сарын 07-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл 58 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д “шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж заасны дагуу  түүний цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч С.Ж-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулсантай холбогдуулан түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтлоо.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Бахат овогт С.Ж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 хэсэгт тус тус заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 1386 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн 64 /жаран дөрөв/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож 8 /найм/ хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жил хорих ял дээр нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил, 8 /найм/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар С.Ж-д оногдуулсан 1 /нэг/ жил 8 /найм/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Ж-ын 2020 оны 1 дүгээр сарын 7-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 58 /тавин найм/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж-аас 110.000 /нэг зуун арван мянган/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Э.Цогбадрахад олгосугай.

   7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хохирогч нарт эд зүйлийг хүлээлгэн өгсөн болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1, 1.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ж-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА