Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 218

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн хөтлөн,

Улсын яллагч Б.Батнасан,

Хохирогч Ж.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б,

Хохирогч Э.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У,

Шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 06-11/  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б.Г холбогдох эрүүгийн 180500217363 дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1974 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо бэлхийн 48 дугаар гудамжны 179а тоотод оршин суух хаягтай, урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 573 дугаартай шийтгэх тогтоолоор 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 413 дугаар хорих ангид хоригдож байгаа, Б.Г

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Г нь “Франц Улсад цэргийн их сургуульд танай хүүхдийг суралцахад зуучилж өгнө” гэж өөрийн хийж хэрэгжүүлж чадахгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан хуурч, иргэн Д.М-с Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр өөрийн нэр дээр Хаан банкинд бүртгэлтэй 5023056575 дугаартай дансаар 450.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

Мөн Б.Г нь “Франц улсын виз гаргаж өгнө” гэж өөрийн хийж хэрэгжүүлж чадахгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан хуурч, иргэн Ж.А-с 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Батбайгаль бэйкэри" кофе шопд 100.000 төгрөгийг бэлнээр, 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо 6 дугаар бичил хорооллын Хаан банкны салбараас 78.432 төгрөгийг, 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр тус Хаан банкны салбараас 152.024 төгрөгийг тус тус өөрийн нэр дээр Хаан банкны 5023056575 дугаартай дансаар, 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Сансар төв"-ийн урд 2000 евро буюу 5.877.120 төгрөгийг бэлнээр тус тус залилан авч нийт 6.207.576 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Б.Г нь “Европын улсууд руу виз гаргаж өгнө” гэж өөрийн хийж хэрэгжүүлж чадахгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан хуурч, иргэн Э.Г-ээс 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 3.900.000 төгрөгийг, 2017 оны 3 дугаар сарын 28-ний өдөр 700.000 төгрөгийг, 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 1.060.000 төгрөгийг тус тус өөрийн нэр дээрх хаан банкны 5023056575 дугаартай дансаар шилжүүлэн авч нийт 5.660.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Г-ийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Б.Г нь зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан хуурч, иргэн Д.М-с Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр өөрийн нэр дээр Хаан банкинд бүртгэлтэй 5023056575 дугаартай дансаар 450.000 төгрөгийг хохирол учруулсан болох нь:

Хохирогч Д.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2017 оны 8 дугаар сард манай нөхөр Б-ын төрсөн дүү Э-ын хадам ах болох Г гэх хүн манай хүү Н “Чи Франц улс руу цэргийн их сургуульд яваач, манай найз Шенгений оронд удаан амьдарсан, байнга хүн гаргадаг, чамд 20.000.000 төгрөг байхад л болно” гэж хэлсэн байсан. Энэ тухай манай хүү Нямгэрэл надад хэлэхээр нь би утсаар Б.Г гэх хүнтэй яриад энэ өдрөө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Тэди худалдааны төвийн ойролцоо кофе шопод уулзахад Б.Г “Танай хүүхдийг Франц улсын цэргийн их сургуульд явуулаад өгье. 20.000.000 төгрөг бэлдчих, цаг хугацаа давчуу байгаа шүү 4, 5 хоногийн хугацаа үлдсэн” гэж хэлэхээр нь би нөхөртэйгөө ярилцаад зөвшилцөөд өөрсдийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 36-26 тоотод байрлах хашаа байшинг банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьж 20.000.000 төгрөгийн зээл аваад 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бичил хорооллын ойролцоох Хаан банкны салбараас нөхөр Батбаярын 5019124419 дугаарын данснаас Б.Г-н 5023056575 дугаарын данс руу 450.000 төгрөг шилжүүлсэн. Б.Г одоог хүртэл манай хүү Н-ийг гадаад улс руу сургуульд явуулаагүй…” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/,

Гэрч М.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би өөрийн эхнэрийн хамт Г гэх залуутай 2017 оны 8 дугаар сарын сүүлээр уулзсан юм. Г гэх залуутай уулзахад “Францын цэргийн их сургуульд хүүхдийг чинь явуулаад өгье” гэж хэлсэн. Тухайн үедээ 21.000.000 төгрөг болно, та хоёр түрүүлээд талыг нь өгчих гэсэн юм. Би виз гарсны дараа мөнгөө өгнө гэсэн юм. Гэтэл 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр “визний орчуулга, бичиг баримтын мөнгө гээд мөнгө хэрэг болоод байна. Та 450.000 төгрөг явуулаач” гэсэн юм. Тэгээд би Хаан банк руу орж Г-н Хаан банкны 5023056575 гэх данс руу шилжүүлсэн юм. Тэгээд мөнгө шилжүүлсний дараа Г утсаа салгаад алга болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 75-77 тал/,

Гэрч М.Б-ын нэр дээр Хаан банкинд бүртгэлтэй 5019124419 дугаартай данснаас 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Б.Г-ийн нэр дээр Хаан банкинд бүртгэлтэй 5023056575 дугаартай данс руу 450.000 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 17 тал/ зэргээр,

Хохирогч Ж.А-аас 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Батбайгаль бэйкэри" кофе шопд 100.000 төгрөгийг бэлнээр, 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо 6 дугаар бичил хорооллын Хаан банкны салбараас 78.432 төгрөгийг, 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр тус Хаан банкны салбараас 152.024 төгрөгийг тус тус өөрийн нэр дээр Хаан банкны 5023056575 дугаартай дансаар, 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Сансар төв"-ийн урд 2000 евро буюу 5.877.120 төгрөгийг бэлнээр тус тус залилан авч нийт 6.207.576 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Ж.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Анх манай нөхөр Б Франц улсаас над руу яриад “би өмнө Г гэж хүнээр өөрийн ногоон паспортыг сунгуулсан юм, тэр хүн над руу яриад Шенгений орны элчингийн хүнтэй хамтраад найдвартай виз гаргаж байгаа, явах хүн байвал ахтайгаа уулзуулаарай гэж хэлсэн юм, чи энэ хүнтэй очоод уулзаатах” гээд надад утасны дугаарыг нь өгсөн юм. 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр өөрийн нөхрийн өгсөн 89154040 гэсэн дугаараар залгаад “Блю скайн” урд талд байрлах “Томс томс” нэртэй кофе шопд уулзахад, тухайн хүн болох Г манай нөхрийг их сайн мэддэг юм шиг яриад, “ахын дүү санаа зоволтгүй, ах нь бүтээгээд өгнө, материал бүрдүүлэхэд 350.000-450.000 төгрөг хэрэг болно шүү, харин виз гарсны дараа визний мөнгө авна шүү” гэж хэлээд миний гадаад паспортыг авч үлдсэн юм. Тухайн өдрөө Герман элчингийн баруун талын Батбайгал дотор уулзаад иргэний үнэмлэхний нэг хувь хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, дансны хуулга, 100.000 төгрөгний хамт бэлнээр өгсөн, тэгээд “чиний хурууны хээ авахаар болбол дуудна” гэж хэлсэн. Дараа нь над руу залгаад даатгалын мөнгө, нэг нь визний хураамж гээд нийт 230.000 төгрөг дансаар шилжүүлж авсан юм. Тэгээд хэд хоногийн дараа залгаад “онгоцны билетний мөнгө авъя дансанд 2.485.000 төгрөг миний данс руу хийчих” гэж утсаар ярихаар нь “яасан гэж визээ аваагүй байж чиний данс руу хийх юм бэ” гээд тухайн үед мөнгө хийгээгүй. Тэгээд 2017 оны 9 дүгээр сарын эхээр Г ахтай өөрөө утсаараа залгаад “миний виз гарах юм уу эсвэл үгүй юм уу” гэж асуухад “гарна сая оюутнууд гарах гээд виз гаргаад завгүй байсан, одоо чинийх гаргана” гэж хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа над руу яриад “виз чинь гарсан, мөнгө бэлдээрэй” гэж хэлэхээр нь “та над руу зургийг нь дараад явуулчих” гэж хэлэхэд 2017 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр манай нөхөр лүү зургийг нь дараад явуулсан байсан. Тэгэхээр нь би нээрээ яг гарчихсан юм байна гэж итгээд 2017 оны 09 сарын 16-ны өдөр Хорооллын Сансар төвийн доод талын кофе шопд уулзахад “мөнгө өгчих, ах нь яваад гадаад паспортыг чинь аваад ирье” гэж хэлэхээр нь би “паспортаа аваагүй байж яагаад танд мөнгө өгөх юм бэ, хамт очиж авъя” гэж хэлэхэд “ах нь элчингийн хүнтэй хамтарч байгаа, хүн дагуулж орж болохгүй” гэж хэлэхээр нь “паспортоо аваагүй байж мөнгө өгөхгүй” гэж хэлэхэд нөгөө ах чинь урдаас уурлаад “би та нараас урьдчилгаа хүртэл аваагүй, ажлыг нь бүтээгээд өгч байхад” гээд байхаар нь эгч бид хоёр гараад явсан чинь Г ах миний утас руу мессеж бичээд “...ахдаа битгий гомдоорой, хүн итгэж чадахгүй бол, би виз гаргуулсан шигээ, виз хэзээ ч гаргуулахгүй болгож чадна шүү, би 2000 евро хүнээс гуйж авдаг хүн биш, явна гээд хүмүүс мөнгө бариад ирдэг юм” гэж мессеж бичихээр нь би “ахаа би юмаа аваагүй байж хүний мөнгө өгч чадахгүй” гээд мессеж бичсэн юм. Тэгээд 2 хоногийн дараа би эгч М КФС дээр уулзаад хороололд ирээд Сансар төвийн зам дээр уулзахад “за мөнгө авчирсан уу” гэж хэлэхээр нь бэлнээр 2000 евро өгөхөд “та хоёр ажлаа амжуулаад явж бай, ах нь паспортыг чинь аваад залгая” гэж хэлээд явсан боловч тэр өдрөө над руу утсаар яриагүй, тэгээд би удаа дараа залгасан боловч утсаа авахгүй, нэг бол болох гэж байгаа гээд мессеж бичээд сүүлдээ утсаа авахгүй болсон. Тэгээд 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байх “та угаасаа худлаа ярьсан байна, ингэж олон хоног нөгөө хүнтэйгээ уулзахгүй, гарсан бол өгөхгүй байна гэж байхгүй, та худлаа хэлсэн байна, би цагдаад өргөдөл өгнө” гэж хэлэхэд “уучлаарай дүү, мөнгийг нь өгнө, ажил явдал гараад хөдөө явж байна” гэсэн мессеж ирэхээр нь “танд ажил явдал гарсан бол яах вэ, та ирэх долоо хоногт авчирч өгөөрэй, би өөрөө эмнэлэгт байна” гэж бичсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 149-150-р тал/,

Хохирогч Д.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2017 онд манай эгч гадаад явах гээд виз хөөцөлдөж байсан. Удалгүй виз хөөцөлдөж байгаа хүндээ хүнээс мөнгө зээлээд өгсөн гэсэн. Хэд хоногийн дараа нөгөө хүн нь олдохгүй байна гээд цагдаад мэдүүлэг өгсөн. Одоо манай эгч Франц явсан учир би тус хэрэгт итгэмжлэгдсэн  төлөөлөгчөөр оролцож байгаа...” гэх мэдүүлэг,

Гэрч М.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр миний төрсөн эгч М-ын охин А надад “Европын орны виз гаргаж өгөх хүн байна, манай найз залуугаас мөнгө ирсэн, тэрийг виз гаргаж өгөх Г гэх ахтай хамт очиж уулзаад мөнгөө өгөөд визээ авна, та хамт очоод уулзаад өг” гэсэн. Тэгээд тэр өдөр Баянгол дүүргийн Сансар центр дотор байх цайны газар Г-тэй уулзахад Г “мөнгөө авчирсан уу” гэхэд А “мөнгөө авчирсан, та паспортоо авчирсан уу” гэхэд Г “би паспортыг чинь авч ирээгүй, элчингийн хүнд байгаа, та 2 надад мөнгөө өгчихөөд намайг энд 30-40 минут хүлээж бай, би паспортыг чинь аваад ирье” гэж хэлэхээр нь би “тантай хамт яваад авчихъя” гэж хэлэхэд Г “би гадаад хүнтэй хамтарч чиний паспортыг гаргаж байгаа, та хоёрыг дзгуулаад очихоор тэр хүн уурлана, та хоёрыг уулзуулах боломжгүй" гэж хэлсэн. Тэгээд бид 2 паспорт байхгүй байхад мөнгөө өгөхгүй гэж хэлээд бид 2 тэндээс гараад явахад хойноос “хүн итгээд юмыг нь хийж өгч байхад хүнд итгэхгүй байна” гээд уурлаад байсан. Би тэр өдөр харьж амжаагүй байтал А-ийн утсанд Г-ээс “визийг чинь гаргаж өгсөн шигээ чамайг хэзээ ч Европын орнууд руу гарч гарч чадахааргүй болгож чадна шүү” гэсэн мессеж ирсэн. 2017 оны 9 дүгээр сарын 18-нд Г А руу залгаад дээр “уулзах газраа мөнгөө аваад хүрээд ир гэсэн. Намайг бас хүрээд ир гэж байна хамт явъя” гэж хэлсэн. Тэгээд бид 2 мөнгөө аваад яваад очиход Сансар центрийн урд талын зам дээр Ган-Эрдэнэ хүлээгээд зогсож байсан. Г Ариунтуяагаас 2000 евро тоолж аваад “чи гадуур ажил байвал хөөцөлдөөд явж бай, паспортыг чинь аваад 30-40 минутын дараа чам руу залгая” гэж хэлээд явсан. Тэр өдөржингөө би залгахад утсаа авахгүй байсан. Утас руу нь мессеж бичихэд Г-ийн утаснаас “паспорт аваагүй байна, аваад чам руу ярина, хүлээж бай” гэсэн. Мессэж Ариунтуяагийн утсанд ирлээ гэж А хэлж байсан. Түүнээс хойш А залгаад утсаа авахгүй байсан. Түүнээс хойш ямар нэгэн холбоогүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 165-166 тал/,

Хохирогч Ж.А төлөөлөх итгэмжлэл /хх-ийн 161 тал/,

Монгол банкнаас зарласан ханшийн үнэлгээний лавлагаа /хх-ийн 238 тал/,

Ж.А-гаас Б.Г-ийн нэр дээр Хаан банкинд бүртгэлтэй 5023056575 дугаартай данс руу 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 78.432 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 152.024 төгрөг тус тус шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 203 тал/ зэргээр,

Хохирогч Э.Г-ээс 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 3.900.000 төгрөгийг, 2017 оны 3 дугаар сарын 28-ний өдөр 700.000 төгрөгийг, 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 1.060.000 төгрөгийг тус тус өөрийн нэр дээрх хаан банкны 5023056575 дугаартай дансаар шилжүүлэн авч нийт 5.660.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Э.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2017 оны 3 дугаар сарын эхээр гадаад явах талаар хөөцөлдөж найдвартай европ руу гаргаж өгнө гэсэн нийтлэл байхаар нь уг зарын дагуу 98892442 гэсэн дугаарын утас руу залгаж Г-тэй холбогдсон юм. Тэгээд 3 сарын эхээр Барилгачдын талбай, орчуулгын товчооны ойролцоо нэрийг нь санахгүй байна, нэг кофе шоп дотор Г-тэй уулзаад явуулах талаар нь асуухад надад өмнө нь явсан гэх хүмүүсийн бичиг баримт үзүүлээд, ‘найдвартай явуулж байсан, одоо бас хэдэн хүмүүс явуулах гэж байгаа, хугацаа нь 14-30 хоногийн дотор явуулж өгнө” гэж хэлсэн юм. Тэр үед нь би нэг их итгээгүй, дараа нь 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хороо Гурван билэг их дэлгүүрийн Паламинго гэсэн кофе шопд уулзаад урьдчилгаа 1500 евро гээд, тухайн үеийн ханшаар бол 3.900.000 төгрөг болж байсан ба охин бид хоёрын бичиг баримтыг аваад, 14 хоногийн дараа гэхэд явуулж өгнө гээд авчихсан юм. Дараа нь 7 хоногийн дараа уулзахад “ер нь бол бүтэмжтэй байгаа, яг 7 хоногийн дараа явна, чамтай хэдэн хүн хамт явна” гэж хэлэхээр нь би итгэсэн юм. Тэгээд дараа нь 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр над руу залгаад “Москва хүртэлх вагоны зардал гээд 700.000 төгрөг яаралтай шилжүүл” гэхээр нь өөрийн данснаас Г-ийн данс руу шилжүүлсэн юм. Тэгээд маргааш нь “Москвагаас Белиград хүртэл онгоцны зардал яаралтай захиалах гээд байна гээд 1.060.000 төгрөг шилжүүл” гэхээр нь нөгөө данс руу нь дахиад шилжүүлчихсэн юм. Тэгээд уг өдрөөс хойш таг болсон юм. Анх 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Гурванбилэг их дэлгүүрийн Паламинго кофе шопд бол зээлэх, зээлдүүлэх гэрээ хийсэн хийгээд нотариатоор орж батлуулсан юм. Бусад шилжүүлсэн мөнгийг бол шууд данснаасаа дансанд өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 152-153, 167-168 тал/,

Хохирогч Э.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би хохирогч Г-н ээж бөгөөд одоогоор Г-н 2 охиныг нь хараад хөлсний байранд амьдардаг. Эвлэрийн гэрээг би хиймээргүй байсан боловч шүүгдэгчийн эцэг, эхийг би мэднэ. Дотно харилцаатай бие биенээ мэддэг хүмүүс байгаа. Ийм учраас эцэг, эхийг нь бодоод хүн чанар гаргаж гэрээ байгууллаа. Манай охин гадаад руу бага охиноо аваад явна гээд виз гаргаж өгөх хүн олсон гээд 3.000.000 төгрөг өгсөн. Манай охин надад ээжээ миний виз гарчихлаа визний мөнгө хэрэгтэй байна гэсэн. Тэгээд манай хүн хөөргөө тавиад мөнгийг нь өгсөн. Ахиад охиноо явуулах гээд Хөвсгөлд байсан хашаа байшинаа зараад явуулсан. Францад манай охин дүү байдаг. Тэгээд би хань болгох гээд охиноо тийшээ явуулсан. Тэр үед би Ган-Эрдэнийг энэ хүмүүсийн хүүхдүүд гэж бодоогүй. Тухайн үед манай нөхөр хүүхдээ явахаас өмнө зуулчилж байгаа хүнийх нь аав ээжтэй нь уулз гэхээр гэрт нь очсон чинь таньдаг хүмүүс байсан. Тиймээс бид нарын амьдралыг бодоод хохирлыг төлж барагдуулж өгөөрэй гэж хүсч байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Э.Г-ийг төлөөлөх итгэмжлэл /хх-ийн 157 тал/,

Монгол банкнаас зарласан ханшийн үнэлгээний лавлагаа /хх-ийн 237 тал/,

Хохирогч Э.Г-ийн нэр дээр Хаан банкинд бүртгэлтэй 5005148141 дугаартай данснаас Б.Г-ийн нэр дээр Хаан банкинд бүртгэлтэй 5023056575 дугаартай данс руу 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 3,900,000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 700,000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 1,060,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн дансны хуулга /хх-ийн 200-201 тал/,

Ялын тооцооны лавлагаа /хх-ийн 89 тал/,

Шүүгдэгч Б.Г-ийн Хаан банкны 5023056575 дугаартай дипозет дансны хуулга /хх-ийн 25-29 тал/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хэргийн дээрх үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42-43, 219, 221 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 143, 211 тал/, тээврийн хэрэгслийн бүртгэлгүйн талаарх лавлагаа /хх-ийн 46, 230 тал,/ гэрлэлт бүртгэлгүйн лавлагаа /хх-ийн 216 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 222 тал/, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 9-ны өдрийн 573 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 108-111, 243-246 тал/, ялын тооцооны лавлагаа /хх-ийн 89 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

                                                                      

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, прокуророос ирүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Г нь 2017 оны 3 дугаар сарын 17-наас 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд нийт 8 удаагийн үйлдлээр хохирогч Э.Г, Ж.А, Д.М нараас нийт 12.317.576 төгрөгийг “...европын улсууд руу виз гаргаж өгнө...” гэж өөрийн хийж хэрэгжүүлж чадахгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон өөртөө шилжүүлэн авсан байна.

Шүүгдэгч Б.Г-ийн нэр бүхий хохирогч нарын мөнгийг удаа дараа хуурч авсан дээр үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1-д заасан “Залилах” гэмт хэргийн үндсэн шинжийг буюу хохирогч буюу өмчлөгч, эзэмшигч хууртагдсан, төөрөгдөлд орсон, итгэсний улмаас залилагч этгээдэд өөрийн эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг сайн дураараа шилжүүлэн өгсөн байдаг шинжийг бүрэн хангасан байна.

Мөн шүүгдэгчийн дээрх үйлдэл амар хялбар аргаар мөнгө олох гэсэн зорилготой, шууд санаатай, шунахай сэдэлтэй байх ба өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.Г-ийг “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсан...” буюу “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шийдвэрлэв.

            Түүнчлэн шүүгдэгч Б.Г нь “Европын улсууд руу виз гаргаж өгнө” гэж өөрийн хийж хэрэгжүүлж чадахгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан хуурч иргэн Э.Г-ээс 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 3.900.000 төгрөгийг, 2017 оны 3 дугаар сарын 28-ний өдөр 700.000 төгрөгийг, 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 1.060.000 төгрөгийг тус тус залилан авч нийт 5.660.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хууль хэрэгжиж эхлэхээс өмнө буюу 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнөх үйлдэл боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаагаар тооцно”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаанд хамааруулна” гэж зааснаар тус гэмт хэрэг үйлдсэн хугацаа  нь 2015 оны Эрүүгийн хуулийн үйлчлэлд хамаарч байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.М 450.000, хохирогч Ж.А 6.207.576, хохирогч Э.Г 5.660.000 төгрөгийн хохирол тус тус учирсан нь хохирогч, гэрч нарын Хаан банкны дансны хуулга, тэдгээрийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдож байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар  хохирогч Д.М-т учирсан 450.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн, харин хохирогч Э.Г, Ж.А нарт учирсан хохирол нөхөн төлөгдөөгүй байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус зааснаар шүүгдэгч Б.Г-с 6.207.576 төгрөг гаргуулж хохирогч Ж.А, 5.660.000 төгрөг гаргуулж хохирогч Э.Г олгох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.Г нь залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан  “...энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн...” гэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.

          Иймд шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, хохирол, хор уршгийн хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг тус тус харгалзаж, шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас хорих ял оногдуулах нь түүний үйлдэлд тохирно гэж дүгнэж, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Г нь урьд 2019 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 573 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлсэн байх бөгөөд хорих 413 дугаар хорих байгууллагад ял эдэлж байна.

Түүний ялын тооцоог гаргасан баримтаар 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар 2 жил 5 сар 12 хоногийн ялын үлдэгдэлтэй /хх-ийн 89 тал/ байх ба тэрээр 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн энэ хэрэгт цагдан хоригдсон байх тул /хх-ийн 92-93 тал/ шүүх шүүгдэгч Б.Г-ийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл нийт 77 /далан долоо/ хоног цагдан хоригдсон гэж үзлээ.

            Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт “шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж зааснаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 573 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялын эдлээгүй үлдсэн хорих ялыг  2 жил 6 сар 4 хоног гэж үзэж, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Б.Г-ийн биечлэн эдлэх хорих ялыг 3 жил 4 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан түүний цагдан хоригдсон 77 /далан долоо/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.  

      Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж байна.          

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ийг 6 /зургаан/ сар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 573 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялын эдлээгүй үлдсэн 2 жил 6 сар 4 хоногийн хорих ял дээр, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 /зургаан/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн,  шүүгдэгч Б.Г-ийн биечлэн эдлэх ялыг 3 /гурван/ жил 4 /дөрөв/ хоногоор тогтоосугай.

        4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил 4 /дөрөв/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

         5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Г-ийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл нийт 77 /далан долоо/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

        6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Г-ээс 11.867.576 /арван нэгэн сая найман зуун жаран долоон мянга таван зуун далан зургаан/ төгрөгийг гаргуулж хохирогч Ж.А-д 6.207.576 /зургаан сая хоёр зуун долоон мянга таван зуун далан зургаан/ төгрөг, хохирогч Э.Г-т 5.660.000 /таван сая зургаан зуун жаран зургаан мянган/ төгрөг тус тус олгосугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч Д.М-т 450.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1, 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.БОЛОРТУЯА